Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 506

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 411 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Эд холбогдох эрүүгийн 1711015270351 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Д.Э, 1956 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон ... тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 29 дүгээр байр, ...тоотод түр оршин суух хаягтай,

Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 3, 82 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 2, 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 526 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 29 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 сар хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /РД:.../,

Яллагдагч Д.Э нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар хуурамч баримт бичиг ашиглаж,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А.Д 11 сая төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Л.А 15 сая төгрөгийг,

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Б.О 10 сая төгрөгийг буюу нийт 36 сая төгрөгийг бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Э нь энэ хэрэгт буюу эрүүгийн 1711015270351 дугаартай хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тус шүүхэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан тоотоор дээрх цагдаагийн хэлтэст Б овгийн Д.Эд холбогдуулан нэр бүхий 6 иргэний гомдол бүртгэгдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь тогтоогдож байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нар нь холбогдсон хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй гэх тул тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн яллах дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Д.Э нь урьд нийт 4 удаа ял шийтгүүлж байсан гэх боловч дээрх ялуудыг хэрхэн эдэлсэн болон суллагдсан баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Үүнээс гадна яллах дүгнэлтэд яллагдагчийг яллаж байгаа гэмт хэрэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоогүй. Эдгээр нь хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ.

Иймд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр эрүүгийн 1711015270351 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж  шийдвэрлэжээ.

Прокурор Б.Уранчимэг бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 411 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулна.”, 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байхад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай албан бичгийг үндэслэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэргийг 128, 130-132, 133, 134 дүгээр талд Д.Эгийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, мөн хавтаст хэргийн 125 дугаар талд Цагдаагийн байгууллагаас урьд ял шийтгэгдэж байсан талаархи лавлагааг тус тус хэрэгт хавсаргасан болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан журмын

дагуу тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтанд тусгахаар заасан зүйлийг дурдаж яллах дүгнэлтийг бичиж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Иймд шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 411 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж Д.Эд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

1. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 30к4/1832 албан тоотоор Д.Эд холбогдуулан нэр бүхий 6 иргэний гомдол бүртгэгдэж хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээсэн болох нь тогтоогдож байгаа тул дээрх хэргүүдийг анхаарч яллагдагч Д.Эгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд энэ хэрэгт нь шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргүүдтэй нэгтгэн шалгаж нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

2.Яллагдагч Д.Э нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй гэх боловч 2008 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамрагдсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хавсаргах нь зүйтэй байна.

3.Мөн прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Д.Эд холбогдох хэргийн талаар тодорхой тусгаагүй, залилах гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нь тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг бүрэн хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 411 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

О.ЧУЛУУНЦЭЦЭГ