Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/347

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч нарын өмгөөлөгч _____,

шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200200431___ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны ___ дугаар сарын ___-ны өдөр ___ аймгийн ____ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “____” ХХК-д тогоочоор ажилтай, ам бүл 2, эхийн хамт ____ дүүргийн ___ дугаар хороо, ____ _____ дугаар гудамж, ____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ____ овогт ______ /РД:_________/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны ____ дугаар сарын ___-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ______ ажилтай гэх, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт _____ дүүргийн ___ дугаар хороо, ______ дүгээр гудамж, ____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ____ овогт ________ /РД:_______/.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б-, Э.Б- нар нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өглөө ___ аймгийн ___ сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, цагаан өнгийн хоёр ширхэг гялгар уутанд савласан, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг _____ улсын дугаартай Шевролет Крузе /Chevrolet Cruzе/ загварын тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хотын _____ дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ____ шалган нэвтрүүлэх цэг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. 4  сар хоригдоод их зүйлийг ухаарч ойлгосон. Дахин гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахгүй, хөнгөн ял өнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Сая хоригдож байхдаа их хэцүү байдгийг ойлгосон, гэм буруугаа ухамсарласан. Дахин хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна” гэв.

Эрүүгийн 200200431____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хэргийн газарт 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор 14 цаг 20 минутын үед саарал өнгийн _____ улсын дугаартай суудлын машин нэвтэрсэн. Шалгаж зогсооход багаажны хэсэгт цагаан өнгийн гялгар уутанд ногоон өнгийн навчит ургамал байсан. Төв аймгийн Борнуур сумаас түүсэн гэж байсан...” гэжээ /1хх-3-7/,   

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “Э.Б-, Б.Б- нарын шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх хариу гарч байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-36, 37-39/,

Шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4728 дугаар дүгнэлтэд: “1.2.3. “Б- ____ 2020.08.09” гэсэн хаягтай шээс, “Б- ____ 8.9.2020” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэжээ /1хх-107-111/,

Шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4729 дүгээр дүгнэлтэд: “1.2.3. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 4. “1” гэсэн хаягтай ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 972г, цэвэр жин нь 566г, “2” гэсэн хаягтай ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 791г, цэвэр жин нь 445г байна...” гэжээ /1хх-113-116/,

Гэрч Б.Б-гийн: “2020 оны 8 дугаар сарын 08-ны орой манай найз залуу Б- гэртээ ирээд “Б- гадаа ирчихсэн байна, цаадахтай чинь уулзах хэрэг байна” гээд гараад хартал Удвал, түүний найз охин Д- нар Б-тай ирчихсэн байсан. Бид нар машин дотор уулзаж юм ярингаа пиво ууж байгаад гэнэт л Төв аймгийн ___ сум явахаар болоод тэр шөнө 01 цагийн үед Б-ы эгчийнх нь машинтай Улаанбаатар хотоос гараад шөнө 04 цагийн үед байх ____ сумын нутаг дэвсгэрт очоод машин эвдэрсэн. Би машин дотор мансууруулах үйлчилгээтэй өвс гэх ургамал байсныг огт мэдээгүй. Цагдаа нар зогсоогоод үзлэг хийх үед мэдсэн. Цагдаа нар шалгаж байхад Б-, Б- нар өөрсдөө түүсэн гэдгээ хэлсэн. Д- бид хоёр машин эвдэрчихсэн гээд машинд унтаж байсан.____ сум явах ямар нэгэн зорилго гэхээр зүйл байхгүй, нуур луу явцгаая гэж явсан...” гэх мэдүүлэг /1хх-84-85/,

Гэрч Б.У-ын: “2020 оны 8 дугаар сарын 08-ны 22 цагийн үед найз охин Д-ий хамт түүний гэрийн гадаа байхад найз Б- над руу яриад “та хоёр хаана багаа юм бэ, уулзах уу” гээд ирээд “бүгдээрээ хамт ойрхон салхинд гараад ирэх үү, эхлээд Б- Б- нар дээр очиж уулзъя” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Б-ы машинд суугаад Б-ийн гэрт очоод, Б- Б- нарыг аваад Төв аймгийн Борнуур сум явахаар болсон. Бид нар замдаа пиво, архи уугаад 8 дугаар сарын 09-ний үүрээр байх Борнуур сумын төв өнгөрч яваад нэг тариалангийн талбайн хашаа тулчихаар нь хүнээс зам асуух санаатай тэндээ хэсэг зогсож байгаад явах гэтэл машин асахгүй эвдэрчихсэн. Би сумын төв орж засварчин авчрах санаатай замын нэг мотоциклтой хүнд дайгдаад сумын төв явсан. Тэр үед Д-, Б- нар машинд унтаад үлдсэн. Харин Б-, Б- нар машинаа асаах гээд оролдоод байж байсан. Би бараг 3-4 цаг болсон байх. Нэг засварчин олоод машинаа асаагаад, сумын төвийн дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад буцахдаа ____ хальт дайраад буцсан. Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр цагдаа нар зогсоогоод шалгатал машины багаажнаас тортой өвс гарч ирээд цагдаа нар үзлэг хийж хурааж аваад цагдаагийн газар ирсэн. Тэр тортой өвсийг ямар учиртай болохыг мэдэхгүй. Цагдаа дээр очих үед Б-, Б- хоёр нийлж түүсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-96/,

Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Бид нар ярилцаж байгаад салхинд гарах, Борнуур сумыг үзэх санаатай явсан. Уг газар мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал ургадаг гэдгийг огт мэдэхгүй байсан. Машин эвдрээд тусламж дуудах санаатай Б-ы хамт явж байгаад өмнө нь интернет орчноос харж байсан ургамал ургасан байсныг хараад түүсэн. Тэрнээс биш анх бол өвс түүх гэж яваагүй. Б- бид хоёр түүсэн. Өөр хүнд энэ талаар яриагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэх мэдүүлэг /1хх-134-135/,

Шүүгдэгч Э.Б-ы яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Бид нар хоорондоо ярилцаж байгаад Төв аймгийн Борнуур сумын нуурыг үзье гээд бүгд шийдээд 2020 оны 8 дугаар сарын 08-ны орой нь гарсан. Өөр ямар нэгэн зорилго гэхээр зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1хх-129-130/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 863 дугаар дүгнэлтэд: “1. Б.Б- нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. 2. Б.Б- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Б- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Б- нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. 6. Б.Б- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. Б.Б-ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Б.Б- нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна” гэжээ /1хх-103-104/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 864 дүгээр дүгнэлтэд: “1. Э.Б- нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. 2.3. Э.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Э.Б- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.Б- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Э.Б- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. Э.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Э.Б- нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” гэжээ /1хх-98-99/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/, прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-9, 41/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “Б.Б-, Б.Д-, Б.У- нараас илрээгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-32-34/, цагдаагийн илтгэх хуудас /1хх-49/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-73/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-74/, “Дамно” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2020.10.19-ний өдрийн 20-301 дүгээр тайланд: “Suzuki Cruse загварын автомашин 1.600.000 төгрөг” гэжээ /1хх-204/, гэрч Э.Анхтүвшингийн мэдүүлэг /1хх-90-91/, гэрч Э.Агийн мэдүүлэг /1хх-92-93/, мөрдөгчийн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” тогтоол /1хх-136/,

шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-149/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /1хх-147/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-139/, “***” ХХК-ийн “Б.Б- нь тогоочийн албан тушаалд ажилладаг” гэх тодорхойлолт /1хх-159/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-162/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /1хх-166/,  

шүүгдэгч Э.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-153/, түүний эцэг, эх, эгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-154-157/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-171/, “_____” ХХК-ийн “Э.Б- нь ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн” гэх тодорхойлолт /1хх-172/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-138/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-174/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өглөө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дээрх ургамлыг ____ улсын дугаартай “Suzuki Cruzе” загварын тээврийн хэрэгслийн багаажинд Төв аймгийн ___ сумаас Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ____ шалган нэвтрүүлэх цэг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “Э.Б-, Б.Б- нарын шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гэж гарч байгаа нь делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх хариу гарч байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-36, 37-39/, шинжээчийн 4728 дугаар “...“Б- _____ 2020.08.09” гэсэн хаягтай шээс, “Б- ____ 8.9.2020” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-107-108/, шинжээчийн 4729 дүгээр “...“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн...” гэх дүгнэлт /хх-113-114/, гэрч Б.Б-гийн “...машин дотор мансууруулах үйлчилгээтэй өвс гэх ургамал байсныг огт мэдээгүй. ...Дээрх ургамлыг Б-, Б- нар түүсэн гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-84-85/, гэрч Б.У-ын “...Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр цагдаа нар зогсоогоод шалгатал машины багаажнаас тортой өвс гарч ирээд ...цагдаа дээр очих үед Б-, Б- хоёр нийлж түүсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-96/, шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Дээрх зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. ...Б-ы хамт явж байгаад өмнө нь интернет орчноос харж байсан ургамал ургасан байсныг хараад түүсэн...” гэх мэдүүлэг /хх-134-135/, шүүгдэгч Э.Б-ы яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-129-130/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-101/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-73/, “Дамно” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 20-301 дүгээр “Suzuki Cruse загварын автомашин 1.600.000 төгрөг” гэх тайлан /хх-204/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.Б-, Э.Б- нарын урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хориглосон сэтгэцэд нөлөөт 1,011 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Б-, Э.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, цагаан өнгийн хоёр ширхэг гялгар уутанд савласан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг 11- 06 БУА улсын дугаартай Шевролет Крузе /Chevrolet Cruzе/ загварын тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт шалган нэвтрүүлэх цэг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-, Э.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Шүүгдэгч Б.Б-, Э.Б- тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хуралдааны явцад гэм буруугаа үнэхээр сайн ухамсарлаж өөрөө өөрсдийгөө илэрхийлж байна. Шүүгдэгч нар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирол төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг тэмдэглэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үйлдлээрээ бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бодит хохирол шаардахгүй/, шүүгдэгч нарын хувийн байдал /ар гэрийн болон насны байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 4 сар орчим хугацаанд цагдан хоригдсон/-ыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-, Э.Б- тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.    

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ 11-06 БУА улсын дугаартай “Suzuki Cruse” загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Б-, Э.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.600.000 төгрөгийг тэнцүү хуваан, шүүгдэгч Б.Б-, Э.Б- нараас тус бүр 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар 2020.12.04-ний өдрөөс 2021.04.01-ний өдрийг хүртэл 118 /нэг зуун арван найм/ хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 972 грамм, цэвэр жин нь 566 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 791 грамм, цэвэр жин нь 445 грамм ургамлыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ______ овогт _______ Б-, Асуд овогт _____ Б- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-, Э.Б- тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /жил/ 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б-, Э.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Б.Б- нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар тус бүр 118 /нэг зуун арван найм/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Э.Б- нараас тус бүр 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 972 грамм, цэвэр жин нь 566 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 791 грамм, цэвэр жин нь 445 грамм ургамлыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Э.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР