| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0490/Э |
| Дугаар | 547 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 547
2020.05.11 2021/ШЦТ/547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Батаа,
улсын яллагч М.Отгонжаргал,
хохирогч Б.Ангирмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00346 0384 дугаартай хэргийг 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1996 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 17-199 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил, 6 срын хугацаагаар хорих ял шийтгэл эдэлж байсан
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7-37а тоотод кузов засварын газраас ирсэн Б.Ангирмаагын Самсунг нөт-8 /Samsung Note-8/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Б.Ангирмаагын эзэмшилд байсан Хаан банкны картыг ашиглан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Хос цайз төвийн 1 дүгээр давхарт байрлах АТМ-ээс 4,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Болсон хэргийн талаар мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Ангирмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Бд цаг тухай бүрд нь хийсэн ажлынхаа хөлсийг өгдөг байсан. Бын дэлгүүрт тавьсан өр нь 200.000 гаруй мянган төгрөг болсон. Өөрөө очих газаргүй болохоор манай гаражд хонодог байсан. Би өрөвдөөд хүйтэн байхад гаражд хонож байхаар манайд ороод унтаж бай гэж хэлсэн. Миний эд зүйлийг хулгайлахад нь би итгээгүй. Янзлагдаагүй машины маш олон хүний урьдчилгаа мөнгийг хулгайлсан байсан. Энэ мөнгө нь миний мөнгө биш. Одоо энэ мөнгө өгсөн хүмүүс нь надаас мөнгөө нэхээд хэл ам хийгээд явж байгаа. Би мөнгийг нь барагдуулж чадаагүй явж байна. Бын ар гэрээс ах болон аав нь хохирол төлбөрийг барагдуулах талаар надад хэлсэн боловч надад ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. Надад нийт 3.690.000 төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. Энэ мөнгөө авмаар байна“ гэв.
Хохирогч Б.Ангирмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой бид нар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7-37А тоот кузов засварт үүрийн 05 цаг хүртэл Баярмаа, Б бид 3 ажилласан. Тэгээд өглөө 5 цагаас тараад гэр рүүгээ ороод унтсан. Тэгээд өглөө 10 цаг 30 минутанд сэрээд гар утсаа авах гэсэн чинь гар утас байгаагүй, тэгээд залгасан чинь холбогдох боломжгүй, дараагаар нь халаасаа харсан чинь миний Хаан банкны карт байхгүй байсан. Уул нь Б нь өглөө эрт босч машин зүлгэх ёстой байсан юм. Тэгээд *******ыг гражид байгаа эсэхийг тодруулахад нөгөө ******* байхгүй байсан. ******* нь манай кузов засварын газарт ажиллаад нэг сар гаран болж байна. (картын нууц кодыг *******) мэдэх байх, дэлгүүр болон шатахуун түгээх газраас шатахуун авч байхдаа миний нууц кодыг сонсч байсан байх....Баянхошууны эцсийн буудал дээр архи авах гээд зогсч байхад нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр олж авсан...биед байсан бэлэн 310.000 төгрөгийг хүлээн авсан...картан дотор байсан 4.000.000 төгрөг нь миний ажиллуулдаг кузов засварт машинаа засуулахаар өгсөн хүмүүсийн мөнгө болон ажилчдад олгох гэж байсан цалин зэрэг байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ангирмаагийн картнаас мөнгө авсан нь үнэн, гэхдээ өөрийн хөлсөө авч байна гэж бодсон...би өөрийгөө хулгай хийж байна гэж бодоогүй, би Ангирмаад өөрийн хийсэн ажлын хөлсийн үлдэгдэл мөнгөө картнаас нь авч байгаа талаар хэлээгүй, Ангирмаатай ярилцаагүй...Ангирмаагийн картанд их хэмжээний мөнгө байсан учир авчихсан юм...Ангирмаагийн картнаас их хэмжээний мөнгө, өөрт нь мэдэгдэлгүй авснаа хүлээн зөвшөөрч байн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78/,
гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 6/, Ш.Баттулгын Хаан банкин дахь 5429350237 дугаартай дансны хуулга /хх-ийн 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-25/ урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-38/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7-37а тоотод кузов засварын газраас ирсэн Б.Ангирмаагын Самсунг нөт-8 /Samsung Note-8/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Б.Ангирмаагын эзэмшилд байсан Хаан банкны картыг ашиглан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Доржийн гудамж, Хос цайз төвийн 1 дүгээр давхарт байрлах АТМ-ээс 4,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь
Хохирогч Б.Ангирмаагийн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой бид нар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7-37А тоот кузов засварт үүрийн 05 цаг хүртэл Баярмаа, Б бид 3 ажилласан. Тэгээд өглөө 5 цагаас тараад гэр рүүгээ ороод унтсан. Тэгээд өглөө 10 цаг 30 минутанд сэрээд гар утсаа авах гэсэн чинь гар утас байгаагүй, тэгээд залгасан чинь холбогдох боломжгүй, дараагаар нь халаасаа харсан чинь миний Хаан банкны карт байхгүй байсан. Уул нь Б нь өглөө эрт босч машин зүлгэх ёстой байсан юм. Тэгээд *******ыг гражид байгаа эсэхийг тодруулахад нөгөө ******* байхгүй байсан. ******* нь манай кузов засварын газарт ажиллаад нэг сар гаран болж байна. (картын нууц кодыг *******) мэдэх байх, дэлгүүр болон шатахуун түгээх газраас шатахуун авч байхдаа миний нууц кодыг сонсч байсан байх....Баянхошууны эцсийн буудал дээр архи авах гээд зогсч байхад нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр олж авсан...биед байсан бэлэн 310.000 төгрөгийг хүлээн авсан...картан дотор байсан 4.000.000 төгрөг нь миний ажиллуулдаг кузов засварт машинаа засуулахаар өгсөн хүмүүсийн мөнгө болон ажилчдад олгох гэж байсан цалин зэрэг байгаа...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 4.350.000 төгрөгөөс хохирогч Б.Ангирмаад 3.690.000 төгрөгийг төлж барагдуулаагүй бах тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын урьд цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 3.690.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ангирмаад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР