| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.А-И,
шүүгдэгч Д.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 2119000000076 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 2 дугаар төрөхөд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дорноговь аймаг Айраг сум 1 дүгээр баг Буржгар гэх газар “Орбис-Унум” ХХК-д автомеханикч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Налайх дүүрэг 6 дугаар хороо зурхайчийн ам гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Д-ийн Г /РД:ЧЙ67122177/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Д.Г нь Дорноговь аймгийн Айраг сум 1 дүгээр баг Бужгар гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Наранбаатартай эд зүйлээс болж маргалдан улмаар унтахаар хэвтэж байхад нь баруун бугалга, хэвлийн хэсэгт нь тус бүр нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. 0,75 граммын архи уугаад л ийм асуудал болсон. Өөрийн байрлаж байсан гэрээс хутга авчирсан байсан. Н миний нүдийг цохисноос л ийм асуудал болсон. Би бачимдаад байсан. Би буруу зүйл хийсэн. Гарын шуу болон хэвлийн хэсэгт хутгаар хутгалсан. Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй. Одоо хохирогчийн биеийн байдал гайгүй. Барилга дээр ажиллаж байгаа гэсэн. Хохиролд 3.000.000 төгрөг өгсөн. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Г-ынд ороход Б, Н, Г нар 0.75 литрийн хараа архийг задлаад ууж байсан. Г намайг гэртээ харьж амар Б, Нг бид гурав юм ярьж байна гээд дургүйцээд байхаар нь би яваагүй архинаас нь хамт хуваалцаж уух гээд гэрээс гараагүй. Г намайг архинаас хуваалцаж ууж байгаад дургүй байсан. Эхний 0.75 литрийн архи хувааж ууж дуусаад бид нар 0.5 литрийн архи хувааж уусан. Үргэлжлүүлээд 2.5 литрийн пиво хувааж уусан. Архи пиво бүгдийг нь ууж дуусгаад бид нар тарах гэж байтал Ганболд намайг үгээр өдөөд хэл амаар доромжлоод хүний юмыг зөвшөөрөлгүй чи авсан байна лээ наадах чинь хулгай шүү гээд намайг хулгайч гээд байхаар нь уур хүрээд Г-ын нүүр хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон, тэгээд би шууд амрах гэр рүүгээ явсан. Гэртээ ороод орондоо ороод амрах гэж байтал Г орж ирээд гэрт үглээд унтуулахгүй байсан. ...Тэгээд хамт амьдардаг М, И хоёр Г-ыг гэр рүү нь явуулсан ба шууд унтсан. Намайг унтаж байхад Г гэрээсээ хутга авч ирээд миний баруун бөөр хэсэг рүү нэг удаа баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Миний хамт амьдардаг Мөнхбаатар, Ичинноров нар Ганболдыг салгаж аваад миний подволкыг урж цус гарч байгаа хэсэгт дарж тогтоосон. А.Н миний бие Д.Г-оос гэмт хэргийн улмаас хохирол төлбөрийн 3.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 33-34, 90 ху/,
-Гэрч М.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Н-аа хоёулаа гараад уулзъя орноосоо босоод ир гаръя гэхэд Н босохгүй болохоор нь Гочоод шилэн хүзүүн дээрээс нь татаад хоёулхнаа уулзъя босоод ир гээд дугтрахад Н босож ирээд тэр 2 ноцолдоод миний орон дээр ирсэн. Тэгэхэд би Н-ыг салгаад И Г-ыг салгаад авсан. Г гартаа хутга барьсан байсан. Н ах миний нуруу хэсгийг хардаа яасан байна ёоё гээд ёолоод байсан. Тэгээд нуруу хэсгийг нь хартал баруун бөөр хэсэгт нэг удаа хутгалж баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгалсан байсан. И бид 2 цусыг нь тогтоох гээд подволкыг нь урж гарыг нь боогоод үлдсэн хэсгээр нь бөөрөнд нь дарж цусыг нь тогтоосон. Тэгээд би уурхайн дарга Б-ыг дуудаж оруулж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,
-Гэрч Г.И-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Удалгүй Г дахин гэрт орж ирээд Н-аа гаръя, уулзъя гараад ир, ярих юм байна гээд дуудаад салахгүй байхаар нь Н ах яах гээд байгаа юм би гарахгүй чи явж үз И-оо наадхаа гарга амаръя гээд орноос босохгүй байсан. Тэгэхээр нь Ганболд, Н-ыг босоод ир гөлөг минь чамайг харъя чи намайг хэзээ ч барахгүй гээд хараалын үг хэлээд Н-ыг орноос нь татаад босгосон. Н ах ч тэр хооронд өөдөөс нь босож ирээд зууралдаад, ноцолдсон. Тэгэхээр нь М-Э бид 2 Г, Н хоёрыг салгаад Гыг гэрийн хойд хэсэгт газар суулгасан. Наранбаатар ах надад хандан миний дүү миний бөөр рүү хардаа халуун оргиод байхын наад Г пизда чинь намайг хутгалчихлаа гэсэн, тэгэхээр нь би Наранбаатар ахыг орон дээр хэвтүүлээд подволкыг нь сөхөөд хартал Наранбаатар ахын баруун талын бөөр хэсэгт хутгалсан байсан цус ихээр гарч тогтохгүй байсан, мөн баруун гарын булчин хэсэгт хутгалсан байсан цус ихээр гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,
-Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Хоолоо идэж дуусчхаад Баярсүрэн, Ганболд ах бид 3 ажил дуусаж байна маргааш явах болохоор өнөөдөр жаахан юм ярьж сууя гээд Ганболд ахын гэр рүү орсон. Эхлээд архи задлахаар нь би архи уухгүй, пиво ууя гээд пиво уусан. Удалгүй Н гэрт орж ирсэн тэгээд Г, Б Н нар архиа хувааж уусан би пиво уусан. Г ах Н-ыг чи хүний юманд дураараа хүрч болохгүй миний ажлын цамцыг зөвшөөрөлгүй авч өмссөн байна лээ гээд загнаж, хэрүүл маргаан үүсгэсэн, тэгэхээр нь би согтуу хүмүүстэй юугаа хийх вэ гээд гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Өглөө 4 цагийн орчимд Наранбаатарын гэрт хамт байдаг И манайд орж ирээд Н ахыг Г ах хутгалчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,
-Яллагдагч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би гэр рүү ороод хутгаа аваад Н-ыг айлгах санаатай гэр рүү нь орсон тухайн үеийн уур бухимдал, бачуурлаас болж би Н-ыг 2 удаа хутгалсан. Би Н-ыг хутгалсандаа уучлал гуйж байна. Би хутгалсандаа үнэхээр их гэмшиж байна. Миний буруу. А.Н-т нийт 3.000.000 төгрөг өгч, хохирлыг барагдуулсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч, туслалцаа үзүүлнэ үү гэсэн мэдүүлэг /хх 92, 95 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0120 дугаартай дүгнэлтэнд:
1. А.Н-ын биед баруун бугалга, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх-47 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5 ху
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10 ху/
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 35 ху/
-Яаралтай тусламжийн хуудас /хх 41-42 ху/
-Өвчний түүх /хх 52-79 ху/
-Д.Г-ын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 86-92 ху/
-Хохирол хүлээн авсан баримт /хх 90 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 101 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сум 1 дүгээр баг Бужгар гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Н-
тай эд зүйлээс болж маргалдан улмаар унтахаар хэвтэж байхад нь баруун бугалга, хэвлийн хэсэгт нь тус бүр нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би гэр рүү ороод хутгаа аваад Н-ыг айлгах санаатай гэр рүү нь орсон тухайн үеийн уур бухимдал, бачуурлаас болж би Наранбаатарыг 2 удаа хутгалсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Н-ын “...намайг унтаж байхад Г гэрээсээ хутга авч ирээд миний баруун бөөр хэсэг рүү нэг удаа баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Миний хамт амьдардаг М, И нар Г-ыг салгаж аваад миний подволкыг урж цус гарч байгаа хэсэгт дарж тогтоосон” гэсэн /хх 33-34 ху/ мэдүүлэг,мөн гэрч М.М-Э-ийн “...Г очоод шилэн хүзүүн дээрээс нь татаад хоёулхнаа уулзъя босоод ир гээд дугтрахад Н босож ирээд тэр 2 ноцолдоод миний орон дээр ирсэн. Тэгэхэд би Н-ыг салгаад И Г-ыг салгаад авсан. Г гартаа хутга барьсан байсан. Наранбаатар ах миний нуруу хэсгийг хардаа яасан байна ёоё гээд ёолоод байсан. Тэгээд нуруу хэсгийг нь хартал баруун бөөр хэсэгт нэг удаа хутгалж баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгалсан байсан” гэсэн /хх 21 ху/, Г.И-ын “...Г, Н-ыг босоод ир гөлөг минь чамайг харъя чи намайг хэзээ ч барахгүй гээд хараалын үг хэлээд Наранбаатарыг орноос нь татаад босгосон. Н ах ч тэр хооронд өөдөөс нь босож ирээд зууралдаад, ноцолдсон. Тэгэхээр нь М-Э бид 2 Г, Н хоёрыг салгаад Г-ыг гэрийн хойд хэсэгт газар суулгасан. Наранбаатар ах надад хандан миний дүү миний бөөр рүү хардаа халуун оргиод байхын наад Ганболд пизда чинь намайг хутгалчихлаа гэсэн, тэгэхээр нь би Наранбаатар ахыг орон дээр хэвтүүлээд подволкыг нь сөхөөд хартал Наранбаатар ахын баруун талын бөөр хэсэгт хутгалсан байсан цус ихээр гарч тогтохгүй байсан, мөн баруун гарын булчин хэсэгт хутгалсан байсан цус ихээр гарч байсан” гэсэн /хх 12-13 ху/, Д.Н-ийн “...Г ах Н-ыг чи хүний юманд дураараа хүрч болохгүй миний ажлын цамцыг зөвшөөрөлгүй авч өмссөн байна лээ гээд загнаж, хэрүүл маргаан үүсгэсэн, тэгэхээр нь би согтуу хүмүүстэй юугаа хийх вэ гээд гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Өглөө 4 цагийн орчимд Наранбаатарын гэрт хамт байдаг И манайд орж ирээд Н ахыг Г ах хутгалчихлаа гэж хэлсэн” гэсэн /хх 18 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун бугалга, хэвлийн шарх гэмтэл учирсныг тогтоосон 02/0120 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч А.Н-т 3.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ганболд нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, 23 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 140.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, 23 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА