Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/393

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108003730285 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ оны __ дугаар сарын __-ны өдөр ____ аймгийн ___ суманд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “___” ХХК-д ____ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ___ дүүргийн ___ дүгээр хороо, _____ дугаар гудамж, ___ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____ овогт ______ /РД:____/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч С.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ____ дүүргийн ___ дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “___” авто угаалгын газарт угаагч ажилтай, иргэн Ө.Б-н гээгдүүлсэн “Самсунг Нөүт-8” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 380,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би авто угаалгын газар очиход хоёр хүүхэд машин угаасан. Машинаа угаалгаад явж байтал хажуу талын сандал дээр утас дуугарах шиг болсон. Утас асуухаар нь “үзье” гээд тасалсан. Гэм буруугаа хүлээж байна. 7 хоногийн дараа цагдаагаас ярьж би хэргээ хүлээсэн. Хохирлыг төлсөн. Би буруу зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн 210800373____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Ө.Б-н: “Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “____” авто угаалгад ажилладаг. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ 23 цагийн орчимд байхад ___ ___ улсын дугаартай авто машиныг бүтэн угаахаар болсон. Машины дотор хэсгийг угааж байхад өмдний халааснаас утас унах гээд байхаар нь жолоочийн эсрэг талын урд суудал дээр тавьсан юм. 00 цагийн орчимд угааж дуусгаад тэр машиныг явуулсан. Удалгүй утас руугаа залгахад дуудаад авахгүй байсан. ____УБЧ улсын дугаартай машины бүртгүүлсэн _____гэсэн дугаар руу залгахад авахгүй байсан. Гэртээ очоод аавынхаа утаснаас залгахад миний утас дуудаж байгаад унтарчихсан. Маргааш нь залгаад “би утсаа машинд чинь үлдээчихсэн байна” гэхэд тэр хүн “би машиндаа үзээдэхье” гээд тасалсан. Тэгээд хариу хэлэхгүй байхаар нь буцаагаад залгаад асуухад “утас чинь байхгүй байна” гэсэн. Дараа нь тэр хүн угаалгын газраас гараад хоёр дүүдээ машинаа өгсөн гэж надад хэлээд миний утсыг өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. ...Миний утас бол хар өнгийн, Самсунг Нөт-8 маркийн гар утас байгаа юм. Би 2021 оны 01 дүгээр сард 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

...Би утсаа Б- гэх хүнээс авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15, 18/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.02.09-ний өдрийн 21/021 дүгээр тайланд: “Самсунг фирмийн, Нөт-8 загварын гар утас 380,000 төгрөг” гэжээ /хх-28-29/,

Шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Соёмбо” авто угаалгын газар өөрийн **** улсын дугаартай саарал өнгийн машинаа угаалгасан. Тухайн үед миний машиныг 15-17 орчим настай эрэгтэй хүүхэд угааж дуусгасан. Би гэр лүүгээ явж байхад жолоочийн эсрэг талын суудал доор гар утас дуугарахаар нь замын хажуу руу зогсож байгаад тонгойгоод хартал хар өнгийн Самсунг Нөүт-8 маркийн гар утас байсан. Ирсэн дуудлагыг нь огт аваагүй. Гэтэл миний өөрийн дугаар луу танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь аваад ярьтал “Ахаа, таны машиныг угаасан хүүхэд байна. Машинд чинь гар утсаа үлдээсэн байна уу, хараад өгөөч” гэхээр нь “за” гэж хэлээд хэсэг хугацааны дараа “гар утас чинь байхгүй байна” гэж худлаа хэлээд тухайн утсаа унтраагаад хадгалсан. Маргааш өдөр нь Хархорин зах дээр явж байгаад зүс таних, нэрийг нь мэдэхгүй ахтай тааралдаж тухайн олсон гар утсаа 150,000 төгрөгөөр зарсан. 7 хоногийн дараа цагдаагаас дуудахаар нь очиж уулзаад тухайн гар утсыг миний машинд байгаагүй гэж худал мэдүүлэг өгчхөөд дараа нь дахин мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээж, үнэнээ хэлсэн. Хархорин захаар явж гар утас зарсан хүнээ 10 хоног хайж утсаа буцааж аваад угаалгын газрын угаагч хүүхдэд өгсөн. ...Тухайн үед манай гэрт хоол хүнс байхгүй, мөнгө хэрэг болоод байхаар нь тухайн гар утсыг “байхгүй” гэж хэлээд зарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-35/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-36/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, банкны тодорхойлолт /хх-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, хохирогчийн “Утсаа авч хохирлоо барагдуулсан тул гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-62/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр _____ дүүргийн ____ дүгээр хороо, “___” авто угаалгын газраар үйлчлүүлэхдээ уг газарт угаагч ажилтай, хохирогч Ө.Б-н гээгдүүлсэн “Самсунг Нөүт-8” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Ө.Б-н “...миний өмдний халааснаас утас унах гээд байхаар нь жолоочийн эсрэг талын урд суудал дээр утсаа тавьсан. ...тэр хүн “машиндаа үзээдэхье” гээд хариу хэлэхгүй байхаар нь буцаагаад залгаад асуухад “утас чинь байхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн “Самсунг фирмийн, Нөт-8 загварын гар утас 380,000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-28-29/, шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...машинаа угаалгаад явж байхад жолоочийн эсрэг талын суудал доор утас дуугарах шиг болсон. Хар өнгийн Самсунг Нөүт-8 маркийн гар утас байхаар нь ирсэн дуудлагыг нь огт аваагүй. Гэтэл миний дугаар луу дуудлага ирэхээр нь аваад ярьтал “Ахаа, таны машиныг угаасан хүүхэд байна. Машинд чинь гар утсаа үлдээсэн байна уу, хараад өгөөч” гэхээр нь “за” гээд хэсэг хугацааны дараа “гар утас чинь байхгүй байна” гэж худлаа хэлээд тухайн олсон гар утсаа унтраагаад хадгалсан. Маргааш өдөр нь Хархорин зах дээр тухайн олсон гар утсаа 150.000 төгрөгөөр зарж...” гэх мэдүүлэг /хх-56-57/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийн хохирогч Ө.Б-н гээгдүүлсэн “Самсунг Нөүт-8” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 380.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б-д 380.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гар утсаа авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-18/, мөн “Миний хохирол бүрэн барагдсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-62/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Б- нь хохирогч Ө.Б-н гээгдүүлсэн “Самсунг Нөүт-8” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 380,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч С.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /өөрийнх нь тээврийн хэрэгсэлд бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж зарж борлуулан ашиглаж бусдын өмчлөх эрхийг зөрчсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 380.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдал, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн үндэслэл хангагдахгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох  боломж /“Eparts сервис”-т инженер ажилтай, сарын дундаж цалин 1.000.000 төгрөг/-ийг үндэслэн шүүгдэгч С.Б-ийг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _____ овогт ____ Б-ийг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР