Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00009

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01114 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1726 дугаар магадлалтай, 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

МОГ ХХК-д холбогдох, 

Дутуу олгосон цалин, тэтгэмжид 20.798.909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Б.Ц, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие тус шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр МОГ ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18-105 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчоос ажилтны борлуулалтын урамшуулал, хангамжийн зардал, барьцаа цалин, гэнэт халагдсаны тэтгэмжийг дутуу олгосон, үндсэн цалингийн хэмжээг бууруулан хассан талаарх маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар зөвлөмжөөр дутуу олгосон борлуулалтын урамшуулал, хангамжийн зардал, барьцаа цалин, гэнэт халагдсаны тэтгэмж, үндсэн цалингийн хэмжээг бууруулан хассан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, зөвлөмжийг биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгосон. Гэтэл хариуцагчаас зөвлөмжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй хирнээ зөвлөмжид заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд борлуулалтын урамшуулалд миний бие Дүүрэн богц ХХК-ийн борлуулалтыг 2016 оноос эхлэн хариуцан ажилласан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард 74.800 литр шатахуун борлуулалтын орлогоос литр тутамд 2 төгрөгийн борлуулалтын урамшуулал 149.600 төгрөгийг, Увс ундрага ХХК-ийн борлуулалтыг 2017 оноос эхлэн хариуцсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард 49.600 литр шатахуун борлуулсан. Энэ борлуулалтын орлогоос литр тутамд 2 төгрөгийн борлуулалтын урамшуулал 99.200 төгрөгийг мөн Шивээ овоо ХК-ийн борлуулалтыг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн хариуцан ажилласан бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд 1.840.477 литр шатахуун борлуулсан. Энэ борлуулалтын орлогоос литр тутамд 2 төгрөгийн борлуулалтын урамшуулал 4.369.446 төгрөг олгох байснаас 500.000 төгрөгийг боруулалтын урамшуулалыг олгосон ба үлдсэн 3.869.446 төгрөгийг олгоогүй. Цэцэнс майнинг ХХК-д 2017 оны 12 дугаар сард 24.000 литр шатахуун борлуулсан. Дээрх шатахууныг захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр тушаалд зааснаар литр тутамд 10 төгрөг нэмж компанид 240.000 төгрөгийн борлуулалтын нэмэгдэл оруулсан бөгөөд түүний 15 хувийн урамшуулал 36.000 төгрөг олгоогүй. Суруга Монгол ХХК 2018 оны 01 дүгээр сард 13.990 литр шатахуун борлуулсан. Дээрх шатахууныг захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр тушаалд зааснаар литр тутамд 10 төгрөг нэмж компанид 139.900 төгрөгийн борлуулалтын нэмэгдэл оруулсан бөгөөд түүний 15 хувийн урамшуулал 20.985 төгрөг олгоогүй. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр "Цалин тогтоох тухай" захирлын тушаалд зааснаар 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01 дүгээр сарын хувь хэрэглэгчдийн борлуулалтын картын урамшуулал 100.749 төгрөгийг олгоогүй.

МОГ ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16-26 дугаар тушаалаар cap бүр борлуулалтын менежерүүдэд 200.000 төгрөгийн хангамжийн зардлыг олгож байхаар заасан боловч 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын харилцагч халамжлах зардлаас тус бүр 30.000 төгрөгийг дутуу олгосон. Ингээд нийт 4 сарын харилцагч халамжлах зардалаас 110.455 төгрөгийг олгоогүй.

МОГ ХХК-д ажиллаж байх хугацаандаа cap бүр цалингаас 10.000 төгрөг барьцаа болгон суутгаж авдаг. Би нийт 42 сар ажилласан бөгөөд барьцаа цалин 420.000 төгрөг байхад 330.000 төгрөг олгож, 90.000 төгрөгийг олгоогүй.

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 16-264 дүгээр "Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай компанийн захирлын тушаал 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгохоос нийт 4 сарын үндсэн цалин 2.209.091 төгрөгийг олгоогүй. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр "Цалин тогтоох тухай" компанийн захирлын тушаалаар борлуулалтын менежерийн үндсэн цалинг 600.000 төгрөгөөр тооцсон. 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын борлуулалтын менежерийн 4 сарын үндсэн цалингийн зөрүү 1.325.455 төгрөг олгоогүй.

Ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам зөрчиж бууруулсан 240.000 төгрөгийг үндсэн цалингаар тооцож 1.166.400 төгрөгөөр олгосон нь үндэслэлгүй. Учир нь цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулаагүй бол миний бие 2018 оны 02 дугаар сард 1.956.457 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 2.563.630 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 2.457.077 төгрөгийн цалин авах байсан. Ийнхүү цалингийн дундаж тооцвол нэг сарын цалин хөлс 2.325.721 төгрөг байх бөгөөд нийт 13.954.328 төгрөгийн тэтгэмжийг олгохоос 1.166.400 төгрөг олгож 12.787.928 төгрөгийг дутуу олгоод байна. Иймд хариуцагчаас борлуулалтын урамшуулалд 4.275.980 төгрөг, хангамжийн зардалд 110.455 төгрөг, барьцаа цалин 90.000 төгрөг, үндсэн цалингийн зөрүү 3.534.546 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү 12.787.928 төгрөг, нийт 20.798.909 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхнавчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дүүрэн богц ХХК нь манай компанитай 2011 оноос хойш одоог хүртэл хамтран ажиллаж байгаа франчайзор компани. 2017 оны 12 дугаар cap хүртэл хуучин харилцагч нарыг халамжлах зардлаар cap бүр 30.000 төгрөгийг хангамжийн зардалд тооцон цалин хөлс дээр нэмж олгодог байсан. Улмаар 2017 оны 12 дугаар сараас захирлын тушаалаар хуучин байгууллагуудын cap бүрийн халамжийн 30.000 төгрөгийг олголгүй тухайн сард нийлүүлсэн литр бүрийг 1 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэсэн. Б.Т- уг компанитай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээний шинэчлэлт хийсэн. Гэвч тухайн компани нь тухайн өдрийн зарласан үнээс доогуур үнээр авахаар МОГ ХХК-ийн ерөнхий захиралтай ярин хямд үнэ аван борлуулсан борлуулалтыг Б.Т- нь өөрийн борлуулалт хэмээн тайландаа тусгасныг шудрага бус зүйл гэж хассан. Увс ундрага ХХК нь өөрөө нефть импорт, бөөний худалдааны чиглэлээр ажилладаг бөгөөд шатахууны хомсдол, үлдэгдэл хүрэлцээгүй үедээ зах зээлийн үнээс доогуур үнэ захирлуудтай тохиролцон худалдан авдаг, одоог хүртэл гэрээ хийгдээгүй. Шивээ овоо ХК нь СШ.№901-2.ШОХК.2017 дугаар дизель түлш нийлүүлэх тендер зарлан байгууллагын өмнөөс бичиг баримт бэлтгэн сонгон шалгаруулалтанд оролцсон. Байгууллагын дотоод журам, тендерт оролцох журмын дагуу тухайн алба хэлтсүүд хамтран оролцдог бөгөөд дээрх журмуудад урамшуулалт цалин, борлуулалтын урамшуулалд тооцох тухай заагаагүй. Борлуулалтын менежерүүдийн ажил үүргийн хуваарийн дагуу бичиг баримтын бүрдлийг хийн оролцох үүрэгтэй. Гэвч Б.Т-ын тендерийн багц дүнгээс борлуулалтын урамшуулал авах хүсэлтийг харгалзан үзэж ерөнхий захирлын шийдвэрээр багц дүнгээс өгөх боломжгүй нэг удаагийн урамшуулал 500.000 төгрөгийг олгосон. Цэцэнс майнинг ХХК-тай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. 2017 оны 12 дугаар сараас эхлэн шинээр хэд хэдэн удаа худалдан авалт хийсэн. Борлуулагчийн гаргасан тайлан, урамшуулал тооцох аргачлалын дагуу борлуулалтын урамшууллыг олгосон. Борлуулалт хийхдээ тухайн өдрийн компаниас зарласан нэгж үнийг өгсөн боловч зарласан үнээс доогуур худалдан борлуулсан. Үүнд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 35.730 литрийг зарласан үнэ 1.810 байхад 1.790 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 35.730 литрийг зарласан үнэ 1.810 байхад 1.790 төгрөгөөр тус тус нийт 1.429.200 төгрөгийн алдагдалтай борлуулалт хийсэн. Гэвч байгууллагаас тухайн борлуулагчаас алдагдалыг суутгалгүй нийт борлуулсан литрээс урамшууллыг тооцон олгодог. Борлуулагч нар зарласан үнээс доогуур буюу дээгүүр борлуулалт хийхэд алдагдал буюу нэмэгдэл тооцон оноодоггүй. Суруга Монгол ХХК нь борлуулагчийн гаргасан тайлан, урамшуулал тооцох аргачилалын дагуу борлуулалтын урамшууллыг олгосон. Тухайн үед алдагдал өндөр байсан ч нийлүүлэлтээ таслалгүй явуулж борлуулагч нарт олгож байсан хувь хэрэглэгчдийн урамшууллыг зогсоон байгууллагын хэрэглэгчдийн урамшууллыг тооцохоор 2017 оны 11 дүгээр сарын 27-нд картын хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Компаниас борлуулалтын менежерүүдэд харилцагчийг халамжлахад 30.000 төгрөгийг cap бүр олгодог байсан ба 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18-23 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар борлуулалтын менежерүүдийн цалингийн системийг өөрчлөхдөө хуучин халамжилж байгаа байгууллагын борлуулалтын 1 литр тутмыг 1 төгрөгөөр тооцон олгож байхаар өөрчлөлт оруулсан. Б.Т-д үүний дагуу урамшууллыг тооцон олгож байсан.

Б.Т-д барьцаа мөнгө 330.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18-134 дүгээр гүйцэтгэх захирлын тушаалаар олгосон. 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16-170 дугаар тушаалын 3 дахь хэсэгт Б.Т-д 2 сарын хугацаанд борлуулалтын менежерийн үндсэн цалинг 600.000 төгрөгөөр тооцон олгох бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бусад борлуулалтын менежерүүдийн үндсэн цалингийн системийн дагуу үндсэн цалин 192.000 төгрөг болгохоор тушаал гарсан ба манай компаниас 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл борлуулалтын менежерийн үндсэн цалинг 600.000 төгрөгөөр тооцсон нь Б.Т-д илүү 9.000.000 төгрөгийн цалин олгосон байдаг.

Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Байгууллагын дотоод журмын 2.8.8-д ажилтанд нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу Б.Т-д ажлаас халагдсаны тэтгэмж 1.440.000 төгрөгийг тооцон олгосон гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01114 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч МОГ ХХК-иас 7.498.951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.299.958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134.933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1693 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 7.498.951 гэснийг 10.379.631 гэж, 13.299.958 гэснийг 10.419.278 гэж, 2 дахь заалтад 134.933 гэснийг 181.024 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 188.589 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие Шивээ овоо ХК-иас зарласан тендерийн холбогдох бүхий л материалыг бэлтгэж, оролцсоны дагуу тендерт шалгарсан. Дээрх тендерийг үндэслэн Шивээ овоо ХК-д 2017/10 сараас 2018/3 дугаар сар хүртэл 2.184.723 төгрөг шатахуун борлуулсан. Борлуулагч нарын борлуултын орлогоос 1 литр тутам 2 төгрөгийн урамшуулал авахыг М-Ойл групп ХХК-ийн захирлын 2016.9.13-ны өдрийн 16-269 тоот цалин тогтоох тухай тушаалаар баталсан. Үүний дагуу нийт борлуулсан 2.184.723 литр*2 төгрөг=4.369.446 төгрөг байна. 2017/10 дугаар сарын борлуулалтын урамшуулал болох 500.000 төгрөгийг хариуцагч болгосон учир хасч нийт 3.869.446 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх 2017/11 сард хамаарах борлуулалтын урамшууллын мөнгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн 2017/12-2018/3 саруудад холбогдох урамшуулал гэж 2.424.096 төгрөг гаргуулахаар болсон. Гэтэл ингэж тооцоолохдоо тооцооллын алдаа гаргаж 218.248 төгрөгийг дутуу бодсон. Учир нь 2017/12-2018/3 дугаар сар хүртэл нийт 1.321.172 литр*2 төгрөг=2.642.344 төгрөг болж байна. Иймд 2.642.344-2.424.096=218.248 төгрөг дутуу бодсон. Мөн нэхэмжлэгч миний бие өөрөө нэг удаагийн олгосон 500.000 төгрөгийн урамшуулалыг хасч нэхэмжилсэн байхад шүүх дахин хассан юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд 718.248 төгрөгийг нэмж гаргуулах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх тус гомдлыг хүлээн авч нэмж олгохоор болсон боловч тогтоох хэсэгт нэмээгүй алдаа гаргасан байна. Хэрвээ шүүх хангасан 2.424.096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон бол энэ талаар магадлалын хянавал хэсэгт огт дурдаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсний дагуу бүхэлд нь хянан үзсэнгүй. Дүүрэн богц ХХК-ийн урамшуулалд 149.600 төгрөг, Увс ундарга ХХК-ийн урамшуулалд 99.200 төгрөг нэхэмжилсэн ба нийт 248.800 төгрөг. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүх олгох нь үндэслэлтэй гэж үзсэн. Цэцэнс майнинг ХХК-ийн дутуу урамшуулалд 36.000 төгрөг, Суруга Монгол ХХК-ийн дутуу олгосон урамшуулалд 20.985 төгрөг нийт 56.985 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн хирнээ тогтоох хэсэгт олгоогүй. Баримтын хувьд шүүх хурал болохоос өмнө хариуцагчийг борлуулалтын тайланг эх хувиар нь гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөөгүй бөгөөд 2018.5.28-ны өдрийн шүүх хуралдааны үед давуу эрхээ ашиглан үнэ зарласан тушаалыг хуурамчаар үйлдсэн байдаг. Картын урамшуулал болох 100.749 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар би Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд нэхэмжлэл гаргаж байсан боловч анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаж байгаагүй гээд хассан. Миний бие хөөн хэлэлцэх хугацаанд гомдлыг гаргасан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хянах хэсэгт огт үндэслэл дурдаагүй хирнээ нэмж нэхэмжилсэн нийт мөнгөн дүнгээс 100.749 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй.

Үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн үндсэн цалин 1.500.000 төгрөг ба хавсран гүйцэтгэж эхлэх үед 1.500.000 төгрөгийн 40 хувиар буюу 600.000 төгрөгөөр цалинжин ажиллаж байсан. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний нэмэгдэл цалин болох 30 хувийг орхигдуулсан. 1.150.000 төгрөгийн 40 хувь 460.000 төгрөг гэж тооцсон үндэслэлгүй. Учир нь хавсран гүйцэтгэж байх хугацаандаа 600.000 төгрөгөөр цалинжин ажиллаж байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үндсэн цалинг 460.000 төгрөг гэж тооцож 1.615.345 төгрөгийг гаргуулахаар болж үлдсэн 593.746 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 593.746 төгрөгийг хариуцагчаар нэмж гаргуулахаар гомдол гаргасан боловч үндсэн цалинг 1.150.000 төгрөгийн 30 хувь 460.000 төгрөг*4 сар=1.840.000 төгрөгийг гэж үзээд давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр 1.615.345 төгрөгийг хассан.

Борлуулалтын менежерийн үндсэн цалин 1.325.455 төгрөгийг нэхэмжилсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх огт дурдаагүй орхигдуулсан байна.

2016.9.13-ны өдрийн 16-26 тушаалаар сар бүр борлуулалтын менежерүүдэд 200.000 төгрөгийн хангамжийн зардлыг олгодог бөгөөд дутуу олгосон 4 сарын 110.455 төгрөг, дутуу олгосон барьцаа цалин 90.000 төгрөг нийт 200.455 төгрөгийн талаар анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх орхигдуулсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу тус хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1,3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажилтанд нэг сарын ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсэн байдаг. Үүний дагуу 6 сарын тэтгэмж өгнө гэсэн. Гэтэл ажлаас чөлөөлөх тушаал дээр 6 сарын тэтгэмжийг үндэслэлгүй бууруулсан үндсэн цалингийн хэмжээгээр тооцож олгосон. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход 9.187.926 төгрөг гаргуулахаар болсон. Харин үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон 3.600.000 төгрөгийн талаар огт дурдаагүй бөгөөд хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 6 сарын нийт тэтгэмж 13.954.328 төгрөгнөөс хариуцагчийн олгосон 1.1664.000 төгрөгийг хасч нийт 12.787.928 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад 1.166.400 төгрөгийг дахин хассан байсан.

Нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс анхан шатны шүүх 7.498.951 төгрөгийг гаргуулах шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх 10.379.631 төгрөгийг хангасан гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан 7.498.951 төгрөгийг үндэслэлгүйгээр орхигдуулсан гэж үзэж байна. Үүн дээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 593.746 төгрөгийг 536.746 төгрөг гэж орон сольж алдаж бичиж орхигдуулсаны зөрүү 54.000 төгрөг, мөн анх нэхэмжлэл гаргахдаа 6 сарын тэтгэмж 13.954.328 төгрөгөөс хариуцагчийн олгосон 1.166.400 төгрөгийг хасч 12.787.928 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ дахин 1.166.400 төгрөгийг хассан тул нийт 19.571.805 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Т-, “МОГ” ХХК-с борлуулалтын урамшуулал 4.275.980 төгрөг, хангамжийн зардал 110.455 төгрөг, барьцааны 90.000 төгрөг, борлуулалтын менежерийн дутуу олгосон үндсэн цалинд 1.325.455 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэсний дутуу олгосон цалин 2.209.091 төгрөг, тэтгэмж 12.787.928 төгрөг, нийт 20.798.909 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 7.490.951 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсэг  буюу 13.919.072 төгрөгийн шаардлагыг хангах дүгнэлт хийсэн боловч 10.379.631 төгрөг гаргуулсан, мөн хангамжийн зардал, барьцаа, борлуулалтын менежерийн ажлын олгогдоогүй цалин гаргуулах шаардлагуудад дүгнэлт өгч шийдвэрлээгүй орхигдуулснаас гадна тус шүүхийн зарим дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Иймд нэхэмжлэгчийн магадлалыг эс зөвшөөрсөн гомдлын хүрээнд дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Т-, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч “МОГ” ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 18-105 тоот тушаалаар ажлаас халагджээ.

Ажил олгогч Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотой ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан байна.

1. Борлуулалтын урамшуулал 4.275.980 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

Нэхэмжлэгч Б.Т- борлуулалтын менежерийн ажил үүргийг гүйцэтгэхдээ борлуулсан бүтээгдэхүүний литр тутамаас 2 төгрөг, литр тутмыг зарласан үнээс 10 төгрөгөөр нэмж борлуулсан бол компанид оруулсан нэмэлт орлогын 15 хувиар борлуулалтын урамшуулал авахаар талууд тохиролцсон нь тогтоогдсон байна. Хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөөгүй маргахдаа, урамшуулалд 500.000 төгрөг олгосон, зарим компанитай сонгон шалгаруулалтын журмаар гэрээ байгуулсан тул борлуулалтын урамшуулал олгогдохгүй гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу Дүүрэн богц ХХК, Увс ундарга ХХК,  Шивээ овоо ХК-иудын 2017 оны 11 дүгээр сарын худалдан авалтын борлуулалтын урамшуулал шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж, Цэцэнс майнинг ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын борлуулалтыг зарласан үнээс литр тутамд 10 төгрөгөөр нэмж худалдаалсан нь болон  Суруга Монгол ХХК-д нийт хэдий хэмжээний борлуулалт хийсэн нь тус тус тогтоогдоогүй үндэслэлээр нийт 1.633.636 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон,  Шивээ овоо ХК-ийн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын худалдан авалтын борлуулалтын урамшуулалыг гаргуулж шийдвэрлэсэн боловч борлуулсан шатахууны хэмжээг дутуу тооцсон, урьд нь урамшуулалд олгосон 500.000 төгрөгийг нэхэмжлэгч хасч нэхэмжлэлийн дүнг тодорхойлсныг анхаараагүй дахин суутгаж, 1.924.096 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Дээрх дүгнэлтээс Дүүрэн богц ХХК, Увс ундарга ХХК-д борлуулсан шатахууны урамшуулалд 248.800 төгрөг /149.600+99.200/ төгрөг шаардах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэсэн шийдвэрт заасан үндэслэл хэргийн баримтад үндэслэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. Нэхэмжлэгч өмнө нь Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандаж хариу авч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Тус шүүх Шивээ овоо ХК-ийн худалдан авсан шатахууны хэмжээг хэргийн баримтад тулгуурлан  тооцож 2.642.344 төгрөг /1.321.172 л х 2 = 2.642.344/, борлуулалтын урамшуулалд нийт 2.891.144 төгрөг /2.642.344+248.800/ буюу анхан шатны шүүхийн хангасан 1.924.096 төгрөгт, нэмж 967.048 төгрөгийг гаргуулахаар дүгнэлт хийсэн хэдий ч зөвхөн 967.048 төгрөгийн шаардлагыг шийдвэрлэж, бусад хэсгийг шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Харин бүтээгдэхүүнийг зарласнаас илүү үнээр худалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул  нийт 56.985 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй болжээ.

2. Нэхэмжлэлийн хоёрдох шаардлага буюу хангамжийн зардалд нэхэмжлэгч 110.455 төгрөг шаардсныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.  Хариуцагч  нь борлуулалтын менежерүүдэд үндсэн цалин, урамшууллаас гадна хангамжийн зардалд сар бүр 200.000 төгрөг төлж байснаа маргаагүй боловч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18-23 тоот тушаалаар тухайн зардлыг 30.000 төгрөгөөр бууруулсан гэжээ. Уг тушаалд ийм агуулга илэрхийлэгдээгүй, хэрэв цалин хөлс өөрчлөх тохиолдолд энэ талаархи шийдвэрийг дагаж мөрдөхөөс 10 буюу түүнээс дээш хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна. Иймд хангамжийн зардлыг үндэслэлгүйгээр бууруулсан гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх хангамжийн зардал гаргуулах нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсныг залруулж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.Т- хариуцагч “МОГ” ХХК-д 42 сар ажиллахдаа   сар бүр цалингаас 15.000 төгрөг суутгагдсны 10.000 төгрөг нь барьцааны мөнгө байсныг зохигч маргаагүй байна. Б.Т-ыг ажлаас халагдахад барьцааны 420.000 төгрөгийг буцаан олгохоос 330.000 төгрөг өгсөн нь тогтоогджээ. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримталж уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн талаар дүгнээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг залруулах шаардлагатай.

4. Нэхэмжлэгч Б.Т- борлуулалтын менежерээр ажиллахын зэрэгцээ тус компанид үл хөдлөх хөрөнгийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж тухайн ажилтанд олгогдох цалингийн 40 хувийг нэмж авахаар тохиролцсон нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 16-264 тоот тушаалаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3 сарын цалинд 2.209.091 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17-414 тоот тушаалаар нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж маргасан байна. Уг тушаалыг ажилтанд мэдэгдээгүй учир шүүх нэхэмжлэгчийг ажлаас халагдсан 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасныг зөрчөөгүй байна.

Үл хөдлөх хөрөнгийн менежерийн албан тушаалын үндсэн цалин 1.500.000 төгрөгийн 40 хувь буюу 600.000 төгрөгийн цалинг нэхэмжлэгч авч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон атал анхан шатны шүүх 1.150.000 төгрөгийн 40 хувь болох 460.000 төгрөгөөр ажилласан 3 сар 11 хоногоор тооцож, нийт 1.615.345 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаагүй, улмаар ажилласан хугацааг 4 сар гэж үзэн, нийт 1.840.000 төгрөг гаргуулсан нь үндэслэл муутайн зэрэгцээ уг мөнгийг бүхэлд нь бус зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрлэсний зөрүүгээр буюу 224.655 төгрөгийг /1.840.000-1615.345=224.655/ нэхэмжлэлийн нийт дүнд нэгтгэн тооцсон нь учир дутагдалтай болжээ. Иймд хавсран ажилласан ажлын цалин 600.000 төгрөгийг 3 сар 11 хоногоор тооцож нийт 2.020.000 төгрөг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцнэ.

5. Борлуулалтын менежерээр ажилласан хугацааны цалинг үндэслэлгүйгээр бууруулсан гэж 1.325.455 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангасан нь зөв байна. Борлуулалтын менежерийн үндсэн цалин 600.000 төгрөгийг захирлын 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар 192.000 төгрөг болгож, бууруулсан гэх хариуцагчийн татгалзал Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасантай нийцээгүй байна. Ажилтанд олгогдох үндсэн цалин нь зохигчийн хооронд байгуулагдаж буй хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ба гэрээний нэг тал буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтны эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргасан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан “ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс өмнө 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна” гэснийг зөрчжээ. Давж заалдах шатны шүүх энэ шаардлагын талаар дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулав.

6. Нэхэмжлэгч ажлаас гэнэт халагдсны тэтгэмжид 12.344.154 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэлээ, ”ажлаас халсан тушаалд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэн 1.166.400 төгрөг олгосон. Уг мөнгийг олгохдоо дундаж цалин хөлс 2.325.721 төгрөг атал 192.000 төгрөгөөр бодсон, нийт 13.510.554 төгрөгөөс олгосон 1.166.400 төгрөгийг  хассан” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дааш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байна. Хариуцагч татгалзалдаа нэгдүгээрт, цалинг бууруулах тушаал гарсан тул нэг сарын цалинг 192.000 төгрөгөөр бодсон, хоёрдугаарт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлаас халагдах үеийн олгох тэтгэмжийг 1 сар гэж заасныг андуурч  6 сараар олгосон гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх, 18-105 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журам 2 зөрчилтэй боловч ажлаас халагдсны тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр бус үндсэн цалингийн хэмжээ 600.000 төгрөгөөр, хугацааг тушаалд заасан 6 сараар тооцон, нийт 3.600.000 төгрөгөөс, олгосон 1.166.400 төгрөгийг хасч, 2.433.600 төгрөг гаргуулах нь ажилтны эрх ашигт нийцнэ гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг баримталж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж буюу нэг сарын 2.251.759 төгрөгөөр, тэтгэмж олгох хугацааг тушаалд заасан 6 сараар бодож, 13.510.554 төгрөгийн тооцоолол гаргасан нь буруу биш байна. Харин нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийг гаргахдаа тэтгэмжид олгосон 1.166.400 төгрөгийг хасч, 12.787.928 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүх анхаараагүй, түүнчлэн бодит олгосон мөнгийг бус 3.600.000 төгрөгийг дахин хасч, үлдэх 9.187.928 төгрөгийг гаргуулсан нь ойлгомжгүй болжээ. Зүй нь 13.510.554 төгрөгөөс олгосон 1.166.400 төгрөгийг суутган 12.344.154 төгрөг гаргуулах байжээ. Иймд энэ алдааг залруулах үндэслэлтэй.

7. Дээр дурдснаар хариуцагчаас борлуулалтын урамшуулалд 2.891.144 төгрөг,   хангамжийн зардал 110.455 төгрөг, барьцааны 90.000 төгрөг, хавсарсан ажил эрхэлсний цалингийн дутуу 2.020.000 төгрөг, үндэслэлгүйгээр цалин бууруулсны зөрүү 1.325.455 төгрөг, ажлаас гэнэт халагдсны тэтгэмж 12.344.154 төгрөг, нийт 18.781.208 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1726 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7.498.951”  гэснийг “18.781.208” гэж, “13.299.958” гэснийг “2.017.701” гэж, 2 дахь заалтад “134.933” гэснийг “224.449” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 255.809 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ