| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ...Г, ...М, ...А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт …М ..., ... овогт ... А нарт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын слесарьч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод ..., гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар уг нутгаас зайлуулах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд багтаан нийт 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, ... овогт ... Г. /РД: .../
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ...М /РД: .../
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...овогт ...А. /РД: .../
- Шүүгдэгч ...Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газарт бэлчээрт байсан хонь, ямаа нь нийлсэн алдуул мал болох иргэн ...О-гийн 64 тооны хонь, 84 тооны ямааг завшиж бусдад 12350.000 /арван хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч ...М нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газраас иргэн Г-ыг бусдын адуул малыг завшсан гэдгийг мэдсээр байж төрсөн хүү ...А-тай бүлэглэн 18 тооны ямааг авч, бусдад 1440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч ...А нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газраас иргэн Г-ыг бусдын адуул малыг завшсан гэдгийг мэдсээр байж төрсөн эх болох ...Мтэй бүлэглэн 18 тооны ямааг авч, бусдад 1440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
Шүүгдэгч М... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хүүхдийнхээ хамт ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна...гэв.
Шүүгдэгч Хишигбаатарын А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Ээж намайг хамт малд яваад ирье гээд байсан болохоор хамт явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч ...О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрийг хүртэл манай мал ямар нэгэн хариулга байгаагүй. Учир нь сумын баяр наадам болж эхнэр хүүхдүүдийн хамт сумын төв явцгааж малаа эзэнгүй орхичихсон юм. ... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хөдөө гэртээ иртэл хонь ямаанаас маань 148 тооны хонь, ямаа дутчихсан байхаар нь хайж эхэлсэн. Тэр үед манай гэрийн хойд талд 2-3 километрт байх Г ахын гэрээр очиж хонь ямаагаа асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Мөн настай хүн болохоор нь худлаа хэлэхгүй байх гэж бодоод хол газраар хонь, ямаагаа хайж цаг хугацаа алдсан. ... Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Толгой нуур” гэх газар нутаглах М гэх айлын малаар орж үзтэл миний 4 ямаа байж байхаар нь уулзах гэтэл М гэртээ байгаагүй. ...би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ... Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г ахын хонь, ямаанаас нь 130 тооны хонь, ямаа хүлээж авсан. Харин үлдэгдэл 18 тооны ямааг маань ... нь авчирч өгсөн. Ингээд би өөрийн алдсан 148 тооны хонь ямаагаа бүгдийг нь хүлээж авсан...” гэжээ. /хх-ийн 28-30, 31 тал/
Гэрч ...Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 сарын дундуур аймаг яваад ирэхэд манай нөхөр Г согтуу унтаж байсан. ...манай гэрийн баруун талд нутагладаг ..., хүү А-гийн хамт саарал өнгийн жижиг машинтай ирсэн. ...манай нөхөр хэдэн ямаа өгнө гэсэн авахаар ирлээ гэж хэлсэн. Тэгтэл ...хашаанд манай хонь, ямаанаас өөр хонь, ямаа хашаатай байсан. Тэрнээс ачаад явсан нөхөр Г-ас “хэний, юун ямаа вэ” гэтэл “чамд хамаагүй, би өөрөө мэдэж байна” гэж хэлж байсан. Улмаар шөнө харанхуйд ... танихгүй залуутай ирээд үлдсэн ямаагаа авч явсан. Хэдэн ямаа авч явсныг би мэдэхгүй. Халамцуу явж байсан...” гэжээ. /хх-ийн 37 тал/
Гэрч ...М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны орой Чойбалсан сумын Хулстай баг Толгой нуур гэх газар айлын мал маллаад эхнэр хүүхдийн хамт байж байхад 19 цагийн орчимд Гурванзагал сумаас манай эхнэр Ц-ны найз ... согтуу, саарал өнгийн Приус 20 маркийн машинтай машинтай хүү А-гийн хамт 10 орчим тооны ямаа авч ирсэн. Зүүн чих нь араас ухан, баруун чих эвэрний ард хэсэгт хул будагтай байсан. ... манай хонь, ямаанд нийлүүлээд гэрт ороод 1 шил 0,75 литрийн архи авч ирсэн байсан. Тэрийг нь манай эхнэр ... бид 3 хувааж уугаад ... үлдэгдэл ямаагаа аваад ирэх үү гээд машинтай нь Гурванзагал сумын баруун талд байх Г гэх айлын гадаа очоод хашаанд нь байсан ямаанаас 10 орчим ямаа ачаад манай гадаа ирээд хонь ямаанд нийлүүлсэн. Тэгэхэд тэдний хашаанд бас хэдэн ямаа үлдсэн. Г гэх хүний эхнэрт “та хонь ямаандаа тавьчих” гэж хэлж байсан. Манайд ирж хоноод маргааш нь эхнэр ... бид 3 Чойбалсан сум орж 2 хоног архи ууж байгаад эхнэр бид 2 гэртээ үлдсэн ... ... манай хотод 18 тооны ямаа авч ирсэн. Хонь огт байгаагүй. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай хотноос 15 тооны ямааг 2 удаа зөөж аймгаас нааш 10 орчим километрт нуурын хойд талд байх Мөнхөө гэж айлд би ...тэй цуг аваачиж тавьсан. Замдаа ... намайг “...ээс авсан мөнгөнийхөө оронд цуглуулж өгч байгаа" гэж хэлээрэй гээд байхад нь би тэгж хэлээд тавьсан...” гэжээ. /хх-ийн 46-47 тал/
Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчим манай найз ... өөрийн саарал өнгийн Приус 20 маркийн машинтай хүү А-гийн хамт орж ирээд “танай нөхөр М-тай очиж хэдэн ямаа авч ирсэн, хашаанд нь тавих гэсэн юм” гэхээр нь би “юун ямаа хаанаас авсан юм бэ” гэхэд “би найзаасаа авсан юм” гэж хэлсэн. ... манай нөхөр дээр очоод 10 гаран тооны ямаа авч ирсэн /им зүсийг нь мэдэхгүй байна, орой болсон байсан болохоор/. ... манай гэрт ороод 1 шил 0,75 литрийн Хараа архи задлаад манай нөхөр М, ... бид 3 хувааж уугаад байж байтал ... “дахиад Гурванзагал сум яваад ирэх үү” гээд байхаар нь М бид 3 манай гэрээс хойш яваад танихгүй айлд ороход эмэгтэй, эрэгтэй 2 хүн байж байсан. Би орж хүйтэн юм уугаад гарч ирэхэд М, ... 2 машиндаа 10 орчим тооны ямаа ачаад буцаад манай хонь ямаанд нийлүүлж тавиад манай гэрт ороод манай нөхөртэй архи уугаад унтсан...” гэжээ. /хх-ийн 48-49 иах/
Гэрч ...М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Ө-т нуур гэх газарт гэртээ байж байхад ... нь хүүтэйгээ хоёулаа саарал өнгийн Приус 20 маркийн машинтай ирээд “ахаа би танайд 10 хэдэн ямаа 2-3 хоног тавьж болох уу, банкны зээл нэхэгдээд хэцүү байна, мал дээрээсээ хэдэн ямаа ойртуулах хэрэгтэй байна” гэхээр нь “за тэгэхгүй юм даа, ах нь удахгүй Улаанбаатар руу эмчилгээнд явна, удаахгүй аваарай” гэж хэлсэн. ...... нь хүүтэйгээ манайхаас яваад тэр шөнөө буюу 23 цагийн үед эргэж ирэхдээ унаж явсан Приус 20 машиндаа 8 эм ямаа аччихсан Чойбалсан сумын М гэх залуутай ирж манай хонь, ямаанд ачиж ирсэн 8 эм ямаагаа нийлүүлж тавиад эргэж яваад маргааш үүрээр буюу 05 цагийн үед дахин 7 эм ямаа ачиж ирээд мөн нийлүүлсэн. Тухайн өдрөөс хойш ... нь ирээгүй байж байгаад 10 орчим хоногийн дараа ирээд ямаагаа ачиж аваад явсан ... Ямаанууд нь бүгдээрээ зүүн чих араасаа ухам, баруун чих голоосоо цуулбар имтэй нас бие гүйцсэн эм ямаанууд байсан...” гэжээ. /хх-ийн 51 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57-71, 113 тал/
- Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хх-ийн 114 тал/
- ...Г, ...М, ...А нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-36, 83-84, 19-41, 42, 86-87, 43-45, 89-90 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газарт бэлчээрт байсан хонь, ямаа нь нийлсэн алдуул мал болох хохирогч ...О-гийн 64 тооны хонь, 84 тооны ямааг завшиж бусдад 12350.000 /арван хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч ...М, ...А нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газраас иргэн …Г-г бусдын адуул малыг завшсан гэдгийг мэдсээр байж 18 тооны ямааг авч, бусдад 1440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ...О, гэрч М, Ц, М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ...Г, ...М, ...А нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ...Г-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн,
- Мөн шүүгдэгч ...М, ...А нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ...Г, ...М, ...А нарыг бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ... Г-ийг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”, мөн шүүгдэгч ...М, шүүгдэгч ... А нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч .... Г, ...М, .... А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч ...Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч ...М, ...А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хохирогч нь өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ...М, ...А нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “TOYOTA Prius”-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ” ХХК-ийн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагчдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс 5000.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч ...М, ...А нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг хүнээс 2500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ын ... тоот, шүүгдэгч ...М-ийн ... тоот, шүүгдэгч ...А-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ... овогт ... А, ...овогт ...М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ... Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заансаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ... А, ...М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ...А, ...М нарыг тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ...А, ...М нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ын ... тоот, шүүгдэгч ...М-ийн ... тоот, шүүгдэгч ...А-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...М, ...А нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “TOYOTA Prius”-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 2500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ