| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0122/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Ц.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө
Шүүгдэгч М.И нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.И-д холбогдох эрүүгийн 2125000530141 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.И
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.И-ыг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 4-3 тоотод 6 настай бага насны О.Энх-Учралыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.И-ы мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байна. Би санахгүй байгаа гэхдээ дүү нар сүүлд нь хэлсэн. Ямар нэг маргаан байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хүүд маань хамрын гэмтэл учирсан. Хүүхэд жаахан байгаа тул одоохондоо хамрыг засаж болохгүй гэсэн. Эмийн эмчилгээ л хийсэн байгаа. Цаашид хамраа засуулах болбол зардлыг Идэрсайханаас нэхэмжилнэ. Энэ талаар шийдвэрт тусгана уу. Зураг авахуулах болон эмийн зардал нийт 178,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн “.... Говил багт ээж Өлзийжаргал, аав Сумъяагийн хамт очсон. Аав, ээж 2 Охиноо эгчийн гэрийн хажуу талын айлд орж архи уусан. Охиноо эгчийн гэрт Идэрээ ах орж ирээд Өлзийгийн хүүхэд хаана байна гэхээр нь би байна гэхэд ээж чинь миний хамар луу өшиглөчихлөө гэж хэлээд миний хувцасны ар хэсгээс барьж аваад намайг шкафын хажуу руу шидсэн. Тэгээд би нүүрээрээ газар унаад миний хамар гэмтэж цус гарсан. Намайг Идэрээ ах гарч, зайл гэсэн. Би Охиноо эгчийн гэрээс гарсан. Араас Идэрээ ах гарч ирэх шиг болохоор нь би газар сөхөрч суугаад намайг битгий зодоорой гэж хэлсэн. Тэгтэл цаашаа нэг хүн зугтаагаад яваад өгсөн. Тэр хүнийг Идэрээ ах байсан гэж бодож байна ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Ц.Ө-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Охиноогийн хажуу талын айлд нөхөр Сумъяагийн хамт архи уугаад сууж байтал гаднаас нөхрийн төрсөн дүү М.И орж ирээд хэрүүл хийгээд байсан. Манай нөхөр бие засах гээд гэрээс гараад явсан. Идэрсайхан нь миний байсан айлд хонох гээд байхаар нь түлхээд гаргасан. Удаагүй манай хүү Энх-Учралын уйлах чимээ гараад орилохоор нь Охиноогийн гэр лүү ороход хүүгийн хамраас цус гарчихсан, нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Асуухад Идэрээ ах намайг зодчихлоо гэсэн. Охиноогийн гэрээс гараад Идэрээг хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.Ү-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...манай гэрт Идэрээ ах орж ирээд Энх-Учралын хүзүүний арын хэсгээс түлхтэл Энх-Учрал нүүрээрээ савж унаад хамраас нь цус гараад ээжээ гээд орилсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 90 дугаартай “... О.Э-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал цус хуралт үүссэн. Тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/
Шүүгдэгч М.И-ы яллагдагчаар мэдүүлсэн “...дүү Эрдэнэцэцэгийн гэрт ороод Энх-Учралыг ээжийгээ аваад зайл гэж хэлээд шилэн хүзүүнээс нь түлхсэн санагдаж байна, үүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р хуудас/
-Хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-68-р хуудас/
-Хохирол төлсөн баримт /хх-ийн 98-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч М.И нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 4-3 тоотод байсан 6 настай О.Энх-Учралыг хувцаснаас нь барьж авч шкафны хажуу руу савж унаган биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал цус хуралт үүсгэсэн хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 4-3 тоотод М.И нь бага насны О.Энх-Учралыг зодсон үйл баримт хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоогдсон ба нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч М.И нь согтуурсан үедээ бага насны О.Энх-Учралын ээж Ц.Өлзийжаргалтай маргалдан улмаар хажуу айлд байсан О.Энх-Учралыг “ээжийгээ аваад зайл” гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 90 дугаартай “... О.Энх-Учралын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал цус хуралт үүссэн. Тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, хэргийн 47-59 дүгээр хуудаст авагдсан хохирогчийн хэвтэж эмчлүүлсэн тухай баримтууд, зөрчлийн тухай тэмдэглэл холбогдох баримтууд /хх-ийн 09-18/, гэрчүүдийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэч М.Иы үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Энх-Учралын биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч М.Иы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Иыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч М.И нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 4-3 тоотод 6 настай, бага насны О.Энх-Учралыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байна, ялын тухайд өөр саналгүй гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: насанд хүрээгүй хохирогч О.Энх-Учрал, түүний хууль ёсны төлөөлөгч нарт шүүгдэгч 178,000 төгрөг төлсөн бөгөөд хууль ёсны төлөөлөгч Ц.Өшүүх хуралдаанд “...Хүүхэд жаахан байгаа тул одоохондоо хамрыг засаж болохгүй гэсэн. Эмийн эмчилгээ л хийсэн байгаа. Цаашид хамраа засуулах болбол зардлыг Идэрсайханаас нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул цаашид гарах зардлыг нэхэмжилэх эрхийг шийдвэрт заах үндэслэлтэй байна. Бага насны О.Энх-Учралын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл үүссэн ба БОЭТ-д хэвтэн эмчлүүлэхдээ эмийн эмчилгээ хийлгэсэн болох нь шинжээчийн дүгнэлт өвчний түүх зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.И-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ