| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч ___, ____,
шүүгдэгч Ж.У-, өмгөөлөгч Ц.А_нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.У-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200300000___ дүгээр хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны ___ дугаар сарын ___-ний өдөр ____суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт _____ тоотод оршин суух,
урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял,
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ____ овогт ____ /РД:______/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ж.У- нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 50 минутын үед __ нутаг дэвсгэр “Хилчин” хотхоны зүүн замд “Тоёота Приус” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин явган хүний замаар явж байсан явган зорчигч 42 настай Н.А-, 44 настай М.О- нарыг мөргөн, Ж.Б-ын эзэмшлийн _ тоот хашааг мөргөж, Н.А-, М.О- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Авто тээврийн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тойрог дээр эргэж байгаад тоормос гишгэхэд миний машин бөгсөө шидэхээр нь эсрэг тал руу дарахад дугуй хагараад осол гарсан. Тухайн үед зүүн тийш дарахад машин ороод ирэхээр нь баруун гар тийш дараад 2 хүнийг мөргөсөн. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашдаа дахин алдаа гаргахгүй” гэв.
Хохирогч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед явган хүний замаар зам дагаад явж байхад араас машин ирж мөргөөд эрэг рүү унагасан. Ослоос болж баруун талын бөөрөө авахуулсан. Одоо эрүүл саруул болсон. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 1.500.000 төгрөг авсан” гэв.
Хохирогч Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Явган хүний замаар явж байхдаа хар өнгийн машин уруудаж явахыг харсан. Тэр машин шарваж ирээд биднийг мөргөсөн. Тухайн үед авсан гэмтэл одоо эдгэсэн. Шүүгдэгч нь эмчилгээ сайн хийлгэж өгсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хорихгүйгээр шийдэж өгнө үү. Ар гэрийн байдлыг нь харгалзан үзнэ үү” гэв.
Эрүүгийн 200300000___ дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.О-ийн: “...Найз А-ын хамт Хилчний зүүн талын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гараад зорчих хэсгийн баруун талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд явж байхад хойноос урагш явж байсан хар өнгийн Приус автомашин зам дээр шарваад бид хоорондоо энэ машин яаж яваад байнаа гэж бодтол шууд ирээд биднийг мөргөсөн. Нэг мэдэхэд далангийн доор унасан байсан. Баруун бөөр няцарсан тул авхуулсан, маш олон зулгаралт гэмтэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-27-28, 160/,
Хүний биед хийсэн 2020.10.09-ний өдрийн шүүх эмнэлгийн 11368 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.О-ийн биед зүүн бөөр авах мэс заслын дараах байдал, баруун бөөрний задрал, өөхөн эслэг, гялтангийн арын зайн цус хуралдалт, зүүн ташааны зураасан, дух, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-91-93/,
Хохирогч Н.А-ын: “...2020 оны 10 сарын 01-ний өдөр 17 цаг өнгөрөөд найз О-ийн хамт Хилчин хотхоны зүүн талын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гараад зорчих хэсгийн баруун талын явган хүний замаар урдаас хойшоо чиглэлд явж байхад Хилчний замаар хойноос урагш чиглэлд явж байсан автомашин зам дээр гуйваад ...ирээд хашлага даваад бид хоёрыг мөргөсөн. Нэг сэрэхэд далангийн доор газар хэвтэж байсан. Толгойд оёдол тавьсан, 1 талын ар талын 8, урд талын 9 хавирга хугарсан, тархины яс цуурсан, цус хурсан гэсэн. Одоогоор хэвтэрт байна, би маш их гомдолтой байна. толгой маш их өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-52-53, 161/,
Хүний биед хийсэн 2020.10.09-ний өдрийн шүүх эмнэлгийн 11369 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Э.А-ын биед дагзны ясны төвгөрөөс дээш дагз ясыг дайрч лямбда заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын хажуу ховдлын арын эврийн цус хуралт, хүзүүний 6,7, сээрний 1-9-р нугалмын арын сэртэнгийн зөрүүтэй, баруун талын 1,7,11, зүүн талын 5,6,7,8,9,10, 11-р хавирганы зөрүүтэй, ясны фрагмент бүхий нийлмэл, бүсэлхийн L2, L3 нугалмын баруун хажуу сэртэнгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дагзны ясны шугаман хугарал, баруун талын хажуу ховдлын арын эврийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цага хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-97-99/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ын: “Манай хашаа засмал замаас доош байдаг бөгөөд явган хүний зам дээр явж байсан 2 хүнийг мөргөөд доошоо унаад манай хашааг мөргөөд зогсчихсон байсан. Манай хашаанд 20 блок унаж цөмөрч, 1 төмөр шон хугарч, хашаа 1 метр орчим газар цөмөрсөн. Жолооч Ууганбаяр нь шон, блок авчирч цөмөрсөн хэсгийг янзалж өгсөн, үнэлгээ хийлгэх шаардлагагүй, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-22/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийн 37 дэх секундэд дэлгэцийн зүүн дээд булангаас бараан өнгийн автомашин гарч ирээд баруун гар тийш даран шарваж байна, 39 дэх секундэд автомашин хашлага давж явган зорчигчдыг мөргөж, далан руу унаж байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл /хх-20/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020.10.15-ны өдрийн 187 дугаар магадлагаанд: “1. Т.Приус маркийн __ дугаарын автомашиныг жолоодон явсан Ж.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Н.А-, М.О- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-150/,
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14/, дуудлагын лавлагааны хуудас /хх-15/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /хх-82/, шинжээчийн 2020.10.22-ны өдрийн 4139 дугаар дүгнэлт /хх-108-109/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-123/, жолоодох эрхийн лавлагаа /хх-130/, “__” ХХК болон Ж.У- нарын хоорондын зээлийн гэрээ /хх-145/, гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлэг /хх-162/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-127/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.У- нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хилчин” хотхоны зүүн замд “Тоёота Приус” маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч Н.А-, М.О- нарыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ын хашааг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.О-ийн “...хойноос урагш явж байсан хар өнгийн Приус автомашин зам дээр шарваад... шууд ирээд биднийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-27-28, 160/, шүүх эмнэлгийн 11368 дугаар “1. М.О-ийн биед зүүн бөөр авах мэс заслын дараах байдал, баруун бөөрний задрал, өөхөн эслэг, гялтангийн арын зайн цус хуралдалт, зүүн ташааны зураасан, дух, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдоо. 3. гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-91-93/, хохирогч Н.А-ын “...Хилчний замаар хойноос урагш чиглэлд явж байсан автомашин зам дээр гуйваад ...ирээд хашлага даваад бид хоёрыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-52-53/, шүүх эмнэлгийн 11369 дүгээр: “1. Э.А-ын биед дагзны ясны төвгөрөөс дээш дагз ясыг дайрч лямбда заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын хажуу ховдлын арын эврийн цус хуралт, хүзүүний 6,7, сээрний 1-9-р нугалам арын сэртэнгийн зөрүүтэй, баруун талын 1,7,11, зүүн талын 5,6,7,8,9,10,11-р хавирганы зөрүүтэй, ясны фрагмент бүхий нийлмэл, бүсэлхийн L2, L3 нугалмын баруун хажуу сэртэнгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дагзны ясны шугаман хугарал, баруун талын хажуу ховдлын арын эврийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-97-99/, камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн 37 дэх секундэд дэлгэцийн зүүн дээд булангаас бараан өнгийн автомашин гарч ирээд баруун гар тийш даран шарваж байна, 39 дэх секундэд автомашин хашлага давж явган зорчигчдыг мөргөж, далан руу унаж байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл /хх-20/, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ын “...Явган хүний зам дээр явж байсан 2 хүнийг мөргөөд доошоо унаад манай хашааг мөргөөд зогсчихсон байсан. Манай хашаанд 20 блок унаж цөмөрч, 1 төмөр шон хугарч, хашаа 1 метр орчим газар цөмөрсөн...” гэх мэдүүлэг /хх-22/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.У-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин замаас гарч явган зорчигч нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ж.У-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.О-, Н.А- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.У- нь хохирогч М.О-д эмчилгээний төлбөрт 1.714.000 төгрөг, бэлнээр 1.500.000 төгрөг, нийт 3.214.000 төгрөг, хохирогч Н.А-т эмчилгээний төлбөрт 717.840 төгрөг, бэлнээр 1.500.000 төгрөг, нийт 2.217.840 төгрөг тус тус төлсөн. Хохирогч нар “Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.У- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Ж.У- нь бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн. Тээврийн хэрэгслийн дугуй хагарсан нь осол гарах шалтгаан болсон. Шүүгдэгч Ж.У- хохирогч нарыг эмчлүүлэх, хохирол барагдуулах талаар санаачилга гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг харгалзан бага хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /жолооч дугуй хагарч, тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй замаас гарч явган зорчигч нарыг мөргөж, биед нь гэмтэл учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хорихгүйгээр шийдэж өгнө үү” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хамгийн бага хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ” гэж заажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ зорчих эрхийг хязгаарлах ялын аль төрлийг оногдуулах талаар тодорхой дурдаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн ялыг хэрэглэхэд шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байх тул шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэж байна.
Шүүгдэгч Ж.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У-ын жолоочийн В ангиллын ____ дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Ж.У- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч _____ овогт _______ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ж.У-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.У- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.У-ын жолоочийн В ангиллын _____ дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР