Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 902

 

Б.Ашигжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00329 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ашигжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нарт холбогдох

 

30 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Н.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ашигжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат,

Хариуцагч Н.Мөнхбат,

Хариуцагч Н.Мөнхбатын өмгөөлөгч Б.Баттөр,

Хариуцагч Ч.Пүрэвзана,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ашигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Л.Болормаатай зээлийн гэрээ байгуулж 30 200 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авахаар тохиролцон гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар хүлээж авсан. Дээрх мөнгийг хүлээж авсан тэр өдрөө Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нартай аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ч.Пүрэвзана өөрийн өмчлөлийн Кадиллак маркийн машинаа барьцаанд тавихаар тохирч, мөн өдрөө уг машины эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Машины өмчлөх эрхийг шилжүүлж, бүртгэлийн газарт бүртгүүлсэний дагуу миний данснаас 130 000 000 төгрөгийг Н.Мөнхбатын дансанд шилжүүлсэн. Зээлийг эгүүлэн өгөх хугацаа буюу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр миний бие үүрэг гүйцэтгэгч нараас зээлээ төлөхийг шаардахад зээлээ төлөх боломжгүй болсон, барьцаанд тавьсан машинаа зарж байж зээлээ төлье гэсэн саналыг тавьсан. Ингээд машины техникийн гэрчилгээнд бичигдсэн өмчлөх эрхийг Ч.Пүрэвзана өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авсан. Зээлдэгч Ч.Пүрэвзана, Н.Мөнхбат нар нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, зээл, зээлийн хүүг өнөөг хүртэл төлөхгүй намайг хохироож байна. Хэрэв энэ хоёр хариуцагч анх тохирсоноороо зээлээ угацаандаа төлчихсөн бол би шүүхийн шийдвэрээр Болормаад хүү, алданги төлж хохирохгүй байсан.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу 30 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүү буюу нэг сарын 1 800 000 төгрөгөөр тооцож, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй 25 400 000 төгрөгийн үнийн дүнд тохирсон хүү нэхэмжилж байна. Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нар нь зээл төлөх хүсэл зоригоо илэрхийлж, 30 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, Л.Болормаатай байгуулсан зээлиин гэрээний дагуу 6 хувийн хүүг нэмж төлнө гэдгээ зөвшөөрч авсан. Н.Мөнхбатад миний дансаар мөнгө шилжсэн талаар банкны баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу 25 200 000 төгрөгийг хариуцагч Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нараас нэхэмжилж байна.

Хариуцагч нар нь 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надаас зээлж авсан үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.Мөнхбат нь 25 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд харин 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаар шүүгчийн захирамжаар Н.Мөнхбатын Ч.Пүрэвзанад холбогдуулан гаргасан 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ч.Пүрэвзана нь 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч баталсан байх тул үндсэн зээлийн үлдэгдэл зөрүү 5 000 000 төгрөгийг Н.Мөнхбатаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Мөнхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 онд Ч.Пүрэвзана мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлэх хүн байна уу гэж надад хандсан. Тухайн үед би хувиараа мөнгө зээлдэг Л.Болормаа гэдэг хүний танил Б.Ашигжаргалаар дамжуулан Ч.Пүрэвзаныг Л.Болормаатай холбож өгсөн. Гэтэл Л.Болормаа нь танихгүй хүнд мөнгө зээлдүүлэхгүй гээд зээлийн гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Ашигжаргалтай байгуулсан. Ингээд энэ өдөр Л.Болормаа Б.Ашигжаргалд 30 000 000 төгрөг зээлдүүлж гэрээ байгуулан мөнгийг Б.Ашигжаргал руу шилжүүлсэн. Ч.Пүрэвзана миний Хадгаламж банкны дансаар дамжуулан мөнгийг авъя гэхэд нь би зөвшөөрч зээл олгосны шимтгэл суутгасан гээд тухайн үед Б.Ашигжаргалаас миний дансанд 29 850 000 төгрөг шилжүүлсэн байсныг би авч бүгдийг нь Ч.Пүрэвзанад өгсөн. Ч.Пүрэвзана зээлийн барьцаанд өөрийн кадиллак машинаа тавьсан гэж байсан. Мөнгийг би аваагүй тул Ч.Пүрэвзана зээлээ эгүүлэн төлөөд Л.Болормаа, Б.Ашигжаргал нартай учраа олсон байх гэж бодож явтал 2014 оны зун Л.Болормаа нь Б.Ашигжаргал бид хоёрыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаар шийдвэрээр Б.Ашигжаргал бид хоёроос 50 400 000 төгрөг гаргуулан Л.Болормаад олгох шийдвэр гаргасан. Ингээд бид Ч.Пүрэвзаны өмнөөс Л.Болормаад шүүхийн шийдвэрээр мөнгө төлөх болсон тул Ч.Пүрэвзанаас 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргахад Ч.Пүрэвзана нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлөөр баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй ч “Л.Болормаад 26 795 000 төгрөг төлж барагдуулсан. Миний бие Б.Ашигжаргалаас 30 000 000 төгрөг шилжүүлж авсан гэхдээ энэ мөнгийг өөртөө ашиглаагүй, бүгдийг Ч.Пүрэвзанад шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлээд байгаа боловч Б.Ашигжаргал, Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзвэл Н.Мөнхбат үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Н.Мөнхбат 26 795 000 төгрөгийг төлөөд үүргээ хангалттай гүйцэтгэсэн, мөн Н.Мөнхбатад Ч.Пүрэвзана 30 000 000 төгрөг төлөхөөр эвлэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Пүрэвзана шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 онд мөнгө хэрэг болоод өөрийн танил Н.Мөнхбатад хандахад Л.Болормаа гэдэг хүнээс 29 850 000 төгрөг зээлж өгсөн. Гэхдээ энэ мөнгийг Л.Болормаагаас аваагүй Б.Ашигжаргалаас авсан. Л.Болормаа Б.Ашигжаргалд мөнгө шилжүүлсэн, Б.Ашигжаргалаас Н.Мөнхбатын данс руу мөнгө шилжсэн, Н.Мөнхбат над руу шилжүүлсэн. Би мөнгийг хүлээж авсан, гэхдээ би Н.Мөнхбаттай 30 000 000 төгрөг төлөх гэрээ байгуулаад, би Н.Мөнхбатаас мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрч бид эвлэрч, энэ асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Энэ асуудлаас болж Б.Ашигжаргал хохирч байгаа нь үнэн. Гэхдээ Б.Ашигжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн үүрэг, эрх зүйн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1. 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тангууд овог Нямын Мөнхбатаас 29 844 850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Готов овогт Батсүхийн Ашигжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 355 150 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ч.Пүрэвзанад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 308 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 000 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Н.Мөнхбатаас тэмдэгтийн хураамж 307 174 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.Ашигжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00329 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, Н.Мөнхбат хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс Б.Ашигжаргалд учирсан хохирлыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар төлж барагдуулах ёстой гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа бодит байдал дээр үүсээгүй. Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарын хэн хэнд нь энэ гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй Н.Мөнхбатын хувьд өөрийн танил Ч.Пүрэвзаныг Б.Ашигжаргалаар дамжуулан Л.Болормаатай холбож өгсөн байдаг. Ч.Пүрэвзанын гуйлтын дагуу 29 850 000 төгрөгийг өөрийн дансаар авч өгсөн нь танилдаа тусалсан ердийн нэг сайн санааны үйлдэл байснаас зээлийн гэрээний тал болж оролцох ямар нэг хүсэл зориг байгаагүй.

Нөгөө талаас Б.Ашигжаргалд бусдад зээлүүлэх мөнгө байгаагүй, мөнгө зээлүүлдэг Л.Болормаа гэх хүнтэй Ч.Пүрэвзаныг зуучлан холбож өгсөн байдаг. Б.Ашигжаргалын шүүхэд гаргасан “... Л.Болормаа миний дансруу шилжүүлсэн мөнгийг намайг аваагүй гэдгийг мэдэж байсан ... тухайн үедээ Н.Мөнхбатад тус болж байна гээд явж байсан” гэсэн тайлбараас үзэхэд Б.Ашигжаргал нь Н.Мөнхбаттай зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, Н.Мөнхбат Ч.Пүрэвзанад тусалсан шиг зүгээр л тус болох үүднээс мөнгийг Н.Мөнхбатын дансруу шилжүүлсэн болох нь харагддаг.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Л.Болормаагаас гарсан мөнгө нэг төгрөг ч дутагдалгүй тэр даруйдаа Ч.Пүрэвзанад шилжсэн байдаг. Ч.Пүрэвзана ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Ашигжаргал Л.Болормаад 25 200 000 төгрөг төлж барагдуулахаар болсон гэх боловч энэ хэмжээний мөнгийг Л.Болормаад төлөөд барагдуулчихсан гэх баримт байхгүй /шүүхийн шийдвэр гарсан боловч төлбөрийг төлөөгүй/ буюу өөрөөр хэлбэл Б.Ашигжаргалд бодит хохирол учраагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Н.Мөнхбат хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 25 200 000 төгрөг төлөхөөр болсныг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох нь зүйтэй...” гэж дурьдсан нь ойлгомжгүй. Н.Мөнхбат 26 795 000 төгрөгийг Л.Болормаад төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасан нь гуравдагч этгээдэд төлсөн төлбөртэй огт хамааралгүй юм.

Хүчин төгөлдөр болсон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1062 дугаартай магадлалаар Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн Л.Болормаад 50 400 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр шийдвэрлэсний дагуу Н.Мөнхбат өөрт ногдох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нар нь Л.Болормаагийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч юм бол хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд маргаж буй асуудлын талаар зээлийн гэрээний харилцаа үүсэх боломжгүй, төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө адил хэмжээгээр хариуцна гэсэн үг. Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хамтран хүлээсэн үүргийг ганцаар гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч бусад үүрэг гүйцэтгэгчдээс үүргийн гүйцэтгэлийг ногдох хэсгээр шаардах эрх үүсдэг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь Б.Ашигжаргалаас Н.Мөнхбатад холбогдуулж гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй” гэсэн алдаатай дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Б.Ашигжаргал Н.Мөнхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хуулийн зохицуулалтыг анхаарч хэрэглээгүй. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар Б.Ашигжаргал 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Л.Болормаатай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж мөн өдрөө Н.Мөнхбатад шилжүүлж өгсөн, зээлийг буцаан төлөх хугацаа буюу 2012 оны 11 дүгээр сарын 14-нд үүрэг гүйцэтгэгч нараас зээлээ төлөхийг шаардсан гэдэг. Өөрөөр хэлбэл, 2012 оны 11 дүгээр сарын 14-нд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлээд 2015 оны 11 дүгээр сарын 14-нд дууссан бөгөөд Н.Мөнхбатын хувьд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал үүсээгүй.

Н.Мөнхбат Л.Болормаагаас Ч.Пүрэвзанад очсон 29 850 000 төгрөгнөөс нэг төгрөг ч аваагүй, бусдад тус хүргэснийхээ төлөө аргагүй байдалд орж Л.Болормаад 26 795 000 төгрөг төлж барагдуулчихаад байхад анхан шатны шүүх Н.Мөнхбатаас дахин 29 844 850 төгрөг гаргуулж Б.Ашигжаргалд олгуулахаар шийдсэн нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд үнэн зөв, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, материаллаг хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой зөв хэрэглээгүй, хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагч Н.Мөнхбатад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, талуудын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв, тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Хариуцагч Н.Мөнхбатаас зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, Ч.Пүрэвзанаас 25 200 000 төгрөг, нийт 30 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Ашигжаргал гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Иргэн Л.Болормаа, нэхэмжлэгч Б.Ашигжаргал нарын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, Л.Болормаа нь нэхэмжлэгчид 30 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг зээлийн гэрээний үүрэгт 57 150 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Л.Болормаа нь Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарт холбогдуулан гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1062 дугаар магадлалаар Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нараас 50 400 000 төгрөг гаргуулан Л.Болормаад олгохоор шийдвэрлэжээ.

/хэргийн 8-13 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байх ба талуудын тайлбараар Л.Болормаа 30 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу Б.Ашигжаргалд шилжүүлсэн, Б.Ашигжаргал 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.Мөнхбатад 29 844 850 төгрөг шилжүүлж, Н.Мөнхбат нь уг мөнгийг Ч.Пүрэвзанад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 6, 57 дугаар тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаар Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нараас хамтад нь 50 400 000 төгрөг гаргуулж Л.Болормаад олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Учир нь Л.Болормаагаас нэхэмжлэгч Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нарт өгсөн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Пүрэвзана авч ашигласан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Л.Болормаад зээлийн гэрээний төлбөрт 50 400 000 төгрөгийг олгохоор дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мөнхбат нь 25 200 000 төгрөгийг төлсөн гэх тайлбар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, бэлэн мөнгөний орлогын баримт, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.  

 

Гэтэл анхан шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нарын хоорондын харилцааг зөв тодорхойлж, энэ талаарх хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэлгүй, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцагч 2 этгээдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нар нь түүний өмнөөс 50 400 000 төгрөгийг Л.Болормаад төлөхөөр хамтран хариуцагч болжээ. Иймд Л.Болормаагаас авсан 30 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хувьд нэхэмжлэгч Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нар нь Л.Болормаагийн өмнө Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч болсноос гадна, мөнгийг ашигласан Ч.Пүрэвзанаас буцаан шаардах шаардлагын хувьд мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзнэ.

 

Хариуцагч Н.Мөнхбат нь нэхэмжлэгч Б.Ашигжаргалын Л.Болормаагаас зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 30 000 000 төгрөгийг Ч.Пүрэвзанаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаар захирамжаар Ч.Пүрэвзана нь 30 000 000 төгрөгийг Н.Мөнхбатад төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 36 дугаар тал/

 

Эдгээр байдлаас хариуцагч Н.Мөнхбат нь Ч.Пүрэвзанаас Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу хариуцагч Ч.Пүрэвзаны 30 000 000 төгрөгийг Н.Мөнхбатад төлөхийг хүлээн зөвшөөрснийг шүүх баталж шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ашигжаргал хариуцагч Н.Мөнхбат нар нь хариуцагч Ч.Пүрэвзанаас 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, түүнтэй холбоотой үүссэн үүргийг шаардах эрхийн талаар тухайлан тохиролцоогүй учраас тэнцүү эрхтэй байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэг, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор учирсан хохирол буюу Л.Болормаад зээл, хүү, алдангид нийт 50 400 000 төгрөгийг хариуцагч Н.Мөнхбаттай хамтран төлөх үүрэг үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б.Ашигжаргалын хувьд хариуцагч Ч.Пүрэвзанаас 25 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ч.Пүрэвзана нь нэхэмжлэгч Б.Амаржаргал, хариуцагч Н.Мөнхбат нараас буцаан төлөх нөхцөлтэйгээр 30 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч уг мөнгийг шаардсан хугацаанд буцаан төлөөгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн мөнгө буцааж төлөх үүрэг Ч.Пүрэвзанад үүссэн гэж үзнэ. Талуудын хооронд гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги зэргийг шаардах эрхгүй. Харин Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээл төлөх хугацааг тухайлан заагаагүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш 1 сарын дотор буцаан төлөх үүргээ биелүүлэх ёстой.

 

Гэтэл хариуцагч Ч.Пүрэвзана нь нэхэмжлэгчийн шаардсан хугацаанаас хойш 1 сарын дотор зээлийг буцаан төлөх хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь бусад этгээд /Л.Болормаа/-ийн өмнө хүү, алданги төлөх үр дагавар үүссэн байна. Иймд хариуцагч Ч.Пүрэвзанын хувьд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хохирлыг хариуцах үүрэг үүснэ. Иймд нэхэмжлэгч Б.Амаржаргал нь мөн хуулийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээс гадна 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас хохирол шаардах эрхтэй.

 

Тодруулбал, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаар шийдвэрээр 50 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нар нь Л.Болормаад төлөхөөр хамтран хариуцуулснаас хариуцагч Н.Мөнхбат нь 25 200 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлж, улмаар хариуцагч Ч.Пүрэвзанаас 30 000 000 төгрөгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу авахаар болсон үйл баримтуудын талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч Н.Мөнхбат нь Л.Болормаад төлсөн 25 200 000 төгрөгөөс илүү гарсан хэсэг болох 4 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ашигжаргалд төлөх үүрэгтэй юм.

/хэргийн 39-42 дугаар тал/

 

Харин Н.Мөнхбатаас 200 000 төгрөгийг шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч Б.Ашигжаргал нотлоогүй тул анхан шатны шүүх хангаагүй нь зөв болно.

 

Нэхэмжлэгч Б.Ашигжаргал нь Л.Болормаад зээлийн төлбөрийг төлөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, уг мөнгийг түүнд төлсөн эсэх нь хариуцагч Ч.Пүрэвзанаас зээл, хугацаа хэтрүүлсний хохиролд 25 200 000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Н.Мөнхбатаас Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт зааснаар өөрт ногдохоос илүү нэхэмжилж авсан 4 800 000 төгрөгийг шаардан авахад саад болохгүй юм.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тангууд овогт Нямын Мөнхбатаас 4 800 000 төгрөг, хариуцагч Боржигон овогт Чагдарын Пүрэвзанаас 25 400 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Готов овогт Батсүхийн Ашигжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын “хариуцагч Н.Мөнхбатаас тэмдэгтийн хураамж 307 174 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.Ашигжаргалд олгосугай.” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Н.Мөнхбатаас 91 750 төгрөг хариуцагч Ч.Пүрэвзанаас 284 950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Ашигжаргалд олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлд ээж, хариуцагч Н.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                                                         ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                       

                                                                                                            С.ЭНХТӨР