Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 530

 

2021.05.10                                    2021/ШЦТ/530

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 04275 0405 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Үндсэн хуулийн цэцэд ахлах референт ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн 102-28 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тэнгэр” караокед иргэн С.Чинтулгатай маргалдан улмаар зүүн чихэн тус газар нь алгадаж биед нь зүүн хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч С.Чинтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 цагийн үед найз Амаржаргал, Ариунболд, Хари нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэр” гэх амралтын газарт очиж Ариунболд найз гэх Пүүжээтэй танилцаад, 2 давхарт байрлах караокед оруулж, 1 литрийн Хеннейси задлаад тавуулаа уусан. Задалсан Каннякаа ууж дуусгалгүй 1 давхарт бууж бүжиглэж байгаад би гадаа тамхи татчихаад орж ирсэн чинь гаднаас орж ирэх үүдэнд Ариунболдын найз Пүүжээ цээжин хэсэг нь хувцсаа тайлчихсан. Ариунболдын хөмсөг нь сэтэрсэн, нүүр нь цус болчихсон баахан хүмүүс орилж чарлаад байж байсан. Тэгсэн нэг үл таних залуу үсчээд хүмүүс дайраад байхаар нь би “чи тайвшир” гэж хэлээд маргаан болж байгаа газраас холдуулсан. Тэгсэн дотор Пүүжээгийн найзууд гэх хүмүүс бас Ариунболдтой маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэр хэдийг салгах гээд нааш цааш болгоод байж байхад тэр “Их тэнгэр”-ийн амралтын газрын эзэн гэх эмэгтэй хүрч ирээд миний зүүн чихний тус газар 1-2 удаа алгадаад, миний цээж хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Яагаад намайг тэгсэн эсэхийг би мэдэхгүй байна. Надад тэр хүн хэлэхдээ “чи манжрахлаа” гэж хэлсэн. Тэр эмэгтэй миний чихэнд цохисноос хойш миний зүүн талын чих юу ч сонсохгүй, ямар нэгэн өвдөлт байхгүй, таг болчихоод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй байна. Би түүний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Тухайн үед манай караоке, лоунжаар үйлчлүүлчихээд тооцоогоо төлөхгүй, менежерийг хэл амаар доромжлоод байхаар нь очиж түүнд тайлбарлах гэхэд намайг бас хэл амаар доромжлоод байхаар нь түүний зүүн хацар руу нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №12179 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1. С.Чинтулгад зүүн хэнгэрэг хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн буюу цохих үед үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тэнгэр” караокед иргэн С.Чинтулгатай маргалдан улмаар зүүн чихэн тус газар нь алгадаж биед нь зүүн хэнгэрэг хальсны урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Чинтулгын: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 цагийн үед ...“Их тэнгэр”-ийн амралтын газрын эзэн гэх эмэгтэй хүрч ирээд миний зүүн чихний тус газар 1-2 удаа алгадаад, миний цээж хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Яагаад намайг тэгсэн эсэхийг би мэдэхгүй байна. Надад тэр хүн хэлэхдээ “чи манжрахлаа” гэж хэлсэн. Тэр эмэгтэй миний чихэнд цохисноос хойш миний зүүн талын чих юу ч сонсохгүй, ямар нэгэн өвдөлт байхгүй, таг болчихоод байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Чинтулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР