Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 209

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг, Арцын 1-9 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 23 настай, Маахүү овгийн Цэрэндавгын Шорвогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Арцын 2-84 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 45 настай, Амбаа овгийн Бат-Өлзийгийн Цэрэндоржид холбогдох,

24000000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Шорвог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагч Б.Цэрэндорж, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Шорвог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэгш дөрвөн хүсэл ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нь намайг орон нутгийн зорчигч тээвэр буюу эсмен жолоочоор авч явахыг гуйж өдрийн 20000 төгрөгөөр цалинжуулахаар тохирч аман хэлэлцээр хийсний дагуу уг ажлыг хийх болсон. Би тээвэрт яваагүй өглөө 9 цагаас оройны 21 цаг хүртэл автобусандаа засвар үйлчилгээ хийж байх явцдаа автобусанд дарагдаж зүүн даландаа гэмтэл авсан. Энэ үед эмчилгээний зардал өгөөгүй. Цалин мөнгөө авъя гэж хэлэхээр манай дэлгүүрээс тамхи, бараа авсан мөнгийг нь өг гэж хэлдэг байсан. Би авсан тамхины мөнгийг тухайн үед ажиллаж байгаа худалдагч нарт нь өгдөг байсан. Мөн 80000 төгрөгөөр куртик ав гэхэд нь худалдаж авсан. Мөнгийг нь ээж өгсөн боловч дахин мөнгө нэхсэн. Цалингаа өгөхгүй болохоор нь 200000 төгрөгийн гутал авсан. Миний бие өвдөөд аймгийн эмнэлэгт хэвтэхдээ 50000 төгрөг авсан. Би энэ компанид нийт 3 жил 1 сар 15 хоног ажилласан. Үүнийг хоногт шилжүүлэхэд 1200 хоног болж байгаа бөгөөд өдрийн 20000 төгрөгөөр бодож тооцоолоход миний авах ёстой цалин 24000000 төгрөг гарч байгаа. Өөрийн авч хэрэглэсэн мөнгийг тооцоонд оруулаагүй хассан. Цалин хөлсөө авъя гэж удаа дараа хэлэхэд ах эгч хоёр нь байраа зарж байгаад өгнө гэсээр өдий хүрсэн. Намайг Б.Цэрэндоржтой хамтарч ажиллаж байсныг сумын жолооч нар гэрчилнэ. Иймд Б.Цэрэндоржоос ажлын хөлс 24000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Ц.Шорвог нь манай компанид албан ёсоор ажиллаж байгаагүй, ямар ч гэрээ байгуулаагүй, алдаг оног, хааяа л надтай хамт тээвэрт явдаг байсан. Манай компанийн үндсэн ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ байхгүй ба би нутгийн хүнээ дэмжих үүднээс заримдаа тээвэр туслах жолоочоор авч явдаг байсан. Би Ц.Шорвогийн манай дэлгүүрээс худалдаж авсан барааны үнийг авдаггүй, тамхи, хоол унд зэрэг бүхий л мөнгийг нь даадаг байсан. Тээвэрт дагуулж явах бүртээ 20000 төгрөг өгдөг байсан. Ц.Шорвогийг 2015 оны 10 дугаар сард эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхад нь өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөгийг би төлсөн. Ц.Шорвог 1200 хоног тасралтгүй ажилласан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа ба манай суманд өдөр бүр хүн тээвэрлэх ямар ч боломжгүй. Учир нь манай суманд зорчигч тээврийн үйлчилгээнд 7 машин явдаг. Нэг жолооч 7 хоногт нэг удаа тээвэрт явдаг тул 1200 хоног тасралтгүй ажилласан гэдэг нь үнэхээр үндэслэлгүй байна. Ц.Шорвог нь манайд албан ёсоор ажилладаггүй, хөдөлмөрийн гэрээгүй, дуртай үедээ надтай хамт тээвэрт явдаг байсан. Ц.Шорвог нь манай компанид ажиллаж байсан гэх хугацаанд өөр өөр газар олон ажил хийж байсан. Төв аймгийн Заамар суманд алтын уурхайд манаач, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд жолооч, Одкон холдинг компанид, манай сумын хүн тээвэрт явдаг Чимэдээ гэх жолоочтой 1 жил гаруй хугацаанд хамт тээвэрт явсан. Миний хувьд энэ хүүхдийг өөрийнхөө хүүхэд мэт үзэж байсан. Хүн хүн шиг хандаж байхад үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаад нь гомдож байна. Ц.Шорвогийн нэхэмжлэл ор үндэслэлгүй тул нэхэмжилж байгаа 24000000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Шорвог нь хариуцагч Б.Цэрэндоржид холбогдуулан 24000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Цэрэндорж нь Ц.Шорвогтой амаар өдрийн 20 000 төгрөгийн цалинжуулах талаар тохиролцоогүй, хааяа тээвэрт авч явахдаа жолооч нарын өгдөг ханшаар 20000 төгрөгийг өгдөг байсан. Ц.Шорвог нь надтай хамт 3 жил 1 сар 15 хоног хамт ажиллаагүй. Ор үндэслэлгүй нэхэмжилж байгаа 24 000 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Ц.Шорвог нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус хариуцагч Б.Цэрэндоржтой Богд-Өвөрхангай, Өвөрхангай-Богд сумын чиглэлд зорчигч тээвэрт эсмен жолоочоор 1 өдрийн 20000 төгрөгөөр цалинжиж ажилладаг байсан талаархи баримтаа гаргаж өгөөгүй, шүүхэд энэ талаар нотлож чадаагүй байна.

Иймд Ц.Шорвогийн нэхэмжлэлтэй, Б.Цэрэндоржид холбогдох 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Ц.Шорвогийн нэхэмжлэлтэй, Б.Цэрэндоржид холбогдох 24 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч наршийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА