Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Т-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000137 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Т.Г нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун дэнжийн 16-04 тоотод бага насны буюу 13 настай Н.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Тухайн өдөр ээж, түүний хамтран амьдрагч Гантулга нар согтуу байсан. ...Би дүү Г-ийг усанд оруулж...дүүгийн толгой шампунтай байсан юм...ээж орон дээр хэвтэж байснаа гэнэт босч ирээд дүүг авах гээд “хүйтэн усанд орууллаа” гэхээр нь би “үсний шампунийг нь арилгая” гэж хэлээд ээжийн гараас нойтон гараараа барьсан. Ээж согтуу найгаж байсан болохоор миний гараас хальтираад хойшоогоо унасан. Г ах “чи ээжийгээ зодлоо” гээд миний нүүр рүү цохих гээд байхаар нь би нүүрээ гараараа хамгаалсан. Тэгээд намайг унагаагаад над дээр мордоод миний хоёр гарыг дээш нь харуулаад хоёр өвдгөө гаран дээр тавиад миний нүүр рүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, би боссон чинь сэрээ барьж дайраад “чамайг алсан ч яадаг юм, амийг чинь нэхэж ирэх хүн байхгүй шүү” гэсэн, сэрээгээ тавьснаа намайг үсдэж, газар унагаасан. ...Гантулга ах ээжийг түлхээд намайг өшиглөх гэж байхаар нь би хоёр гараараа толгойгоо хамгаалаад буруу харсан чинь миний чихний ар тал руу өшиглөсөн, би манараад толгойгоо бариад газар унасан, Гантулга ах намайг унасан байхад толгой дээр дэвсээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-8, 22-23/,

Гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...энэ хүүхдийн төрсөн ээж, аав хоёр нь салсан, хоёр талд байдаг, С...өөрийн төрсөн аав Н-тэй хамт байхаар шүүхээс шийдэгдсэн бөгөөд ээжээсээ тусдаа байдаг. 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр С өөрийн аав дээрээ очилгүйгээр ээжийнхээ гэрт очсон байдаг ба тэр үед түүний ээж Х нь архи уучихсан согтуу байж таарсан, тэгээд өөрийн ээжтэйгээ үл ойлголцох зүйлээс болж маргах үед нь Х-тэй хамтран амьдрагч Г охиныг буруугаар ойлгож, улмаар биед нь гар хүрч, цохиж зодсон асуудал болсон...манай сургуулийн эмч А.С охины биеийн байдлыг үзэж хараад хамгийн анх энэ талаар мэдсэн...сургуулийн нийгмийн ажилтан Я “сурагч Н.С бусдад зодуулсан” гэдэг асуудлаар цагдаагийн газарт бичгээр гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-25/,

Гэрч Г.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...өөр сургуулиас шилжин ирсэн сурагч нараас нийгэм ахуйн судалгааг авахад Н.С “бага эрсдэлтэй” гэж судалгаанд хамрагдсан, охиныг анх төрсөн аав Намхайдэмид нь өөрөө авч ирсэн, “охиныг харж хандах хүн байхгүй, өөрөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд том тэрэгний жолоочоор ажилладаг, төрсөн эх нь архины хамааралтай” гэх шалтгааныг хэлж ярьж байгаад С-ийг сургуулийн дотуур байранд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оруулсан байдаг. ...Тэгээд охины хувьд ар гэрийн анхаарал халамж огт байдаггүй, нэг удаа эцэг нь ирж уулзчихаад явсан дахиж ирээгүй, харин ээж Х нь Дэнж багт байдаг гэсэн ба архины хамааралтай гэж охин болон охины аав хэлж байсан...энэ байдлуудаас болоод охин С өөрийн төрсөн ээж дээрээ байж байх үедээ хамтран амьдрагч Г-д нь зодуулж биедээ бэртэл гэмтэл авч сургууль дээрээ ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-27/,

Гэрч Ю.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр охин маань хойд ээжийнхээ гэрээс гараад манай гэрт ирсэн байсан, би гэртээ хамтран амьдрагч Г-тай архи дарс уучихсан байх үеэр өөрийн охин Сувд-Эрдэнэтэй үл ойлголцох зүйлээс болж маргалдсан байхад надтай хамтран амьдрагч Г охиноос минь намайг өмөөрч, охин С-ийг цохиж зодсон асуудал болсон. Тэр үед С нь яах аргагүй надтай маргаж, миний урдаас хэрүүл хийж өөрийн эхтэйгээ үе тэнгийн хүн шиг маргалдсан. Бас намайг түлхэж газарт унагаахад би чанга орилсон. Тэгээд хамтран амьдрагч Г С-ийг буруу ойлгож “чи эхийгээ зодлоо” гэдэг шалтгаанаар гар хүрч, цохиж зодсон асуудал гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-29/,

Гэрч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...тухайн хэрэг гардаг өдөр охины ээж Х түүний хамтран амьдрагч Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед охин маань ээж дээрээ ирчихсэн өөрийн дүүгээ усанд оруулж байхад нь ээж нь “чи хүйтэн усанд дүүгээ орууллаа” гэж загнаад, тэгээд охин ээжтэйгээ маргаж хэрүүл хийх үед нь хамтран амьдрагч Г гэх залуу цаана орон дээр унтаж байснаа сэрээд буруу ойлгон шууд охиноос минь ээжийг нь өмөөрч С-ийг цохиж зодсон гэж охин болон багш нар нь надад ярьж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...ээж охин хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, чанга дуу чимээ гаргаад байхаар нь би сэрээд харсан чинь охин С нь ээжийгээ цохиж зодож байгаа бололтой түүний ээж Х “амь авраарай” гэж чанга орилсон. Харин би тэр үед гэнэт сэрээд харсан чинь охин ээжтэйгээ маргалдаж байхаар нь би охин С-ээс ээж Х-ийг нь өмөөрч түүний биед гар хүрч цохиж зодсон нь үнэн. Тэр үед би архи уучихсан халамцуу байсан болоод яг үнэн учрыг зөв ойлгоогүйгээс болж ийм буруутай үйлдэл гаргасан...охиныг түлхэж газарт унагаад зодсон. Миний хувьд урьд өмнө охин С гар хүрч цохиж зодож байгаагүй ...охин болон охины төрсөн аав Н-д нар надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-39, 91-92/,

Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Ирээдүйн-Одод” сургуулийн нийгмийн ажилтан Г.Я, О.Д нараас гаргасан “...сурагч С нь ээжийнхээ хамтран амьдрагч Г-д зодуулсан.” гэх гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4-5/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-6/,

“Ирээдүйн-Одод” сургуулийн Хүүхэд хамгааллын багийн шуурхай хурлын протокол /хх-11/,

Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-41/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-43/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаартай “...Н.С-ийн биед хуйханд дагзны зүүн хэсэг, зүүн чамархайг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт үүсчээ. Гэмтлүүд нь мохоо зүйлийн, ямар ч чиглэлд, хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хуйханд дагзны зүүн хэсэг, зүүн чамархайг хамарсан зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйханд цус хуралт, хүзүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хх-45-46/,

Т.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-69-74/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-75-79/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-82/,

Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/415 дугаартай албан бичиг /хх-83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14.30 цагт ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-ээс “...ковид өвчний улмаас прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.” гэсэн бөгөөд, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгч Т.Г-д холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 16-04 тоотод бага насны буюу 13 настай Н.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч Т.Г-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

насанд хүрээгүй хохирогч Н.С-ийн “...Г ах “чи ээжийгээ зодлоо” гээд миний нүүр рүү цохих гээд байхаар нь би нүүрээ гараараа хамгаалсан. Тэгээд намайг унагаагаад над дээр мордоод миний хоёр гарыг дээш нь харуулаад хоёр өвдгөө гаран дээр тавиад миний нүүр рүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, ...намайг үсдэж, газар унагаасан. ...миний чихний ар тал руу өшиглөсөн, би манараад толгойгоо бариад газар унасан, Гантулга ах намайг унасан байхад толгой дээр дэвсээд байсан.” гэх,

гэрч А.Х-ийн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Х-тэй хамтран амьдрагч Гантулга охиныг буруугаар ойлгож, улмаар биед нь гар хүрч, цохиж зодсон асуудал болсон...манай сургуулийн эмч А.С охины биеийн байдлыг үзэж хараад хамгийн анх энэ талаар мэдсэн...сургуулийн нийгмийн ажилтан Янжинлхам “сурагч Н.С бусдад зодуулсан” гэдэг асуудлаар цагдаагийн газарт бичгээр гомдол гаргасан.” гэх,

гэрч Г.Я-ын “...охин С өөрийн төрсөн ээж дээрээ байж байх үедээ хамтран амьдрагч Г-д нь зодуулж биедээ бэртэл гэмтэл авч сургууль дээрээ ирсэн байсан.” гэх,

гэрч Ю.Х-ийн “...хамтран амьдрагч Г охиноос минь намайг өмөөрч, охин С-ийг цохиж зодсон асуудал болсон. ...Г С-ийг буруу ойлгож “чи эхийгээ зодлоо” гэдэг шалтгаанаар гар хүрч, цохиж зодсон асуудал гарсан.” гэх,

гэрч Т.Н-ийн “...Г гэх залуу цаана орон дээр унтаж байснаа сэрээд буруу ойлгон шууд охиноос минь ээжийг нь өмөөрч С-ийг цохиж зодсон гэж охин болон багш нар нь надад ярьж хэлсэн.” гэх,

Т.Г-ын “...би охин С-ээс ээж Х-ийг нь өмөөрч түүний биед гар хүрч цохиж зодсон нь үнэн. Тэр үед би архи уучихсан халамцуу байсан болоод яг үнэн учрыг зөв ойлгоогүйгээс болж ийм буруутай үйлдэл гаргасан...охиныг түлхэж газарт унагаад зодсон.” гэх мэдүүлгүүд болон

Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Ирээдүйн-Одод” сургуулийн нийгмийн ажилтан Г.Я, О.Д нараас гаргасан “...сурагч С нь ээжийнхээ хамтран амьдрагч Г-д зодуулсан.” гэх гомдол мэдээлэл, Аюулын зэргийн үнэлгээний маягт, “Ирээдүйн-Одод” сургуулийн Хүүхэд хамгааллын багийн шуурхай хурлын протокол, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Т.Г-ын үйлдэл нь хохирогч Н.С-ийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Т.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, мөн хохирогч түүний ар гэрээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 178 дугаартай дүгнэлт, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн хөрөнгө орлогын болон оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

          Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Орхон аймгаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сарын хугацаагаар оногдуулах”,

          улсын яллагчаас “...таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэв.

Учир нь; хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 4-28 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй /хх-82/ байх боловч, Оюут баг “Дөмөг” захын задгайд амьдарч байгаа тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрөө мэдүүлсэн мэдүүлэг, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун дэнжийн 16-04 тоот хаяг дээр гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх хэрэглэх үндэслэлийг мөрдөн шалгах явцад тогтоох зайлшгүй шаардлагатай ба уг тогтоогдсон үйл баримтыг үндэслэж шүүгдэгчийг хаанаас, хаашаа, хэрхэн яаж зорчих эрхийг хязгаарлахыг тогтоох, зөрчвөл хэрхэх талаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой.

Гэтэл шүүгдэгчийн оршин суух хаяг эргэлзээтэйгээс гадна өмгөөлөгчийн санал болгосон “...Орхон аймгаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сарын хугацаагаар оногдуулах” нь үйлдэгдсэн хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж шүүх үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Т-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ