| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0521/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2021-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 529
2021.04.30 2021/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00165 0466 дугаартай хэргийг 2021 оны 04 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улс төр дипломат харилцаа мэргэжилтэй, авто маркет MGLO ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан захирал, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 101-09 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Шүүгдэгч Монгол улсын иргэн*******, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архетектур мэргэжилтэй, Энх энэрлийн өргөө ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Академи хотхон 34а байр 1704 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:
Шүүгдэгч******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины замын явган хүний гарцаар гарч байсан иргэн *******тай машины арын гүпер рүү өшиглөсөн гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БАянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины замын явган хүний гарцаар гарч байх явцдаа жолооч*******тай хөл дээгүүр машинаар гарлаа гэх шалтгаанаар автомашины арын гупер хэсэгт өшиглөж, маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гарцаар найзынхаа хамт гарч явахад А урсгал сөрж орж ирээд шүргээд хэл амаар доромжилсоор байгаад дуудаж авч ирж хэрүүл эхлүүлсэн. Би бусад зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Хэл амаар доромжилсон. Би сүртэй юм биш юм чинь шүргээд өнгөрсөн юм чинь гэж бодоод орхиод явсан байхад араас дуудаад чи ямар том юм бэ? би чамайг ална. Чи намайг Баянзүрхэд яаж ч чадахгүй гэж хэлээд дайрсан. Намайг ална гэж дайрахаар нь би өвдгөөрөө тулсан. Өвдгөөрөө тулаад хоёр мөр дээрээс нь барьж авсан. Намайг цохино гэж би төсөөлөөгүй. Намайг цохих үед нь би манараад баруун гараа савсан. Би санаатай цохино гэж бодоогүй. Би харааны чадвараа алдсан учраас гар халтираад цохисон. А намайг том бетон чулуугаар цохих гэж дайрсан. Би өөрийгөө хамгаалах гэж хоёр гарыг нь бариад тэвэрч авсан. Намайг шууд цохиод авна гэж бодоогүй учраас өөрийгөө хамгаалсан. Би хохирол учруулсан гэх эмчилгээний зардал дээр ач холбогдол өгөхгүй байна. Би Солонгос Улсад боловсрол эзэмшсэн учраас нийтийн соёл олон нийтийн дунд биеэ авч явах талаар сурсан учраас эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүсэлтэй. Хүнийг байж боломжгүйгээр гүтгэж болохгүй. Би гарцаар гарах үедээ эсрэг талын урсгалаа харах ёстой учраас хүмүүс дүрмээрээ явдаг байгаасай гэж хүсэж байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл тэр залуу намайг нүүрэн хэсэгт баруун гартаа гар утас барьчихсан байсан бөгөөд га утас барьж байсан гараараа 1-2 удаа цохисон, хариуд нь би 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон цааш нь түлэхэд газраас том чулуу аваад над руу дайраад байхаар нь гарыг дараад 2 гараараа тэвэрсэн. Тэр үед тухайн залуу намайг хөлөөрөө дэгээдээд бид 2 хамт урагш унахад тухайн залуу нэг гараа гаргаж ирээд тохойгоороо миний толгой хэсэгт 2-3 удаа тохойдоход манай найз Батболд араас нь татаж босгоод бид хоёрыг 2 тийш нь салгаад цагдаад дуудлага өгсөн. Миний баруун нүд хавдсан, мөн зүүн гуя хөндүүртэй байсан. Нийт 128.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгснээ хоёулаа ирээд миний чих рүү цохисон, нөгөөх нь цээж рүү өшиглөж нүүр рүү цохисон. Би нэгийг нь дарж аваад унасан. Би нэг залууд нь гар хүрсэн. Миний гарын сарвуу хөхөрсөн, нүд хөхөрсөн, өвдөг хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, яагаад гэвэл тийм их гэмтэл учруулахаар боломж байгаагүй, би тухайн үед А гэх хүний доор орчихсон байсан. А нь том цементний хагархай өргөөд авахаар нь би доогуур нь тэврээд авсан. Тэгээд унаад доор нь орчихсон юм...Тэгтэл хар өнгөтэй Тоёота Приус-30 маркийн автомашин урсгал сөрж ирээд миний зүүн хөлийн гуя хэсэгт хөнгөн шүргээд өнгөрсөн. Тухайн үед ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй хэрнээ дараа нь бага зэргийн хөндүүртэй болсон. Тус машины залуу туслах зам руу эргэж зогсчихоод намайг хэл амаар доромжлоод дуудаад байхаар яваад очиход над руу цохих гэж дайрахаар хөлөөрөө тухайн залуугийн хэвлий цээж хэсэгт тулсан. Тэгтэл тэр залуу намайг нүүрэн хэсэгт баруун гартаа гар утас барьчихсан байсан бөгөөд гар утас барьж байсан гараараа 1-2 цдаа цохисон, хариуд нь би 1 удаа нүүрэн хэсэгт нь цохиод цааш нь түлхэхэд газраас том чулуу аваад над руу дайраад байхаар нь гарыг нь дараад 2 гараараа тэвэрсэн. Тэр үед тухайн залуу намайг хөлөөрөө дэгээдээд бид хоёр хамт арагш унахад тухайн залуу нэг гараа гаргаж ирээд тохойгоороо миний толгой хэсэгт 2-3 удаа тохойдоход манай найз Батболд араас нь татаж босгоод бид хоёрыг 2 тийш нь салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77/,
Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...үл таних 2 залуу машины арын купер руу өшиглөсөн. Тэгээд би бууж ирээд явж байгаа юм яагаад машин цохиж байгаа юм гэхэд чи зам тавьж өгсөнгүй гээд миний өөдөөс хэл амаар доромжилсон. Тэгснээ хоёулаа ирээд нэг нь намайг чих рүү цохисон, нөгөөх нь цээж рүү өшиглөж нүүр рүү цохисон. Би тэгээд нэгийг нь барьж аваад дараад унагасан. Тэгээд нөгөө залуучууд замын цагдаа руу дуудлага өгсөн...Би тухайн залууг машинаараа шүргэж, мөргөөгүй, би өнгөрөөд явахад араас машин руу цохисон. Миний унаж явсан машины хойд куперны сэнж нь тасарч ангайсан байна лээ. Би тэр хоёрын нэг залууд нь гар хүрсэн, гэхдээ гэмтэл учруулахаар цохиогүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 87/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №217 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. *******ын биед баруун хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 2, 3 дугаар хурууны 3 дугаар үе, зүүн гарын 4 дүгээр хурууны 1,2 дугаар үений төвгөрт зулгаралт, баруун өгзөгний гадна хэсэг, түнхний ар хэсэг болон зүүн өвдөгний тойгны гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
7. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №213 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.*******ы биед тархины доргилт, духны зүүн төвгөр, зүүн нүдний гадна доод хэсэг хацарт, хүзүүнд төвөнхийн хэсэг, баруун сарвууны ар 3-5 дугаар хурууны 3 дугаар үе орчим, зүүн гуяны урд дунд дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44, 55/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины замын явган хүний гарцаар гарч байсан иргэн *******тай машины арын гүпер рүү өшиглөсөн гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч *******ын: “...Тэгтэл тэр залуу намайг нүүрэн хэсэгт баруун гартаа гар утас барьчихсан байсан бөгөөд га утас барьж байсан гараараа 1-2 удаа цохисон, хариуд нь би 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон цааш нь түлэхэд газраас том чулуу аваад над руу дайраад байхаар нь гарыг дараад 2 гараараа тэвэрсэн.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БАянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины замын явган хүний гарцаар гарч байх явцдаа жолооч*******тай хөл дээгүүр машинаар гарлаа гэх шалтгаанаар автомашины арын гупер хэсэгт өшиглөж, маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж унагаасан болох нь
Хохирогч*******ы: “...Тэгснээ хоёулаа ирээд миний чих рүү цохисон, нөгөөх нь цээж рүү өшиглөж нүүр рүү цохисон. Би нэгийг нь дарж аваад унасан. Би нэг залууд нь гар хүрсэн. Миний гарын сарвуу хөхөрсөн, нүд хөхөрсөн, өвдөг хөхөрсөн байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч *******ын хохирол төлбөрт 8.000 төгрөг,*******ы хохирол төлбөрт 128.000 төгрөгийг тус тус харилцан бие биедээ төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******,******* нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******,******* нарыг тус бүр 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нар нь 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар *******,******* нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР