| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0304/И |
| Дугаар | 333 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 333
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5-р баг, Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5-р баг, ВВ78030118 регистрийн дугаартай, Туваан овогт Адъяагийн Цогтгэрэлд холбогдох зээлийн 20.732.232 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сум хөгжүүлэх сангаас 2014 онд том жижиг савалгаатай цэвэршүүлсэн ус үйлдвэрлэх зориулалтаар 20.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Төслийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэн аймгийн аудитын газраас зээлийн хөрөнгийг эгүүлэн татах шийдвэр гаргасан. Иймд А.Цогтгэрэлээс зээлийн 20.732.232 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадоржийн нэхэмжилсэн, Сум хөгжүүлэх сангийн зээлийн 20.732.232 төгрөгийг А.Цогтгэрэл бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадорж нь А.Цогтгэрэлд холбогдуулан зээлийн 20732232 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч А.Цогтгэрэл нь 2014 оны 12 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн 20.732.232 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн 20.732.232 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгуулага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Цогтгэрэлээс 130805 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ