| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0125/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч, хохирогч Д.У-, А.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.У-, А.У- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200800000___ дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны __ дугаар сарын ___-ний өдөр ____ суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нэхмэлийн технологич мэргэжилтэй, “____” ХХК-д _____ ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт _______ тоотод оршин суух бүртгэлтэй, ______ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ овогт ________ /РД:_______/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ оны ____ дугаар сарын ____-ний өдөр ____ суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ овогт _____ ____ /РД:______/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Д.У- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ____ тоотод иргэн А.У-г “манай нөхөртэй архидлаа” гэх шалтгаанаар нөхөртэйгөө хардаж маргалдан, улмаар нүүрэн тус газар гараараа алгадах, маажих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “нүүр, цээж, гарын бугалга, өвдөгт олон тооны шалбаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч А.У- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр _____ тоотод Д.У-той “намайг алгадаж зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газар нь маажих, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, хацар, цээж, баруун зовхи, хэвлий, умдаг, уруулд зулгаралт, цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч, хохирогч Д.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би буруугаар ойлгож, хардсаны улмаас л ийм хэрэгт холбогдсон. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч А.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 200800000____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.У-гийн: “...Гаднаас У- орж ирээд намайг “Чи муу янхан нөхөр яагаад архидуулаад байгаа юм бэ?” гээд шууд миний баруун хацар луу нэг удаа хүчтэй алгадаж унагаагаад үсдээд зодсон. “Яаж байгаа юм бэ” гэхэд Б “боль” гэхэд “энэ янханг өмөөрлөө” гээд дахиад үсдээд авсан. ...У- миний нүүр, цээжийг маажсан, зүүн нүд болон толгой руу гараараа цохисон. Миний өвдгийг өшиглөж гэмтээсэн. Намайг нөхөр Б-ай хардаж зодсон. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.04-ний өдрийн 12605 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А.У-гийн биед нүүр цээж, гарын бугалга, өвдөгт олон тооны шалбаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх- 28-29/,
Хохирогч Д.У-гийн: “...У-гийн гэрт ороход нөхөр Б У-гийн хажууд суусан байдалтай байхаар нь нөхөр Б-ыг “Чи ингэж ажил хийдэг юм уу” гээд баруун гараар зүүн хацарт нь нэг алгадах үед хажууд нь сууж байсан У-г хавсраад алгадсан чинь У- шууд босч ирээд “эрийн хойноос гүйдэг арчаагүй хүүхэн бэ” гээд намайг үсдээд орон дээр дараад нүүр болон цээжийг маажсан. Би зөрүүлээд үсдсэн. ..Миний биед нүүр, цээжинд У- хумсаараа маажсан, бэлэг эрхтэн рүү олон удаа өшиглөсөн. Мөн индукцэн плиткаар 1 удаа зүүн хацар луу цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-7/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.04-ний өдрийн 12578 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.У-гийн биед зүүн хөмсөг, хацар, цээж, баруун зовхи, хэвлий, умдаг, уруулд зулгаралт, цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23-24/,
Гэрч Б.Б-ын: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би У-гийн байшинг барьж байсан чинь У- надад “миний төрсөн өдөр 29-ний өдөр болсон, эгч нартайгаа гадуур гарсан” гээд халамцуу ирээд 1 хайрцаг тамхи, 1 шил пиво өгсөн. 19 цагийн үед пивыг нь уусан. У-гийн гэрт ороод “харанхуй болсон, одоо жоохон засал чимэглэлийн ажил хийвэл дууслаа” гээд яриад сууж байсан чинь эхнэр У- орж ирээд шууд У-г алгадаад авсан чинь У- чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэсэн чинь чи манай нөхөртэй явалдаад байгаа биз дээ гээд тэр хоёр гэрээс гарсан. Гадаа орилолдоод дээр доороо орон зодолдоод байсан..." гэх мэдүүлэг /хх-17/,
Шүүгдэгч А.У-гийн яллагдагчаар өгсөн: “Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-98-99/,
Шүүгдэгч Д.У-гийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-106-107/,
Шүүгдэгч Д.У-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-49/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-50/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа /хх-51/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-65-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/,
Шүүгдэгч А.У-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-75/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-76/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-77/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-78/, депозит дансны хуулга /хх-79-90/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-92/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.У-, А.У- нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ___ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож шүүгдэгч А.У- нь Д.У-г маажих, үсдэх, өшиглөх үйлдлээр зодож эрүүл мэндэд “зүүн хөмсөг, хацар, цээж, баруун зовхи, хэвлий, умдаг, уруулд зулгаралт, цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.У- нь А.У-г алгадах, маажих үйлдлээр зодож, эрүүл мэндэд “нүүр, цээж, гарын бугалга, өвдөгт олон тооны шалбаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.У-гийн “...миний баруун хацар луу нэг удаа хүчтэй алгадаж унагаагаад үсдээд зодсон. У- миний нүүр, цээжийг маажсан, зүүн нүд болон толгой руу гараараа цохисон. Миний өвдгийг өшиглөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-11/, шүүх эмнэлгийн 12605 дугаар “...А.У-гийн биед нүүр цээж, гарын бугалга, өвдөгт олон тооны шалбаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-28-29/, яллагдагч А.У-гийн “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-98-99/, хохирогч Д.У-гийн “...У-г хавсраад алгадсан чинь шууд босож ирээд намайг үсдээд орон дээр дараад нүүр болон цээжийг маажсан. ...Миний биед нүүр, цээжинд маажсан, бэлэг эрхтэн рүү олон удаа өшиглөсөн. Намайг индукцэн плиткаар 1 удаа зүүн хацар луу цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-7/, шүүх эмнэлгийн 12578 дугаар “1. Д.У-гийн биед зүүн хөмсөг, хацар, цээж, баруун зовхи, хэвлий, умдаг, уруулд зулгаралт, цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-23-24/, гэрч Б.Б-ын “...манай эхнэр У- орж ирээд шууд У-г алгадаад авсан чинь У- чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэсэн чинь чи манай нөхөртэй явалдаад байгаа биз дээ гээд тэр хоёр гэрээс нь гарсан. Ингээд гадаа орилолдоод дээр доороо орсон зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-17/, яллагдагч Д.У-гийн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-106-107/ зэрэг баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.У-, Д.У- нарын харилцан зодолдож, бие биенийхээ буюу шүүгдэгч Д.У-гийн хохирогч А.У-г нөхөртэйгөө хардаж алгадах, маажих үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч А.У-гийн хохирогч Д.У-г “намайг зодлоо” гэх шалтгаанаар маажих, үсдэх, өшиглөх үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч тус бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.У-, А.У- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарын “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7, 11/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.У- хохирогч А.У-г зодож, шүүгдэгч А.У- хохирогч Д.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан тус бүр 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч А.У- “Торгох ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгч Д.У- “Одоо ажилдаа орохоор болсон тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нарын хоорондох хувийн таарамжгүй харилцаа /хардалт/-ны улмаас харилцан зууралдах, үсдэх, алгадах, өшиглөх үйлдлээр хүч хэрэглэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан тус тус гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан, хохирлын баримт хэн аль нь гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал/-г тус тус харгалзан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-, А.У- тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч Д.У- “Сор Кашемир” ХХК-д хялгас ялгах цехийн мастер ажилтай, орлого олж байгаа гэх, шүүгдэгч А.У- эрхэлсэн тодорхой ажилгүй ч орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч Д.У-, А.У- тус бүрийг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У-, А.У- нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ___ овогт ____ У-, ____ овогт ____ У- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-, А.У- нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-, А.У- нарыг 500.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-, А.У- нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У-, А.У- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-, А.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР