Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/535

 

 

 

 

 

 

 

 

 

   2021       05         10                                         2021/ШЦТ/535

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Н.Гэрэлмаа,  

хохирогч Ж.Д., түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

шүүгдэгч Л.М., түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Л. М.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 02524 0175 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Б. овогт Л. М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М. нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн эзэмшлийн “Смайл” нэртэй караокег иргэн Ж.Д.ид “өөрийн караоке, ашиг орлоготой” хэмээн ойлгуулан хуурч, хуурамч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тохижилт түрээсийн гэрээ байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны 461017491 дугаар дансаар 33.500.000 төгрөг, мөн иргэн Ж.Д.ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрийн хооронд банкны карт уншигч машинаас данс руу орсон орлого 685.000 төгрөгийг өгөлгүй залилсан буюу бусдад нийт 34.185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М. мэдүүлэхдээ: “Миний хувьд тухайн үед лаунж, ресторан ажиллуулж, үйлчилгээний бизнес хийдэг байсан. Би 2018 оны 12 дугаар сард Ганбаярын ах Уламбаяр гэх хүнээс Ганбаярын нэр дээр байгаа караокег Ганбаярын өрөнд авахаар болж, хэзээ л бол хэзээ шилжүүлж авахад бэлэн байсан. Тэгээд шилжүүлэхгүй явж байгаад 12 дугаар сард караокег хүлээж аваад, Мөнхгэрэл гэх залууд тухайн караокег хариуцуулсан. Би дотоод заслын засварыг нь өөрөө хийгээд, Мөнхгэрэлд бүх зүйлийг хариуцуулсан. Ж.Д.ийн хохирсон гэх асуудал дээр миний хувьд Ж.Д.ийг хүчээр энэ караокег авч ажиллуул, байнгын ашиг орлоготой ажиллана, чи сайн ажиллуулах юм бол маш их ашиг олно гэх зүйлийг хэлээгүй. Харин би өөрт нь цаг зав гаргаад нэг өдрийн турш ингэж ажиллавал зүгээр гээд бүх зүйлийг хэлж тайлбарлаж өгсөн. Маргааш нь би Мөнхгэрэлийн хажууд караокег хүлээлгэж өгч, авалцахдаа сандал дээр суугаад ингэж ажиллавал зүгээр шүү гэх зөвлөгөөг удаа дараа хэлж өгсөн. Би 400.000, 500.000 төгрөгийн ашиг орлого олдог гэх зүйлийг огт хэлээгүй. Харин ашиг орлоготой ажиллахын тулд яаж ажиллавал зүгээр вэ гэх зүйлийг хэлж өгсөн. Түүний дараа өөрөө ямар ч асуудалгүй ажиллана, миний доор ажиллах хүн байгаа гэж хэлээд ажилласан. Ж.Д. мэдүүлэгтээ хүртэл “3, 4 хоног ажиллуулаад больсон” гэж удаа дараа худал мэдүүлэг өгсөн байсан. 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж байсан. Би Ж.Д.той тохижилт түрээсийн гэрээ байгуулсан. Ж.Д. хэлэлцээр хийж байгаа бол эрсдлээ өөрөө тооцоолох ёстой байсан тул 100 хувь өөрийнх нь буруутай асуудал. Ж.Д. яаж ашигтай ажиллавал зүгээр гэх мэтчилэн бүх эрсдлээ өөрөө тооцож ажиллах ёстой байхад надаар хамаг юмаа бэлдүүлсэн. Би тухайн караокены фейсбүүкийн пэйж хуудсыг нь өгсөн. Сүүлдээ банкнаас өөрөө худалдаж авах ёстой посс машиныг нь хүртэл өөрийнхөө машиныг шилжүүлээд өгье гэж хэлсэн. Поссын машинд 600.000 гаруй төгрөгийг уншуулсан гэх боловч 500.000 гаруй төгрөг уншуулсан гэх баримт нь байгаа. Өөрөө бараа бүтээгдэхүүнээ тоолж аваад зөрүү мөнгөнд тооцохоор тохирсон шиг тодорхой санагдаж байна. Би цагдаад хоёр, гурван удаа хэтэрхий нэг талыг барьсан зүйл яваад байгаа юм биш үү гэж хэлсэн. Би удаа дараа энэ хэрэгт гэрч гэх хүн байгаа, энэ хүмүүсийг яагаад оролцуулахгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Намайг хэдийгээр хүн хохироосон гэж байгаа боловч тухайн объект нь Сергей гэх хүний нэр дээр байдаг бөгөөд караокег өрөндөө авахдаа өмнө нь байсан өр ширийг Сергейн эхнэр Энхтуулд өгч, гэрээ байгуулсан. Тухайн гэрээ, контрактыг нотариатаар баталгаажуулсан. Миний хувьд ийм байр суурьтай байна. Би яагаад мөнгийг нь буцааж өгөхгүй байгаа вэ гэвэл бид хоёрын хооронд маргаан болсон. Хохирогч өөрөө 3,4 хоног ажиллуулсан гэж хэлж байгаа боловч 7 хоногийн дараа над дээр ирээд түлхүүрээ өгсөн. Тэгээд надад ийм, ийм асуудал байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би “хоёулаа 2 өдөр ярилцаж байж гэрээ байгуулсан, хэрэв гэрээ цуцлагдсан тохиолдолд барьцаанд авсан 7.000.000 төгрөгийг суутгаж авна. Энэ мөнгө нь чиний үйл ажиллагаа явуулсан өдөрт буюу караокег ашигласан өдөрт суутгагдана, мөн дотор заслын ажлыг чиний мөнгөөр чамд хийж өгсөн, мөн миний зүгээс чамд шаардагдах бүх зүйлийг би хийж өгсөн” гэж хэлсэн. Ингэж хэлснээр маргаан үүссэн. Яагаад энэ асуудлыг цагдаа, шүүхээр шийдүүлэхээр болсон юм бэ гэвэл энэ асуудлаас хойш 2, 3 хоногийн дараа Шар Мөнхөө гэх хөгшин ах намайг дарамталж эхэлсэн. Тэрээр “чи миний мөнгийг авчихлаа ,нэг нь шоронд, нөгөө нь шороонд орно шүү” гэх утгатай зүйл хэлж дарамталсан. Тэр хүн Ж.Д.ийн ах нь байсан. Би 2, 3 хоног дарамтлуулсны дараа Ж.Д. болон Шар Мөнхөө хоёртой уулзаад “чи хариуцлагатайгаар түрээсийн гэрээ хийж тохирчихоод яагаад намайг зүгээр ажлаа хийж байхад сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа юм бэ” гэх зүйлийг хэлэхэд нөгөө хүн нь намайг “ална, тална” гэж хэлсэн. Ийм зүйл болсон болохоор би 13.500.000 төгрөгийг буцааж өгөхгүй гэх байр суурьтай байна. Би цагдаад шалгагдахдаа шаардлагатай бүх баримтыг гаргаж өгсөн. Бид хоёр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд хэрэв гэрээ цуцлах тохиолдолд 3 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Д. мэдүүлэхдээ: “Би 04 дүгээр сарын 05-ны өдөр Үнэгүй.мн дээрээс зар хараад Л.М.тэй очиж уулзсан. Тэгэхэд Л.М. гэх хүн “би бүх юмыг мэдэж байгаа, ашиг орлого сайн олдог, бүгд шинээрээ байгаа, чамд хийх юм байхгүй” гэж хэлсэн. Би ч хэлсэн зүйлд нь итгэсэн. Надад тусгай зөвшөөрөл гэж улаан өнгийн гэрчилгээ харуулсан. Тиймээс би түүнийг нь тусгай зөвшөөрөл юм байна гэж бодсон. Тэгээд намайг урьдчилгаа мөнгө өг гээд би 1.5000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 08-ны өдөр 32.000.000 төгрөг шилжүүлээд, түлхүүрээ хүлээж авсан. Тус караокег ажиллуулаад 2 хонож байхад цагдаа ирээд тусгай зөвшөөрлийг нь шалгая гэсэн. Би хананд байсан бичиг баримтыг үзүүлэхэд “энэ хуулбар нь байна, эх хувийг нь авчирч өг” гэсэн. Тэгээд цагдаа тусгай зөвшөөрөлгүй бол ажиллаж болохгүй гэсэн тул хаасан. Тиймээс би Л.М. рүү ярьж энэ тухай хэлэхэд маргааш нь авч ирж өгье гэсэн. Тэхдээ маргааш нь дахин ярихад мөн л нөгөө үгээ хэлсэн. Дахин цагдаа орж ирж шалгаад, манайх үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Посс машины тухайд Циркийн зүүн урд байрлах Капитрон банкин дээр бид хоёр хамт очиж посс машиныг над руу шилжүүлсэн. Тэгэхдээ посс машин шилжээгүй байсан. Тиймээс посс машинд уншуулсан мөнгө Л.М.ий данс руу орсон. Гэрээ гэх зүйл ярьж байна. Тухайн гэрээ нь биелэгдэх боломжгүй, холбогдох бичиг баримтууд нь байгаагүй. Би бүх бичиг баримтыг авахыг шаардсан боловч өгөөгүй. Орлогын тухайд өдөрт 150.000-200.000 төгрөгийн орлого ордог байсан. Тэгээд бүх зүйлийг нь хуурамч гэдгийг ойлгоод цагдаад мэдэгдсэн. Энэ хүн мөнгө буцааж өгөх шинжгүй байсан. Энэ хэрэг шалгагдаж эхлээд 3 жил болж байна. Хэргийг маш их удаашруулсан. Л.М. мөрдөн шалгах ажиллагааны явцад дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй бөгөөд эрэн сурвалжлуулж байсан. Би байнгын цагдаа руу ярьж юу болж байгааг асууж байсан. Тухайн мөнгөний заримыг би хүнээс зээлж авсан, мөн манай гэр бүлийн амьжиргааг залгуулдаг мөнгө байсан учир би маш их хөөцөлдсөн. Тиймээс энэ хэргийг маш хурдан шийдэж өгнө үү.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ж.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Үнэгүй.мн зар дээрээс караоке түрээслэх зар хайж байтал Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын ар талд ашиг орлого сайтай караоке түрээслүүлнэ гэсэн зар байсан. Уг зарын дагуу 99077064 гэсэн дугаар луу залгаж холбогдоход өөрийгөө эзэн нь байна, миний мэдлийн караоке байгаа юм гэсэн хүн байсан. Л.М. нь надад “миний караоке байгаа юм, ашиг орлого нь өдөрт багадаа 400.000-500.000 төгрөг ордог, ашиг орлого байнгын жигд орно, бүх зөвшөөрөл нь асуудалгүй, бүх юм нь миний мэдлийнх ба надтай л ярьж болно” гэсэн. Тэгээд 1 сарын 7.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, 4 сарын мөнгө, барьцаа 1 сарын мөнгө, нийлээд 33.500.000 төгрөгийг Л.М.д дансаар нь шилжүүлж өгсөн. Ингээд бид хоёр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тохижилт түрээсийн гэрээ байгуулсан. Надад Л.М. нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гээд өнгөтөөр хуулбарласан зөвшөөрлийг үзүүлсэн ба түүн дээр уг зөвшөөрлийг олгосон өдөр нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэж байсан. Тухайн үед зөвшөөрөл нь асуудалгүй гэж бодоод Л.М.д итгээд түрээслэсэн. Түрээслээд 2 хоносон ба нэг орой цагдаа ирж тусгай зөвшөөрлийг шалгасан. Тэгээд хуулбарласан зөвшөөрөл байна гэж хэлээд нөгөө зөвшөөрлийг аваад явсан ба эх хувийг заавал байршуулах хэрэгтэй гэсэн. Л.М. рүү би залгаад “тусгай зөшөөрлийн эх хувь нь хаана байгаа вэ, цагдаа нар асуугаад байна” гэхэд “тусгай зөвшөөрлийн эх хувийг тавихаар цагдаа нар ямар нэгэн шалтгаан хэлээд хураагаад авчихдаг, маргааш эх хувийг нь аваачиж өгнө” гэсэн. Би караокед ажиллаад олсон орлого нь Л.М.ий данс руу нь ороод байсан. Учир нь карт уншигч буюу пос машиныг над руу шилжүүлнэ гэсэн боловч өөрийн нь данс руу холбогдсон байсан. Л.М.ий данс руу 685.000 төгрөг орсон байгаа. Л.М. нь надад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 21.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн өгсөн байгаа. Үлдэгдэл 13.185.000 төгрөгийг авахаар байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-17/,

- Гэрч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн “Смайл” нэртэй караоке нь миний нэр дээр байдаг ба Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Караокег миний бие 2014 оноос тухайн газарт ажиллуулж байгаад 2018 оны 08 дугаар сараас эхлэн түрээсийн маргаанаас болоод ажиллуулж чадахаа байсан. 2019 оны 01 дүгээр сард, Шинэ жилийн дараа санагдаж байна, үйл ажиллагаа явагдаад эхэллээ гэж би дуулсан. Тухайн караокены тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтууд нь бүгд надад байсан. Би сонсоход Л.М. гэх хүн ажиллуулж байгаа гэж сонссон. Түрээслүүлэгч нь Д.Энхтуул гэх хүн байсан. Тухайн караоке байх объектыг би түрээслэдэг байсан ба бичиг баримтууд нь миний нэр дээр байдаг байсан. Миний ойлголтоор Л.М. нь Д.Энхтуултай ярьж тохироод шууд караокег ажиллуулж байсан юм шиг байна лээ. Тусгай зөвшөөрлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авсан ба 2 жилийн хугацаатай байгаа. Хугацаа дууссанаас хойш сунгалт хийгдээгүй байгаа. Надаас Л.М. нь бичиг баримтуудыг 2019 оны 06 дугаар сард сунгуулна гэж хэлээд аваад явсан. Надаас тусгай зөвшөөрөл, худалдаа үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл, компанийн тамга гээд хавтастай холбогдох баримт бичгүүдийг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

“...Д.Энхтуул гэгчээс түрээслэдэг байсан. Сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэдэг. Өдөр дунджаар 150.000-200.000 төгрөг олдог. Гэхдээ энэ орлого улирлын чанартай өөрчлөгддөг. Уг мөнгөнөөс илүү ч гарах тохиолдол байдаг. Ерөнхийдөө орлого муудаад, би түрээсээ өгч дийлэхээ байгаад түрээсийн төлбөрийг буулгах гээд маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 135/,

- Гэрч Д.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2014 онд Б.Ганбаяр гэх хүний ээж нь надтай уулзаад түрээслэхээр болсон. Тэгээд түрээслэж явсаар 2018 оны 12 дугаар сард Л.М. гэх залуу түрээсийн төлбөрийг төлж түрээслэхээр болсон. 1 жил болсон ба энэ хугацаанд ажилласан, ажиллаагүй байж байгаад одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Тусгай зөвшөөрөл нь дууссан, тэрийгээ сунгуулна энэ тэр гэж явсаар бараг ажиллуулаагүй санагдаж байна. Нэг сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэдэг. Цувуулж өгсөөр бараг түрээсийн төлбөрийг дуустал төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-105/,

- 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 01/1528 дугаартай “ “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн “Смайл” баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2017.02.10-ны өдрийн А/24 тушаалаар 2 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд 2019 онд тусгай зөвшөөрлийг сунгуулаагүй байна” гэх албан бичиг /хх-ийн 43/,

- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2620 тоот дүгнэлт /хх-ийн 87-97/,

- Ж.Д.ийн Хаан банкны 5100243954 дугаартай дансны хуулга /хх-ийн 123-124/,

- 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрийн хоорондох тооцооны хуулга /хх-ийн 125-130/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65/,

- Гэрч М.Өлзийхутагын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л.М.ий хувьд даруу төлөв ааш зантай, оюутан байхаасаа эхлээд хувийн бизнес эрхлэн амьдралаа авч явж байгаа. Энэ амьдралаа өөрийн гараар босгож яваа сайн залуу гэж би дотроо дүгнэж боддог.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Зан харилцааны хувьд их дажгүй, хүнд тусархүү, хэцүү үед хамт байдаг болохоор олон жил найзалж, нөхөрлөж байна даа. Юм болгонд оролцож, хүн болгонд туслах гээд явдаг залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

- Л.М.ий гэрчээр өгсөн: “Би тус аж ахуйн нэгжийг Ганбаяр гэх хүнээс өрөндөө авсан. Гэхдээ аж ахуйн нэгжийг өөрийн нэр дээр албан ёсоор шилжүүлж аваагүй. Би өрөндөө авсан. Би хэн нэгэн хүнээс яг хүлээж аваагүй, үүдний манаачаас түлхүүрийг авсан. Манай үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцдаг менежер Мөнхгэрэл очиж авсан байдаг. Анх дотогш орж эд зүйлүүдийг хариуцаж авсан. Тусгай зөвшөөрлийн хуулбар бол уг караокед текний ард байсан, хугацааг болон илүү дутуу зүйлүүдийг хараагүй. Компанийн нэр таарч байсан. Ганбаяраас тухайн үед тусгай зөвшөөрлийн эх хувийг аваагүй, сүүлд нь буюу 2019 оны 04 дүгээр сард авсан ба сүүлд түрээслэсэн байсан хүнд өгсөн байсан. Тэр хүн сунгалтыг нь хөөцөлдөнө гэж авсан. Би өөрөө тухайн аж ахуйн нэгжийг өөрийн нэр лүү шилжүүлж аваагүй. Тухайн үед ажил ихтэй байсан ба над руу шилжүүлэх хүн буюу Ганбаяр нь танихгүй хүн биш, миний таньдаг хүн байсан болохоор хэзээ ч хамаагүй шилжүүлж авахад бэлэн байсан. Тэртээ тэргүй миний өмч байсан учир би бусдад түрээслэсэн. Энхтуул гэх хүнийг бага сага таньж мэддэг. Тухайн “Смайл” караоке байрлах объект нь Энхтуул гэх хүний нэр дээр байдаг. Дотор нь байрлах караокены хэсгийг Ганбаяр түрээслэдэг байсан би би түүнээс тус караоке, гадна караокены хэсэг, мөн Ганбаярын “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн нэр дээр байдаг. Би “Сан стар Эн Ар Си” ХХ-ийг Ганбаяраас өөр хүн лүү шилжүүлсэн. Миний хувьд энэ асуудлаас болоод алдагдал хүлээж байсан учир зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 74-75/,

- Прокурорын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 76/,

- Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 111-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Л.М. нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн эзэмшлийн “Смайл” нэртэй караокег иргэн Ж.Д.ид “өөрийн караоке, ашиг орлоготой” хэмээн ойлгуулан хуурч, хуурамч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тохижилт түрээсийн гэрээ байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны 461017491 дугаар дансаар 33.500.000 төгрөг, мөн иргэн Ж.Д.ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрийн хооронд банкны карт уншигч машинаас данс руу орсон орлого 685.000 төгрөгийг өгөлгүй залилсан буюу бусдад нийт 34.185.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ж.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Үнэгүй.мн зар дээрээс караоке түрээслэх зар хайж байтал Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын ар талд ашиг орлого сайтай караоке түрээслүүлнэ гэсэн зар байсан. Уг зарын дагуу 99077064 гэсэн дугаар луу залгаж холбогдоход өөрийгөө эзэн нь байна, миний мэдлийн караоке байгаа юм гэсэн хүн байсан. Л.М. нь надад “миний караоке байгаа юм, ашиг орлого нь өдөрт багадаа 400.000-500.000 төгрөг ордог, ашиг орлого байнгын жигд орно, бүх зөвшөөрөл нь асуудалгүй, бүх юм нь миний мэдлийнх ба надтай л ярьж болно” гэсэн. Тэгээд 1 сарын 7.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, 4 сарын мөнгө, барьцаа 1 сарын мөнгө, нийлээд 33.500.000 төгрөгийг Л.М.д дансаар нь шилжүүлж өгсөн. Ингээд бид хоёр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тохижилт түрээсийн гэрээ байгуулсан. Надад Л.М. нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гээд өнгөтөөр хуулбарласан зөвшөөрлийг үзүүлсэн ба түүн дээр уг зөвшөөрлийг олгосон өдөр нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэж байсан. Тухайн үед зөвшөөрөл нь асуудалгүй гэж бодоод Л.М.д итгээд түрээслэсэн. Түрээслээд 2 хоносон ба нэг орой цагдаа ирж тусгай зөвшөөрлийг шалгасан. Тэгээд хуулбарласан зөвшөөрөл байна гэж хэлээд нөгөө зөвшөөрлийг аваад явсан ба эх хувийг заавал байршуулах хэрэгтэй гэсэн. Л.М. рүү би залгаад “тусгай зөшөөрлийн эх хувь нь хаана байгаа вэ, цагдаа нар асуугаад байна” гэхэд “тусгай зөвшөөрлийн эх хувийг тавихаар цагдаа нар ямар нэгэн шалтгаан хэлээд хураагаад авчихдаг, маргааш эх хувийг нь аваачиж өгнө” гэсэн. Би караокед ажиллаад олсон орлого нь Л.М.ий данс руу нь ороод байсан. Учир нь карт уншигч буюу пос машиныг над руу шилжүүлнэ гэсэн боловч өөрийн нь данс руу холбогдсон байсан. Л.М.ий данс руу 685.000 төгрөг орсон байгаа. Л.М. нь надад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 21.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн өгсөн байгаа. Үлдэгдэл 13.185.000 төгрөгийг авахаар байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-17/,

- Гэрч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн “Смайл” нэртэй караоке нь миний нэр дээр байдаг ба Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Караокег миний бие 2014 оноос тухайн газарт ажиллуулж байгаад 2018 оны 08 дугаар сараас эхлэн түрээсийн маргаанаас болоод ажиллуулж чадахаа байсан. 2019 оны 01 дүгээр сард, Шинэ жилийн дараа санагдаж байна, үйл ажиллагаа явагдаад эхэллээ гэж би дуулсан. Тухайн караокены тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтууд нь бүгд надад байсан. Би сонсоход Л.М. гэх хүн ажиллуулж байгаа гэж сонссон. Түрээслүүлэгч нь Д.Энхтуул гэх хүн байсан. Тухайн караоке байх объектыг би түрээслэдэг байсан ба бичиг баримтууд нь миний нэр дээр байдаг байсан. Миний ойлголтоор Л.М. нь Д.Энхтуултай ярьж тохироод шууд караокег ажиллуулж байсан юм шиг байна лээ. Тусгай зөвшөөрлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авсан ба 2 жилийн хугацаатай байгаа. Хугацаа дууссанаас хойш сунгалт хийгдээгүй байгаа. Надаас Л.М. нь бичиг баримтуудыг 2019 оны 06 дугаар сард сунгуулна гэж хэлээд аваад явсан. Надаас тусгай зөвшөөрөл, худалдаа үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл, компанийн тамга гээд хавтастай холбогдох баримт бичгүүдийг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Гэрч Д.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2014 онд Б.Ганбаяр гэх хүний ээж нь надтай уулзаад түрээслэхээр болсон. Тэгээд түрээслэж явсаар 2018 оны 12 дугаар сард Л.М. гэх залуу түрээсийн төлбөрийг төлж түрээслэхээр болсон. 1 жил болсон ба энэ хугацаанд ажилласан, ажиллаагүй байж байгаад одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Тусгай зөвшөөрөл нь дууссан, тэрийгээ сунгуулна энэ тэр гэж явсаар бараг ажиллуулаагүй санагдаж байна. Нэг сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэдэг. Цувуулж өгсөөр бараг түрээсийн төлбөрийг дуустал төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-105/,

- 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 01/1528 дугаартай “ “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн “Смайл” баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2017.02.10-ны өдрийн А/24 тушаалаар 2 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд 2019 онд тусгай зөвшөөрлийг сунгуулаагүй байна” гэх албан бичиг /хх-ийн 43/,

- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2620 тоот дүгнэлт /хх-ийн 87-97/,

- Ж.Д.ийн Хаан банкны 5100243954 дугаартай дансны хуулга /хх-ийн 123-124/,

- 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрийн хоорондох тооцооны хуулга /хх-ийн 125-130/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчээс “...Гэрээг цуцлах тохиолдолд 3 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан ба нэгэнт цуцалсан тул барьцаа 7.000.000 төгрөг, хүлээлгэн өгөх хүртэлх 10 хоногийн түрээс 2.333.000 төгрөг, зарим өрөөний тоног төхөөрөмжийг янзалсны 2.000.000 төгрөг, нийт 11.333.000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлгүй, ...посын машинд 685.000  төгрөг биш 506.500 гаруй төгрөг уншуулсан баримт нь байгаа, ...энэ хэрэгт гэрчээр оролцвол зохих хүмүүс байгаа гэж цагдаад удаа дараа хэлж байсан., ...караокед холбогдох өр ширийг объектын эзэн Сергейн эхнэр Д.Энхтуулд өгч, гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, ...тусгай зөвшөөрлийн хугацааг нь хараагүй, ...караокег хариуцаж байсан залуу тусгай зөвшөөрлийг хуурамчаар хийсэн юм шиг байна гэж цагдаад хэлсэн, ...Ж.Д.оос болж караоке ажиллах боломжгүй болсон тул би цаашид гарах түрээсийн төлбөрийг өөрөө төлсөн.” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэмт хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэнийг тогтоогоогүй, ...Л.М. нь олон бизнестэй тул хяналт тавьж чадаагүй, ...тусгай зөвшөөрөл хуурамч эсэхийг Л.М. мэдэж байсан эсэхийг тогтоогоогүй, ...тусгай зөвшөөрөл хуурамч гэдгийг Мөнхгэрэл мэдэх байх гэдгийг хэлсээр байтал мөрдөгч мэдүүлэгт нь тусгаагүй, ...караокег хэрхэн хүлээлгэж өгснийг тогтоогоогүй, ...караокед орлого бага орж байсан талаар Ж.Д.ийн дүү буюу хамт ажиллаж байсан хүнээс гэрчээр асууж,  хохирлын хэмжээг тогтоох байсан, ...хохирлыг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа төлье гэсэн байрь суурьтай байсан, ...Мөнхгэрэл нь “би КТМС-ийн тэнд байдаг найзаараа огноог нь засуулсан юм” гэж хэлсэн бөгөөд түүнийг гэрчээр асуугаагүй.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Шүүгдэгч Л.М., хохирогч Ж.Д. нар нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тохижилт, түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смайл” нэртэй караокег 1 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцож, Ж.Д. нь 4 сарын хугацааны түрээс болон 1 сарын барьцаа хөрөнгө болгож, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 1.500.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 32.000.000 төгрөгийг тус тус Л.М.ий Худалдаа хөгжлийн банкин дахь 461017491 тоот дансанд шилжүүлж, караокег 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрийн хооронд ажиллуулснаас 11-ний өдрийг хүртэл орлогоос 506.500 төгрөг, 11-12-ны өдрүүдийн орлогоос 356.000 төгрөг Капитрон банкны 27002957 дугаартай пос машинаар Л.М.ий дансанд орж (хохирогчоос үүнээс нийт 685.000 төгрөгийг нэхэмжилсэн), согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл хураагдсаны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, улмаар хохирогч цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Сан стар Эн Ар Си” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй караоке чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулж, тус компанийн “Смайл” нэртэй караокед Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11/7390 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Сан стар Эн Ар Си” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Бямбадоржийн Ганбаяр болох нь (2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш) нотлогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийг төөрөгдүүлэх, эсхүл талуудын хооронд  хийгдсэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгийг бүгдийг, эсхүл заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг үргэлжлүүлэн төөрөгдүүлэх замаар хуурсаар байх хэлбэрээр тус тус илэрдэг. Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад, эсхүл хэрэгжүүлсний эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилах гэмт хэргээс салган авч үздэг.

            Хэргийн үйл баримтаас үзвэл Л.М. нь бусдын барилга, байгууламжид өөрт нь хамааралгүй хуулийн этгээд зохих журмын дагуу үйлдвэр үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, тодорхой хугацаатай тусгай зөвшөөрлийг эзэмшсээр байгааг мэдсээр байж, эсхүл Иргэний хуулийн 323 дугаар зүйлд заасан журмын дагуу дамжуулан түрээслэх эрх зүйн харилцаа хуулиар үүсээгүй байхад, мөн гэрч Б.Ганбаярын “...тухайн үед караокены тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтууд бүгд надад байсан бөгөөд миний нэр дээр байдаг...” гэж мэдүүлсэнчлэн тухайн караокег хөндлөнгөөс бусдад түрээслэснээр үүсч болзошгүй дараа дараагийн үр дагавар, хариуцлагыг ухамсарлах, үүнээс үүдэн холбогдох зөвшөөрлийн хүчинтэй байдлыг нягтлах, мэдэх боломжтой, бичиг баримтын зөрчил гарсан нөхцөлд гэрээний нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй нь илэрхий байхад “...миний хариуцуулсан менежер Мөнхгэрэл тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдүүлснийг би тухайн үед мэдээгүй, тусгай зөвшөөрлийн хугацааг анзаараагүй, олон бизнестэй тул хяналт тавьж чадаагүй, холбогдох баримт бичгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон байсан ч амжаагүй, Ж.Д. нь гэрээнээс татгалзсан тул барьцаа хөрөнгийг суутгана...” гэх шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ. гэж заасанчлан тухайн үйл ажиллагааг хууль ёсоор эрхлэн явуулах эрхтэй “Сан стар Эн Ар Си” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд атлаа тийнхүү эрхтэй мэтээр ойлгуулан, зөвхөн барилга байгууламжийн эрх бүхий этгээдтэй өөрөө түрээсийн гэрээ байгуулсан гэх шалтгаанаар бусадтай тодорхой гэрээ байгуулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, улмаар гэрээгээр бусдын өмнө эрх, үүрэг хүлээж байгаа түрээслэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүйг, хуурамч гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой, тусгай зөвшөөрөлгүйн улмаас үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх бодит нөхцөл үгүйсгэгдсэн байхад “гэрээнээс татгалзсан, гэрээнд зааснаар 3 сарын өмнө мэдэгдэх заалт зөрчигдсөн тул барьцаа мөнгөн хөрөнгө, ажилласан эсэхээс үл хамааран караокег хүлээлгэн өгөх хүртэлх хоногт ногдох түрээсийн хувь хэмжээ, гэрээгээр тохиролцоогүй боловч тоног төхөөрөмж засварласны зардлыг буцаан суутгана, Ж.Д.оос болж үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон тул өөрийн Д.Энхтуултай байгуулсан түрээсийн төлбөрийг өөрийн зардлаар төлсөн” гэх шүүгдэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна. Учир нь нэгэнт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусч, эх хувь нь байгаагүй, цаашлаад байгаа эсэх нь тодорхойгүй, түрээслэгчээс үл хамаарах, түрээслүүлэгчээс хамаарах нөхцөл байдалд гэрээний биелэлт хангагдах боломжгүй болсон тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан нэхэмжилсэн хохирогчийг буруутгах үндэслэлгүй ба гэрээг нэг талаас цуцлах хүсэлтээ гэрээнд заасан хугацааны дагуу гаргаагүй гэх шалтгаанаар 13.685.000 төгрөгийг буцаан төлөхөөс татгалзсан, тодорхой цаг хугацаанд тусгай зөвшөөрлийн хуулбар хувь бодитой, түүний эх хувь байгаа гэж анхнаасаа итгүүлж, улмаар үйл ажиллагааг нь зогсооход хүргэсэн түрээслүүлэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

            Нөгөөтээгүүр, шүүгдэгч нь түрээсийн гэрээг байгуулахын өмнө түүнд караокег өөрийн нэрийн өмнөөс, өөрийн хуулийн этгээдийн өмнөөс өөрөө, эсхүл бусдаар дамжуулан эрхлэн явуулах эрх олгогдоогүйг мэдэж байсан боловч гарах эрсдлийг үл хайхран, хожим өөрийн нэр дээр шилжүүлнэ гэж төсөөлөн бусдыг бодит байдлыг гуйвуулан итгүүлж, иргэний эрх зүйн гэрээ байгуулах замаар хууль бусаар ашиг олох санаа зорилго агуулан, хожим гэрээний нөхцлийг удирдлага болгон барьцаа хөрөнгө, бусад ашиг орлогыг буцаан төлөхөөс татгалзаж байгаа зэрэг нь гэрээнээс үүссэн харилцаа биш бөгөөд гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

            Түүнчлэн, Л.М. нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйгээ танилцаж, үнэн зөвийг баталгаажуулж гарын үсэг зурсан атлаа хожим мөрдөгч хэлсэн, ярьсныг мэдүүлэгт бүрэн гүйцэд тусгаагүй гэж тайлбарласныг, мөн сэжигтэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрчээр мэдүүлэг авахуулахаар хүсэлтээ бичгээр гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй байхад тийнхүү гаргаагүйг, цагдаад удаа дараа хэлж байсан гэж тайлбарлаж байгааг тус тус бодитой, хүндэтгэн үзэх шалтгаан, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд менежерээр ажиллаж байсан гэх Мөнхгэрэлийг зайлшгүй гэрчээр асуух нь Л.М.ий гэм бурууг үгүйсгэх, эсхүл бичиг баримтын хууль ёсны, үнэн зөв, бүрэн бүтэн байдал түүнээс үл шалтгаалсан гэх тайлбарыг нь зөвтгөх үндэслэл болохгүй.

            Залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно. Үүнд холбогдуулан хохирогч Ж.Д. нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 1.500.000 төгрөгийг Л.М.ий дансанд шилжүүлсэн нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхой гэж үзэх үндэслэл болж байна. Мөн уг гэмт хэрэг нь гэрээний эрх зүйн харилцаа биш бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх явцад тогтоогдсон хуурамч тусгай зөвшөөрөл, тухайн объектэд бусдыг хуурч, үйл ажиллагаа эрхлүүлсэн үйл баримт байх тул гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй юм.

            Үүнээс гадна, караокег хэрхэн хүлээлцсэн, эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй, хохирогчид учирсан бодит хохирол (урьдчилгаа, 4 сарын түрээс, барьцаа, пос машины орлого) 34.185.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хохирлын хэмжээ тодорхойгүй, хуулийн байгууллага тодорхойлно гэж маргах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/1528 тоот албан бичигт “...”Сан Стар Эн Ар Си” ХХК-ийн “Смайл” баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг ... 2019 онд сунгаагүй байна.” гэсэн нь хэрэгт авагдсан “2019 оны 02 дугаар сарын 25 өдөр” гэсэн огноотой тусгай зөвшөөрлийн хуулбар хувийн жинхэнэ бишийг нотолж байхаас гадна Мөнхгэрэл гэх этгээд тусгай зөвшөөрлийг бусдаар хуурамчаар үйлдүүлсэн эсэх нь Л.М.ийг хариуцлагаас чөлөөлөх, түүний оролцоог үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

            Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Л.М.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд Л.М.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчид төлвөл зохих хохирол 13.185.000 төгрөгийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, тийнхүү төлсөн нь талуудын тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.М.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Л. М.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.М.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Л.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА