Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Г.Э,

хохирогч П.Б-ийн өмгөөлөгч М.Б,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д-ын Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000000421 дугаартай хэргийг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар;   

Яллагдагч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны ертөнцийн зүгээр баруун хойд талд иргэн П.Б-ийн толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16.00 цагийн үед энэ асуудал болсон. Ц намайг утсаар дуудсан, би очсон, бид хоёр айраг ууж, шатар тоглосон, тэгсэн тамхи дууссан чинь намайг “тамхинд яваад ир” гээд би “Спорт” ордны хажууд тамхи авахаар очоод Д-ай тааралдсан. Тэгээд тамхи татах гээд Д-аас “галаа өгөөч” гэсэн чинь гал байгаагүй, тэгсэн хохирогч хажууд зогсож байхаар нь “галаа өгөөч” гэхэд намайг шууд өшиглөсөн. Би эхлээд тоглож байна гэж бодсон, цагдаа ирж явахаар нь сандал дээр суучихаад цагдаа өнгөрөхөөр нь буцаж очоод “яаж байгаа юм бэ, чи” гэхэд дахиад цохих үйлдэл хийх гэхээр нь алгадчихсан, тэгээд би явсан, эргээд харахад босч байх шиг байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч намайг “Я-тай андуурсан байх” гэж би одоо бодоод байгаа. Мөрдөгч надад “цаад хүн чинь эмнэлэгт хэвтсэн байх шиг байна шүү” гэж хэлэхээр нь Орхон БОЭТ-д очоод хайсан боловч олоогүй, би моорог, эмэгтэйчүүдийн тасаг, дотрын тасгаас асуугаагүй, бусад бүх тасгаар орж хайсан, хохирогчийг эмнэлэгт хэвтээгүй гэж бодож байна. Мөн намайг цагдан хоригдож байхад миний группын мөнгийг хохирогч банкнаас авчихсан гэдгийг эгч надад хэлсэн тул би хохирлыг төлсөн гэж бодож байна.” гэв.   

Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...Хүнсний зах дээр архи уусан. Б гэдэг нэртэй хүнтэй хамт архи уусан шиг санагдаж байна. Миний насны хоёр эрэгтэй хүн байсан, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Хэрхэн яаж зодуулснаа санахгүй байна, намайг цохиж, зодсон хүнд их гомдол байна, миний ярианд хүртэл өөрчлөлт орчихсон, зүгээргүй хүн шиг ярьдаг болчихсон. ...Буруутай этгээдээс одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ, эмчилгээний баримтуудаа цуглуулсан боловч зарим баримтуудаа олохгүй байна, 614.050 төгрөгийн баримт гаргаж өгнө, цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг тухай бүрд нь нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-12-15/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэн болох нь тодорхойгүй, 45-50 насны, эрэгтэй, ухаангүй, ам нь цус болсон, дагзны ар хэсэгт зулгарсан шархтай хүн хүргэгдэж ирсэн, амнаас нь архи үнэртсэн, биеийн байдал хүнд, ...үзлэг хийж гэмтлийн эмчид үзүүлэхэд “тархины гэмтэлтэй байх боломжтой” гэсэн, тархиндаа үнэхээр хүнд гэмтэлтэй болсон бол амь насанд аюултай.” гэсэн мэдүүлэг /хх-16/,

Гэрч У.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...19 цагийн үед хөдөлгөөнт эргүүлийн хотын төвийн чиглэлд гарч байх үед Шуурхай удирдлагын тасгийн “...Төгөл их дэлгүүрийн гадаа зодуулсан хүн байна” гэх дуудлагын дагуу очиход үл таних 40-50 орчим насны хүн “Төгөл” их дэлгүүрийн зүүн талд зайрмагны ТҮЦ-ний зүүн талд дээшээ харсан байдалтай, ухаангүй хүн хэвтэж байхаар нь 102 утсанд мэдэгдэж, дараа нь 103 утсанд дуудлага өгсөн. ...Намайг дуудлагаар очиход үл таних хүн гаднаа ил шарх, сорвигүй, гар нь хөдөлж, хухирч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-17/,  

Гэрч П.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“Спорт” ордны урд талд зүс таньдаг Эрдэнэмөнхтэй таарч хоорондоо юм яриад тамхи татахаар болсон. Э танихгүй хүнээс гал асуугаад маргалдаад байснаа тэр эрэгтэй хүний нүүрэн тус газарт цохисон. Тэр эрэгтэй Э-д цохиулаад шууд газарт уначихсан. Э явчихсан, би газар хэвтэж байсан залуугийн хамт зогсож байхад цагдаа ирээд намайг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-20/,

Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Спорт” ордны урд талд зүс таних Д-ай таарсан...бид хоёр тамхи татах гээд танихгүй хүнээс би “галаа өгөөч” гэж хэлэхэд миний өвдөг рүү өшиглөсөн. Тэр эрэгтэй хүн согтуу байсан...цохих үйлдэл хийх гэхээр нь би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадсан.” гэсэн мэдүүлэг /хх-3, 19/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 727 дугаартай “...1.П.Б-ийн биед зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, хуйханд дагзны хэсэгт зулгаралт, нурууны баруун доод хэсэгт цус хуралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хуйханд дагзны хэсэгт зулгаралт, нурууны баруун  доод хэсэг цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хуучин хугарал оношлогдсон. 4.Дээрх гэмтлүүд нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 5.Зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-23-25/,

Иргэн Б.Г-ээс гаргасан “...Төгөл худалдааны төвийн хажуу талын зайрмагны ТҮЦ-ний хажууд хүнд цохиулаад уначихсан хүн байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-7/,

1100-04570 дугаартай гомдол, мэдээлэлд хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-9/,

Хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч, сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-10/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаартай “...П.Б-ийн биенээс авсан цусанд 2.15 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-29-30/,

Шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/,

Эрдэнэт хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-59-60/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-62/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-64/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-66/,

Хохирогч П.Б 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 12 хоног  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хх-68-94/, 

Хохирогч П.Б-гаас гаргаж өгсөн нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-96-106, 133-139/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны ертөнцийн зүгээр баруун хойд талд иргэн П.Б-ийн толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Э-ийн “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16.00 цагийн үед энэ асуудал болсон. ...би “Спорт” ордны хажууд тамхи авахаар очоод Д-ай тааралдсан. Тэгээд тамхи татах гээд Д-аас “галаа өгөөч” гэсэн чинь гал байгаагүй, тэгсэн хохирогч хажууд зогсож байхаар нь “галаа өгөөч” гэхэд намайг шууд өшиглөсөн. Би эхлээд тоглож байна гэж бодсон, цагдаа ирж явахаар нь сандал дээр суучихаад цагдаа өнгөрөхөөр нь буцаж очоод “яаж байгаа юм бэ, чи” гэхэд дахиад цохих үйлдэл хийх гэхээр нь алгадчихсан.” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.Б-ийн “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...Хүнсний зах дээр архи уусан. ...нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...намайг цохиж, зодсон хүнд их гомдол байна, миний ярианд хүртэл өөрчлөлт орчихсон, зүгээргүй хүн шиг ярьдаг болчихсон.” гэх,  

         гэрч Ц.Б-ын “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэн болох нь тодорхойгүй, 45-50 насны, эрэгтэй, ухаангүй, ам нь цус болсон, дагзны ар хэсэгт зулгарсан шархтай хүн хүргэгдэж ирсэн, ...биеийн байдал хүнд, ...үзлэг хийж гэмтлийн эмчид үзүүлэхэд “тархины гэмтэлтэй байх боломжтой” гэсэн, тархиндаа үнэхээр хүнд гэмтэлтэй болсон бол амь насанд аюултай.” гэх, 

гэрч У.Д-ийн “...19 цагийн үед хөдөлгөөнт эргүүлийн хотын төвийн чиглэлд гарч байх үед Шуурхай удирдлагын тасгийн “...Төгөл их дэлгүүрийн гадаа зодуулсан хүн байна” гэх дуудлагын дагуу очиход үл таних 40-50 орчим насны хүн “Төгөл” их дэлгүүрийн зүүн талд зайрмагны ТҮЦ-ний зүүн талд дээшээ харсан байдалтай, ухаангүй хүн хэвтэж байхаар нь 102 утсанд мэдэгдэж, дараа нь 103 утсанд дуудлага өгсөн.” гэх,

гэрч П.Д-ны “...Спорт ордны урд талд зүс таньдаг Э-тэй таарч хоорондоо юм яриад тамхи татахаар болсон. Эрдэнэмөнх танихгүй хүнээс гал асуугаад маргалдаад байснаа тэр эрэгтэй хүний нүүрэн тус газарт цохисон. Тэр эрэгтэй Э-д цохиулаад шууд газарт уначихсан.” гэх,

Д.Э-ийн “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Спорт” ордны урд талд зүс таних Д-ай таарсан...бид хоёр тамхи татах гээд танихгүй хүнээс би “галаа өгөөч” гэж хэлэхэд миний өвдөг рүү өшиглөсөн. Тэр эрэгтэй хүн согтуу байсан...цохих үйлдэл хийх гэхээр нь би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 727, 212 дугаартай дүгнэлтүүд, иргэн Б.Г-ээс гаргасан “...Төгөл худалдааны төвийн хажуу талын зайрмагны ТҮЦ-ний хажууд хүнд цохиулаад уначихсан хүн байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч, сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл болон хохирогч П.Б 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 12 хоног Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

         Шүүгдэгч Д.Э нь хохирогч П.Б-ийн толгойн тус газарт гараараа цохиж унаган хохирогчийн эрүүл мэндэд зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,

харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

          Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “буруутай этгээдээс одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ, эмчилгээний баримтуудаа цуглуулсан боловч зарим баримтуудаа олохгүй байна, 614.050 төгрөгийн баримт гаргаж өгнө, цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг тухай бүрд нь нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 12-15 дугаар талд,

          хохирогч нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 12 хоног Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд хавтаст хэргийн 68-94 дугаар талд, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд хавтаст хэргийн 96-106, 133-139 дугаар талд тус тус авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн өмгөөлөгчөөс “хавтаст хэргийн 69, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 133, 134, 135, 136, 138 дугаар талд авагдсан баримтууд нь зайлшгүй гарсан зардалтай холбоотой баримтууд боловч эдгээр баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудын үнийн дүнг хасуулахад татгалзахгүй” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хавтаст хэргээс 69, 97, 98, 100, 102, 104, 106, 134, 135, 137, 139 дүгээр талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үг үсэг нь харагдахгүй, юу авсан нь тодорхойгүй барааны баримт, хохирогчийг тээвэрлэсэн эсэх нь тодорхойгүй тээврийн хэрэгслийн шатахууны баримтуудын үнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулж тооцуулах саналтай байна” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

Хохирогч П.Б гэм буруутай этгээдээс 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч 1.477.852 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулсан байна.

Үүнээс шүүх; эмчилгээний зардалд 647.638 төгрөг /хх-69/, эм, тарианы зардалд 376.864 төгрөг /хх-96, 98, 100, 101, 103, 104, 105, 133, 134, 136, 138/, ор хоногийн мөнгө 200.000 төгрөг /хх-99/, эмнэлэгт хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлд 16.500 төгрөг /хх-97/, эмнэлэгт үзүүлэхэд тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн зардалд 76.350 төгрөг /хх-106, 102/ нийт 1.317.352 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.Б-д олгуулахаар,  

хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан 128.000 төгрөгийн баримт нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, харин 137, 139 дүгээр талд авагдсан баримтууд нь давхардсан шалтгаанаар үнэлээгүй бөгөөд нийт 160.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийн гаргасан баримтууд дээрх зарим нэг үг үсэг харагдахгүй, хохирогч ямар тээврийн хэрэгслээр зорчсон нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэж тайлбарласан боловч баримтууд дээрх огноо нь хохирогчийн эмчилгээ хийлгэж байсан цаг хугацаатай тохирч байх тул хохирогчоос зайлшгүй гарсан зардал гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.Э нь “намайг цагдан хоригдож байхад миний группын мөнгийг хохирогч банкнаас авчихсан тул би хохирол төлсөн” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд энэ талаар баримтгүй тул шүүгдэгчийн энэ мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэв.

Мөн хохирогч П.Б-ийн “намайг цохиж, зодсон хүнд их гомдол байна, миний ярианд хүртэл өөрчлөлт орчихсон, зүгээргүй хүн шиг ярьдаг болчихсон.” гэсэн мэдүүлгээр,

хохирогчийн өмгөөлөгчийн “хохирогч мөнгө төгрөгийн боломжгүйгээс тууштай эмчлүүлж чадаагүй, шүүгдэгч хохирлоо төлчихвөл би өөрөө дагуулж яваад эмчлүүлмээр байна” гэсэн тайлбараар болон хавтаст хэргийн 23-25 дугаар талд авагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 727 дугаартай “...Зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлтээр хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байна.

Иймээс хохирогч П.Б цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой болон энэ хэрэгт шийдвэрлүүлээгүй “олохгүй байгаа” гэх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүхээс шүүгдэгч Д.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй, хор уршиг арилаагүй шинж чанар, мөн урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан хувийн байдалд дүгнэлт хийж,

          түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Бусад асуудлын талаар;

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч Д.Э-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 193 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.  

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Д-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 193 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э-өөс 1.317.352 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 48-22 оршин суух П.Б /РД;ФБ64081110/-д олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 160.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хохирогч П.Б цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой болон энэ хэрэгт шийдвэрлүүлээгүй “олохгүй байгаа” гэх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.Э