| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0333/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/339 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.2.2., |
| Улсын яллагч | Д.ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/339
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 190803637___ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___оны __ дугаар сарын ___-ны өдөр ___ аймгийн ___ суманд төрсөн, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ____ аймгийн ____ сумын __ дугаар баг, _____ дүгээр гудамж, ___тоотод оршин суух,
урьд ____ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ____ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас өршөөгдсөн, 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар оногдуулсан 5 жил 05 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөж, 2 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ___ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж 2018 оны 10 дугаар сард биелүүлсэн, ____ овогт ______ /РД:_____________/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Х.А- нь 2019 оны 7 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Н-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн, толгой тус газар нь чулуугаар цохиж, бие махбодод нь “дух яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины цус хуралт, няцрал, тархины хаван, дух, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “****” караокед иргэн Д.А-ийн эзэмшлийн эд зүйлсийг илээр, хүч хэрэглэн авахаар довтолж Самсунг фирмийн Эс-8 загварын гар утас, эрэгтэй хос мөнгөн ээмэг зэргийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. 2019 оны 7 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 5 ширхэг пиво уусан байсан. Ариун цэврийн өрөөнд намайг цохиод, гарахад түлхээд байхаар нь чулуу аваад айлгах гэсэн чинь цохичихсон байсан. Хохирол төлбөрт 600.000 төгрөг өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа. Утсыг нь авсан, харин ээмгийг мэдэхгүй байгаа ч хохирол төлбөрт 370.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээжтэйгээ хоёулаа байдаг, ээжийн бие тааруу байгааг харгалзан бага ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 190803637____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 7 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Н-гийн толгойд чулуугаар цохиж, хүнд хохирол санаатай учруулсан хэргийн тухайд:
Хохирогч Б.Н-гийн: “2019 оны 7 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед эхнэрээ хайгаад Баянхошууны тойргоор явж байгаад олдохгүй байхаар нь “888” нэртэй бааранд орж хоёр пиво захиалаад уугаад 23 цаг өнгөрч байхад гараад явж байтал гэнэт миний толгой руу нэг хүн цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдсан. Намайг цохиж авсан залуу тухайн үед шар юм уу гэмээр фудволктой, жинсэн өмдтэй байх шиг байсан. ...А- гэх хүн миний толгой руу чулуугаар цохиж гэмтээсэн, эмчилгээний зардал гэж 600,000 төгрөг бэлэн өгсөн. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24, 25-26/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.07.19-ний өдрийн 8752 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Н-гийн биед дух яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины цус хуралт, няцрал, тархины хаван, дух, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ /хх-34/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...____ дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____” гэсэн нэртэй баарны гадна талын хяналтын камер байх ба 2019 оны 7 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 00 цаг 23 минутын бичлэгт үзлэг хийхэд “888” нэртэй баарны урд талын автобусны буудал дээр улсын дугаар, марк нь мэдэгдэхгүй хар юм уу гэмээр өнгийн машины хажуу талд алаг эрээн подволктай 170-175 см өндөртэй гэмээр туранхай залуу цаашаа хараад зогссон байдалтай. Цаад талд нь шар өнгийн подволктэй 168-170 см өндөртэй гэмээр туранхай бараан царайтай залуугийн хажуу талд хар бараан хувцастай царай төрх нь харагдахгүй залуу зогсож байх ба хажуу талд нь хар бараан хувцастай шар подволктай залуу руу хараад зогссон. Хоорондоо хэрэлдэж маргаж байгаа мэт үйлдэл гаргаж байх ба шар подволктай залуу хар бараан хувцастай өөдөөс нь хараад зогсож байсан залууг түлхэж, шар подволктай залуу газраас нэг зүйл авч барин өөдөөс нь хараад зогсож байсан залуугийн толгойн тус газар цохиж авч, нөгөө хар бараан хувцастай гэх залуу газар унаж байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсныг үзлэг болгон буулгаж тэмдэглэл хөтлөв...” гэх тэмдэглэл /хх-46/,
Шүүгдэгч Х.А-ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зүс таних Ж- “шинэ машин авсан” гээд манай гэрт ирсэн. Бид хоёр манай гэрт пиво ууж байгаа***” нэртэй бааранд орж пиво ууж би 00 орох гээд явж байсан чинь 00-д хүмүүс маргалдаад байсан. Би “больцгоо” гэж салгаад гараад Ж- бид хоёр гадаа зогсож байсан чинь 00-д маргалдаж байсан залуу хажуу баарнаас гараад ирсэн. Нөгөө танихгүй залуу хэл амаар өдөөд хэрүүл хийгээд байсан. Би уур хүрээд газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь цохисон чинь нөгөө залуу унаад өгсөн. Тэгээд намайг цагдаа нар ирээд аваад явсан. ...Дээрх гэмтлийг би учруулсан, өөрийн буруугаа ухамсарлаж байна. Хохирогчид 600.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-96-100/,
хохирлын баримт /хх-82/, хохирлын тооцоо /хх-83/,
2. Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “__” караокед иргэн Д.А-ийн эзэмшлийн эд зүйлсийг илээр, хүч хэрэглэн авахаар довтолж Самсунг фирмийн Эс-8 загварын гар утас, эрэгтэй хос мөнгөн ээмгийг дээрэмдэн авч бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд:
Хохирогч Д.А-ийн: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокед шөнийн 00 цагийн үед ороод барменаас “танайх ажиллаж байгаа юм уу” гэхэд хажууд байсан 2 залуугийн нэг нь буюу хар куртиктэй, хромон гуталтай өндөр залуу нь над руу “Чамайг харахад яаж байх шиг байна” гэсэн. Би зөрөөд коридор хэсэг рүү гарахад миний араас нөгөө өндөр залуу ирээд намайг цохиж аваад, нүүр хэсэг рүү өвдөглөөд мөрөн дээрээс гараараа татаж газар унагаагаад “Чи намайг таних уу, биедээ байгаа юмнуудаа гаргаад ир” гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй, байсан мөнгөөрөө сая пиво авчихсан” гэхэд намайг газар суулгаж байгаад цээж хэсэг рүү өшиглөөд, хэсэг манарсан байхад өмд болон куртикны халаасыг ухаад Самсунг Эс-8 плас маркийн гар утсыг, чихэнд зүүсэн байсан мөнгөн кольцо ээмгийг аваад өөрийнхөө халаасанд хийгээд цээж рүү гараараа цохиод “одоо чи 3 тоолоход алга бол, зайлаарай чи” гэсэн. Би гараад цагдаагийн хэлтэст ирж дээрэмдүүлсэн талаараа мэдэгдсэн. Цагдаа дагуулаад очиход нөгөө залуу явчихсан байсан. ...Тухайн залуу нь давхраатай нүдтэй, туранхай өндөр залуу хар куртик, жинсэн өмдтэй, хар хромон гуталтай байсан. Тэр залуутай явсан махлагдуу залуу намайг зодоогүй, надад гар хүрээгүй. ...Миний хохирлын 370.000 төгрөг төлсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-136-138, 141-143/,
Гэрч Ө.Ц-ийн: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Гарьд” нэртэй караокед ажиллаж байсан. Тухайн өдөр караоке хаах гэж байхад гаднаас дунд зэргийн нуруутай, өөртөө таарсан махлаг гэмээр залуу орж ирээд “танайх ажиллаж байгаа юм уу” гэхээр нь “одоо хаах гэж байна” гэхэд 1 шил пиво аваад байж байтал караокед үйлчлүүлж байсан хоёр залуугийн нэг ирээд тухайн залууд “Чамайг харахад яаж байх шиг байна” гээд хэрүүл өдөөд байна. Орж ирсэн залуу хаалга онгойлгоод коридорт гарч байхад өндөр, хар куртиктэй, хромон гуталтай, давхраатай нүдтэй залуу араас нь дагаад гарсан. Коридорт орж ирсэн залууг барьж аваад өшиглөөд газар унагаагаад, куртикнээс нь татаад куртикийг нь тайлаад дахиад 1-2 удаа гараараа цохиод “Чи одоо зайл” гээд байсан. Би хаах цаг дөхөж байсан болохоор “цагдаа дуудлаа шүү” гэхэд нөгөө хүн зодсон залуу гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-156-158/,
Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан “...Уг харуулж байгаа 5 хүний гэрэл зураг дотор 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Гарьд” караокед намайг зодож, миний эд зүйлийг авсан эрэгтэйн царай төрх 4 дугаарт байгаа гэрэл зураг мөн байна гэж заав. 4 дугаарын харалдаа байгаа Хгийн А- гэх хүнийг таньж “Энэ хүн мөн байна. Би урьд өмнө харж байсан хүн” гэж хэлэн таньж гараараа заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Энэ хүн нь 30-35 орчим насны хүн байсан. Бор царайтай, давхраатай нүдтэй байсан. Үс нь бага халимаг байсан. Би урьд өмнө харсан хүнээ ахиж хараад санаж байгаагаа хэлж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-166-171/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.11.14-ний өдрийн 19/244 дугаар хөрөнгийн үнийн тайланд: “1. Samsung фирмийн Эс-8 загварын гар утас 350,000 төгрөг, мөнгөн материалтай хос ээмэг 20,000 төгрөг, нийт дүн 370,000 төгрөг” гэжээ /хх-161-162/,
Шүүгдэгч Х.А-ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд ажлаа тараад найз Отэй уулзсан. Бид хоёр “***” караокед орж 8 шил пиво авч, дуу дуулсан. О явлаа гээд яваад өгсөн. ...Шөнийн 2 цаг өнгөрч байхад “___” караоке хаагаад би замын нөгөө талын “***” караокед орсон чинь зүс таних Б- гэх залуу сууж байсан. Би Б-той нэг шил архи хувааж ууж байхад гаднаас нэг согтуу залуу орж ирснээ караокены эгчтэй маргалдаад байсан. Би очоод “эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлээд караокеноос гаргаад нүүр болон цээж рүү нь цохиж авсан. Би тухайн залуугийн куртикны халааснаас гар утсыг нь авсан. Тэгээд би гарсан, түүнээс цааш юу болсноо санахгүй байна. Өглөө нь нэг дэлгүүрийн гадаа сэрсэн. ...Тухайн үед А миний утсыг авчихлаа гэж бодоод куртикний халааснаас утсыг нь авсан. Тэгсэн чинь караокены ширээн дээр миний утас байсан. Би утсыг нь өгөөгүй аваад явсан. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-207-209/,
хохирогч Д.А-ийн “хохиролд 370.000 төгрөг авсан” гэх баримт /хх-163/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-172/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-50-53, 57-59/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-62/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-111/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.А- согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-гийн толгойд чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, “___” караокед хохирогч Д.А-эд хүч хэрэглэн довтолж Samsung фирмийн Эс-8 загварын гар утас, эрэгтэй хүний хос мөнгөн ээмгийг хууль бусаар авч бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Н-гийн “...явж байтал гэнэт миний толгой руу нэг хүн цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-24-26/, шүүх эмнэлгийн 8752 дугаар “1. Б.Н-гийн биед дух яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины цус хуралт, няцрал, тархины тархины хаван, дух, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-34/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “...шар подволктай залуу нөгөө хар бараан хувцастай өөдөөс нь хараад зогсож байсан залууг түлхэж, газраас нэг зүйл авч барин өөдөөс нь хараад зогсож байсан залуугийн толгойн тус газар нь цохиж авч, нөгөө хар бараан хувцастай гэх залуу газар унаж байгаа...” гэх тэмдэглэл /хх-46/, шүүгдэгч Х.А-ын “...уур хүрээд газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь цохиод авсан чинь нөгөө залуу газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-96-100/, хохирогч Д.А-ийн “...миний араас нөгөө өндөр залуу нь гарч ирээд намайг цохиж аваад, нүүр хэсэг рүү өвдөглөөд мөрөн дээрээс гараараа татаж газар унагаагаад “биедээ байгаа юмнуудаа гаргаад ир” гээд ...намайг газар суулгаж байгаад дахиад цээж рүү өшиглөөд, халаас ухаж байгаад утас, чихэнд зүүсэн байсан мөнгөн кольцо ээмгийг аваад цээж рүү гараараа цохиод “одоо чи 3 тоолоход алга бол, зайлаарай чи” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-136-138, 141-143/, гэрч Ө.Ц-ийн “...гаднаас орж ирсэн залууг барьж аваад өшиглөөд газар унагаагаад, куртикнээс татаад куртикийг тайлаад дахиад 1-2 удаа гараараа цохиод “Чи одоо зайл” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-156-158/, гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-166-171/, шүүгдэгч Х.А-ын “...караокеноос гаргаад нүүр болон цээж рүү нь цохиж куртикны халааснаас нь гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-207-209/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.А-ын согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Н-г чулуугаар цохиж зодон, биед нь хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн,
мөн согтуурсан үедээ, хохирогч Д.А-ийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн зодож улмаар Самсунг фирмийн Эс-8 загварын гар утас, эрэгтэй хүний хос мөнгөн ээмгийг хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 246.863 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирогчийн “600.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-83, 26/, хохирогч Г.А-эд 370.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “370.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-143/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч төлсөн байна гэж шүүх дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.А- нь иргэн Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, иргэн Д.А-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил 5 сарын хорих ял оногдуулж, нэмж нэгтгээд нийт 7 жил 5 сарын ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч Х.А- “Ээжтэйгээ амьдардаг, ээжийн бие тааруу байгааг харгалзан ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогч нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хохирогч нарын эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж гэмтэл учруулсан, эд хөрөнгийн хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримтаар тогтоогдсон 246.863 төгрөгийг 600.000 төгрөг болгон төлсөн, хохирогч Д.А-ийн эд хөрөнгөд 370.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлсөн, хохирогч нар “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, ар гэрийн байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жилээр тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.
Шүүгдэгчид 6 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Х.А-ын 2021.01.10-ны өдрөөс 2021.01.12-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2021.01.12-ны өдрөөс 2021.04.01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоног, нийт 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ____ овогт _____ А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А-ын цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР