| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0113/э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Л.Э,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ын Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000111 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Б-д Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-10-82 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар гэрээ байгуулан хуурч 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 3.000 000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ; “...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй. Мөнгө хэрэгтэй байсан болохоор ийм хэрэг хийсэн.” гэв.
Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...миний байр байгаа юм гэж хэлээд надтай гэрээ хийж 6-10-82 тоот орон сууцыг түрээслээд 3.000.000 төгрөгийг хоёр хувааж авсан. ...Би байранд байсан хугацааны мөнгийг 3.000.000 төгрөгөөсөө хасаад одоо 1.950.000 төгрөгийг авахаар байгаа. ...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 16 минутанд “Наррi Наррi” гэсэн хаягнаас “байр түрээслэнэ, утас 80353510” гэсэн зар байхаар нь утас руу нь залгаж өрөөний зураг, байршилыг авсан, үнийг нь асуусан чинь “сарын 300.000 төгрөг, түрээсийн төлбөрөө 5-6 сараар тооцож авна” гэсэн. ...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-82 тоотод очиж үзэхэд Б-ын Э гэх хүн өөрөө байсан. Би байрыг нь үзээд нэг жилийн төлбөрийг 3.000.000 төгрөгөөр тооцохоор болоод 2.000.000 төгрөгийг Б.Э-ын төрийн банкны 130600102989 тоот дансанд, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Э-ын эхнэр Н-н хаан банкны 5094336310 тоот дансанд “6-10 байр түрээс” гэсэн утгатай шилжүүлсэн. Б.Э нь надад хэлэхдээ тухайн байрыг “миний өөрийн байр байгаа юм, гэрчилгээ нь банкинд 8 хувийн зээлтэй байгаа” гэж байсан. ...Уг байранд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс орохоор болсон. 2020 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байрны хаалгыг нүдэхээр нь онгойлгож өгтөл Г гэх хүн орж ирээд “миний байранд юун танихгүй хүмүүс байгаад байгаа юм бэ” гэхээр нь “Б.Э гэх хүн миний байр байгаа юм гэж хэлээд надад түрээсэлсэн, жилээр түрээслэхээр болоод мөнгийг нь өгсөн” гэдгийг хэлсэн, гэтэл “наад Э гэдэг хүн чинь надаас түрээсэлсэн юм аа, хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байгаа” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-22, 24/,
Гэрч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...манай эхнэр С-ийн нэр дээр байдаг Согоот багийн 6-10-82 тоот байрыг Б.Э нь нэр бүлийнхээ хамтаар түрээсэлж байсан. Б.Э-той манай эхнэр гэрээ хийж байсан. ...Харин сүүлд Б.Э өөр хүнд манай байрыг түрээсэлж мөнгийг нь авсан талаар 2020 оны 5 сард байрандаа очоод мэдээд Б.Эхэлэх гэтэл утас нь холбогдоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,
Гэрч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-82 тоот байрыг эзэмшдэг. Би тухайн байрыг 2018 оноос хойш одоог хүртэл түрээсэлж байгаа. Б.Э гэдэг хүн гэр бүлээрээ түрээслэхээр болоод надтай гэрээ хийж байранд орсон. ...Б.Э нь Г.Б гэх хүнд байрыг түрээсэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,
Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд; “...Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-82 тоот байрыг Г гэх хүнээс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түрээсэлж эхэлсэн. ...мөнгөний хэрэг гараад түрээсийн хугацаа дуусахаас өмнө өөрийнхөө “Наррi Наррi” гэсэн хаягнаас “байр түрээслэнэ” гэсэн зар тавьсан. Г.Б гэх эмэгтэй холбогдсон, тухайн эмэгтэй нэг жил түрээслэхээр болоод түрээсийн мөнгийг нэг сарын 300.000 төгрөг, жилийн 3.000.000 төгрөгөөр тохироод 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг эхнэр Н дансаар 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Г.Б гэрээ байгуулан гарын үсэг зуруулсан гэрээг интернетээс авч, өөрөө бөглөсөн, түүнд “миний байр” гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол болох 1.950.000 төгрөгийг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-40, 43, 44/,
Иргэн Г.Б-аас Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-4/,
Иргэн Б.Э болон Г.Б нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” /хх-5-6/,
Хохирогч Г.Б-ын Төрийн банкны дансны хуулга /хх-8-9/,
“Happi Happi” facebook-ээр харьцсан захидлын хуулбар /хх-11-19/,
Б.Э-д урьд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/,
Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Ам бүлийн тодорхойлолт” /хх-60/,
Б.Э-ыг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д Зуухан цехэд машинч ажилтай болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-59/,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 10 дугаар байрны 82 тоот орон сууц нь С овогт П-ийн С-ийн өмч болохыг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Б-д Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-10-82 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар гэрээ байгуулан хуурч 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 3.000 000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Э-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Б-ын “...миний байр байгаа юм гэж хэлээд надтай гэрээ хийж 6-10-82 тоот орон сууцыг түрээслээд 3.000.000 төгрөгийг хоёр хувааж авсан. ...Би байранд байсан хугацааны мөнгийг 3.000.000 төгрөгөөсөө хасаад одоо 1.950.000 төгрөгийг авахаар байгаа.” гэх,
гэрч Ш.Г-ийн “...манай эхнэр С нэр дээр байдаг Согоот багийн 6-10-82 тоот байрыг Б.Э нь нэр бүлийнхээ хамтаар түрээсэлж байсан. ...Харин сүүлд нь Б.Э өөр хүнд манай байрыг түрээсэлж мөнгийг нь авсан талаар 2020 оны 5 сард байрандаа очоод мэдээд Б.Э-д хэлэх гэтэл утас нь холбогдоогүй.” гэх,
гэрч П.С-ийн “...Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-82 тоот байрыг эзэмшдэг. Би тухайн байрыг 2018 оноос хойш одоог хүртэл түрээсэлж байгаа. ...Б.Э нь Г.Б-д гэх хүнд байрыг түрээсэлсэн байсан.” гэх,
Б.Э-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-82 тоот байрыг Г гэх хүнээс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түрээсэлж эхэлсэн. ...мөнгөний хэрэг гараад түрээсийн хугацаа дуусахаас өмнө өөрийнхөө “Наррi Наррi” гэсэн хаягнаас “байр түрээслэнэ” гэсэн зар тавьсан. Г.Б гэх эмэгтэй холбогдсон, тухайн эмэгтэй нэг жил түрээслэхээр болоод түрээсийн мөнгийг нэг сарын 300.000 төгрөг, жилийн 3.000.000 төгрөгөөр тохироод 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг эхнэр Н-ын дансаар 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн.” гэх мэдүүлгүүд,
иргэн Г.Б-аас Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол мэдээлэл, иргэн Б.Э болон Г.Б-д нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”, хохирогч Г.Б-ын Төрийн банкны дансны хуулга, “Happi Happi” facebook-ээр харьцсан захидлын хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 10 дугаар байрны 82 тоот орон сууц нь С овогт П-ийн С-ийн өмч болохыг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч Г.Б-ын орон сууц хөлслөх гэсэн хүсэл, санаа зорилго нь бусдын арга заль мэхэнд автаж мөнгөө өгөхөд буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн, нөгөө талаас шүүгдэгч нь анхнаасаа өөрийгөө тухайн орон сууцны өмчлөгч мэтээр ойлгуулж, худал хэлж хуурч, зохиомол байдал үүсгэн хохирогчоос мөнгө авч хувийн хэрэгцээндээ хэрэглэх зорилготой байжээ.
Шүүгдэгч Б.Э-ын энэхүү үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдад зориуд хор уршиг учруулж, бусдыг хуурч, өөрийгөө орон сууцтай мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч Б.Э-д холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн болно.
Иймээс шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүгдэгч Б.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ар гэрийн амьдрал ахуйг нь харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал, хүсэлтийг гаргасан бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдэгдсэн хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж шүүх үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э