Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/311

 

2021        5            14                                            2021/ШЦТ/311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2021/0296/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1909015590339 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, 2-р баг, ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, ............тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Төмөр замын шүүхийн 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153-ын 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

Сэлэнгэ аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийх хорих ял, 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж ялыг нэмж нэгтэн нийт 3 жилийн хорих ял оногдуулж, 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

Сэлэнгэ аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 3-д зааснаар хорих ялыг өршөөж хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын сүүлч хүртэл Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын задгай тоотод оршин суугч Р.Н-н эзэмшлийн гэрт хамтран амьдарч байхдаа түүний эзэмшлийн шаргал өнгийн бөгжийг нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Хохирлыг манай дүү нар төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч Р.Н-н өгсөн: “...Манай гэрт 2018 оны 05 дугаар сарын дундуур зүс таних Баянаа гэгч хүн ирж 30 хоноод явахдаа миний хэрэглэж байсан   3 граммын жинтэй алтан бөгжийг хулгайлж авч явсан. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр ирчихээд 7 дугаар сарын дундуур явсан, мөнгөний хэрэг гараад 2018 оны 06 дугаар сарын дундуур ломбардад хэдэн өдөр хонуулаад буцааж авсан, гэртээ далд хийхийг тэр этгээд харж байсан. /http://system.police/-ийн хайлт лавлагаанд 1964 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Б.Б /РД:/ гэх хүний зураг гарч ирснийг түүнд үзүүлээд уг хүн танай гэрт амьдарч байсан хүн мөн үү гэхэд манай гэрт амьдарч байгаад миний бөгжийг хулгайлаад явсан Баянаа гэгч мөн байна, хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын үед утсаар яриад миний Хаан банкны дансны дугаарыг авч нэг сая төгрөг өгье болох уу гэж худлаа ярьсан. ...2018 оны 06 дугаар сарын эхээр Б.Б-н хамт ломбардаас бөгжөө аваад гэртээ ирээд ээмэг, зүүлт хийдэг хайрцагтаа хийгээд Б.Б-с нууж чемодан дотор хийсэн, тухайн үед Б.Б хараад байж байсан. Хэд хоногийн дараа дүү н.Гансүх ирээд манайд хоноод өглөө нь би дүүдээ бөгжөө ломбардаас авсан гээд дүүдээ үзүүлэх гэтэл бөгж алга болсон байсан. Би дүүдээ бөгж алга болсон байна, манай гэрээс уг нь юм алга болдоггүй дээ гээд хэлээд сууж байхад хажууд Б.Б байсан. Дүү н.Гансүхийг гэр руугаа явахаар нь би Б.Б-д бөгж аваад ир, чамаас өөр авах хүн байхгүй, хамт амьдармаар байвал миний бөгжийг гаргаж өг, эсвэл төлж өг гэхэд Б.Б инээгээд би төлөөд өгчихье гээд байхаар нь би орхисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 49, 51-52 тал/,

Гэрч А.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Б нь 2019 оны 12 дугаар сард манай ажлын зочид буудлаар үйлчлүүлж байгаад танилцаад 12 сараас хамтран амьдрах болсон. Манайхаас 2020 оны 04 дүгээр сарын 27-нд ажилд явлаа гээд гараад явсан, тэрнээс хойш манайхаар ирээгүй, утас руу нь залгахаар ажлаа зааж өгөхгүй байгаа. Ажлаа дуусгаад очно гээд л утсаа салгаад байгаа. н.Баяржаргал нь түргэн ууртай, муухай ааштай, худлаа ярьдаг хүн байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч Р.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... эгч Р.Н-н гэрт очиход нэг эрэгтэй байсан, надад хэлэхдээ энэ хүнтэй танилцаад хамтран амьдарч байгаа гэсэн. Би Б.Б-тэй анх уулзаж байгаа болохоор нээх юм яриагүй, гэрт нь хоноод өглөө нь таны алтан бөгжийг харья гэж хэлтэл эгч хувцас эвхэж хийдэг дөрвөлжин хувцсан дотроос ээмэг, бөгж хийдэг гонжгой урт саваа гаргаж ирээд надад харуулах гэтэл алтан бөгжнүүд нь байгаагүй, та бөгжөө зүүхгүй яасан юм гэхэд харин зүүх гэж байснаа цааш нь хийчихсэн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,

 Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн "...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 750.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-67 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Төрийн сан” банкны дансны орлогын дэлгэрэнгүй хуулга 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын сүүлч хүртэл Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын задгай тоотод оршин суугч хохирогч эмэгтэй Р.Н-н гэрт хамтран амьдарч байхдаа түүний эзэмшлийн тус бүр нь 3 граммын жинтэй 2 ширхэг алтан бөгжийг нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Б-г бусдын эд зүйлийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд шүүгдэгч гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-н хохирогч эмэгтэй Р.Н-н гэрт толгой хоргодон хамтран амьдарч байхдаа итгэлийг нь эвдэн үнэ цайтай эд хөрөнгийг нь шууд санаатай шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Н-д учруулсан 750.000 төгрөгийн хохирлыг тус шүүхийн Тамгын газрын “100 90000 5406” тоот дансанд байршуулсныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Р.Н-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, түүний эрүүл мэндийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 68 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус, шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт шилжүүлэн тооцож, түүнд оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж Б.Б-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 176 /нэг зуун далан зургаа/ цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь түүнд оногдуулсан 176 /нэг зуун далан зургаа/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-с хохирол төлбөр нөхөн төлөх зорилгоор 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын “100 90000 5406” тоот дансанд байршуулсныг хохирогч Р.Н-д олгосугай.

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР