Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ……… овогт О-д холбогдох 2121000000103 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …… оны …… дугаар сарын …..-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, …… настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ………… тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ……. овогт О /РД: …………/.

            Шүүгдэгч О нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Цантын хүр” гэх газарт иргэн Ц-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, заамдаж ор мөргүүлэх, толгойн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            -мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах …… тоотод гэртээ эд зүйлсийг авч шидэх, цонх хагалах, хаалгаа эвдэх, төрсөн эх Н-гийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд босоод цай чанаад байж байхад хүү О гаднаас орж ирээд шууд үгийн зөрүүгүй уурлаж хашгираад “та нар энд жаргаж байна уу, миний хүүхэд тэнд хадмынд зовж байна” гээд орилохоор нь би хүү О-ын гарнаас бариад “юу болсон бэ миний хүү” гэсэн чинь “чамд хамаагүй” гээд ******* эгч рүүгээ бахираад орилоод байсан. Би охиноо өмөөрөх гээд О-ын гарнаас дахиад бариад авсан чинь намайг түлхээд шууд миний нүүр рүү 2 удаа гараа зангидаж байгаад намайг цохиод авсан. Тэгээд миний толгой эргээд яг унах гэж байхад манай охин ******* О-д хандаж “чи ээжийг алах чинь дутаа юу, яагаад агсам тавиад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь О бүүр нэмээд “агсам тавина” гэж энийг хэлдэг юм гээд орилж чарлаад гэрийн гаднах модон хаалгыг эвдэж гараад гэрийн бүх цонхыг тоосгоор хагалсан. О бүх эд хөгшил эвдээд гараад явсан. Тэгээд манай охин ******* цагдаад дуудлага өгсөн. ...О гэрт орж ирээд миний толгой руу 2 удаа гараа зангидаж байгаад цохиод авсан. Тэгээд миний хөл рүү өшиглөсөн. Миний бугалганаас базаад бариад авахад миний гар хөхөрсөн байсан /ихэр татан уйлав/ ...О гэрт орж ирээд орилж чарлаад “та нар энд жаргаж байна уу, миний хүү тэнд хадмынд зовж байна” гээд бахираад байхаар нь “яагаад орилоод байгаа юм бэ, миний хүү” гэсэн үгийн зөрүүгүй “бүгдийг чинь ална” гээд намайг шууд толгой руу 2 удаа цохиод авсан. Бас намайг өшиглөсөн чинь гуя хөхөрчихсөн байсан /дахин нулимс дуслуулан уйлав/. ...Гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 18-22/

            Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О манай гэрт 2021 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед ирээд О манай охин ******* хоёрын дундаас гарсан 3 настай ******* авч явна гээд байсан. Тэгэхээр нь би О-д өгөхгүй гэсэн чинь шууд уурлаад үгийн зөрүүгүй миний толгой руу 4-5 удаа эхлээд гараа зангидаж байгаад цохисон. Бас намайг заамдаж байгаад ор мөргүүлээд зодчихсон. Тэгээд О-д толгойдоо цохиулсны улмаас миний толгой эргээд ухаан балартаад явчихсан. Би өөрөө орилж бахирч байж нэг юм амь аврагдсан. ...О-д зодуулсандаа маш их гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 55-56/

            Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед төрсөн дүү О гаднаас орж ирээд “та нар энд жаргалтай байна уу, миний хүүхэд тэнд хадмынд зовж байна” гээд орилоод бахирчихсан. ...О гаднаас орж ирээд гэрийн хамаг эд зүйлийг эвдээд байхаар нь ээж Н төрсөн дүү О-ыг болиулах гээд гарнаас нь барьсан чинь ээжийн гарыг болиулаад шууд О ээжийн нүүр рүү гараа зангидаж байгаад 2 удаа цохиод авсан. Тэгээд ээжийн баруун гуя руу өшиглөчихсөн. ...О өөрөө “агсам ингэж тавьдаг юм” гээд гэрийн бүх эд зүйлийг авч шидээд эвдэж сүйтгээд хувцасны шүүгээний хаалгыг эвдээд ус буцалгагчийг эвдээд гэрт байсан зааныг хагалаад гэрийн гадна хаалгыг нугасаар нь эвдээд гаднах бүх цонхыг хагалчихсан...” гэжээ. /хх-ийн 34-35/

            Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг харж байхад О нь манай ээж Ц-г заамдаж байгаад толгой руу нь 4-5 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд манай ээжийг үснээс нь доош дарж байгаад толгойгоор нь ор мөргүүлээд, ээжийн дээр гарч байгаад нуруу руу нь хөлөөрөө өвдөглөөд зодоод би О-ыг салгах гээд дийлэхгүй бүүр аргаа бараад гадаа байгаа ******* ах, О-тай хамт ирсэн хоёр хүмүүст хэлж дуудаад О-ыг салгасан. Хэрвээ манай гэрт эрэгтэй хүн байхгүй байсан бол О манай ээжийг үргэлжлүүлээд зодоод байх байсан...” гэжээ. /хх-ийн 64-65/

            Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц эгчийн нөхөр ******* гарч ирээд машин дотор юм яриад сууж байхад О буцаад гэр рүү орчихсон. Тэгээд байж байсан чинь Ц эгчийн охин ******* гэрээс гарч ирээд “О ээж Ц-ээг зодоод байна, салгаад өгчих” гэж хэлэхээр нь жижиг Н, М ах бид гурав гэр рүү орсон. Гэрт нь ороход О, Ц хоёр маргалдаад байж байсан. О Ц эгчийг алгадаад авсан гэж байсан. ...Тэгээд жижиг Н бид хоёр О-ыг аваад гадагшаа гарсан. Гэрээс гараад О-аас юу болсон талаар асуухад Ц эгч О-ын хүү М бөгсөн дээр алгадаад авсан гэсэн. Тэгэхээр нь уур нь хүрээд тэсэлгүй О хадам ээж Ц-ийн нүүр рүү алгадсан гэж байсан...” гэжээ. /хх-ийн 70-71/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 160 тоот дүгнэлтэд:

            1. Н-гийн биед тархи доргилт, баруун нүдний дотор склер, баруун хацар, зүүн шанаа, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 38-39/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 148 тоот дүгнэлтэд:

            1. Ц-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 74-75/

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 112/

          Насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 28-32/

          Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 67-68/

          О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46, 80-81, 124-125/

          Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ЗШ/110 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 126-129/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот дүгнэлт /хх-ийн 93-94/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/

          О-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 110/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч …….. овогт О нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Цантын хүр” гэх газарт хохирогч Ц-тэй маргалдан зодож түүний биед тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өдөр 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ……………. тоотод байх гэртээ эд зүйлсийг авч шидэх, цонх хагалах, хаалгаа эвдэх зэргээр хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Нгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед тархи доргилт, баруун нүдний дотор склер, баруун хацар, зүүн шанаа, баруун гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хадам ээж миний хүүхдийн бөгсөн дээр нь алгадаад авахаар нь миний уур хүрээд хадам ээж Ц-ийг барьж аваад зууралдаад ноцолдоод би хадам ээжийн дээд талд гараад толгой руу нэг удаа алгадаад авсан. ...миний уур хүрээд “манай хүүхэд хадмынд зовж байна, та нар энд жаргаж байна уу” гэж хэлээд гэр дотор байсан бурхны судрыг авч газарт шидээд жаазтай зураг, оёдлын машин дээр байсан зааныг авч хагалсан. Тэгсэн чинь миний төрсөн ээж Н намайг боль боль гэж хориод байсан. Тэгээд би тайвширч чадахгүй гэр доторхи эд зүйлийг эвдэлж хагалах явцдаа ээжийг цохисон юм шиг байна. ...Би өөрөө хэтэрхий их уурласан болохоор өөрийгөө бүрэн хянаж чадахгүй улмаар төрсөн ээж Нг нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж тодорхой хохирогч Н, Ц, гэрч Н.*******, насанд хүрээгүй гэрч Б.Баяржаргал, гэрч А.Г, Б.Н, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 148, 160 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, Оын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч О-ын үйлдлийн улмаас хохирогч Ц, Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 148, 160 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Шүүгдэгч О нь тамхины шалтгаант бие хүний сэтгэл хөдөлгөөн тогтворгүй болох сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй боловч өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ойлгож ухамсарлан үнэн зөвөөр тайлбарлах, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О нь хэрэгт шалгагдах хугацаандаа төрсөн гэртээ мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлийн хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц, Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаас гадна шүүгдэгч нь тодорхой хэмжээний эд зүйлийг эвдэж гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх боловч хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, хохирлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч Н, Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч …… овогт О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О-д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц, Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд О-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн …………… регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА