Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар  2021/ШЦТ/394

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210800000__ дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ оны __ дугаар сарын __-ны өдөр ___аймгийн ___ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “____” ХХК-ийн ____ ажилтай, ____тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ______ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ овогт _____________ /РД:_______/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.Н- нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ _____ нутаг дэвсгэрт байрлах “____” цайны газрын орчимд _____ улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Б-ийг “чи намайг найз нөхөдтэй минь уулгасангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зүүн хацар, шанаа тус газарт нь гараараа 5-6 удаа, дагз, зүүн мөр, зүүн хавирган тус газарт нь 2 удаа тус тус цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүү, дээд доод уруул, дээд уруулын дотор салст, 2 мөр, зүүн даланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, эрүү, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 210800000__ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Б-ийн: “Би Г.Н-тэй 1994 онд анх танилцаж гэр бүл болсон. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Н- бид хоёр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй 20 цагийн үед найз Ц-ны гэрээс гараад Улаанбаатар хот руу явж байтал Н- намайг “чи миний найз нөхөдтэй намайг уулгасангүй” гэж хэрүүл өдөж, хэл амаар доромжлоод байхаар нь би “чимээгүй бай, ядраад байна, машин жолоодож явна” гээд хоорондоо хэрүүл маргаан үүсгээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ____ дугаар хороо, “___” цайны газрын эсрэг төв зам дагуу явж байтал шууд миний зүүн талын хацар, шанаа орчим гараараа 2 удаа цохихоор нь би Н-н нүүрийг зүүн гараараа тулж байгаад машинаа зогсоох үед зүүн талын хацар, шанаа орчим гараараа 5-6 удаа цохисон. Миний амнаас цус гарахаар нь хаалгаа онгойлгоод зам дээр гоожуулаад тонгойж байтал Н- араас “намайг баашиллаа” гээд үснээс зулгаагаад дагз, зүүн талын мөр, зүүн талын хавирган тус газар 2 удаа цохисон. Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.03.15-ны өдрийн 2102 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Б-ийн биед тархи доргилт, эрүү, дээд доод уруул, дээд уруулын дотор салст, 2 мөр, зүүн даланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, эрүү, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-8-9/,

Шүүгдэгч Г.Н-н яллагдагчаар өгсөн: “...Би хот орох замаараа Борнуур суманд найз Ц-ны гэрт очмоор санагдаад эхнэрт хэлтэл эхнэр намайг “архи уулаа” гэж уурлаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, “___” цайны газрын замын урд талын зам дагуу явж байтал эхнэр намайг болон миний ах дүү нарыг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад баруун гараараа зүүн талын шанаа орчим цохичихсон юм, яг хэдэн удаа цохисноо сайн мэдэхгүй байна. Тэр үед эхнэрийн хамраас цус гарчихсан. Би эхнэр Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Би эмчилгээний зардлыг барагдуулж өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-60-61/,

Иргэн Ц.Б-оос гаргасан гэмт хэргийн талаарх “...Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “____” цайны газрын эсрэг талд ____ улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл дотор нөхөртөө зодуулсан...” гэсэн гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, шүүгдэгч Г.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, үл хөдлөх эд хөрөнгөтэй лавлагаа /хх-28/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-29/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-30/, “____” ХХК-ийн 2021.03.11-ний өдрийн 5 дугаар “Г.Н- нь захирлаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-33, 86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-38-46/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-47-48/, “___” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-87/, шүүгдэгчийн банкны депозит дансны хуулга /хх-88/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Н- согтуурсан үедээ 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “____” цайны газрын орчимд ____ улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Б-ийг “найз нөхөдтэй минь архи уулгасангүй” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн хацар, шанаанд гараараа 5-6 удаа, дагз, зүүн мөр, зүүн хавирган тус газарт 2 удаа тус тус цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Б-ийн “...миний зүүн талын хацар, шанаа орчим гараараа 2 удаа цохихоор нь би Н-н нүүрийг зүүн гараараа тулж байгаад машинаа зогсоох үед зүүн талын хацар, шанаа орчим гараараа 5-6 удаа цохисон. Цусаа гоожуулаад тонгойж байтал Н- араас “намайг баашиллаа” гээд үснээс зулгаагаад дагз, зүүн талын мөр, зүүн талын хавирга тус газар 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүх эмнэлгийн 2102 дугаар “1. Ц.Б-ийн биед тархи доргилт, эрүү, дээд доод уруул, дээд уруулын дотор салст, 2 мөр, зүүн даланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, эрүү, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-8-9/, шүүгдэгч Г.Н-н яллагдагчаар өгсөн “...баруун гараараа зүүн талын шанаа орчим цохичихсон, эхнэрийн хамраас цус гарсан. Би эхнэр Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-60-61/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Н-н хамтран амьдрагч хохирогч Ц.Б-ийг “найз нартай архи уулгасангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн гэх, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Н- нь “____” цайны газрын орчимд ____ улсын дугаартай “Тоёота сай” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Б-ийг “чи намайг найз нөхөдтэй маань уулзуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч Г.Н- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй... гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” -ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Н- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцаа буюу “найз нөхөдтэй минь уулзуулсангүй” гэх шалтгаанаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, үсдэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, эмчилгээний зардлыг төлсөн гэх, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн”/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____ овогт _____н Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР