Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 903

 

Ч.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00346 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Илүү олгосон цалин хөлс 154 259 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Түвшинжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Түвшинжаргал нь ЭХЭМҮТ-ийн цахилгааны инженерээр 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, ерөнхий инженерээр 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, мөн цахилгааны инженерээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Ийнхүү ажиллах хугацаандаа цахилгаан эрчим хүчний хэвийн ажиллагааг хангах, аваар осол, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчилгүйгээр албан ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж байсан. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЭХЭМҮТ-ийн баруун талд байрлах дүнзэн байшин гэрэлтэй байна гэсэн мэдээллийн дагуу миний бие эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн техникч Ө.Энхбаярын хамт шалгахад хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн хэсгийн цахилгааны шитнээс цахилгаан холбосон байсныг өөрийн дээд удирдлага болох инженер техникийн тасгийн эрхлэгч С.Эрдэнэчимэгт мэдэгдэж цахилгаанчидтай хурал хийсэн. Болсон асуудлыг авч хэлэлцсэнээр цахилгаанчин Ч.Рагчаа нь зөвшөөрөлгүй цахилгаан холбосон болох нь тогтоогдсон. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед миний бие Ч.Түвшинжаргал, цахилгаанчин Ч.Рагчаа, эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн техникч Ө.Энхбаяр нар хамт очиж зөвшөөрөлгүй холбосон байсан цахилгааны утсыг салгасан. Уг кабелийн утсыг залгахаар эртнээс төлөвлөсөн байсан нь тодорхой харагдаж байсан. Цементен зам, налуу шат, хашлагыг давуулж шинээр цемент зуурч тавьсан байсан бөгөөд гаднаас харахад мэдэгдэхгүйгээр хийсэн байсан. Тус дүнзэн байшин нь ЭХЭМҮТ-ийн өмч юм. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалт, Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа зөрчсөн, өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халагдсан. Ийнхүү ажлаас халагдсан тушаалыг хууль бус болохыг шүүхээр тогтоолгож, тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 103 хоногийн төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч ЭХЭМҮТөв шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анандра шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХЭМҮТ нь Ч.Түвшинжаргалын хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр үндэслэлтэй гэж үзсэн. Ч.Түвшинжаргал нь манай байгууллагын цахилгаан эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангаж, цахилгааны кабель, шугам гэх мэт бүх цахилгааны хэрэгсэлд үзлэг хийж дүгнэлт бичиж удирдах албан тушаалтанд танилцуулж байх үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан юм. Мөн өөрийн үйл ажиллагааны хүрээнд 5 цахилгаанчин хариуцан ажиллуулдаг, цахилгаанчдыг мэргэжил арга зүйгээр зөвлөгөө, зааварчилгаа өгч удирдан чиглүүлэх үүрэгтэй хүн юм. Манай байгууллагын гадна олон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр байгууллагууд зөвшөөрөл авч гэрээ байгуулсны үндсэн дээр цахилгааны холболтоо манайхаас авдаг зүйл байдаг. Гэтэл яригдаж байгаа хашааны гадна байрлах дүнзэн байшин буюу “Булган Индемент” ХХК нь манай байгууллагаас зөвшөөрөл авч гэрээ байгуулсан зүйл байхгүй байхад тог цахилгаантай үйл ажиллагаа явуулж байсан. Энэ байгууллага нь Ч.Түвшинжаргалын хэлснээр манай байгууллагын харъяа биш юм. Ингээд би цахилгаан хаанаас залгасан залгасныг шалгаж агаарын шугамыг харахад холбогдсон агаарын шугам байгаагүй бөгөөд газрын хөрснөөс кабель шугам авч тухайн дүнзэн байшин руу залгасан байсан. Үүнийг зөрчил байна гэж үзэж би 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цахилгааны инженер болох Ч.Түвшинжаргалд дотоод хяналт хийж, зөрчил хэрхэн үүссэн тухай хариу мэдэгдэл өг гэсэн үүрэг даалгавар өгсөн. Энэхүү үүрэг даалгаврыг биелүүлэлгүй 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүрсэн. Энэ хугацаанд би тодорхой үе шаттайгаар шаардлага тавих үед толгой дохиод өнгөрч байсан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Ингээд эцэст нь би өөрөө манай байгууллагаас зөвшөөрөлгүй цахилгааны утас татсан байна гэдгийг тогтоосон. Энэ тухай Ч.Түвшинжаргалд хэлж хариу тайлбар бичиж өгөхийг шаардахад 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичиж өгсөн. Энэхүү тайлбар нь цахилгааны инженер хүний хувьд үндэслэл бүхий биш учир дутагдалтай байсан бөгөөд зөрчлийг арилгах арга хэмжээ авалгүй 3 cap үргэлжилсэн байснаас харахад уг залгагдсан цахилгааны шугамыг зөвшөөрөлгүй холбосон үйл явдалд Ч.Түвшинжаргал холбоотой байна гэж дүгнэсэн. Зөрчлийн талаар хурал хийсэн хурлын тэмдэглэл авч ир гэхэд хурлын тэмдэглэл байхгүй гэж хэлсэн. Ч.Түвшинжаргал нь даваа гараг болгоны шуурхай хурал дээр байнга цахилгааны төлбөр нэмэгдсэн, хяналт тавь гэсэн шаардлага авдаг байсан боловч энэ зөрчил бий болоод олон жил болсон байхад арга хэмжээ аваагүй зэргээс харахад гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалттай биелүүлдэггүй байсан нь харагдаж байна. Энэ асуудал болсны дараа 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хангамж Үйлчилгээ Инженер Техникийн Алба хуралдаж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ч.Түвшинжаргал нь өөрийн хариуцсан ажил үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бөгөөд байгууллагаас зохих шат дарааллын дагуу хурлаар орж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймээс манай байгууллага энэ хүнд дахин итгэл өгч ажиллуулахад бэрхшээлтэй төдийгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөлгүй цахилгаан залгасан гэх “Булган индемент” ХХК нь 11 дүгээр сард зохих зөвшөөрөл хүсэлтийн дагуу одоогийн байдлаар өөр байгууллагын манай хашаанд байдаг шитнээс цахилгаан авч хэрэглэж байгаа бөгөөд өмнөх цахилгааны шугамаа авъя гэхэд нь бид зөвшөөрөөгүй. Учир нь энэ зөрчлийн талаар эзэн холбогдогч нь тогтоогдтол нотлох баримт болох үүднээс одоог хүртэл байсан газраа байгаа. Уг цахилгааны шугамийн зургийг авч хэрэгт хавсаргасан байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Түвшинжаргалд 11 хоног ажилласнаар тооцон 267 275 төгрөг олгогдсон байна. Ч.Түвшинжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 7 хоног ажилласан байтал урьдчилгаа цалинг 11 хоногоор тооцон олгосон нь үндэслэлгүй байх тул 4 хоногийн цалин хөлс болох 154 259 төгрөгийг буцаан гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажлын 4 хоногийн цалин илүү бодогдсонд миний буруу байхгүй. 154 259 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрөв гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Түвшинжаргалыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн цахилгааны инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 151 905 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагч Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргуулан нэхэмжлэгч Ч.Түвшинжаргалд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Хариуцагч Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн илүү олгосон цалин 154 259 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ч.Түвшинжаргал биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63 528 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан иатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00346 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалтанд “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 4 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэгт уг гэрээний 3.10 дах заалтууд орно” гэж заасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.10-т 20 зүйл заалтаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг зогсоохоор тусгасан байна.” Хөдөлмөр гэрээнд зааснаар ажилтан нь дээрх 20 зүйлийн аль нэгийг л зөрчсөн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахаар тохиролцсон байна.

Цахилгааны инженер Ч.Түвшинжаргалыг ажлаас халах болсон үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 3.10 дахь заалтын “...хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн” /3.10.3/, “...ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан...., хохирол учруулсан” /3.10.13/, “ажилтан бусад байгууллага, хүмүүстэй хамтран хуйвалдааны журмаар байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, эсвэл ашиглах боломж олгосон” /3.10.14/, “удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг....удаа дараа биелүүлээгүй...” /3.10.17/гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн тул ерөнхий захирлын Б/281 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийдвэр гаргасан.

Ч.Түвшинжаргал нь тус төвийн цахилгааны инженерийн нэг орон тоон дээр ажилладаг бөгөөд манай төвийн цахилгаан, шугам сүлжээтэй холбоотой бүх асуудлыг ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцан ажилладаг. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ажилчны үндсэн үүрэгт “ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу үйл ажиллагааг явуулна” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу Ч.Түвшинжаргал нь цахилгаан шугам сүлжээний ашиглалтанд хяналт тавих /ажлын байрны тодорхойлолтын “ажлын байрны үндсэн зорилт” хэсэгт/, тасаг нэгж хэсгүүдэд байгаа группэн шит, цахилгааны кабель шугам, хэрэгсэлд тогтмол үзлэг хийж дүгнэлт бичиж танилцуулах, цахилгаан тоног төхөөрөмжийн инженер цахилгаанчин нарыг удирдан ажиллах ба өдөр тутмын ажилд тогтмол хяналт тавин гүйцэтгэлийг шалгах /ажлын байрны тодорхойлолтын “ажлын байрны нэгдүгээр үндсэн зорилтын хүрээнд” хэсэгт/, удирдах албан тушаалтны өгсен үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх /“ажлын байрны 4 дэх үндсэн зорилтын хүрээнд” хэсэгт/ ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан.

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЭХЭМҮТ-ийн эзэмшил хашаанаас “Булган-эндемик” ХХК-ийн байшинд байгууллагын цахилгаан шугамаас холбогдсон байхыг төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандра мэдэн “...манай хашааг даваад гарсан цахилгааны утас байна, үүнийг шалгаад, эргэн хариу өгөх...” үүргийг цахилгааны инженер Ч.Түвшинжаргалд өгсөн боловч өгсөн үүргийг биелүүлэхгүй удаа дapaa шаардуулсны эцэст 2016 оны 10 дугаар сарын 13-нд бичгээр тайлбар хийн ирүүлсэн байна.

Уг тайлбарт “ ... цахилгаанчин Ч.Рагчаа 2016 оны 6 дугаар сарын 17-нд цахилгаан залгаж өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 21-нд ... утсыг салгасан...” гэсэн байх бөгөөд мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн тасгийн хурлын тэмдэглэл /хх-54-59/, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн цахилгаанчин Ч.Рагчаагийн тайлбар /хх-17/ зэрэг баримт материалыг үндэслэн цахилгааны инженер Ч.Түвшинжаргал, Ч.Рагчаа нарыг ажлаас халах тушаал, шийдвэр гарсан байна.

Ч.Түвшинжаргал нь тус төвд ажилладаг цорын ганц цахилгааны инженер бөгөөд цахилгаан шугам сүлжээний ашиглалтанд хяналт тавих, тасаг нэгж хэсгүүдэд байгаа группэн шит, цахилгааны кабель шугам, хэрэгсэлд тогтмол үзлэг хийж дүгнэлт бичиж танилцуулах, цахилгаан тоног төхөөрөмжийн инженер, цахилгаанчин нарыг удирдан ажиллах ба өдөр тутмын ажилд тогтмол хяналт тавин гүйцэтгэлийг шалгаж, зөрчил илрүүлсэн тохиолдолд удирдлагад мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн боловч уг үүргээ биелүүлэлгүй, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн болох нь хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн баримт материалаар тогтоогдож байтал шүүхээс бидний гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Түвшинжаргал, Ч.Рагчаа нарын гадны байгууллагад зөвшөөрөлгүйгээр цахилгаан холбосон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй тул шалгуулахаар өргөдөл гаргаж өгсөн юм. Уг өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр нь гаргах болоогүй. ИХШХШТХуулийн 80 дугаар зүйлд Эрүүгийн хэрэгт шалгаж байгаа тохиолдолд хэргийг “түдгэлзүүлэх”-ээр зохицуулж өгсөн бөгөөд тухайн үед эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан тул шүүх шийдвэрлэх боломжгүй байсан юм.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “... цахилгааны холболтыг хэн хийснийг олж тогтоосон баримт байхгүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь зөрчил гаргагчийг тогтоогоогүй гэх үйл баримтыг нотолж байхад ... хөдөлмөрийн гэрээний “...хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн” /3.10.3/, “...ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан...., хохирол учруулсан” /3.10.13/ гэсэн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-нд бичгээр ирүүлсэн тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн тасгийн хурлын тэмдэглэл /хх-54-59/, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн цахилгаанчин Ч.Рагчаагийн тайлбар /хх-17/ зэрэг баримтаар цахилгаанчин Ч.Рагчаа нь зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цахилгааныг холбосон болох нь тогтоогдож байгаа юм.

Байгууллагын зүгээс Ч.Рагчаагийн үйлдэлд Ч.Түвшинжаргал ямар байдлаар холбоотой болох, шан харамж авсан эсэх, хэзээнээс эхэлж цахилгаан холбосон эсэх, байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг ЭХЭМҮТ нь өөрсдийн дотоод хяналт шалгалтаар тогтоох нарийвчлан тогтоох боломжгүй тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан юм.

Ажил олгогчийн зүгээс Ч.Түвшинжаргал, Ч.Рагчаа нар нь гадны байгууллагад цахилгааныг зохих зөвшөөрөлгүйгээр холбосон болохоо өөрсдөө тайлбараар ирүүлсэн тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн гэж дүгнэж, халах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандра анх Төвийн эзэмшил хашаанаас цахилгааны утас гарч “Булган-эндемик” ХХК-ийн байшинд холбогдсон байхыг мэдэж шалгах үүргийг өгсөн байх бөгөөд Ч.Түвшинжаргалын 2016 оны 10 дугаар сарын 13-нд бичгээр ирүүлсэн тайлбар “...Ч.Рагчаа 2016 оны 6 дугаар сарын 17-нд цахилгаан залгаж өгсөн...” гэсэн тул уг сахилгын зөрчил 2016 оны 6 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн болох нь тогтоогдож байгаа юм.

Харин Ч.Рагчаа нь уг цахилгааныг зохих зөвшөөрөлгүйгээр холбосон болон Ч.Түвшинжаргалын дээр дурьдсан гэрээний зөрчлүүдийг гаргасан болохыг 2016 оны 10 дугаар сарын 03-нд бичгээр ирүүлсэн тайлбар /хх-18/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн тасгийн хурлын тэмдэглэл /хх-54-59/, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн цахилгаанчин Ч.Рагчаагийн тайлбар /хх-17/ зэргийг байгууллага авсанаар “зөрчил” болохыг нь 2016 оны 10 сард мэдээд зохих шийтгэл оногдуулсан нь дээр дурьдсан Хөдөлмөрийн хуулийн заалтад нийцэж байгаа юм.

Иймд дээр дурьдсан тайлбар, гомдлыг харгалзан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд холбогдуулан нэхэмжлэгч Ч.Түвшинжаргал гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, харин илүү олгосон цалин хөлс 154 259 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/281 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалтыг тус тус үндэслэн цахилгааны инженер Ч.Түвшинжаргалыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. /хэргийн 19 дүгээр тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ “Ч.Түвшинжаргал нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэгт уг гэрээний 3.10 заалтууд орно” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээний 3.10.3-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн бол”, 3.10.13-т “Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон. хохирол учруулсан бол”, 3.10.17-д “Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа /2-3/ биелүүлээгүй бол” гэсэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч байгууллагын цахилгааны шитнээс гадны байгууллага цахилгаан татсан гэх байдлыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр илрүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч үүнд нэхэмжлэгч буруутай болон хариуцагчаас энэ талаар хэдийд ямар үүрэг даалгавар өгснийг нэхэмжлэгч биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Мөн хариуцагчаас дээрх зөрчилтэй холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан нь талуудын хоорондын хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцласан тушаалын үндэслэлд гаргасан нэхэмжлэлийг иргэний журмаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд энэ талаарх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байна.

 

Харин хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагч байгууллагын хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Түвшинжаргал нь хяналт тавих үүргээ хангалттай биелүүлээгүйгээс байгууллагын цахилгаанаас бусад этгээд холболт хийн ашигласныг нэхэмжлэгч мэдсэн талаар тэмдэглэсэн байгаагаас үзэхэд түүнийг хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчил гаргасныг үгүйсгэх боломжгүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр илрүүлснээс хойш, 1 сарын дотор хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                            Ц.ИЧИНХОРЛОО     

 

                                                                                                 С.ЭНХТӨР