Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0142/З |
Дугаар | 221/МА2023/0074 |
Огноо | 2023-01-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0074
Н.Цийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Бд холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 828 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0142/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Цээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Бд холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 828 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйлийн 20.3.4, 23 дугаар зүйлийн 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Бд холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Халиунжаргал дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэг “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна”, мөн хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.
3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Ц нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 5-338 тоот хаягт байрлах газрыг 2003.04.28-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар эзэмшиж байгаад улмаар уг газрыг 2004.04.23-ны өдрийн 197 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчилж авсан үйл баримт тогтоогддог. Н.Цэд өмчлүүлж, эзэмшүүлсэн газар нь анхнаасаа 286 м.кв газар байдаг ба уг газарт нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад буй байшингийн суурийн 42 м.кв газар хамаардаггүй. Мөн нэхэмжлэгч Н.Ц газар эзэмших, өмчлөх өргөдөл гаргахдаа энэ байшин доорх газар манайх гэж энэ газрыг эзэмших, өмчлөх хүсэлт гаргаагүй байдаг. Хэрэв ингэж хүсэлт гаргасан бол аль хэдийн уг газрыг Н.Ц өмчилсөн байх байсан.
3.3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулсан хугацаанаас хамаарч газар эзэмшлийн талаар маргах эрхтэй гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор газар эзэмших эрх хэнд эхэлж үүссэнээс хамаарч давхцалтай эсэхийг тогтооно гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч нь байшингийн суурь гэх 42 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан ч юм уу эсхүл уг газрыг эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргаж байсан ч зүйл байхгүй байна.
3.4. С.Бий хувьд анх Чингэлтэй дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1993.12.10-ны өдрийн шийдвэрээр 300 ам метр буюу 0,03 га газрыг эзэмших эрхтэй болж улмаар 2008.02.15-ны өдөр газар өмчлөх хүсэлтийг холбогдох баримтын хамт газрын албанд өгч Нийслэлийн Засаг даргын 2008.04.04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар тус газрыг өмчлөх эрхтэй болсон. С.Бий өмчлөлийн газар нь өнөөдрийг хүртэл анх ямар хэмжээтэй, байрлалтай байсан яг тэр хэмжээ, байрлалаа өөрчлөөгүй хэвээрээ байгаа бөгөөд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа кадастрын зургаар баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан С.Бий газрын хувийн хэрэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2022.06.15-ны өдрийн 1/12-09 тоотоор, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022.06.09-ний 01-11/3072 дугаар албан тоотоор тогтоогдож байгаа ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2022.06.15-ны өдрийн 1/12-09 тоотын албан бичгийн хавсаргасан сансрын зургаас харахад ч энэ байдал тогтоогдож байна.
3.5. Гэтэл шүүх хариуцагчаас гуравдагч этгээдэд газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4, 23.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй бусдын эзэмшлийн байшингийн суурийн газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.6. Н.Цэд нэхэмжлэлдээ миний өмчлөлийн байшин гэж тайлбарлаж байгаа боловч уг байшин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр барьсан эсэх талаарх баримт байхгүй. Хөрш байсан гэх хоёр хүн тодорхойлолт гаргаж өгч уг байшин Н.Цийн байшин гэж байгаа боловч энэ хоёр хүн уг байшинд Н.Ц амьдарч байсан гэдгээс үүнийг Н.Ц барьсан, тэр өмчлөх эрхтэй гэж хэлээгүй байдаг. Энэ байшинг Н.Ц барьсан юм уу, хэзээ барьсан юм, яагаад зөвшөөрөл аваагүй барьсан эсэх, одоо хүртэл уг байшингийн өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаа шалтгаан тодорхойгүй зэргээс үзэхэд уг байшингийн суурийн газрыг С.Бд өмчлүүлснээр Н.Цийн өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй. Н.Цийн хувийн өмч мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасныг анхаарч өгнө үү.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 5 дугаар гудамжны 338 тоотод 285.83 м.кв газрыг, гуравдагч этгээдэд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 5 дугаар гудамжны 339 тоотод 446 м.кв газар”-ыг тус өмчлүүлсэн. “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар өмчлүүлсэн 285.83 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-08/3998, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-08/51 тоот албан бичгүүдээр татгалзсан хариу” өгсөн үйл баримт тогтоогдож байна.
2.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана”, 20.3.4-д “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
2.3. Анхан шатны шүүх “... гуравдагч этгээдийн өмчлөлийн газарт нэхэмжлэгчийн эзэмшлийн зуны байшин орсон болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/1209 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг, шүүхийн үзлэг зэргээр нотлогдож байна. Дээрх байшингийн эзэмшлийн талаар хэргийн оролцогч нараас маргаагүй ... түүний байршиж буй газрыг оролцуулан гуравдагч этгээдэд өмчлүүлсэн нь хуульд нийцэхгүй байна ...” гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Бд холбогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.4. Тодруулбал, “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд тухайн байшин нь зуслангийн зориулалттай /үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй/ хэдий ч уг байршилд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэх эрх үүсэхээс өмнө байрлаж байсан, газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс байх тул Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн С.Бд холбогдох хэсгийг уг байшингийн суурийн хэмжээгээр илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй ... хариуцагчаас гуравдагч этгээдэд газар өмчлүүлэхдээ дээрх хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй, бусдын эзэмшлийн байшингийн суурийн газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
2.5. Мөн анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр амьдарч буй газрын хэмжээг дур мэдэн сунгасан байх тул түүнд “Налуужим” ХХК-ийн хийсэн кадастрын зургийн дагуу газар өмчлүүлэхийг хариуцагчид даалгах боломжгүй гэж” дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
3. Нэхэмжлэгч Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Цэд 458 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг “... нэхэмжлэгч эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр амьдарч буй газрын хэмжээг дур мэдэн сунгасан ... хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар өмчлүүлэх боломжтой эсэхийг хариуцагч нягталж шийдвэр гаргах учиртай ...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ