Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1147

 

МАГАДЛАЛ

2017.05.15                                                  Дугаар 1147                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Г.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00524 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Улаанбаатар Эрдэм их сургуульд холбогдох,

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгүүлэх, Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Баянзул,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Улаанбаатар Эрдэм их сургуульд” гадаад хэлний тэнхимд англи хэлний багшаар ажиллаж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар тушаалаар үндэслэлгүй халагдсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18~ны өдрийн 8985 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ажилгүй, цалин хөлсөөр хохирч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж шүүхэд хандаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар Эрдэм их сургуулийн 20 дугаартай тушаалыг биелүүлэхийг хариуцагчид даалгах, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар тус тус нэмэгдуүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл Г.Даваасүрэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8985 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар түүнийг ажилд эргүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5 472 722 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Иймд манай сургуулийн зүгээс шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж, 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 20 дугаар ректорын тушаалаар Г.Даваасүрэнг англи хэлний багшийн үүрэгт ажилд эргүүлэн томилж, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин болох 5 472 722 төгрөгийг түүнд бүрэн олгосон болно. Гэтэл манай сургуулийн зүгээс шүүхийн шийдвэрээр тогтоосон бүхий л цалин хөлсийг Г.Даваасүрэнд бүрэн барагдуулсан, ажилд авсан тушаал гарснаас хойш ердөө ирж ажиллаагүй, шалтгаангүй ажлаа таслан, ажилдаа ирэлгүйгээр хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ажлаасаа гарсан тул цаашид мөнгө төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Даваасүрэн 2016 оны 5 дугаар сарын 17, 18, 19, 20, 23, 31-ний өдрүүдэд ажилдаа ирж бүртгүүлсэн, түүнийг мөн ажлын байраар хангаж ажилласан. Эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилтийг 2015 оныг дуустал хийсэн тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Даваасүрэнд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөн, энэ тухай бичилт хийж, Улаанбаатар эрдэм их сургуулийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай тушаалыг биелүүлэхийг хариуцагч Улаанбаатар эрдэм их сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 40,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож. нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар эрдэм их сургуулиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь ямар нэг шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан нь түүнийг уг ажилд ажиллах ямарч сонирхолгүй байсан тул өөрийн санаачилгаар ажлын байраа орхисон гэж бид үзэж байна.

Уг нэмэгдүүлсэн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын   13-ны өдрийн 182/ШШ2017/00524 дугаар шийдвэрийн "...Г.Даваасүрэнд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөх, энэ тухай бичилт хийж, Улаанбаатар Эрдэм их сургуулийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай тушаалыг биелүүлэхийг хариуцагч “Улаанбаатар Эрдэм их сургуульд даалгаж" шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь хариуцагч Улаанбаатар Эрдэм их сургуульд холбогдуулан шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгүүлэх, Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын        24-ний өдрийн 20 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх...” гэж үндэслэснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...шүүхийн шийдвэрт заасан мөнгийг бүрэн олгосон, түүнийг ажилд авсан тушаал гарсан боловч тэрээр ажилдаа ирээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8985 дугаар шийдвэрээр Улаанбаатар Эрдэм их сургуулийн гадаад хэлний тэнхимийн багшын ажилд Г.Даваасүрэнг эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 5 290 697 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь шүүхийн 8986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 573 тоот магадлалыг үндэслэн, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 тоот тушаалаар Г.Даваасүрэнг англи хэлний багшийн ажилд томилсон баримт хэрэгт авагдсан боловч энэ тушаал тухайн үед биелэгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажилд авах үүрэг хүлээсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот тушаалаар ажилд авсныг 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан, мэдсэн гэх үйл баримт тогтоогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв байв.

Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилд ирсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийг ажилд аваагүй буруутай, гэвч нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ажил олгогч ажиллах боломжоор хангаагүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв болжээ.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагын хувьд 2015 оны 12 дугаар сарын     18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажил олгогч ажилтаныг ажилд аваагүй буруутай тул энэхүү хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг шүүх хангасан хэсэг нь зөв байв.

Учир нь нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийх үндэслэлгүй. Учир нь ажилтан 2016 оны 5 дугаар сарын  31-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажилтан буруутай тул энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

Хэдийгээр ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй боловч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20 тоот тушаал гаргасан байх ба нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2016/22230 тоот захирамжаар тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8985 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Иймээс шүүхийн шийдвэрийг биелэгдсэн гэж үзэж 2016 оны 03 дугаар сарын       24-ний өдрийн 20 тоот тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00524 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот тушаалыг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай, 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Даваасүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны шимтгэл төлсөн талаар зохих бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар Эрдэм их сургуульд үүрэг болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

               ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ