Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Л.Э,

хохирогч Л.О,  

шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Н-ийн Ш-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000096 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Н.Ш нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 7-3 тоот хашааны гадна байсан Л.О-ййн эзэмшлийн 73-40УНҮ улсын дугаартай Киа Лотзэ загварын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг удахгүй төлнө.” гэв.

Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 7-3 тоот хашааны гадна 73-40УНҮ дугаартай тээврийн хэрэгслээ асаалттай орхиод аавындаа орчихоод буцаад гараад ирэхэд машин байгаагүй. “Машинаа битгий хөдөлгөөрэй” гэсэн тул өнөөдрийг хүртэл машинаа хөдөлгөөгүй, хохирлын баримтуудаа гаргаад өгсөн байгаа, хохирлоос 200.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан, үлдсэн хохирлоо яаралтай гаргуулж аваад машинаа засуулмаар байна.” гэв.

Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 7-3 тоот хашааны гадна өөрийн 73-40УНҮ улсын дугаартай “Kia Lotze” маркийн тээврийн хэрэгслийг түлхүүрээр нь хөдөлгүүрийг асаан орхиж, уг хаягт байрлах аав Л-ийн гэрт орчихоод хүүхдээ аваад 3 минут орчим болоод эргээд гарч ирэхэд миний машин байгаагүй тул цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар миний машиныг Булган аймаг руу орох пост орчмоос олсон...тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гэмтэж асахгүй байгаа, рулийн аппарат эвдэрсэн, радиатор хагарсан, зүүн хойд талын дугуй хагарсан...явах эд ангийн оношлогоонд оруулж, учирсан эвдрэл гэмтэлд үнэлгээг гаргуулж, гарсан үнийн дүнг буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлтэй байна. ...Ш гэх залуу миний дансаар 200.000 төгрөг төлсөн, нийт нэхэмжлэх мөнгө 2.000.000 төгрөг байгаа, хохирол мөнгөө авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-16, 18/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэж байхад 14.45 цагт цагдаагийн газрын 102 тоот утсанд  Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 7-3 тоот хашааны гадна талаас 73-40УНҮ улсын дугаартай “Kia Lotze” маркийн тээврийн хэрэгсэл бусдад алдагдсан гэх дуудлага, мэдээлэл ирсэн. ...Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчаас миний гар утас руу залган “73-40УНҮ улсын дугаартай “Kia Lotze” маркийн тээврийн хэрэгслийг Орхон аймаг Баян-Өндөр сумаас Булган аймаг руу явах засмал замд байдаг цагдаагийн постоос хойд зүгт салсан замаас саатууллаа” гэсний дагуу өөрийн биеэр уг газарт очиж тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.Ш-ыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Н.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан...саарал өнгийн жижиг тэрэг хаалга нь онгорхой, дотроо түлхүүр нь зоолттой байсан...нэг мэдэхэд Булган аймгийн нутаг Зоон давааны постны ард талд айлд очсон байсан. Би тэр айлд очсоны дараа машин халаад байхаар нь шалгахад моторны дээд хэсгээр тос хаясан байсан тул машиныг эвдрэх нь гэж бодоод орхиод явах гэтэл цагдаа нар ирсэн. ...Яргуйт толгод руу явах ямар нэгэн санаа зорилго байгаагүй, согтоод л явсан байх, хамгийн сүүлд Булганы постны ард цагдаад баригдсанаа санаж байна. ...Би машин хулгайлсан асуудлаа огт санахгүй байгаа, хулгайлж унаж яваад тэр машиныг эвдэлсэн асуудлаа мэдэж байна. ...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, тээврийн хэрэгслийн хохирол мөнгийг бололцоогоороо төлж барагдуулна. Хохирлын мөнгөнөөс 200.000 төгрөгийг өөрийн ээж Н-ээс шилжүүлүүлж хохирогчийн дансанд хийлгэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-28, 87-88, 90/,

Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Булган аймгийн Зоон давааны хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байх үед постны ардуур саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл гараад явсан. ...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр араас нь хөдөлсөн, биднийг хөдлөх үед уг тээврийн хэрэгслийн бараа нь харагдахгүй байсан ба их хэмжээний утаа гарч байсан. Тэгээд араас нь явж байтал уулын бэлд байрлах айлын гадаа зогсож байсан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн жолооч болох Н.Ш-ыг шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооны үнэмлэх байгаагүй бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-44-46/,

Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу Замын цагдаагийн тасгийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Булган аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас “73-40УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Орхон аймгаас хулгайлагдсан тул эрэн сурвалжилж ажилла” гэж хэлсэн. ...ахлах дэслэгч Б.Ө-ын хамтаар үүрэг гүйцэтгэж байх үед постны гадуур саарал өнгийн жижиг тэрэг гараад явсан. Зоон давааны постны бетонон гүүрэн дээр очиж байрлатал тухайн машин буцаж эргээд мод үржүүлгийн зүг хурдтай явсан, тэр үед машины урд хэсгээс их хэмжээний утаа гарч байсан учир бид хоёр араас нь 2-3км зайтай дагаж явсан. Удалгүй уулын бэлд байрлах айлын гадаа тухайн тээврийн хэрэгсэл зогсож, жолоочийг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгсөн бөгөөд өөр бичиг баримт байгаагүй, Н.Ш гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-49-51/,  

Гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-13/,

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-59/,

Иргэн Л.О-с авто оношлогооны төлбөрт 88.000 төгрөг төлсөн баримт /хх-61/,

73-40УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хх-70/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №95 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.630.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-72/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-73-74/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №1000662 дугаартай “...73-40УНҮ улсын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн, “Kia Lotze” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов.” гэсэн автомашины техникийн үнэлгээ /хх-77-79, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-80/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Хүн, эд зүйл эрэн сурвалжлах тухай” албан бичиг /хх-93/,

Гэмт хэргийг Н.Ш үйлдсэн болохыг илрүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-96/,

Н.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-106/,

Н.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-117/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-119-122/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Ам бүлийн тодорхойлолт” /хх-125/,

Н.Ш-аас У.А-ийн Хаан банкны 5090640131 тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-127/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Н.Ш нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 7-3 тоот хашааны гадна байсан Л.О-ийн эзэмшлийн 73-40УНҮ улсын дугаартай “Kia Lotze” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Н.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.О-ийн “...Би 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед ...өөрийн 73-40УНҮ улсын дугаартай “Kia Lotze” маркийн тээврийн хэрэгслийг түлхүүрээр нь хөдөлгүүрийг асаан орхиж, аав Л-ийн гэрт орчихоод хүүхдээ аваад 3 минут орчим болоод эргээд гарч ирэхэд миний машин байгаагүй.” гэх,

гэрч Б.М-ийн “...73-40УНҮ улсын дугаартай “Kia Lotze” маркийн тээврийн хэрэгсэл бусдад алдагдсан гэх дуудлага, мэдээлэл ирсэн. ...өөрийн биеэр уг газарт очиж тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.Ш-ыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт авч ирсэн.” гэх,

Н.Ш-ын “...саарал өнгийн жижиг тэрэг хаалга нь онгорхой, дотроо түлхүүр нь зоолттой байсан...нэг мэдэхэд Булган аймгийн нутаг Зоон давааны постны ард талд айлд очсон байсан. ...Яргуйт толгод руу явах ямар нэгэн санаа зорилго байгаагүй, согтоод л явсан байх, хамгийн сүүлд Булганы постны ард цагдаад баригдсанаа санаж байна.” гэх,

гэрч Б.Ө-ын “...Булган аймгийн Зоон давааны хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байх үед постны ардуур саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл гараад явсан. ...Тухайн үед уг тээврийн хэрэгслийн жолооч болох Н.Ш-ыг шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооны үнэмлэх байгаагүй.” гэх,

гэрч Г.А-ийн “...Булган аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас “73-40УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Орхон аймгаас хулгайлагдсан тул эрэн сурвалжилж ажилла” гэж хэлсэн...уулын бэлд байрлах айлын гадаа тухайн тээврийн хэрэгсэл зогсож, жолоочийг шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгсөн бөгөөд өөр бичиг баримт байгаагүй.” гэх мэдүүлгүүдээр болон

гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэн Л.О-иас авто оношлогооны төлбөрт 88.000 төгрөг төлсөн баримт, 73-40УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №95 дугаартай үнэлгээний тайлан, мөн өдрийн №1000662 дугаартай автомашины техникийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Хүн, эд зүйл эрэн сурвалжлах тухай” албан бичиг, гэмт хэргийг Н.Ш үйлдсэн болохыг илрүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, Н.Шижирбаяраас У.А-ийн Хаан банкны 5090640131 тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүх шүүгдэгч Н.Ш-ын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шууд санаатай, шунахай сэдэлтэй, мөн хохирогчтой ямар нэгэн харилцаагүйгээр автомашиныг нь авсан, улмаар хохирогчийн өмчлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч Л.О гэм буруутай этгээдээс 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 73-40УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.630.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №95 дугаартай үнэлгээний тайланг,

мөн хохирогчоос гаргаж өгсөн хавтаст хэргийн 60, 71, 75 дугаар талд авагдсан 223.000 төгрөгийн, нийт 1.853.000 төгрөгийн баримтыг шүүх үнэлсэн болно.

Дээрх баримтуудаар тогтоогдсон 1.853.000 төгрөгөөс шүүгдэгч Н.Ш-ын 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан 200.000 төгрөгийг хасч нийт үлдэх 1.653.000 төгрөгийг шүүгдэгч Н.Ш-аас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй, харин нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 147.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүгдэгч Н.Ш-ыг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч Н.Ш нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хугацаагаар оногдуулж өгөхийг хүсье” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгч Н.Ш-ын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоос 200.000 төгрөгийг төлснийг, мөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...ковид өвчний улмаас ажил эрхлээгүй, сая ажлын санал орж ирсэн тул өнөөдрөөс эхлээд хохирогчийн хохирлыг төлнө” гэсэн мэдүүлгийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж,

шүүгдэгч Н.Ш шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял байдаг тул шүүгдэгчийн гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, мөн хохирогчид учруулсан хохирлыг богино хугацаанд төлүүлэх үүднээс хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ш-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах  зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ш овогт Н-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ыг хоёр зуун дөч /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай арван долдугаар бүлэгт зааснаар Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Н.Ш-т хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-аас 1.653.000 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт Хөтөлийн 7-1 тоотод оршин суух, /РД;ФМ85080611/ хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-д олгож,

          шүүгдэгч Н.Ш нь хохиролд 200.000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, нэхэмжлэлээс 147.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.Э