Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/268

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

иргэдийн төлөөлөгч ___,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э____, Г.Б____,

шүүгдэгч Р.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Р.Д-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210800026___ дүгээр хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны __ дугаар сарын __-ны өдөр ____ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт _____ оршин суух бүртгэлтэй, ах, эгч, эхнэр, хүүхдүүдийн хамт ______ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ овогт _______ /РД:_______/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Р.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим _____ тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн ах Р.Ж-ын толгойн зүүн талын орчим хугархай баганы модыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ахыгаа ийм болгосондоо харамсаж, гутарч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй. Шүүгдэгч 2020 оны 8 дугаар сард манай гэрт ирээд буцаад нутаг яваад, 12 сарын эхээр ирээд хамт амьдарч байсан. Манай нөхрийн бие гайгүй болж байгаа, “Гомдолгүй” гэж хэлээд өгөөрэй гэсэн. Өмнө нь маргаж байсан зүйлгүй. Эмчилгээний зардлыг бүхэлд нь Д- төлсөн. Нийт 3.000.000 гаруй төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Д- нь одоо манай гэрийг авч яваа ганц хүн, эхнэр нь жирэмсэн тул ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 210800026____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-: “2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Ж-, түүний дүү Д-, эхнэр Ө- бид нар байсан. Хадам дүү Д- нь өнгөрсөн 2020 оны 8 дугаар сараас хойш манай гэрт түр хугацаагаар амьдарч байгаа. Тэр өдөр тэр 2 пиво ууя гээд ярилцаж байхад Н- орж ирсэн. Тэгээд Н-, Д- хоёр дэлгүүр рүү яваад 2.5 литрийн савтай том пиво авчраад ууцгаасан. Тэр 3 дахиад пиво аваад ууцгаасан. Ууж байхдаа огт маргалдаж муудалцаагүй. Өмнө нь яртай хэсгээрээ хугараад наачихсан байсан баганыг Д- билүү Н- билүү нэг нь түшсэн чинь хугарчихаар нь би өргөөд хийх гэсэн дийлдэхгүй болохоор зуухны хажууд тавиад орхичихсон. Н- гараад явсан. Тэрнээс хойш тэр 2 пивоо ууж байгаад 23 цагийн орчим санагдаж байна, Д- намайг өмөөрөөд “эхнэр чинь ганцаараа ажил хийж байна, та ажил олж хийгээч” гээд чанга дуугарсан чинь түүний эхнэр Ө-ын бие нь муу болохоор ухаан алдчихсан. Би үнэртэй ус үнэртүүлээд байж байтал нөгөө хугарчихсан байсан баганы хугархай богино модоор “та нарын бах чинь ханаад байна уу” гээд Д-, Ж-ын толгойн зүүн талын орчим 1 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр толгойгоо бариад ёолж байгаад зүгээр болсон. Ж- орондоо хэвтэж байхдаа хөнжлөө толгой дээгүүрээ давуулснаа болиод 1 эргэж хараад хэвтэж байтал Д- түүнд хандаж “агаагаа цохичихлоо, уучлаарай” гээд тэврэлдээд газар сууж байгаад “унтацгаая” гээд хэвттэл манай нөхөр бөөлжихөөр нь цааш харуулаад хэвтүүлтэл шууд хурхираад унтаад өгсөн. Би угаасаа хурхирч унтдаг юм чинь гээд тоохгүй унтаад өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өглөө сэртэл яг хэвтсэн байдлаараа хурхираад байхаар нь “ханиа наашаа бол” гээд таттал нэг л эвгүй бие гулдчаад сонин байсан. Би дэрийг нь өндөрлөөд хартал нүд нь аниатай, зовхийг нээж үзэхэд хараа нь гөлөрсөн янзтай, дуудаад байхад огт сэрэхгүй байхаар нь би 103 дуудсан. Эмч үзчихээд хүнтэй зодолдсон уу? толгойндоо цохиулсан уу гэж асуухаар нь би толгойдоо цохиулсан гэж хэлтэл яаралтай гэмтлийн эмнэлэг авч явах ёстой гээд Д-тэй хамт явсан. Хоорондоо хамгийн эвтэй, бусад эгч нараасаа илүү дотно хүмүүс байгаа юм. Манай нөхрийн бие тэнхрээд дээрдэж байгаа, хамгийн гол нь юм ярьж чадахгүй байгаа. Гэхдээ хүний юу хэлж байгааг ойлгож байгаа, хэзээ ярих нь цаг хугацааны асуудал болоод байна. Эмч “бие нь тэнхрээд ирэхээр ярина” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.01.06-ны өдрийн 441 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Р.Ж-ын биед зүүн зулай, чамархай ясны шугаман хагарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, гавал тархины 2020.12.24-ний өдрийн хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2020.12.23-нд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-39-40/,

Гэрч Н.Ө-ын: “...Манай гэрт хадам ах Ж-, манай нөхөр Д-, хажуу айлын Н- гурав пиво уусан. Н- нэлээн согтоод “гэртээ орж унтлаа” гээд гарсан. Манай нөхөр Д- ах Ж-даа хандаж “та одоо ажил төрөл олж хийгээч, эхнэрээрээ тэжээлгээд гэрт хэвтээд байх юм” гэж хэлсэн. Тэгтэл Ж- “миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ” гэж чанга дуугаар уурласан. Би тэр үед нөхрийнхөө хажууд байсан, би ухаан алдаад уначихсан. Маргааш өглөө нь сэрэхэд Ж- ах хурхираад цаашаа хараад унтаж байсан. Эхнэр нь ямар их унтаж байна яагаад сэрэхгүй байна гээд татаад өргөөд сэгсэрсэн чинь сэрэхгүй байсан. Бид хоёр 2020 оны 8 дугаар сард түр хугацаагаар Ж- ахын гэрт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-24-26/,

Гэрч Г.Н-н: “...Ж-, Д- бид нар пиво уусан. Би тэр хоёрт хандаж “дахиж уухгүй шүү” гээд гэртээ орж амарсан. Өглөө ороход түргэн ирээд Ж-ыг аваад явсан гэж хэлсэн. Гэрт нь ороход багана нь гэрийн зүүн талдаа баганадчихсан байсан. Тэр багана өмнө нь 2020 оны 9 дүгээр сард голоороо хугараад, наагаад тогтоочихсон байсан. Өглөө нь тэдний гэрт ороход буцаад салчихсан шалан дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч Р.М-ын: “...Ж- ах болон дүү Д- нар хоорондоо эвтэй, муудалцаад байдаггүй. Тэр хоёр хоорондоо муудалцаж байсан гэж надад огт сонсогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-29/,

Шүүгдэгч Р.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ах Ж-ын гэрт Н- бид гурав пиво уусан. Дахиад 3 пиво авчирч ууж байсан. Тэрнээс хойш би сайн санахгүй байна. 2020 оны 8 дугаар сард ахын монгол гэрийн багана яртай хэсгээрээ хугарчихсан. Түүнийг цавуугаар наагаад тогтоочихсон байсан. Тухайн үед архи ууснаас болоод юу болсныг санахгүй байна, маргааш өглөө бэр эгч Н- “ахыгаа чи ингэсэн” гэж хэлэхэд би юу болсон талаар мэдсэн. Би архины хор хөнөөлийн талаар өөртөө маш их дүгнэлт хийж хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-62-64/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ЦХШЗ/02 дугаар захирамж /хх-53-54/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-57/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх--69/, 

  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн 2018-2020 оны малын А дансны хуулбар, Ховд аймгийн ****багийн Засаг даргын тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг уншиж,   

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хугархай баганы мод 1 ширхгийг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Р.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ___ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн ах Ж-ын толгойн зүүн хэсэг хугархай баганын модыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Гараараа цохисон бол хүнд хохирол учрах боломжгүй. Цохих үйлдэлд хүч оруулан эд зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэсэн. Шүүгдэгч Р.Д- бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э___“Шүүгдэгч Р.Д- гэм буруу дээрээ маргасан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд тодорхой “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж заасан байдаг. Хэрэв энэ хүндрүүлэх нөхцөлд хамаарагдахгүй гэж үзвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэл эсрэг тэмцэх тухай, гэр бүлийн тухай хуулиудаар тайлбарлаж тодорхойлно. Энэ хоёр хүний хувьд өмнө нь маргаж муудаж байгаагүй, тухайн үед согтуу байсны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсч үйл явдал болсон. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Багана тодорхой хугацааны өмнө хугараад тэрийг цавуугаар наасан байсан. Тэгээд архи ууж байх явцдаа хэн нь мэдэгдэхгүй унагасан байсан баганын хугархайг Д- аваад хүний эрүүл мэндэд санаатай үйлдлийг гаргасан байна. Гэтэл баганыг Д- хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан засаж тохируулсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд явагдана, гэхдээ мөн зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзээд хөнгөрүүлэн зүйлчлэх эрх нь байгаа. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг “Б.Э____өмгөөлөгчтэй санал нэг байна” гэж,

иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна” гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Д- согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим ____ тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн ах Р.Ж-ын толгойн зүүн талын орчим хугархай баганын модыг зэвсгийн чанартай хэрэглэж цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ын “...Тэр гурав пиво уусан. ...хугарсан байсан баганы хугархай модоор “та нарын бах чинь ханаад байна уу” гээд Д- нь Ж-ын толгойн зүүн тал орчим 1 удаа цохисон…’’ гэх мэдүүлэг /хх-17-22/, шүүх эмнэлгийн 441 дүгээр “1. Р.Ж-ын биед зүүн зулай, чамархай ясны шугаман хагарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, гавал тархины 2020-12-24-ний өдрийн хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-62-65/, гэрч Н.Ө-ын “...Ж-, Н-, Д- нар пиво уусан. Д- ахдаа хандаж хэдэн үг хэлээд хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгч Р.Д-ийн яллагдагчаар өгсөн “…Архи ууснаас болоод юу болсныг санахгүй байна, маргааш өглөө бэр эгч НасанЖ- “ахыгаа чи ингэсэн” гэхэд би юу болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-62-65/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Д-ийн согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн ах Р.Ж-ын толгойн зүүн хэсэгт монгол гэрийн баганы хугархай модоор цохиж хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэх, иргэдийн төлөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх гэм буруугийн дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна:, 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заажээ. Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ын “...хадам дүү Д- 2020 оны 8 дугаар сараас хойш манай гэрт түр хугацаагаар амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-20/, түүний шүүх хуралдаанд өгсөн “Д- нь 2020 оны 8 дугаар сард манайд ирээд нутаг буцаад, 2020 оны 12 дугаар сарын эхээр ирээд хэрэг гарах хүртэл манайд хамт амьдарсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Ө-ын “...Д- бид хоёр 2020 оны 8 дугаар сард түр хугацаагаар Ж- ахын гэрт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-24/ зэргээр шүүгдэгч нь 2020 оны 8 дугаар сараас хохирогчийн гэр бүлд ____ тоотод хамт амьдарч байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа шүүгдэгч нь өөрийн төрсөн ах болох хохирогчийн бие махбодод халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл мөн, монгол гэрийн модон баганын хугархай хэсэг нь бүтцийн хувьд амьд биетийг устгах, гэмтээх эд зүйлд хамаарах тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцэж байна, харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын болон иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дээрх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэргийн шинжээс “байнга” гэх шинжээрээ ялгаатай хууль зүйн ойлголт болохыг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж нь дээр дурдсанчлан байнгын шинжийг агуулаагүй, тэр нөхцлийг хангасан байхыг шаардахгүй хуулийн зүйл, заалт, хэсэг юм.         

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Ж-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй хэдий ч “шүүгдэгч эмчилгээний зардлыг бүрэн төлж, эмчилгээ хийлгэж байгаа тул  нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 3 сая гаруй төгрөг авсан” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д-д 5 жил 5 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э “Шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал байна. Р.Д- нь ахынхаа толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү...” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б__“Хуульд заасан бага ялыг оногдуулж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Энэ хүн манай амьдралыг залгуулж байгаа. Тийм учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан төрсөн ахынхаа толгой руу нэг удаа монгол гэрийн модон баганы хугархай хэсгээр цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч тодорхой хэмжээний хохирол төлсөн, хохирогч эрүүл саруул болоогүй, хэвтрийн дэглэмд, бүрэн дүүрэн ярьж чадахгүй байгаа буюу хор уршиг бүрэн арилаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол саналгүй, хөнгөн ял өгнө үү” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, эхнэр нь жирэмсэн/-г тус тус харгалзан шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Д-ийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн монгол гэрийн модон баганы 1 ширхэг хугархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ___ овогт ____ Д-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Р.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Р.Д-ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн монгол гэрийн модон баганын 1 ширхэг хугархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР

 

 

                         ШҮҮГЧИД                                       Т.АЛТАНТУЯА

                                              

   

                                                                                         С.СЭРЖМЯДАГ