| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч ___,
шүүгдэгч С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200300510__ дугаар хэргийг 2021 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ оны ___дугаар сарын __ны өдөр ___ төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, ____ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ овогт ______ /РД:_____/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч С.М- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд ___ хотхоны урд талын замд “Тоёота Приус” маркийн ____ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, эсрэг урсгал руу орсны улмаас явган зорчигч 70 настай С.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “40-50 км/ц хурдтай явж байхад хохирогч ***** урдуур гарч ирэхээр нь зогсох байх гэж бодоод сигнал дараад яваад жолооны хүрдээ зүүн гар тийш дарж хохирогчийг мөргөсөн. Хөл нь их өвдөөд байна гэсэн тул түргэн тусламж дуудаад Гэмтлийн эмнэлэг явсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч талаас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн тул хохирлыг төлж чадаагүй. Би гаргасан үйлдэлдээ, хохирогчийг мөргөсөндөө маш их харамсаж байгаа. Эмчилгээний бодит зардлыг төлөхөө анхнаасаа илэрхийлж байсан” гэв.
Хохирогч С.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би замаар гарахдаа машин явж байхыг харсан боловч амжаад гарчих юм байна гэж бодсон. Би замын цагаан зураасгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. Гэтэл намайг машин ирж мөргөсөн. Жолооч нь бууж ирээд “сигналдаад байхад яагаад чигээрээ ороод ирэв ээ” гэхэд нь “миний хөл хугарсан бололтой, босож чадахгүй байна” гээд жолоочийг түшиж боссон. Гэмтлийн эмнэлэгт очиход хөл хугарсан гэх онош гараад түүнээс хойш 7 хоногийн дараа хагалгаанд орж хөлөө хадуулсан. Одоогоор 2 таягтай явж байгаа. Энэ хүүхэд над руу 3 удаа залгасан. Хамгийн сүүлд залгахдаа та хохирол төлбөр барагдуулсан гэдэг бичиг хийгээд өг гэж залгахад нь чи хохирлоо барагдуулбал гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгье гэж хэлсэн. Хохирлоо төлүүлж авмаар байна” гэв.
Эрүүгийн 200300510____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.Д-гийн: “2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын үед ____ автобусны буудлын дээхэн талаар зам хөндлөн гарсан. Намайг зам руу орох үед нэг хар өнгийн машин нилээн зайтай, шатахуун түгээх станцын харалдаа явж байсан. Би амжаад гарчих юм байна гэж бодоод алхаад замын голын цагаан зураас давах үед намайг хөөж байгаа юм шиг цагаан зураас даваад мөргөсөн. Зүүн шилбэ хугарсан, нуруу баруун талаараа өвдөөд байгаа. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.04-ний өдрийн 12377 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Д-гийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-24-25/,
Гэрч Ж.А-ын: “...Хилчин хотхоны тойрог хавьцаа явган хүний гарцаас 100 орчим метрийн наана нэг эгч зам хөндлөн гарч байсан. ***** ах сигналаа дараад “Хүүе хүүе энэ чинь яаж байна аа” гээд зүүн тийшээ буюу эсрэг урсгал руу нөгөө хүнээ мөргөхгүй гэсэндээ дараад машины хамар хэсэг эсрэг урсгал руу ороод нөгөө хүнийг мөргөсөн. Тэр эгч машины баруун урд талын хэсэгт мөргөгдөн унасан. ***** ах “би зөндөө сигналдсан, таныг зогсчих болов уу гэж бодсон” гэхэд тэр эгч “Би чихэндээ хөвөн хийчихсэн байсан болохоор сонсоогүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Шүүгдэгч С.М-ы яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим өөрийн Toyota Prius-20 маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хилчин хотхоны урд талын замд явж байхад явган зорчигч зорчих хэсгийн хойд талаас буюу миний машины баруун талаас гарч ирсэн. Тэр үед би сигнал өгөөд зогсчих байх гэж бодоод явж байсан явган зорчигч чигээрээ яваад байхаар нь би эсрэг урсгал руу зүүн гар тийш дараад тоормос гишгээд зогсох үед явган зорчигчийг мөргөсөн. Эмчилгээний зардлыг барагдуулна гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-49/,
Компакт дискинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “Тухайн бичлэг нь 25 секундын бичлэг байх ба бичлэгийн зүүн дээд хэсэгт байрлах огнооны 2020.10.21-ний өдрийн 16 цаг 31 минут 39 секундэд хар өнгийн куртик, өмд, түрийтэй гуталтай, улбар шар өнгийн малгайтай явган хүн тухайн замын хойд талын явган хүний зам дээр гарч баруун гар тийш эргэн алхаж байгаад 16 цаг 31 минут 50 секундэд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү орж улмаар 16 цаг 31 минут 52 секундэд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээ рүү орох үед камерын тусгалд зүүн талаас зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр хар өнгийн суудлын автомашин гарч ирж жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дарж эсрэг урсгалд орж 16 цаг 31 минут 54 секундэд явган зорчигчийг мөргөөд зогсож байна...” гэжээ /хх-13/,
Иргэн С.Б_____с цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-3/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-5-10/, гэрч С.Ш-н мэдүүлэг /хх-52/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-58/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-59/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-62/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-31-37/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн лавлагаа /хх-40/, жолоодох эрхийн лавлагаа /хх-77/, хохирлыг баримтууд /хх-65-72/, хохирлын тооцоо /хх-73/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.М- нь явган зорчигчийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан боловч бүрэн бус байдал нь энэ хэрэг гарахад нөлөөлөөгүй. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч С.Д-д хохирол 1.080.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох саналтай...” гэж,
шүүгдэгч “Настай хүнийг мөргөж гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.М- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд ____урд талын замд “Тоёота Приус” маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчин аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, эсрэг урсгал руу орон явган зорчигч 70 настай С.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Д-гийн “...замын голын цагаан зураас давах үед намайг хөөж байгаа юм шиг цагаан зураас даваад мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн 12377 дугаар “1. С.Д-гийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-24-25/, компакт дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, мөрдөгчийн 227 дугаар магадалгаа /хх-40/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.М-ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, улмаар эсрэг урсгал руу орон явган зорчигч С.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.168.705 төгрөгийн хохирлын баримт /хх-65-72/ гаргаж өгснөөс шүүгдэгч хохирлыг шүүх хуралдааны явцад дансаар шилжүүлж нөхөн төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч С.Д- “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэснийг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.М- эрхэлсэн тодорхой ажилгүй хэдий ч хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, эсрэг урсгал руу орж гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөн гэмтэл учруулсан, явган зорчигч гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар тогтоогдсон 1.168.705 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэнэ” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч С.М-ыг 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүний жолоочийн 885397 дугаар үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ____ овогт ______ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч С.М-ы жолоочийн ____ дугаар үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч С.Д- гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР