Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 56

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, М.Э-ын нэхэмжлэлтэй, “БЗД ГБХЗХХ д-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/.. дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий БЗД ГБХЗХХ, д-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, хариуцагч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие БЗД-ийн ГБХЗХХ-т 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/.. тоот тушаалаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны зохицуулалт, урьдчилсан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба БЗД-ийн ГБХЗХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/.. тоот тушаалаар намайг ажлаас халлаа. Би энэ тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Миний бие  тухайн  нэр  дурдсан  хүмүүстэй  зүй  зохисгүй  харилцсан  зүйл байхгүй Н.З, Б.Ө, Ц.А нарт ёс зүйд нийцэх ажлын шаардлага тавьсан бөгөөд Г.Г-тэй ямар нэг байдлаар маргах асуудал бол огт болоогүй харин ч эдгээр нэр бүхий хүмүүс нь намайг ажилд орсон цагаас удирдлага хэмээн үзэлгүй маш хүндэтгэлгүй бүдүүлэг харилцаж ажлын зохих шаардлагыг хүлээн авалгүй зохисгүй харилцаж үг хэлээр доромжилж байсан. Гэтэл эдгээр хүмүүстэй зохисгүй харилцсан хэмээн намайг гүтгэсэн байна.

Мөн БЗД-ийн ГБХЗХХ нь ёс зүйн хороог байгуулаагүй байж байгуулсан хэмээн дээрх нэр бүхий цөөн хүмүүстэй ажлын бус цагаар намайг ажлаас халах зорилгоор хуралдсан. Миний ёс зүйн асуудлыг хэлэлцэж байж намайг тус хуралдаа байлцуулаагүй нэг талыг баримтлан ёс бус шийдвэр гаргасан.

2. 2018 оны 05 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд ажил тасалсан гэсэн байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өглөө миний бөөр өвдөж нуруу руу хатгаад зовууртай байсан бөгөөд эмчид үзүүлэх шаардлагатай байсан тул бие өвдсөн ажилдаа очих боломжгүй байгаа талаар Захиргаа, санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн П.Х-д мэдэгдсэн. Харин 2018 оны 05 дугаар сарын 02-ны өглөө төлөвлөгдсөний дагуу НХГБХГ-ын сургалтын танхимд очсон. Гэтэл х д А.М нь “чиний оронд өөр хүн сургалтанд суулгана, удирдлагын шийдвэрийг ирж, гардаж ав, ирсэн чинь дээр” хэмээн дарамталсан. Ингээд намайг сургалтанд суулгаагүй учраас би тухайн өдөр ЗГ-ын ХА ГБХЗХГ-ын түүнийг удирдах албан тушаалтантай уулзаж, А.М-ийн талаар ёс зүйн хороонд гомдол гаргах, мөн дээд шатны байгууллагаас ажилтай холбоотой арга зүйн зөвлөгөө авч тус газар байсан, ажил тасалсан зүйл байхгүй.

3. 120 минут ажлаас хоцорсон гэсэн байна. Миний бие хувийн шалтгааны улмаас /манай нөхөр гадаадад байдаг, гэртээ хөл муутай эмээ, харвасан аав болон охинтойгоо амьдардаг бөгөөд хүүхдээ өөрөө хичээлд нь зөөдөг, хичээл нь 08 цаг 30 минутад эхэлдэг/ ажилдаа 08 цаг 00 минутад очиж амждаггүй бөгөөд хүүхдийн зуны амралт эхлэх хүртэл 08 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд ажлаа хийх бололцоог олгож өгөөч хэмээн Захиргаа, санхүүгийн албанд өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Улмаар эдгээр минут нь миний хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа ирсэн минут бөгөөд би энэхүү өглөөний минутыг орой 17 цаг 30 минут хүртэл ажиллаж ажлын цагийг нөхөж ажилладаг.

4. Хууль зүйн хороог байгуулаагүй гэсэн байна. Миний бие дарга А.М-д Хууль зүйн хороог 05, 06 дугаар сард байгуулахаар албаны 2 дугаар улирлын төлөвлөгөөндөө тусган танилцуулсан байдаг бөгөөд төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хийж байсан.

5. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн арга хэмжээний гарын авлагыг хугацаанд нь хэвлүүлээгүй гэсэн байна. Миний бие өөрөө санаачлан 2 төрлийн гарын авлагыг боловсруулж хэвлүүлэхээр амралтын өдөр ажилласан бөгөөд удирдлагаас гарын авлага хийх хэвлүүлэх талаар ямар нэгэн үүрэг даалгавар аваагүй өөрөө санаачлан хийсэн ажил юм.Би өөрийн санаачилж боловсруулсан энэхүү 2 төрлийн танилцуулгийн эхийг хэвлэлийн газарт бямба гарагт очиж 22 цаг 00 минут хүртэл ажиллаж хэвлэхэд бэлэн болгоод, маргааш хэвлүүлж авахаар тохиролцоод явсан. Гэтэл маргааш нь ням гарагийн үдээш хойш хэвлэлийн газраас утасдаж, даваа гарагийн өглөө 10 цаг 30 минут гэхэд хэвлэж дуусгаад Тэрэлж рүү араас аваачиж өгье гэж хэлсэн. Энэ хэвлэлийн газар нь миний сонгосон газар биш, даргын санал болгосон газар юм. Иймд хугацаандаа хэвлэгдээгүй нь надаас шалтгаалсан зүйл байхгүй.Тус хэлтэс нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шинээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь жигдрээгүй, компьютер тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, хэвийн ажиллах нөхцөл боломж муу байсан. Мөн ямар нэгэн хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хороо гэх зүйлээ байгуулаагүй ажилтнууддаа хуралдуулж танилцуулаагүй байж, байгуулсан мэтээр халсан тушаал гаргах зорилгоор хэт хэвийн үзэл бодол хов живээр асуудалд хандаж, тушаал гаргасан нь хууль журамд нийцэхгүй хууль бус шийдвэр гаргалаа. Миний бие ажилдаа зарчимч, хариуцлагатай, санаачлагатай, шаардлагатай хандаж ажилласны хариуд удирдлага, түүнийг тойрон хүрээлэгч дээрх ажилтнууд нийлж, үгсэн хуйвалдаж, М.Э намайг халах зорилгоор ёс зүйн хороог хууль дүрэм журамд үл нийцэх байдлаар байгуулж, намайг ажлаас халсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөл нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус салбар зөвлөл надад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 66 тоот албан бичгээр хариу өгөхдөө ямар ч тодорхой шийдэл бүхий хариу өгөөгүй болно.” гэв.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  бичгээр гаргасан  тайлбар болон  хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх   хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“1. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хэлтсийн даргын А/02 дугаар тушаалаар ёс зүйн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

М.Э нь удаа дараа ажлын хамт олонтой зүй бус харьцаж ажилтан нарыг мэдлэггүй, чадваргүй, ажлаа хийж чадахгүй бол яваарай гэх мэтээр хэл амаар доромжилж, ахлахын манлайлал, үлгэр дурайлал байхгүй, ажлын зохион байгуулалт муу байна гэдэг гомдлыг хэлтсийн даргад ажилтан нараас удаа дараа гаргаж байсан ба 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албан ажлаа шалтгаангүй тасалсан тул ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцсэн. Хурлын тэмдэглэлийг хавсаргасан байгаа.

2. Нзд-ын2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/3.. дугаар захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Төрийн захиргааны байгууллагын ажлын цагийг өглөө 08 цагаас 17 цаг болгож түр зохицуулалт хийсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.5-т шалтгаангүй 2-оос дээш өдөр ажил тасалсан, тухайн сар ажлаас хоцорсон цаг нийтдээ 2 цаг буюу 120 минут хэтэрсэн байвал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авна гэж заасан. М.Э нь 2018 оны 04 дүгээр сард нийтдээ ажлаас хоцорсон минут нь 120 минут хэтэрсэн ба 2018 оны 05 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд албан ажилдаа ирээгүй. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бөөр өвдөж нуруу руу хатгаад зовууртай байсан бөгөөд эмчид үзүүлэх шаардлагатай байсан гэх тухай өдөр эмчид үзүүлээд ямар нэгэн актыг хэлтсийн удирдлагад авчирч өгөөгүй болно. Нэхэмжлэлийн 3 дугаар хэсэгт ажлаас хоцорсон минутаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хэлтсийн даргаас өргөдөлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад ажлаас хоцорч байсан.

3. БЗД-ийн зд-ын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар тус хэлтсийн бүтэц, орон тоог баталсан. Тухайн бүтэц, орон тоогоор Х э х з х Х а а буюу М.Э хариуцаж ажиллах байсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар яаралтай байгуул учир нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой тул  хэлтсийн  даргаас  яаралтай  байгуулж, холбогдох хүүхдүүдэд зохих үйлчилгээг үзүүлж, холбон зуучлах, эцэг, эхтэй нь хамтран ажиллах үүргийг удаа дараа өгч байсан.

4. Хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар “Хүүхэд хамгаалалд миний оролцоо” сэдэвт чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан тухайн арга хэмжээнд ашиглагдах тараах материалыг бэлэн болгохыг М.Э-д үүрэг болгож өгсөн. Тараах материалд хэлтсээс тодорхой төсөв, мөнгө гаргасан байхад хугацаанд нь хэвлүүлж бэлэн болгоогүйгээс тухайн өдөр ашиглаж чадаагүй болно.

Мөн тухайн “Х т” хэвлэлийн компанийг 3 байгууллагын үнийн саналыг харгалзан үзэж байгаад хамгийн хямд үнийн саналтайг сонгосон.

М.Э нь шалтгаангүй ажил тасалж, ажлаас хоцорч, хамт олонтой удаа дараа зүй бус харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй байх тул ажлаас халсан болно.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч М.Э-ын БЗД-ийн ГБХЗХХд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “БЗД-ийн ГБХЗХХд-ын, үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/.. дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

БЗД-ийн ГБХЗХХд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/.. дугаар тушаалаар М.Э-ыг тус хэлтсийн ажилтан нартай зүй бус харьцсан, 2018 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил тасалсан, мөн оны 04 дүгээр сард нийт 120 минут ажлаас хоцорсон, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус хэлтсээс зохион байгуулсан “Хүүхэд хамгаалал бидний оролцоо” чуулганд ашиглах гарын авлагыг хугацаанд нь хэвлүүлээгүй, хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулаагүй зэрэг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн БЗД-ийн ГБХЗХХ-ийн Х э х з х з, у с х а м-ний албан тушаалаас халсан байна. 

Шүүх шийдвэрээ гаргахдаа маргаан бүхий  захиргааны актын  үндэслэл  тус бүрт дараах дүгнэлтийг хийсэн болно. 

Нэг. БЗД-ийн зд-ын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/.. дугаар захирамжаар тус дүүргийн ГБХЗХХ-ийн дүрэм, бүтэц, орон тоог баталсан байна. Захиргаа ёсоор нэхэмжлэгч М.Э-ын эрхэлж байсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны зохицуулалт, урьдчилан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг төрийн жинхэнэ албаны төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаатуулан баталжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “төрийн захиргааны алба”, 6.2-т “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Э-ын эрхэлж байсан албан тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн маргаан тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

Хоёр. “М.Э-ыг хэлтсийн ажилтан нартай зүй бус харьцсан” гэх үндэслэлийн тухайд.

БЗД-ийн ГБХЗХХд- ын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/.. дугаар тушаалаар хэлтсийн Ёс зүйн хороог байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь тогтоол, шийдвэрийн биелэлт, бичиг хэрэг хариуцсан ажилтан Б.Ө, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл, сурталчилгаа хариуцсан ажилтан Ц.А, хуулийн зөвлөх Г.Г нар орсон байна.

Харин 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БЗД-ийн ГБХЗХХ-ийн ажилчид болох Н.З, Ц.А, Б.Ө, Г.Г нар нэхэмжлэгч М.Э-ын зүй бус харилцааны талаар Ёс зүйн хороонд гомдол гаргажээ.  

БЗД-ийн ГБХЗХХ-ийн Ёс зүйн хороо нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдсанаар 01 дүгээр тэмдэглэлийг үйлдэж 05 дугаар сарын 03-ны өдөр 01 дүгээр дүгнэлтийг тус тус  гаргасан байна. Ёс зүйн хороо нь дүгнэлтээрээ М.Э-ыг “албан хаагчидтай зүй бус харьцсан, 2 өдөр ажил тасалсан, 2018 оны 04 дүгээр сард 120 минут ажил тасалсан, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэж үзжээ.

 

Ёс зүйн хороо нь хэлтсийн албан хаагч, ажилтны талаар гаргасан гомдлыг хүлээн авах, хянан шалгах, хэлэлцэх, албан хаагч, ажилтанг уг ажиллагаанд оролцуулах, тайлбар гаргах эрхийг хангах, ямар үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзэх, ямар сахилгын  шийтгэл  ногдуулах  зэрэг  харилцааг  нарийвчлан зохицуулсан дүрмийн хүрээнд үйл  ажиллагаагаа  явуулах  ёстой. Гэтэл БЗД-ийн ГБХЗХХ-ийн Ёс зүйн хороо нь хэлтсийн ёс зүйн дүрэмгүй атлаа М.Э-ын талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүйгээс гадна М.Э-ын зүй бус харилцааны талаар гомдол гаргасан этгээдүүд нь Ёс зүйн хорооны гишүүний хувиар М.Э-д холбогдуулан гаргасан өөрсдийн гомдлыг түүнд мэдэгдэлгүйгээр хянан хэлэлцэж гаргасан дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

 Түүнчлэн, БЗД-ийн  ГБХЗХХ-ийн Ёс зүйн хороо нь Н.З, Ц.А, Б.Ө, Г.Г нарын гомдолд хамаарахгүй асуудлаар буюу нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалт, түүний ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар дүгнэлт гаргасан байна.

Гурав. “2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Хүүхэд хамгаалал бидний оролцоо” чуулганд ашиглах гарын авлагыг хугацаанд нь хэвлүүлээгүй, хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулаагүй” гэх үндэслэлийн тухайд.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны үүргийг орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага буюу  нь БЗД-ийн ГБХЗХХ-ийн , дарга өөрөө хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулах үүрэгтэй байна.Нэхэмжлэгч М.Э-ын эрхэлж байсан албан тушаал болох Гэр бүл, хүүхэд, хамгааллын албаны хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны зохицуулалт, урьдчилан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн 2.1-д “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиглэлээр бодлого, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах”, 2.2-т “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиглэлээр урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах” гэж нэхэмжлэгчийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хийх ажлын чиг үүргийг тодорхойлсон байх тул нэхэмжлэгч М.Э нь ажлын байрны тодорхойлолт болон зохицуулалт бүхий хуулиар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулах эрх мэдэл байхгүй, ийм үүрэг хүлээгээгүй бөгөөд хороо байгуулах үүрэг нь хэлтсийн даргад байх тул ГБХЗХХд-ын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/.. дугаар тушаалын энэхүү үндэслэл нь хууль бус болно.БЗД-ийн ГБХЗХХд-ын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/.. дүгээр тушаалаар “Хүүхэд хамгаалалт миний оролцоо” сэдэвт чуулганыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болж арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, тайлагнаж ажиллахыг Х н, х ш, ү х а м П.Х-д үүрэг болгожээ. Нэхэмжлэгч М.Э-д дээрх тушаалаар ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй, түүнд гарын авлага хэвлүүлэх үүрэг хүлээсэн өөр ямар нэгэн бичгийн нотлох баримтыг шүүхэд хэргийн оролцогч нар гаргаагүй тул хариуцагчийн энэхүү мэтгэлцээнийг шүүх хүлээн авах боломжгүй болно.

Дөрөв. “2018 оны 05 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд ажил тасалсан, мөн оны 04 дүгээр сард нийт 120 минут ажлаас хоцорсон” гэх үндэслэлийн талаар.

 БЗД-ийн ГБХЗХХд-ын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/.. дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд “шалгаангүй 2-с дээш удаа ажил тасалсан, тухайн сар ажлаас хоцорсон цаг нийтдээ 2 цаг буюу 120 минут хэтэрсэн” тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулж болохоор заажээ. 

Маргаан бүхий захиргааны актыг гаргах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь хуулиар хүлээсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд зөрчлийн шинж байдал, нийтийн ашиг сонирхолд учруулсан сөрөг үр дагаврыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулдаг.

Гэтэл хариуцагч нь М.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд ажил тасалсан, мөн оны 04 дүгээр сард нийт 120 минут ажлаас хоцорсон шалтгаан нөхцөл байдлыг тодруулалгүй төрийн албанаас шууд халж байгаа нь үндэслэл бүхий шийдвэр биш болно.

Тав. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасны дагуу захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг үр дагавар бүхий захиргааны акт гаргахын өмнө зайлшгүй сонсох ажиллагаа хийхээр хуульчилсан.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт ёсоор Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдлуудад төрийн жинхэнэ албанаас чөлөөлдөг. Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны актаар М.Э-д сахилгын шийтгэл ногдуулахдаа “чөлөөлсүгэй” гэсэн нь маргаан бүхий захиргааны актыг утга агуулгын алдаатай гэж үзэхээр байна. 

Зургаа. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж  заасны дагуу нэхэмжлэгчийн  2018  оны  05 дугаар  сарын  03-ны  өдрөөс  2019 оны  01  дүгээр   сарын  24-ний   өдөр   хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 570125 төгрөгөөр тооцоолон олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

Нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.6-д “ил тод байх” зарчмыг зөрчиж хуулийн заалтыг буруугаар тайлбарлан маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул М.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.2.1, 27.5, 27.6, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан М.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БЗД-ийн ГБХЗХХд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/3. дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Э-ыг урьд эрхэлж байсан БЗД-ийн ГБХЗХХ- ийн Г б, х, х а х э х з х з, у с х а м-ний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан М.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 570125 /таван зуун далан мянга нэг зуун хорин таван/ төгрөгөөр тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ