| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0369/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/372 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/372
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200802554____ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1__ оны _ дүгээр сарын__-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ____ мэргэжилтэй, “___” ХХК-д ________ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ____ дугаар байр, ____ тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ____ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 2015 оны 6 дугаар сарын 17-нд ялын хугацаа дуусч суллагдсан, _____ овогт ______ /РД:______/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч А.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн __ дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын эцэст Б.Ж-тэй маргалдан улмаар Б.Ж-ийг газарт унагаан толгой, цээж рүү нь цохиж өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн 8,9-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, тархины доргилт, баруун чамархай, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн тохой, шуунд цус хуралт, зүүн шанаа, хацар, зүүн тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед найзтайгаа согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Караокеноос гарч ирээд Ж-тэй муудалцсан. Тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу. Хохиролд 2.790.000 төгрөг төлсөн. Прокурорын ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 200802554__ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Ж-ийн: “2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн __ дугаар хороо, Ханын материалын эцсийн замын хашлага дээр сууж байсан. “___” дэлгүүрийн урд хэсэг залуус маргалдаад байсан. Манай найз Б- “та нар боль” гэж хэлтэл хар цамцтай өндөр залуу ирээд “уучлаарай ахаа бид нар одоо ингээд явлаа” гээд бид хоёртой хэсэг юм ярьж суусан. Цаанаас “____” гэсэн бичигтэй ногоон хантаазтай залуу ирээд “наад муу 2 чинь юу гээд байгаа юм бэ?” гээд Б-тэй маргалдаж байтал цаанаас нь цайвар өнгийн фудволкатай залуу ирээд салгаж байтал нэг жижигхэн биетэй залуу /нэрийг нь сүүлд мэдсэн Э-/ ирээд эхэлж намайг гараараа цохингуутаа газар унагааж дэвсээд бас толгой руу өшиглөөд байсан. Нэг хэсэг ухаан алдчихсан байсан. Цагдаа ирчихсэн намайг босгож байхад ухаан орсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл тархиндаа гэмтэлтэй байна гээд шууд хэвтүүлчихсэн. Би эмчилгээний зардал 2.790.000 төгрөгийг бэлнээр авчихсан. Надад одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16, 20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.08.14-ний өдрийн __ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Ж-ийн биед зүүн 8, 9-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, тархины доргилт, баруун чамархай, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн тохой, шуунд цус хуралт, зүүн шанаа, хацар, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-33-34/,
Гэрч Э.Б-ийн: “...Э- бид нар архи уусан. Ж- надаас тамхи асуухаар нь би тамхи гаргаж өгөөд хамт тамхилж байтал Э- араас караокеноос гарч ирээд намайг Ж-тэй муудалцаж байна гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд Э- Ж-ийн шанаа хэсэгт нэг удаа цохиж газар унагаагаад толгой, цээж рүү нь өшиглөөд байхаар нь би Э-ыг салгасан чинь Ж- цагдаа дуудчихсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Шүүгдэгч А.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Бид нар хорхог хийж идээд архи ууцгаасан. Караокегоос гараад явж байтал Б- Ж-тэй муудалцаад байх шиг байхаар нь Ж- дээр очоод зодсон. Эхлээд шанаа хэсэг рүү нэг удаа цохиод газар унангуут нь цээж, толгой хэсэг рүү нь өшиглөхөд Б- салгасан...” гэх мэдүүлэг /хх-94-95/,
Хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх-41/, мөнгө хүлээлцсэн баримт /хх-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны “А.Э- 2015.06.17-ны өдөр хугацаанаас өмнө шүүгчийн захирамжаар суллагдсан тухай” тодорхойлолт /хх-47/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-59/, “___” ХХК-ний 2021.03.02-ны өдрийн 21/100 дугаар “А.Э- нь тус байгууллагын 21 салбарт ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-60/, Сонгинохайрхан дүүргийн ___дугаар хорооны тодорхойлолт /хх-61/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-62-78/, шүүгдэгчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-103/, прокурорын 2021.03.26-ны өдрийн 62 дугаар “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ хэрэглэх тухай” санал /хх-106-107/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Э- согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн __ дугаар хороо, Ханын материалын эцэст Б.Ж-тэй маргалдан улмаар түүнийг цохиж газарт унагаан толгой, цээж рүү өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Ж-ийн “...салгаж байтал нэг жижигхэн биетэй залуу /нэрийг нь сүүлд мэдсэн Э-/ ирээд эхэлж намайг гараараа цохингуутаа газар унагааж байгаад дээрээс дэвсээд, толгой руу өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16, 20/, шүүх эмнэлгийн 9141 дүгээр “1. Б.Ж-ийн биед зүүн 8, 9-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, тархины доргилт, баруун чамархай, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн тохой, шуунд цус хуралт, зүүн шанаа, хацар, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33-34/, гэрч Э.Б-ийн “...Бид нар архи уусан. Э- Ж-ийн шанаа хэсэгт нэг удаа цохиж газар унагаагаад толгой, цээж рүү нь өшиглөөд байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч А.Э-ын яллагдагчаар өгсөн “...Бид нар архи уусан. Би Ж-ийн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод газар унангуут нь цээж, толгой хэсэг рүү нь өшиглөхөд Б- салгасан...” гэх мэдүүлэг /хх-94-95/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Э-ын хохирогч Б.Ж-ийг үл ялих зүйлээр шалтаглан эрх, эрх чөлөөнд нь цохих, өшиглөх үйлдлээр халдан цохиж зодон хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 278.983 төгрөгийн хохирлын баримт /хх-41/ гаргаж өгсөн, хохиролд 2.790.000 төгрөг төлөгдсөн /хх-20/, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-104/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн __ дугаар хороо, Ханын материалын эцэст иргэн Ж-тэй маргалдан улмаар газарт унагаан толгой, цээж рүү өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч А.Э- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч А.Э- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч _____ овогт ____ Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР