Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************холбогдох эрүүгийн 2138000000129 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гахайн даваа” гэх газраас  2021 оны 01 дүгээр сарын 16-ны үед 6 метр куб хэмжээтэй босоо нойтон модыг хэрэглээний зориулалтаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гахайн даваа” гэх газраас  2021 оны 01 дүгээр сарын 16-ны үед 6 метр куб хэмжээтэй босоо нойтон модыг хэрэглээний зориулалтаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000129  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гахайн даваа гэх газар руу малын хашааны мод хийхээр ганцаараа явсан. Модоо бол хоёр өдөр л огтолж унагаасан юм. Модоо унагаагаад л орхичихсон байсан юм...Энэ жил манай найз нөхөд надад мал өгсөн болохоор хөөрсөндөө баярлаад өөрийн гэсэн хашаатай болж малаа өсгөнө гэж бодоод малын хашаа барихаар мод бэлтгэсэн. Би ганцаараа мал дээр наашаа цаашаа явах боломжгүй байсан учраас гоожин авахаар Төмөрбулаг сум руу явж чадаагүй байсан. Ямар ч байсан модоо бэлтгэсний дараагаар гоожингийн учир нь олдох байлгүй гэж бодоод байж байхад Бүрэнтогтох сумын хэсгийн төлөөлөгч, манай сумын хэсгийн төлөөлөгч, ой ангийн ажилтан Отгонжаргал, сумын байгаль хамгаалагч Хишигээ нар ирж үзлэг шалгалт хийгээд явсан. Тэгээд шалгалтаар миний мод бэлтгэсэн газар нь Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт хамаарч байгаа гэдгийг багажаар шалгахад нь мэдсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-11-р хуудас),

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 7-10-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 17-18-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Төмөрбулаг сумдын хил “Гахайн давааны хяр” гэх газарт босоо нойтон мод унагаасан байна гэх мэдээлэл надад ирсэн тул би холбогдох байгууллагад нь мэдэгдсэн...Бат-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй манай нутгийн хүн биш Төмөрбулаг сумын харьяатай хүн байгаа байх. Иргэн *************ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирж уулзаж байсан удаа байхгүй...Би гомдолтой байна. Миний хариуцсан ажиллаж байгаа газарт зохих зөвшөөрөл авалгүй хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан байгаа тул байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 25-ны орчим байх би Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Гахайн давааны эх” гэх газар малдаа тэжээл өгөхөөр явж байтал гахайн давааны эхэнд модон дотор нэлээн хэдэн мод унагаасан байхыг би анх хараад хүргэн ах Бат-Эрдэнээс энэ модыг хэн унагаасан юм. Та мэдэж байна уу гэхэд би унагаасан юм. Ах нь малын хашаатай болох гээд мод хэрэг болоод унагаасан гэж өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд:

1. Бүрэнтогтох сумын Эрчим 6 дугаар багийн “Гахайн даваа” гэх газарт бэлтгэсэн гэх мод нь Хашаа барих зориулалтаар нойтон шинэс мод бэлтгэсэн 5м урттай 6.0 м3 хэмжээтэй мод болох нь тогтоогдов. *************бэлтгэсэн гэх газар нь GPS ашиглан үзэхэд И-49.41149° Е-100.47403° байршил тогтоогдох бөгөөд уг байршлыг Google ERT программ ашиглаж шалгахад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6-р багийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

2. Уг мод нь хэрэглээний мод мөн.

З. Гахайн даваа гэх газар ойн түймэрт нэрвэгдээгүй.

4 .Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гахайн даваа” гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй 1-р мужид хамаарагддаг.

...6. *************бэлтгэсэн гэх мод нь нойтон шинэс мод хашаа барих хэрэгцээний зориулалтаар нийт бэлтгэсэн 6.0 м3 хэмжээтэй нойтон мод болох нь тогтоогдов. Экологи эдийн засгийн үнэлгээ 6,158,333 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 33-34-р хуудас),

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 28 дугаартай дүгнэлтэд:

   1. Иргэн *************ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 6,158,333 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 18.474.999 төгрөг.

    2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ-ын даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 56, 58-60, 63-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000129 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гахайн даваа” гэх газраас  2021 оны 01 дүгээр сарын 16-ны үед 6 метр куб хэмжээтэй босоо нойтон модыг хэрэглээний зориулалтаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-11-р хуудас),

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 7-10-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 17-18-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *************(хх-ийн 23-24-р хуудас), гэрч *************(хх-ийн 29-30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 33-34-р хуудас),     

      Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 28 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч *************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************нь экологи эдийн засагт 6,158,333 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч *************нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 18,474,999 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 18,474,999 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас)-аар тогтоогдож байна.

  Шүүгдэгч *************анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн  хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2138000000129 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн  6 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************18,474,999 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2138000000129 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 6 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 2138000000129 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР