| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0140/э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …….. овогт М-д холбогдох эрүүгийн 2121000000085 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ….. оны ….. дүгээр сарын …..-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, …… настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, …………. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,
мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ……. овогт M /РД: ……………/.
Шүүгдэгч М нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух хохирогч A-н эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 1 ширхэг, үхрийн хэрчсэн мах 6 килограммыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 392.000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух хохирогч У-н гэрт хууль бусаар нэвтэрч skуword маркийн 49 инчийн зурагт, sky маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух Х-н монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Самсунг эс-2 маркийн гар утас, 25 кг үхрийн мах, хонины гулууз, 5 хайрцаг улаан шонхор тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух Х-н Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Нокиа маркийн гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 20.000 /хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 1-27 тоотод оршин суух хохирогч А-н Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 2 кг аарц, 8 кг үхрийн мах, Iphone-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух хохирогч Б-н Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Монел маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 05-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хохирогч Б эзэмшлийн 150 кг үхрийн мах, 130 кг адууны мах, 2 нүдний дуранг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух хохирогч Ү байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Хайсенсе маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух хохирогч Н Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Монел маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод оршин суух хохирогч И байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг дээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хэрлэн Номингийн нийтийн байрны 5 тоотод оршин суух хохирогч Б гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, LG маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн буюу нийт 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 18 дугаар байрны коридорт 5 настай н.Т хохирогч О эзэмшлийн Самсунг эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух хохирогч Г гэрт 5 настай Г.М Redmi Note-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн буюу нийт 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд өөрөө хэргийн материалтай биечлэн танилцлаа. Хавтаст хэрэгт миний үйлдсэн хэргийн талаар үнэн зөв бичсэн байна. Би үйлдсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйл байхгүй. Архи уугаад согтуудаа хулгай хийдэг. Миний буруу. Учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр машинаа янзлуулахаар гадуур явж байхад миний төрсөн дүү Алтантөгс утсаар залгаж “танай гэрт хулгай орсон байна” гэхээр нь шууд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож нь байхгүй, цүү нь сул байсан. Гэрт ороход жижиг хөлдөөгчний дээд талд битүү чанагч дотор хэрчиж бэлтгэсэн буузны мах байхгүй, битүү чанагчийг нь шалан дээр тавьчихсан, хөлдөөгч хоолны шүүгээ зэргийг онгойлгочихсон, гэрийн авдрын цоожийг цүүтэй нь хамт суга татчихсан, ширээн дээр байсан орчин цагийн мөнгөн аяга байхгүй болчихсон байсан. Миний дүү А хашаанд машинаа тавьж байхад манай гэрээс дээгүүрээ улаан шаргал өнгөтэй, доогуураа бараан өнгөтэй ажлын куртиктэй хар өнгийн цүнх үүрсэн, өндөр нуруутай залуу гараад алхаж явахыг харсан талаар хэлсэн...6 кг гаруй махыг бууз хийх зорилгоор хэрчээд бэлтгэчихсэн байсан. Аягыг манай эгч, ах, дүү нараас надад төрсөн өдрөөр маань 1 дүгээр сарын 30-ны орчимд өгсөн шинэ мөнгөн аяга байсан. 320,000 төгрөгөөр авсан гэсэн учраас тэр ханшаар нь үнэлнэ. ...Хэрчсэн махаа буцааж авсан, мөнгөн аяганы үнэ 320,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. /1хх-ийн 11-12/
Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний орой 17 цаг 30 минутын үед дэлгүүр дээрээ ажиллаж байхад гаднаас мөрний хэсэг нь улаан шаргал өнгөтэй, доогуураа бараан өнгөтэй куртиктэй, дунд зэргийн нуруутай, бор царайтай, 30 гаруй насны залуу ганцаараа гаднаас орж ирээд “Таксины жолооч залуу энэ махыг оруулаад тавьчих гэнэ, одоохон ирээд авна гэсэн, танай дүү гэсэн, надад 15,000 төгрөг өгөөд явуулчих гэж байна” гэж хэлээд хар үүргэвчин дотроос хэрчсэн үхрийн мах гаргаад жин дээр тавихад 6 кг гаруй болж байсан. Тэгээд би 15,000 төгрөг өгөөд явуулсан. ...махыг хураагаад авсан. Надаас авсан 15,000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэжээ. /1хх-ийн 16-17, 24-25/
Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны орой 22 цаг өнгөрөөгөөд ажил руугаа явсан. Шөнө 03 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг тоотод байх гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой Skyword маркийн 49 инчийн зурагт, охин Маралын Sky маркийн гар утас алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад гомдол санал байхгүй. Эсээ хочтой М гар утас, зурагтаа зарж үрэгдүүлэхээс нь өмнө гэрээс нь олж авсан...” гэжээ. /1хх-ийн 143, 144-145/
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим манайхан гэрээ түгжээд Шүр зах руу сар шинийн баярын хүнс цуглуулахаар гарсан гэсэн. Тэгээд өдөр 14 цагийн орчим манай ээж, дүү хоёр гэртээ очиход гэрийн цоожний цүүг эвдээд гэрт хулгайч орчихсон байдалтай, хөргөгч онгорхой байсан гэсэн. ...гэрийнхээ болон өөрсдийнхөө эд зүйлийг бүртгэхэд хөлдөөгчин дээр байсан Самсунг Эс 2 маркийн гар утас, хөлдөөгчин дотор байсан хонь, үхрийн мах, 5 хайрцаг улаан шонхор тамхи алга болсон байсан. ...хулгайд алдсан эд зүйлийг аваагүй тул 465,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /1хх-ийн 177-178/
Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчим охин С хамт Шүр зах орох санаатай гэрээ цоожлоод явсан. 14 цагийн орчим гэртээ ирж, охин түрүүлж ороод би араас нь хаалгаа дотроос нь хаагаад очиход манай гэрийн хаалга онгорхой, хаалгаар хүн цухуйснаа урагшаа гүйхээр нь араас нь охин гүйгээд хашааны урд талаас буцаж ирсэн. Тэгэхээр нь ямар хүн байна гэхэд улаан куртиктэй, хар малгайтай нүүрэндээ сорвитой хүн байна гэсэн. Бид хоёрыг ирэхийг мэдээд гэрээс гараад зугтаасан байх. Манай гэрээс авдар дээр байсан хар өнгийн Нокиа маркийн гар утас алга болсон байсан. Зурагтыг авч явах гэж байсан байх, орны бүтээлэг хажууд нь дэлгээстэй байсан. Ганцхан гар утас алга болсон. Гар утсаа 20,000 төгрөгөөр үнэлнэ, нэхэмжилнэ...” гэжээ. /1хх-ийн 209-215/
Насанд хүрээгүй гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ээж Х хамт захаас 14 цагийн орчим буцаж хашааныхаа хойд хаалгаар ороод пингийн хажуугаар алхаж байсан чинь манай гэрээс нэг эрэгтэй хүн намайг ирж байгааг хараад хашааны урд хаалгаар гүйгээд гарсан. ...Нүүрэн дээрээ сорвитой, 170-180 см өндөртэй, 30 орчим настай ах байсан. Улаан өнгийн малгайтай хүрэм, хар өнгийн ноосон малгай, хар өмд өмссөн, сурагч ягаан өнгийн пүүзтэй байсан...” гэжээ. /1хх-ийн 216-217/
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим би гэртээ гал түлчихээд Сувд зах руу лангуун дээрээ суухаар гэрээ түгжээд гарсан. Орой 18 цагийн орчимд нөхөр хүүхдүүдийн хамтаар гэртээ очтол цоож гогцоо төмөр дээрээ тогтоод хаалганаас дүүжлэгдээд унжчихсан байсан. Тэгээд гэр лүүгээ ортол манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд хөргөгчин дотор байсан 8 кг үхрийн мах, 2 кг аарц болон стенкний урд байсан энгийн IPhone 7 маркийн гар утас алга болсон байсан. Алдсан эд зүйлээ аваагүй...нийт 453,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. /2хх-ийн 1-2/
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний охин Э хорт хавдар тусч бид 2020 оны 12 дугаар сарын 12-ноос хойш Улаанбаатар хотод байна. Би хот руу явахдаа төрсөн эгч А гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эгч утсаар яриад танай гэрт хулгай орж 42 инчийн Монел зурагтыг хулгайлсан байна гэж хэлсэн. ...Зурагтаа авмаар байна. Зурагтаа авбал өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /2хх-ийн 35-36/
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний төрсөн дүү Б охин Эг эмнэлэгт үзүүлэх шалтгаанаар гэр бүлийн хамт Улаанбаатар хот руу явсан. Өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б гэр рүү очиход гэрийн хаалга болон таамбар нь түгжээтэй байсан. Түлхүүрээр цоожийг нь онгойлгоод гэрт ороход тавиур дээр байсан хар өнгийн 42 инчийн Монел зурагт алга байсан...” гэжээ. /2хх-ийн 41-42/
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган сумаас сувай үнээ болон шүдлэн адууны 8 шуудай мах авчирч бэр эгч О-н байшинд хийсэн бөгөөд 02-ны өдөр ирэхэд тухайн байшинд хулгай орчихсон байсан. Шуудайтай махнууд болон авдар дотор байсан Чех улсад үйлдвэрлэсэн шар алаг өнгийн 2 нүдний дуран алга болсон байсан. ... би гомдолтой байна. хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. хохирлоо яаж нөхөн төлүүлэх нь тодорхойгүй үйлдэж байна...” гэжээ. /2хх-ийн 104-105, 116-117/
Хохирогч Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08 дугаар сард Улаанбаатар хот яваад тэндээ байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт ирсэн. Гэртээ ирэхэд гэрт байсан 42 инчийн Hisense маркийн өнгөт зурагт маань байхгүй болохоор нь охин С-с асуухад 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танай гэрт хулгай орж зурагтыг чинь аваад явсан гэж хэлсэн. ...Би алдсан зурагтаа хүлээж авсан боловч тухайн зурагтны баруун доод булан хагарсан, зурагтны баруун хэсэг нь харагдахгүй тал гарч байсан. Гэхдээ надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /2хх-ийн 157/
Иргэний нэхэмжлэгч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим авга ах А утсаар залгаад таксигаар үйлчлүүлсэн залуу зурагт зарна гэнэ, чи үзэх үү гээд гэрт ирж зурагт үзүүлсэн. Зурагтыг асааж үзэхэд доод хэсэг нь хагарч баруун хэсэг нь цуурч судал татсан байсан болохоор нь авахгүй гэхэд авчих гээд гуйгаад байхаар нь 30,000 төгрөгөөр авсан. ...ингээд удаагүй байтал хэд хоногийн дараа цагдаа нар утсаар ярихаар нь зурагтыг аваачиж өгсөн. Би 30,000 төгрөгөө зурагт зарсан хүнээс буцааж авсан учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэжээ. /2хх-ийн 162 , 172/
Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт Баянтүмэн сумын 3 дугаар баг Өлзийт гэх газарт байх малруугаа яваад 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд хашааны хаалга онгойчихсон, гэрийн хаалга дутуу хаагдсан байхаар нь хашаан дотроо орж гэрийн хаалгыг ойртож харахад хаалганы цүү эвдэрсэн байсан. Тэгэхээр нь гэрт хулгай орж гэж бодоод хаалгыг бага зэрэг онгойлгож харахад гэрийн баруун талын хананд зурагтын тавиур дээр байсан зурагт алга болчихсон байсан. ...тухайн өдөр цагдаагийн хамтаар Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ломбарданд очиж зурагтнуудыг үзэхэд манай зурагт байсан. ...зурагтаа буцааж авсан” гэжээ. /2хх-ийн 228-229, 245-246/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 19 дүгээр байрны орцны үүдэнд Д гээд найзыгаа хүлээгээд зогсож байхад нэг залуу хар өнгийн зурагт тэврээд явж байхаар нь асуухад барьцаанд тавина гэхээр нь ойрхон ломбардаар цуг ороход удирдлагагүй гээд авахгүй байхаар нь би наад зурагтыг чинь 40,000 төгрөгөөр авъя, маргааш ирээд мөнгөө аваарай гэж хэлээд зурагтыг нь гэртээ орхиод би мөнгө олж өгөхөөр тэр залуутай гадагш гарсан. Тэгээд тэр залуу манай гэрийн гадаа үлдээд би мөнгө олж ирэхээр явсан боловч би тэр өдөртөө гэртээ эргэж очоогүй...” гэжээ. /2хх-ийн 49-50/
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үдийн хойно нэг залуу өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагаагаар 40 инчийн Монел зурагтыг 230,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...тэр залуу нүүрэндээ нэлээн урт нарийхан бараан өнгөтэй тод сорвитой байсан...” гэжээ. /2хх-ийн 240-242/
Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай “Оюу их ундрах” ХХК-ийн “Ундрах” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг. М нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 40 инчийн Монел маркийн хар өнгийн зурагтыг 230,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манай байгууллага 10 хувийн хүүтэй зээл олгодог бөгөөд манай газарт 253,100 төгрөгийн хохирол учирсан байна. ...Тухайн үед манай ажилтан Л.О ажиллаж байсан. ...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр М ажиллаж байхад М гэх хүн ирээд миний зурагт гэж хэлээд 55 инчийн LG маркийн зурагтыг барьцаанд тавьж 300,000 төгрөгийн зээл авсан боловч уг хүн нь цагдаагийн байгууллага дээр хулгайн гэмт хэргийн улмаас шалгагдаж байсан бөгөөд манайд тавьсан зурагтыг гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гээд хурааж авсан. Одоогоор манай байгууллагад 300,000 төгрөгийн хохирол учраад байна. ...хохирлоо нэхэмжилнэ” гэжээ. /2хх-ийн 233-234, 3хх-ийн 98/
Хохирогч И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрлэн сумын 10 дугаар баг 216 тоот нь манай гэр бөгөөд хүн амьдралгүй 3 жил орчим болж байна. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Д нь гэрээ очиж эргэхэд хулгай орсон шинжгүй байсан. Харин 2020 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн орчимд гэртээ очиход манай гэрийн хаалга эвдэж ороод эд зүйл хулгайлсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоогийн байдлаар хүрэн өнгийн даавуун гадартай цэнхэр эмжээртэй хонины халцгай дээл, хүрэн өнгийн силкэн гадартай үзүүрсгэн дээл, хүрэн торгон гадартай шинэ сэгсүүргэн дээл алдагдсан байна. Уг алдагдсан дээл нь бүгд эрэгтэй хүний дээл байсан...” гэжээ. /3хх-ийн 55/
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед эхнэр бид хоёр хамтдаа гэрээс гараад явсан. 13 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой хананд өлгөөтэй байсан хар өнгийн 55 инчийн LG маркийн зурагт алга болсон байсан. Тухайн үед манай гэрийн коридороор явж өнгөрсөн хүний дүрс хяналтын камерт бичигдсэн байсан. ... цагдаа нар миний зурагтыг хулгайлсан хүн нь ломбарданд тавьсан байсныг олж тогтоон би зурагтаа хүлээж авсан...” гэжээ. /3хх-ийн 95/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 тоот “...шинжилгээнд тэнцэх 1 дугаараар дугаарласан гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд ... бүртгэлтэй М гэгчийн баруун гарын алганы хээтэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 181-188/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот “...зураг 5-д харуулсан гутлын мөр нь хураан авсан цэнхэр өнгийн гутлын улны мөртэй өлмийн урт, өлмийн өргөн болон өлмийн хээний хэмжээ, гутлын өлмий хэсэгт байх хээний элэгдсэн байдлаараа тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 8-9/
Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчим байрны найз М гэрээс хүү Т-г гэр рүүгээ ороод утас аваад ир гээд явуулсан. Ингээд Т миний гар утсыг аваад М-н гэрийн хаалгыг тогшоод хаалга тайлж байсан чинь гэнэт нэг хүн Т-с миний гар утсыг булааж аваад зугтаасан. Тэгээд араас нь хөөсөн боловч гүйцээгүй. ...Самсунг Эс 5 маркийн утас байсан ба 100,000 төгрөгөөр үнэлнэ. ...төлөгдөөгүй учир үнийг нэхэмжилнэ...” гэжээ. /1хх-ийн 57-58, 61-62/
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай 5 настай хүүхэд Маргад миний Redmi Note 8 маркийн гар утсаар юм үзээд хэвтэж байхад манай гэрт гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд манай хүүхдээс “ахдаа утсаа өг” гэж хэлээд миний гар утсыг гарнаас нь авах үед манай эхнэр Б сэрээд харахад дээгүүрээ улаан өнгөтэй ажлын куртиктэй эрэгтэй хүн гэрээс гараад зугтчихсан. Тухайн үед гэрийн хаалга цоожлоогүй байсан ба хашааны хаалга мөн онгорхой байсан. Би араас нь хөөж байхдаа царайг нь харж чадаагүй. ...энэ талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд саяхан цагдаагаас залгаад миний гар утсыг олсон гээд буцааж өгсөн...” гэжээ. /1хх-ийн 85-86/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд 5 настай охин Маргад зурагт үзээд нөхөр бид хоёр зүйрмэглээд хэвтэж байсан. Тэгэхэд “ахдаа утсаа өгчих” гэсэн эрэгтэй хүний дуу гарахаар нь гэнэт сэрээд харахад дээгүүрээ улаан шаргал өнгөтэй куртиктэй залуу манай охин Маргадын гараас үзэж байсан утсыг нь булаагаад гэрээс гараад гүйчихсэн...” гэжээ. /1хх-ийн 94-95/
Иргэний нэхэмжлэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө М манайд хоноод маргааш өглөө нь намайг гар утас ломбарданд тавиад өгөөч гэж гуйгаад байхаар нь 24 нэртэй ломбардад өөрийн нэрээр гар утсыг нь 300,000 төгрөгийн барьцаанд тавьж өгөхөд надад 150,000 төгрөгийг гэртээ нүүрс ав гэж өгсөн. Ингээд утсаа буцааж авахгүй гэхээр нь ломбарднаас аваад 400,000 төгрөгөөр нэг эмэгтэйд зарсан. Гэтэл гар утас зарсан эмэгтэй нь хулгайн утас зарсан байна, утсаа эзэн нь авчихсан, та нар миний мөнгийг төл гэхээр нь 400,000 төгрөгийг нь 2 хуваагаад өгсөн. ...Надад ломбарднаас авсан 150,000 төгрөгийн хохирол учирсан боловч би М-с нэхэмжлэхгүй. Учир нь аав ээж нь нас барсан ядарч яваа хүн байгаа юм...” гэжээ. /1хх-ийн 90-91/
Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 26, 67, 117, 150, 192, 227, 2хх-ийн 09, 75, 131, 200, 3хх-ийн 22, 66, 115/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7, 135-137, 166-173, 206-207, 2447, 2хх-ийн 30-34, 98-100, 148-154, 218-224, 3хх-ийн 51-53, 86-91/
Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23, 112-115, 151, 2хх-ийн 188-189, 3хх-ийн 16-18, 19-21, 109-111/
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 225-226/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-ийн 165-169/
М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 38-41, 71-73, 122-124, 155-157, 196-198, 231-233, 2хх-ийн 18-20, 84-87, 136-138, 207-210, 3хх-ийн 34-36, 76-78, 119-121/
Гэрч А.Ч мэдүүлэг /1хх-ийн 98-99/
Гэрч Х.Д мэдүүлэг /1хх-ийн 106-107/
Гэрч Г.С мэдүүлэг /2хх-ийн 165-166/
Гэрч Г.С мэдүүлэг /2хх-ийн 173-174/
Гэрч Т.А мэдүүлэг /2хх-ийн 177-179/
Гэрч Ө.М-н мэдүүлэг /3хх-ийн 105-106/
Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ, баримт /1хх-ийн 116, 3хх-ийн 27, 113-114/
“Оюу их ундрах” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-ийн 30/
Хохирлын тооцоо /3хх-ийн 163-164/
М-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /3хх-ийн 25/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 122/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар М-ын өмсөж явсан гэх хар өнгийн үдээстэй, ягаан өнгийн Nike Zoom гэсэн бичигтэй 1 хос пүүзийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М-ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч М нь 2020 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг монгол дээлийг хулгайлж, хохирогч И-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод хууль бусаар нэвтэрч, 49 инчийн Skуword маркийн зурагт, Sky маркийн гар утсыг хулгайлж, хохирогч У-д 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод хууль бусаар нэвтэрч, 150 кг үхрийн мах, 130 кг адууны мах, хоёр нүдний дуранг тус тус хулгайлж, хохирогч Б-т 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Монел маркийн зурагтыг хулгайлж, хохирогч Б-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Hisense маркийн зурагтыг хулгайлж, хохирогч Ү 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Samsung S-2 маркийн гар утас, 25 кг үхрийн мах, хонины гулууз, 5 хайрцаг улаан шонхор тамхи зэргийг хулгайлан авч, хохирогч С 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 1-27 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 2 кг аарц, 8 кг үхрийн мах, Iphone-7 маркийн гар утсыг хулгайлж, хохирогч А 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 1 ширхэг, үхрийн хэрчсэн мах 6 килограммыг хулгайлж, хохирогч А 392.000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 40 инчийн Монел маркийн зурагтыг хулгайлж, хохирогч Н 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Nokia маркийн гар утсыг хулгайлж, хохирогч Х 20.000 /хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хэрлэн Номингийн нийтийн байрны 5 тоотод хууль бусаар нэвтэрч, LG маркийн зурагтыг хулгайлж, хохирогч Б 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 11 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авч, нийт 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, тоотоос хохирогч Г Redmi Note-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 18 дугаар байрны коридорт хохирогч О эзэмшлийн Samsung S-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж тодорхой хохирогч А, У, С, Х, А, Т, Б, Ү, Н, И, Б, О, Г, иргэний нэхэмжлэгч Г, А, О, Г, насанд хүрээгүй гэрч Т.С, гэрч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 тоот, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, Мын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, ажил эрхэлдэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч М нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлүүдийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авч, нийт 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан 11 удаагийн үйлдэл болон бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан 2 удаагийн үйлдлүүдийг тус тус үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М-ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч M-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж зааснаар шүүгдэгч М-ын 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэж нийт 7.950.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч И 1.250.000 төгрөгийн, хохирогч У 470.000 төгрөгийн, хохирогч Б 2.050.000 төгрөгийн, хохирогч Б 300.000 төгрөгийн, хохирогч Ү 400.000 төгрөгийн, хохирогч С 465.000 төгрөгийн, хохирогч А 453.000 төгрөгийн, хохирогч А 392.000 төгрөгийн, хохирогч Н 400.000 төгрөгийн, хохирогч Х 20.000 төгрөгийн, хохирогч Б 1.200.000 төгрөгийн, хохирогч Г 450.000 төгрөгийн, хохирогч О 100.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г 15.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч А 30.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г 150.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “Оюу их ундрах” ХХК-ийн захирал О 530.000 төгрөгийн буюу нийт 8.675.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч М-ын зүгээс иргэний нэхэмжлэгч А 30.000 төгрөгийг төлж барагдуулжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд явцад хохирогч У 49 инчийн Skуword маркийн зурагт болон Sky маркийн гар утсыг, хохирогч Ү 42 инчийн Hisense маркийн зурагтыг, хохирогч А 72.000 төгрөгөөр үнэлэгдсэн 6 килограмм үхрийн хэрчсэн махыг, хохирогч Н 40 инчийн Монел маркийн зурагтыг, хохирогч Б LG маркийн зурагтыг, хохирогч Г Redmi Note-8 маркийн гар утсыг тус тус буцаан авсан байна. Харин иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М-аас өөрт учирсан хохирол 150.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж иргэний нэхэмжлэлээсаа татгалзжээ. Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр тооцож шүүгдэгч М-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 5.503.000 төгрөгийг гаргуулж, хохирогч И 1.250.000 төгрөгийг, хохирогч Б 2.050.000 төгрөгийг, хохирогч Б 300.000 төгрөгийг, хохирогч С 465.000 төгрөгийг, хохирогч А 453.000 төгрөгийг, хохирогч А 320.000 төгрөгийг, хохирогч Х 20.000 төгрөгийг, хохирогч О 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г 15.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Оюу их ундрах” ХХК-ийн захирал О 530.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч У, Ү, Н, Б, Г, иргэний нэхэмжлэгч А, Г нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үдээстэй, ягаан өнгийн Nike Zoom гэсэн бичигтэй нэг хос пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М-ад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М-аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 5.503.000 төгрөгийг гаргуулж, хохирогч И 1.250.000 төгрөгийг, хохирогч Б 2.050.000 төгрөгийг, хохирогч Т 300.000 төгрөгийг, хохирогч С 465.000 төгрөгийг, хохирогч А 453.000 төгрөгийг, хохирогч А 320.000 төгрөгийг, хохирогч Х 20.000 төгрөгийг, хохирогч О 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г 15.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Оюу их ундрах” ХХК-ийн захирал О 530.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч У, Ү, Н, Б, Г, иргэний нэхэмжлэгч А, Г нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үдээстэй, ягаан өнгийн Nike Zoom гэсэн бичигтэй нэг хос пүүзийг шүүгдэгч М-ад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ………. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА