Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 118/2022/0023/З |
Дугаар | 221/МА2023/0059 |
Огноо | 2023-01-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0059
Г.Дгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд Х.Р, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Гуравдагч этгээд Х.Р
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 118/2022/0023/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Дгаас ЗАЗДд холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ... Х.Р миний бие анхан шатны шүүхийг ямар ч кадастрын зураггүй газрын гэрчилгээг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосонд маш их гомдолтой байна. Г.Д ахын аав Гаанжуур ахын өмч хувьчлалаар авсан том үхрийн хашаа байсан газар нь манай одоо байгаа өвөлжөөний газар биш доод өтөг буюу манай өвөлжөөнөөс доош амар даваа 500 метр гаран зайтай газарт байсан ба тэр том үхрийн хашааг Г.Д ах 1999-2000 онд дүү нартаа зарсан юм уу, өгсөн юм уу гэдгийг мэдэхгүй ч дүү нар нь нураагаад юу ч үлдээлгүй аваад ачаад явсан.
Гэтэл Г.Д Улаанбаатар хотод 22 жил амьдарч байгаад гэнэт 2020 онд Их-Уул суманд манай өвөлжөөнд зун нь ирээд зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй баахан 4 метрийн урттай нойтон шургааг мод /шинээр модны эрхийн бичиг авч, ойгоос мод огтлон хийж/ ачиж ирээд 2020 онд манай өвөлжөөтэй тулгаж шинээр хашаа барьсныг манай хүүхдүүд эсэргүүцэж сумын цагдааг хүртэл дуудсан байдаг.
3.2. Шүүхийн үзлэгт авагдсан Г.Дгийн хөрөнгө гэх 2 хашаа нь хоёулаа 2020,2021 онд шинээр баригдсан хашаанууд ба эхнийх нь манайхтай тулгаж барьсан шинэ хашаа нь 2020 онд баригдсан ба 2021 онд авчирсан модныхоо үлдэгдлээр манайхаас арай доод талд мөн шинээр хашаа барьсан. Энэ хашаанууд бүгд шинэ модоор барьсан хашаанууд юм. Өөрөөр хэлбэл өмч хувьчлалаар авсан гээд байгаа 2 хашаа нь хоёулаа шинэ 2020-2021 онд шинэ модоор баригдсан хашаанууд юм. Г.Д ах би өмч хувьчлалаар авсан өвөлжөөний газар гээд байгаа ямарч үндэслэлгүй юм. Тухайн үед зөвхөн тухайн газрын дээр байрлах эд хөрөнгийг хувьчилж байсан болохоос газрыг хувьчлаагүй. Шинэ хашаа нь нойтон модны гоожин хүний нэр дээр авч хашаа барьсан. Уг гоожингоо Байгаль орчны байцаагч Оюунтөгсийн гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.
3.3. Үүнээс хойш надтай өвөлжөөний өтөг булаацалдаж эхэлсэн Г.Д өвөлжөөг хувьчлалаар авсан гэдгийг би мэдэхгүй тэр бичиг баримтыг гаргуулмаар байна. Бид хоёр 1997 оны газар эзэмших гэрчилгээтэй, мөн газар ашиглах гэрчилгээтэй миний бие нь Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд эх хувиараа байгаа.
3.4. ... ЗАИУЗДар М.Гансүх гэдэг хүн ажиллаж байсан ба уг гэрчилгээг гаргуулахдаа багийн иргэдийн нийтийн хурлаар оруулалгүй, багийн иргэдийн саналаар, санал хураалт явуулалгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад, мөн миний бие Сумын Засаг даргад тухайн өвөлжөөний гэрчилгээг шинэчилж өгөх талаар хандсан боловч захирамж гаргаж өгөөгүй атлаа тухайн газарт 2 жил өвөлжсөн, сүүлийн 22 жил амьдраагүй хүнд багийн иргэдийн нийтийн хурлаар оруулалгүй хууль зөрчиж захирамж гаргасан байсан.
3.5. Сумын Засаг даргын захирамж нь өвөлжөөний доорх газар эзэмших эрхийн талбайн хэмжээндээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан ... 1 га газрыг өвөлжөөний эрх газрыг эзэмших зориулалтаар ... олгосон байна. Энэ нь өмнө нь өвөлжөөтэй бөгөөд тодорхой хэмжээний буюу 1 га газраас бага хэмжээтэй өвөлжөөний газар эзэмших гэрчилгээтэй хүнд тухайн газар эзэмших эрхийн хэмжээндээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн захирамж байна. Тэрнээс биш анх удаа өвөлжөөний газар эзэмших хүсэлт өгөөд шийдвэрлэсэн захирамж биш байна. Тэгэхээр Г.Д ахын өвөлжөөний доорх газар эзэмших эрхийн талбайн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг хүссэн өргөдөл ирээгүй нь тогтоогдсон.
3.6. Г.Дгийн 1 га газар яг хаанаас хаа хүртэл байгааг тогтоох, цэгүүдийг тодорхойлох ёстой. Тэгэхээр энэ 2 хүний газар давхцсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ газар 8 хүний нэр дээр олгогдсон байдаг. Энэ 8 хүний газар нь хаанаас хаана юм бүү мэд. Газрын кадастр, газрын мэдээллийн санд байхгүй учраас Г.Д дургүйгээ хүрвэл манай өвөлжөөг бүхэлд нь оруулаад энэ миний газар гэж хэлж болно. Улаан энгэрт байгаа айлуудыг хүссэн үедээ байгаа газар чинь миний газар гээд хөөх боломжтой болоод байна. Улаан энгэрийн хаана ч буусан айлыг наад газар чинь манай газар гээд хөөх боломжтой шийдвэр гаргасан. Г.Дгийн газар нь хаана байгааг тогтоолгох хүсэлт өгсөн боловч тэр чинь Тосонцэнгэлийн шүүхээр нэгэнт тогтоогдсон гэж ямар ч утгагүй дүгнэлт хийсэн.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2022/0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай гүйцэтгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв..
2. Нэхэмжлэгч Г.Дгаас “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Их-Уул сумын Үржил багийн Хуягтын амны “Улаан энгэрийн” өвөлжөөнд манай өвөө Раднаа 1877 оноос эхлээд, аав Г нь ... 1998 он хүртэл өвөлжсөн ...1990 оны үед их, бага хувьчлалаар өвөлжөөг газрын хамт эзэмшиж эхэлсэн. ЗАИУЗДын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар 000095601 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 40 жилийн хугацаагаар эзэмших болсон ... Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжаар Их-Уул сумын Засаг даргын ... А/96 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон. Уг захирамжийг надад танилцуулаагүй ... Улмаар 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаартай захирамж гаргаж Их-уул сумын Засаг даргын ... А/96 дугаартай захирамжийн эрх зүйн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн сэргээсэн мөртлөө 2 дахь заалтаараа иргэн Г.Дгийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-Уул сумын Засаг даргад үүрэг болгосон нь утга найруулгын алдаатай, ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул ... дээрх захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү ...” гэж тайлбарлажээ.
2.1. Хавтаст хэрэгт авагдсан ЗАИУЗДын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамж, Г.Дгийн Завхан аймгийн Их-Уул сумын Үржил баг, Хуягтын амны “Улаан энгэрийн өвөлжөө” хаягт байрлах 10000 м.кв /га/, Газар эзэмших эрхийн 000095601 дугаар гэрчилгээнээс үзвэл хамтран эзэмшигчээр Дгийн Ч, Дгийн Ч, С С, С Э, С Л, Э Х, С Б, С О нар бичигдсэнээс үзвэл эдгээр иргэд уг газрыг хамтран эзэмшигч болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх эдгээр иргэд нэхэмжлэгчтэй адил байр сууртай эсэх, нэхэмжлэлийг дэмжиж байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгч нь эдгээр иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулалгүйгээр тэдний хамтран эзэмшиж буй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэртэй холбогдох маргааныг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.
2.2. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Г.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд уг хэргийн гуравдагч этгээд Х.Рд холбогдуулж “бусдын хууль бус эзэмшлээс Улаан энгэрийн өвөлжөөний газрыг чөлөөлүүлэх, цаашид өвөлжихгүй байхыг даалгах” нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Их-Уул сумын Үржил багийн нутаг “Улаан энгэр” өвөлжөөг Х.Ргийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг Х.Рд даалгасан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ... Их-Уул сумын Засаг даргын 2020 оны й дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
2.3. Өөрөөр хэлбэл, уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тус иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаатай давхацсан хугацаа болох 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Завхан аймгийн Засаг даргын нэхэмжлэгч Дд газар эзэмших олгосон 2020 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийн хүрээнд явагдсан буюу өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй эсэх, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, мөн уг маргааны үйл баримтын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх хүрээнд явагдахаар байхад анхан шатны шүүх дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэсэн үндэслэлээр “Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай тус тус нийцээгүй байна.
2.4. Шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын “... өвөлжөөг өмч хувьчлалаар авсан эсэх нь тогтоогдоогүй ... Г.Дгийн 1 га газар яг хаанаас хаа хүртэл байгааг тогтоогоогүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй ...газрын кадастр, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад гэрчилгээг олгосон ...багийн нийтийн хурлаар оруулалгүй хууль зөрчиж захирамж гаргасан“ гэж маргасан үндэслэлтэй холбогдуулан шүүх хэрэгт хамааралтай ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй нь, мөн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
2.5. Ийнхүү дээр дурдсан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ