Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0057

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “ТЗ” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан MV-011893 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан АМГТгазрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1967 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0436/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ТЗ” ХХК-аас АМГТхолбогдуулан“ТЗ” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан MV-011893 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан АМГТгазрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1967 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТЗ” ХХК-аас АМГТгазарт холбогдуулан гаргасан “...”ТЗ” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан MV-011893 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан АМГТгазрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1967 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очироос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ТЗ” ХХК-ийн МV-011893 дугаартай тусгай зөвшөөрлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар Туул голын хамгаалалтын бүсэд орсон үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны улмаас нөхөн олговрыг шаардах эрх компанид үүснэ. “ТЗ” ХХК нь тус эрхийн дагуу нөхөн олговрыг гаргуулан авахаар Засгийн газрын 2010 оны 299 дүгээр “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 4.2-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийн дагуу нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй байна.

3.2. АМГТГ нь тус “нөхөх олговрын хэмжээг тодорхойлж тодорхойлолт” гаргах үүргээс татгалзах эрх тус журмаар АМГТГ-т олгогдоогүй. Харин нөхөн олговор олгох эсэх асуудлыг тус журмын 4.4-д “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг  хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна” гэж заасны дагуу шийдвэрлэх эрхтэй байна. Гэтэл журмаар зөвхөн тооцоолол хийж тодорхойлолт гаргах эрх хэмжээний байгууллага өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлж нөхөн олговор олгохоос татгалзсан шийдвэр гаргасан байна.

3.3. Энэ талаар маргасан үндэслэл шүүхээс тодорхой хууль зүйн үндэслэл бүхий хариулт дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т шүүхээс нэхэмжлэгчийг холбогдох баримтын бүрдлийг хангаагүй гэж буруутгасан байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. Харин хүсэлт гаргагч нь холбогдох баримтыг бүрдлийг хангаагүй бол хариуцагчийн зүгээс Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргах өргөдөл гомдол, түүнийг шийдвэрлэх журмын тухай хуулийн 13.4-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ: /өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно” гэж заасан арга хэмжээ авах эрхтэй. Түүнээс нөхөн төлбөр олгохоос шууд татгалзах эрх хэмжээ хариуцагчид байхгүй.

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс УДШ тогтоолд дурдагдаж буй “улсын байцаагчийн албан шаардлага” буюу Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017.05.17-ны Зөрчил арилгуулах тухай 02-05-201/763 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлээр илт хууль бусад тооцуулах шаардлага гаргаснаар НЗХАШШ-ийн шүүгчийн  2022.05.20-ны “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2022/04374 тоот захирамжаар тус актыг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны акттай холбогдуулан Захиргааны шүүх хянан шийдвэрлэж байхад түүнийг хүчин төгөлдөр эцсийн гэж дүгнэх боломжгүй.

3.5. АМГТГ-ын “ТЗ” ХХК-д нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийн гол үндэслэл нь “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх “ТЗ” ХХК-ийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан шаардлагад тусгагдсан. УДШ-ийн 2020.10.26-ны өдрийн 389 дугаар тогтоолд ч дээрх актаар “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь тодорхойлогдож байна” гэж дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017.05.17-ны “Зөрчил арилгуулах тухай 02-05-201/763 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл хангагдвал хариуцагчийн татгалзал үндэслэл байхгүй болно. Иймээс мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нартай холбогдох хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө АМГТГ-тай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

3.6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор явагддаг ажиллагаа юм. Нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад өөр хэргийг шийдвэрлэж дуусахаас өмнө түүний боломж нээгдэхгүй хэмээн үзэж хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байхад шүүхээс тухайн хэргийг заавал шийдвэрлэх шаардлагатай хэмээн субьектив эрхээс давсан зорилго, шүүх бие даасан сонирхолтой байх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.16-ны өдрийн 128/ШШ2022/0595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.3, 121.34-т зааснаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж ТЗ ХХК-аас ТЗХХК-ийн ашиглах эрхтэй байсан MV-011893 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан АМГТгазрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1967 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд АМГТгазрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр Бридж констракшн ХХК-аас Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Бөхөгийн голын адаг-1 нэртэй 104,45 гектар талбай бүхий MV-011893 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч ТЗ ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна.

3.2. Ийнхүү  нэхэмжлэгчээс дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулах эрхтэй байх үед 2014 онд 01 дүгээр сарын 09-ний өдрийн Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарч хуулийн дагуу хяналт тавих чиг үүрэг нь Нийслэлийн Засаг даргад шилжсэн бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

3.3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар “ТЗ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн ТЗ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоолын 18 ... нэхэмжлэгч ТЗ ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай, нэхэмжлэгч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл тогтоогдсон, иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хуульд нийцсэн, анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.5Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь ... Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон буюу хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхээ цуцлуулсан байдал тогтоогдож байна гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

3.6Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 1.1-д Энэхүү журмын зорилго нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид тусгай зөвшөөрөл гэх)-ийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох харилцааг зохицуулахад оршино гэж тус тус заасан.

3.7.  Дээрх зохицуулалтуудаас үзвэл гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилгах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох харилцааг зохицуулахаар заасан бөгөөд тусгай зөвшөөрлийг ашиглах эрхтэй байх хугацаандаа зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөнөөс шалтгаалан өөрийн тусгай зөвшөөрлийн эрхээ цуцлуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох тухай зохицуулаагүй байх тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг ашиглах эрхтэй байх үедээ зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр эрх нь цуцлагдсан байна.

3.8. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/62 дугаар хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн хариуцагчаас нөхөн олговор олгохтой холбоотой тооцоолол хийж, Монгол Улсын Сангийн яаманд уламжлан хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч байгууллагын татгалзлыг хуульд нийцээгүй гэж буруутгах боломжгүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6-д заасантай нийцсэн байна.

3.9. Мөн түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан 2012 оны 194 дүгээр тогтоол /2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай 96 хувийн давхцалтай болох нь тогтоогдож байгаа, яг энэхүү үндэслэлээр нөхөн олговор авах эрх үүсэж болохоор байгаа мэт боловч нөхөн олговор авалгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй байх хугацаандаа дээр дурдсан зөрчил, хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан энэхүү тохиолдолд хуулийн дагуу нөхөн олговор авах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.10.  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 2.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлангийн жилийн татварын тайлан болон орлого, үр дүнгийн тайлангийн зардал, балансын хөрөнгө хэсэгт тусгагдсан ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой улс, орон нутгийн төсөвт төлсөн дараах зардлыг нөхөн олговор тооцоход ашиглана, 4.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана гээд 4.1.1 - 4.1.8-д заасан баримт бичгийг хавсаргахаар, 4.2-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно гэж тус тус заасан.

3.11. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн хувьд нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолт гаргаж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх хууль зүйн үндэслэл, шаардлагыг хангасан гэж үзэхээргүй болох нь хүсэлтэд хавсаргасан баримт, нөхөн олговор авах ёстой гэж тодорхойлсон Далай ван аудитын гаргасан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... элс хайрганы ордыг эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээг 730,4 сая төгрөг гэж тодорхойлсон Үнэлгээний тайлангаар нөхөн олговорт тооцож болох дүнг дээрх журамд зааснаар баталгаажуулсан хамаарах зардалд оруулах боломжгүй, түүнчлэн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн тухай тодорхойлолт, татварын албаар баталгаажуулсан тайлан зэрэг заавал хавсаргах ёстой баримтуудыг хүсэлтдээ хавсаргаж хүргүүлээгүй байдлаас нотлогдож байгаа ба энэ тохиолдолд хариуцагч байгууллагад ажлын 30 өдөрт багтаан хянаж, нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах хууль зүйн үүрэг үүсэхгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ