Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00013

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Залзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/01261 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1693 дугаар магадлалтай,

 Б.С-ын нэхэмжлэлтэй

Б.О-т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 2.805.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Т.Баяржавхлан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.О-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.О-ийн Голомт банкны 1105125944 тоот дансруу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Тухайн үед түүний хүсэлтийн дагуу мөнгө зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар байгуулсан бөгөөд Б.О- нь манай компанид ажиллаж байх хугацаандаа зээлээ төлөх ёстой байсан. Иймд зээл 2.800.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 2.805.000 төгрөгийг иргэн Б.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Русбел ХХК-д менежерээр ажилд орж Ургамал төвийг шинээр нээж ажилласан. Тус компанийн захирал Б.С- бөгөөд намайг Соёолж ХХК-д зохион байгуулагч, менежерээр ажиллаж байхад хамтарч ажиллахыг санал болгосны дагуу миний бие дээрх ажилд орсон. Надад шилжүүлсэн гэх 2.800.000 төгрөг нь зээл биш харин ажилласан цалин юм. Гэтэл Б.С- дээрх мөнгийг надад хувиараа зээлсэн мэтээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэхүү 2.800.000 төгрөгийг Голомт банк ХХК-иас асуухад цалингийн нягтлан очиж хийсэн байдаг. Хэрвээ зээл байсан бол зээл гэсэн утгаар дансанд хийж, миний цалингаас суутгаж авах ёстой байсан. 2.800.000 төгрөгийг зээлээгүй, зээлийн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/01261 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-ээс 2.805.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1693 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/01261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 2.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-ад олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.О-, түүний өмгөөлөгч Т.Баяржавхлан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Б.О- нь дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг “Русбел” ХХК-д менежерээр ажиллаж байх үеийн цалин гэж тайлбарласан боловч “Русбел” ХХК-иас түүнийг ажиллаж байх хугацааны цалин олговрыг нь “цалин Русбел” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлдэг байсан болох нь Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэжээ. Эндээс харахад давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Голомт банкны хуулгыг үндэслэн шийдвэрлэсэн байгаа нь өрөөсгөл юм. Зохигчийн хооронд зээлийн харилцаа байгаагүй харин хөдөлмөрийн харилцаа байсан гэдэг нь хэд хэдэн зүйлсээр тогтоогддог. Үүнд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01260 дугаар шийдвэрээр Б.О-ийг “Русбел” ХХК-ийн Ургамал төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож түүнд ажилгүй байх хугацааны олговорт 2.232.553 төгрөгийг “Русбел” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Б.О- болон “Русбел” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдгийг тогтоож байна. Харин “Русбел” ХХК нь Б.О-т ажиллаж байх хугацааны дутуу өгсөн цалинг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дутуу цалин өгч байсныг үгүйсгээгүй юм. Б.С-, Б.О- нарын хооронд зээлийн харилцаа байсан бол Б.О-т олгож байсан цалингаасаа суутгал хийх байсан. Гэвч “Русбел” ХХК-иас ийнхүү суутгал хийгдэж байгаагүй. Мөн зээлийн гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгч нар нь харилцан тохиролцсон байх ёстой. Гэтэл хариуцагч нь зээл авах талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй ба тийнхүү тохиролцсон гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Үүнээс харахад давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрх бүх үндэслэлүүд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа бус хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдгийг хангалттай нотлож байхад ийнхүү шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.С-, Б.О-ээс зээл 2.800.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 2.805.000 төгрөг шаардаж, үндэслэлээ “хариуцагчийн мөнгө зээлэх хүсэлтээр түүний Голомт банкан дахь дансанд 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 3 удаа нийт 2.800.000 төгрөг шилжүүлсэн” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “уг мөнгө нь зээл бус байгууллагаас олгосон цалин” гэж маргасан байна.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй, түүнчлэн, нэхэмжлэгч Б.С-аас хариуцагч Б.О-т мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийжээ.

          Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэж, 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

          Магадлалыг эс зөвшөөрч хяналтын шүүхэд гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн  гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                              

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.

         Нэхэмжлэгч Б.С- хариуцагч Б.О-ээс зээлийг буцаан төлөхийг шаардсан ба зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний талууд үүргээ биелүүлэхийг хэн алинаас харилцан шаардах эрхтэй.

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

            Нэхэмжлэгч Б.С- нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд зохигчийн хооронд мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлэгдэж, зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй байна.

         Хариуцагч Б.О-ийн дансанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 2.800.000 төгрөг орсон боловч зөвхөн мөнгө шилжүүлсэн үйл баримт зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсныг нотлохгүй юм. Түүнчлэн, хариуцагчийн татгалзлын үндэслэл нь   нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох боломжгүй.

          Давж заалдах шатны шүүх зохигчийн нотлох үүргийн хуваарилалтын талаар буруу дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1693 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн  гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3т заасныг баримтлан хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ