Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 531

 

2021.05.10                                    2021/ШЦТ/531

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Батаа,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02844 0368 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1987 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 21а тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Хөхий зочид буудалд иргэн Д.Батцэцэгийн эзэмшлийн Самсунг А-6 маркийн гар утас, гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 392.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн” гэв.

Хохирогч Д.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр найз Ганболд над руу залгаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Хөхий зочид буудалд хүрээд ир гэсэн. Ингээд би тус буудалд очиход манай найз Ганболд үл таних эрэгтэй, эмэгтэй хүний хамтаар байж байсан. Ингээд бид нар тус буудалд хоносон. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн үед сэрээд гар утсаа үзтэл миний гар утас болон бусад эд зүйлс алга болсон байсан...Би Самсунг А-6 маркийн гар утас, эмэгтэй хүний гар цүнх бичиг баримтын хамтаар алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17/,

Гэрч Ц.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би *******ын хамт Хан Хөхий зочид буудал руу орж ууж байгаад Ганболдыг дуудсан. Тэгээд Ганболд ирээд байж байгаад Батцэцэг гэх эмэгтэйг дуудсан. Улмаар бид нар архи пиво ууж байгаад унтсан. Тэгсэн өглөө сэрсэн чинь Батцэцэгийн гар утас, гар цүнх Ганболдын гар утас ага болсон байсан. Тэр үед О нь бид гурвыг орхиод алга болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өглөө 05 цагийн үед нөгөө үл таних залуугийн гар утсыг нь орон дээрээс нь нөгөө эмэгтэйн гар утсыг мөн адил орон дээрээс нь тухайн хоёр унтсан хүний орны хөлнөөс цүнхийг нь авч гараад таксинд сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Хөхий зочид буудалд иргэн Д.Батцэцэгийн эзэмшлийн Самсунг А-6 маркийн гар утас, гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 392.020 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Батцэцэгийн: “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр найз Ганболд над руу залгаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Хөхий зочид буудалд хүрээд ир гэсэн. Ингээд би тус буудалд очиход манай найз Ганболд үл таних эрэгтэй, эмэгтэй хүний хамтаар байж байсан. Ингээд бид нар тус буудалд хоносон. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн үед сэрээд гар утсаа үзтэл миний гар утас болон бусад эд зүйлс алга болсон байсан...Би Самсунг А-6 пдас маркийн гар утас, эмэгтэй хүний гар цүнх бичиг баримтын хамтаар алдсан...” гэсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн ба хохирогч Д.Батцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР