Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 478

 

Л.Б, Т.А,

 Ц.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор П.Энхболд,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Тэнгис,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Б, Т.А, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 201725021216 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Б нь Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Ц.Э нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн,

 

Т.А Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Л.Б нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай гялгар уутны хамт 196 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай гялгар уутны хамт 184,9 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Ат НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай уутны хамт 9,7 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 1.4 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

 

Т.А нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Биас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй уутны хамт 9.7 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Ц.Э нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Биас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй уутны хамт 1,4 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Аын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Ц.Эын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Лхагвын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 24.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Бийн цагдан хоригдсон 123 /нэг зуун хорин гурав/ хоног, ялтан Т.Аын урьд цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 23 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 5.520.000 төгрөгийг хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Эод мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний барьцаанд авсан 5.000.000 төгрөгийг Ц.Эод буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 193,9 грамм Мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хурууны лентний хайрцаг 2 ширхэг, зип лок түгжээ бүхий 3 ширхэг тусдаа гялгар ууттай нийлэг тунгалаг өнгийн 1200 ширхэг гялгар уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 6 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монгол банкинд шилжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар ялтан Л.Бийн хүүхэд болох өсвөр насны Г.Төгстөмөрийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг оршин суугаа газрын Засаг даргад даалгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох хэрэгт анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй шууд шүүх хурал хийсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ хэрэгт намайг хилээр хар тамхи оруулсан гэх нотлох баримт хангалтгүй, цаг хугацааны хувьд ч зөрүүтэй байна. Би 2017 оны 3 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос вагоноор явж 3 дугаар сарын 15-ны өглөө Замын-Үүдэд ирсэн. Тэгээд Замын-Үүдээс Эрээн хот орж, хүү Д.Төгстөмөр дээрээ очсон. 2017 оны 3 дугаар сарын 15-нд Эрээн хотоос Бээжин хот руу автобусаар яваад буцаж Замын-Үүдэд 3 дугаар сарын 16-нд ирэх нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй юм. Миний хүү Д.Билгүүн 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед над руу залгасан гэж гэрчилдэг. Эцэг нь нас барчихаад байхад төрсөн эхийг нь хүүгээр нь гэрчлүүлж яллаж байгаа нь хамгийн хатуу шийтгэл санагдаж байна. Миний нөхөр талийгаач Д.Дашдаваа нь 2 дугаар сарын эхээр энэ зүйлийг надад өгч хадгалуулсан байсан. Тухайн үед би нөхрөөсөө айдаг, дарамтанд байсан учраас хэлснээр нь хийдэг байсан. Энэ хэрэг дээр намайг гэрчилж байгаа Г.Учралын байрны түрээсийн хугацаа 3 дугаар сарын 4-ний өдөр дуусч, би оронд нь байрны эзэнд төлбөрөө төлөөд түрээслэх болсон. Намайг энэ байрыг эзэмшиж эхэлснээс хойш Г.Учрал нь байр луу орж, тэр шар ваарны дотор юм байгаа эсэхийг шалгах боломжгүй. Мөн Т.А мэдүүлэгтээ “3 дугаар сарын эхээр Л.Б эгч над руу залгаад мөс авах уу гэж ярьсан” гэсэн байдаг. Энэ нь хар тамхи намайг урагшаа явахаас өмнө хадгалагдаж байсан гэдгийг нотолж байна. Миний нөхөр Дашдаваа нь Ц.Этой хоорондоо юу ярьсныг би мэдэхгүй. Манай нөхөр надад Ц.Э, Т.А нарын дугаарыг өгөөд “наад хүмүүс рүүгээ залгаад энэ юмыг өг” гэж дарамталсан. Надад хар тамхийг хилээр оруулж ирэх тийм их зориг байхгүй. Бодол ч төрж байгаагүй. Миний насны хүн Монгол болон Хятад улсын хил, гааль маш чанга гэдгийг мэдсээр байж хилээр энэ зүйлийг халаасандаа хийгээд орж ирж зүрхлэхгүй. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор шалгаж, хянасны  үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолд авагдсан баримтад Л.Б нь согтуурсан буюу мансуурсан үедээ баригдаж ирсэн даруйдаа өгсөн мэдүүлгээс өөр улсын хилээр сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг нэвтрүүлсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Л.Б нь 51 настай, эмэгтэй. Энэ хэрэгт шалгагдаж, хоригдож байхад нөхөр нь нас барсан бөгөөд 2 хүүтэй. Тухайн 2 хүүгийн өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Том хүү Билгүүн нь хууль эрх зүйн мэдлэггүй, түүнийг тухайн өдөр цагдаагийн албан хаагч нар гавлаж, “одоо чамайг хорилоо” гэж айлгаад төрсөн эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг ойлгох боломжгүй нөхцөл байдалд мэдүүлэг авсан. Тэр мэдүүлэхдээ “ээж Бээжин явсан юм байна лээ” гэсэн байгаа. Харин бага хүү нь Эрээн хотод сурдаг. Энэ мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурдаад, гэм буруутай гэсэн нотлох баримт болгож үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйгээр шүүх авч үзсэн” гэж үзэж байна. 3 дугаар хавтаст хэргийн 127 дугаар талд “ээж ирсэн. Ээж ирэхдээ надтай хамт хоноод, би ээжийг Эрээнээс Замын-Үүд рүү гардаг автомашинд суулгаж өгсөн” гэж мэдүүлсэн. Билгүүний мэдүүлэгт “ээж дүү дээр очоогүй юм шиг байна лээ” гэсэн. Яагаад эх нь том хүүдээ утсаар ярихдаа очоогүй юм шиг байдлаар хэлсэн бэ гэхээр мөнгөний асуудалтай байсан болохоор “ээж очиж амжаагүй байна” гэсэн асуудал болсон. Том хүүг нь мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч миний бие хамт байлцаагүй. Том хүү нь өөрөө “гавласан” гэж хэлсэн. Үүнийг ямар нэгэн үгүйсгэсэн баримт байхгүй. Улсын хилээр нэвтэрсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар талд авагдсан тухайн өдөр шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байсан Анхбаяр “бичиг баримтаа шалгуулаад Монгол Улсын хилээр 16-ны өдөр орж ирсэн санагдаж байна. Халимаг үстэй, хар малгайтай эмэгтэй хүн байсан. Ямар нэгэн зөрчил илрээгүй учраас журмын дагуу нэвтрүүлсэн” гэдэг. Мөн Мөрөнгуа гэх гаалийн ажилтны мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 153-155 дугаар талд “ер нь бол улсын хилээр нэвтэрч байгаа хүн болгоны биед үзлэг хийнэ гэж байхгүй. Ямар нэгэн сэжиг илэрсэн болон бусад байгууллагын мэдээллийн дагуу тухайн хүний биед үзлэг хийж болдог” гэсэн. Тухайн үед ямар нэгэн асуудал болоогүй гэдэг нь дээрх 2 мэдүүлгээр тогтоогдож байна. Тэгэхээр өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслээд шүүгдэгчийг олон эргэлзээ бүхий харилцан өөр утга санаа бүхий мэдүүлгүүд байсаар байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг өмгөөлөгчийн зүгээс үндэслэл муутай гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг анхааралдаа авч, Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 10 дахь заалтад Л.Бийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай гялгар уутны хамт 196 грамм мөс гэх бодисыг оруулж ирсэн нь Билгүүн, Т.А, Анхбаяр, Мөрөнгуа нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.Бийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн. Энэ цаг хугацаанд мөс гэх бодисыг БНХАУ-аас оруулж ирсэн гэдэг нь ямар ч гэрчийн мэдүүлэгт байхгүй. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангасан байна гэж үзэх үндэслэлгүй. 3 дугаар сарын 16-ны өдөр Т.А Л.Б руу 1.000.000 төгрөгийг шилжүүлж, мөс гэх бодисыг авсан гэж мэдүүлсэн. Шүүх 3 дугаар сарын 16-ны өдөр мөнгө шилжүүлж мөс гэх бодисыг авсан байна гэж үзсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар 3 дугаар сарын 17-ны өдөр Т.Ааас Л.Б руу шилжүүлсэн. Тэгэхээр энэ цаг хугацаанд дансаар болон бэлнээр авсан эсэх нь тодорхойгүй орхигдуулсан. Гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа нэг талыг барьсан байна. 196 грамм мөс гэх бодис нь хөрөнгө, агуулгын хувьд юутай дүйцүүлж ойлгох вэ гэхээр зээлийн 30.000.000 төгрөгтэй холбоотой асуудлын талаар яригддаг. Т.А 3 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтээ өгөөд 3 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр авсан гэдэг талаар Т.Аын мэдүүлгүүдэд дурдагддаг. 3 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөг дансаар орсон. Тэгэхээр энэ мэдүүлэг нь цаг хугацааны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан цаг хугацааны хувьд хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн бэ гэх нөхцөл байдлууд нь өөрсдөө тодорхой бус байна. Эрх зүйн байдлыг шүүх үнэлж дүгнээгүй. Шүүх дүгнэхдээ “хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Хөнгөрүүлэх, гэмшсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх үнэлж, оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2, 2 жилийн хорих ялыг, нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж заасан. Л.Бийн хувьд 2 хүнд худалдан борлуулсан асуудал яригддаг. Эхний хүн нь Ц.Э, нөгөө хүн нь Т.А гэсэн хүмүүс байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан асуудлыг яаж хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болохгүй гэж заасан учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж үзсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг улсын орлого болгоогүй. Яагаад гэвэл 2 хүн худалдаж авсан талаар яригддаг. ...” гэв.

 

Прокурор Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргасан. Л.Бийн хилээр оруулж ирсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан гэрч Билгүүн, Анхбаяр, Мөрөнгуа, яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үздэг. Хэрэгт авагдсан баримтаар Л.Б БНХАУ руу гараад ирэхдээ Эрээн хотод сурдаг хүүхэдтэй уулзаагүй гэдгийг Билгүүн мэдүүлсэн. Мөн яллагдагч өөрөө БНХАУ руу яваад хаанаас сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж ирсэн, авч ирсэн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Тухайн мэдүүлгийг баривчилсан цаг хугацаанд камерийн бичлэгийн хамт хийсэн. Шаардлагатай гэвэл камерийн бичлэгийг шинжлэн судлаж болно. Гэрч Анхбаяр гаалийн бичиг баримтыг шалгагч байцаагч. Тухайн үед Л.Бийн бичиг баримтад зөрчил илрээгүй. Мөрөнгуа гаалийн ачаа тээшинд үзлэг хийх хяналт шалгалтын байцаагч. Тухайн байцаагчийн хувьд нөхцөл байдлыг тайлбарлаад “өдөрт 3000-3500 хүн зорчдог. Нарийвчилсан үзлэг хийх ямар ч боломжгүй. Сэжигтэй тохиолдолд нарийвчилсан үзлэгээ хийдэг” гэсэн. Т.Аын шилжүүлсэн мөнгө Л.Бийн данс руу орсон зэрэг байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан. Тухайн мөнгийг шилжүүлсэн цаг хугацаанд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар тал бүрээсээ нотлогдож, шүүх шийдвэр гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Л.Б, Ц.Э, Т.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

 

Л.Б нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай гялгар уутны хамт 196 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай гялгар уутны хамт 184,9 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Ат НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай уутны хамт 9,7 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 1.4 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

 

Т.А нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Биас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй уутны хамт 9.7 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Ц.Э нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Биас НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй уутны хамт 1,4 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Гэрч Г.Учралын “...би 2016 оны 3 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 255 тоот 2 өрөө байрыг сард 400.000 төгрөгөөр ганцаараа түрээслэдэг байсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр түрээсийн хугацаа дууссан. Тэгээд Л.Б эгч “байрыг чинь түрээсэлмээр байна” гэхээр нь би зөвшөөрч байрны эзэнд хэлээд Байгаль эгчид 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байрны түлхүүрээ өгсөн. 3 дугаар сарын 18-ны өдөр түрээслэж байсан байранд ирэхэд Л.Б эгч, ээж хоёр ирчихсэн, мөн цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. ... Би тэр жижиг өрөөний ширээн дээр байсан баарыг шар хиймэл цэцэгний хамт авчирч байсан. Бааранд ямар нэгэн эд зүйл байхгүй, зөвхөн хиймэл цэцэг л байдаг байсан. ...” /1 дүгээр хавтас, 84-85 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Анхбаярын “...Өдөрт ойролцоогоор 2500-3500 орчим хүн нэвтэрдэг, нэг байцаагч дээр өдөрт дунджаар 500-800 хүн баримт бичгээ шалгуулж, Монгол Улсын хилээр орж ирдэг. ... Тухайн хүний нэр нь их содон байсан ба халимаг үстэй, хар өнгийн кепикэн малгайтай, 40-50 орчим насны гэмээр эмэгтэй хүн санагдаж байна. Бичиг баримтыг нь үзэж шалгаад ямар нэг зөрчил илрээгүй учраас журмын дагуу нэвтрүүлсэн. ...” /2 дугаар хавтас, 152 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Б.Ламчингийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдэд шинжилгээ хийхэд метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн №1-19 дугаартай тус бүр 1,0 граммыг дээжилсэн шинжилгээ хийхэд 0,1 грамм дээж бэлтгэсэн шинжилгээ хийсэн. Метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг учраас мансуурлын байдалд оруулдаг гэсэн үг юм. ...” /1 дүгээр хавтас, 168-169 дүгээр хуудас/,

 

Д.Гэрэлтуяагийн яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Байгалиа эгчтэй хоол идэж, архи уусан. Маргааш өглөө архи гарахгүй дотор муухай оргиод хэвтэж байтал Байгалиа эгч “энэ сэргээнэ. Энийг татчих, тэгвэл зүгээр болно” гээд хуйлсан мөнгө шиг зүйл гартаа барьчихсан байсан. Би тухайн үед ямар учиртай, юу байсан гэдгийг ойлгоогүй “сорчих” гэхээр нь сорсон. Надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. ... Би 3 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгаас байгууллагын тэмцээнд оролцохоор хотод ирсэн байсан. Би өмнө нь охиноосоо байрных нь 1 түлхүүрийг авчихсан байсан учраас тэнд очиж хоносон. Маргааш нь үдээс хойш Байгалаа эгч “Эрээнээс ирлээ” гээд хүрээд ирсэн. Тэгээд тэр өдрөө бид хоёр хоол идэж, тэндээ амарсан. Л.Б эгч нээх их ачаа бараа гэх зүйл байгаагүй, бор чемодан, гар цүнхтэй байсан. Дотор нь юу байсныг мэдэхгүй, надад үзүүлээгүй. Жижиг өрөөнд оруулаад тавьчихсан. ..." /2 дугаар хавтас, 8-12 дугаар хуудас/,

 

Т.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 21-22 цагийн үед гэртээ байж байтал нэр, зүс мэдэхгүй эмэгтэй сүүлийн орон нь 9333-р төгссөн юнителийн дугаараас над руу яриад “юм байна, авах уу” гэсэн. Юм гэдэг нь мөс байна, авах уу гэсэн утгатай. Тухайн үед миний дансанд 1.800.000 төгрөг байсан, тэрнээсээ 1.000.000 төгрөгийг 5057-р эхэлсэн “ХААН” банкны данс руу өөрийнхөө 5029892990 дугаарын данснаасаа шилжүүлсэн. “Ямар ч байсан эхлээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. “Юм аа Замын цагдаагийн хажуугийн байрны эхний орцонд үлдээчихнэ. Яг хаана тавихаа ярьж хэлье. Мөнгө орохоор болъё” гэсэн. Тэгээд би Замын цагдаагийн хажуугийн саарал өндөр байрны гадаа очоод өөрийн 99192022 дугаарын утаснаасаа Мобайл банкаар 1.000.000 төгрөгөө шилжүүлээд хариу ирэхийг хүлээгээд уг байрны 1-р орцны 1 давхарт лифтний орчимд хүлээж байсан. Удалгүй 10 орчим минутын дараа над руу залгаад 15 давхарт гараад ир гэсэн. Тэгээд би 15 давхарт гараад хэсэг хугацаанд хүлээсэн. Тэгтэл “13 дугаар давхрын булангийн харанхуй руу тавьчихсан байгаа” гэхээр нь очиж авсан. Амыг нь чимхдэг гялгар ууттай, бага зэргийн скочоор амыг нь дарж наасан гялгар ууттай мөс байсан. ... Тэгээд орцны гаднаас такси барьж яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Рапид Харш байрны орчимд цагдаад баригдсан. ...” /1 дүгээр хавтас, 221-222 дугаар хуудас/,

 

Ц.Эын яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дашдаваа ахын эхнэр Л.Б над руу өөрийнхөө 88919333 дугаарын утаснаасаа залгаад “юм байна, авах уу” гэсэн. Тэгээд тэр өдрөө ажилтай байсан учраас авч чадаагүй. Маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Л.Б эгчтэй утсаар ярьтал “250.000 төгрөгөөр 1 грамм мөс зарна” гэсэн. Тэгээд Хаан банкны дансны дугаараа миний гар утас руу мэссэжээр явуулсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн урд талын Хаан банкны АТМ-ээс тэнд байсан танихгүй хүний данснаас 250.000 төгрөг шилжүүлээд бэлэн 250.000 төгрөгийг би тэр хүнд өгчихсөн. Тэгээд эргэж гарч ирээд залгатал гар утас салгаатай холбогдох боломжгүй байхаар нь хүлээж байгаад орой 19 цагийн үед дахиж залгатал согтуу байсан. Тэгэхээр нь маргааш болъё гээд дахиж яриагүй. Маргааш нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Л.Б эгч рүү залгасан. Тэгтэл “Замын цагдаагийн хажуугийн байрнаас ирээд авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад такси бариад Замын цагдаагийн газрын хажууд очоод залгатал “машины зогсоол дээр нь хүлээж байна” гэсэн. Тэгээд уулзаад гялгар ууттай мөсөө авсан. Тэгээд буцаад таксиндаа суугаад Нархан хотхоны аптек орж 3 ширхэг новкин гэх тарианы усны шил аваад буцаж таксиндаа суугаад Хан-Уул дүүрэгт байрлах КFС хоолны газар ороод тэндээ цагдаад баригдсан. ...” /1 дүгээр хавтас, 233-234 дүгээр хуудас/,

 

Л.Бийн сэжигтнээр өгсөн “...Дашдаваа “15.000.000 төгрөгөөр нь мөс гэх хар тамхи Хятадаас аваад ир, би хэнтэй уулзаж, хаанаас авахыг нь хэлээд өгнө” гээд Хятад дугаар цаасан дээр бичиж өгсөн. Би 15.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод 40.000 юаниар солиулж, Дашийн хэлснээр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос вагоноор яваад Замын-Үүдээр Хятад руу хилээр гарч, Эрээнээс Бээжин хот руу автобусаар явж Мушиеон гэсэн байх зах дээр очоод зогсож байгаарай гэсний дагуу очиж нөгөө цаасан дээр бичиж өгсөн утасны дугаараар нь залгатал Англиар яриад байхаар нь ойлгоогүй. Тэгтэл цаанаас нь Дашаа өрөө ярьсан шиг байсан. Цагаан, ягаан хоёр хурууны наалтны хайрцагтай, 20 тусдаа жижиг гялгар ууттай мөс гэх зүйлийг надад өгөөд би 38.000 юань өгсөн. Тэгээд би 2 хайрцагтай зүйлээ халаасандаа хийгээд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Эрээнээс Замын-Үүд руу хилээр орж ирсэн. Намайг хилээр орж ирэхэд халаасандаа хийсэн байсан зүйлийг шалгаагүй. ... Би Бээжингээс авч ирсэн гялгар ууттай мөс гэх зүйлүүдийг Гэрэлтуяад хэлэлгүй, хувцастай цүнхээ тавихдаа жижиг өрөөнд нь байсан хүрэн өнгийн цэцэгтэй ваарны дотор хийгээд нуучихсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цагдаа нарт баригдсан. ...Т.А гэх залуу манайд бас Дашаатай уулзахаар ирдэг, зүс танина. ...Би тэр махлаг залууд 2017 оны 3 дугаар сарын 18-ны өглөө уулзаад Дашаагийн захисан мөс гэх зүйлээс жижигхэнийг зүгээр л өгсөн. ...” /1 дүгээр хавтас, 240-241 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №3053 дугаартай “... Шинжилгэнэд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “№1-1 дээж 1,0 гр Л.Б”, “№2-1 1,0 гр Л.Б”, “№3-1 1,0 гр”, “№4-1 1,0 гр”, “№5-1 1,0 гр”, “№6-1 1,0 гр”, “№7-1 1,0 гр”, “№8-1 1,0 гр”, “№9-1 1,0 гр”, “№10-1 1,0 гр”, “№11-1 1,0 гр”, “№12-1 1,0 гр”, “№13-1 1,0 гр”, “№14-1 1,0 гр”, “№15-1 1,0 гр”, “№16-1 1,0 гр”, “№17-1 1,0 гр”, “№17-1 1,0 гр”, “№18-1 1,0 гр”, “№19-1 1,0 гр” гэсэн хаягтай дээжүүдийн найрлаганд метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1 дүгээр хавтас, 97-118 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3001 дугаартай “Т.А гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтдаг болно. ...” /1 дүгээр хавтас, 121 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3055 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “№1-1 гэж хаягласан мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 см урттай хар өнгийн гуурс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн №1-1 гэж хаягласан мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ийн агууламж илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1 дүгээр хавтас,124-125 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3054 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Витамин С” гэсэн хаягтай тарианы шилтэй шингэн 3 ширхэг, №1-1 гэж хаягласан мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1-1 гэж хаягласан мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ийн агууламж илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Витамин С” гэсэн хаягтай тарианы шилтэй шингэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хавтас, 129-130 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 6-11, 12-22 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 27-28, 31-34 дүгээр хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, 43-48, 49-53, 54-56 дугаар хуудас/,

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл /1 дүгээр хавтас, 57-58 дугаар хуудас/,

 

Л.Бийн “ХААН” банкны дансны хуулга /2 дугаар хавтас, 229-236 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 7-2/1523 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /3 дугаар хавтас, 42-43 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Л.Б, Т.А, Ц.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Л.Бийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүний үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.

 

Т.А, Ц.Э нарын үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 1-5 жил байхаар хуульчилсан байх тул тэдэнд энэ зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулвал эрх зүйн байдал нь дордохоор байх тул Т.А, Ц.Э нарын хувьд мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

Л.Б, Ц.Э, Т.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан Л.Бд 4 жил хорих ял, Ц.Эод 24.000.000 төгрөгөөр торгох ял, Т.Ат 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хориг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин Л.Б нь Т.А, Ц.Э нарт мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалж нийт 1.250.000 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдсон байх тул Л.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй. 

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дурьдалгүй зөвхөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичсэн нь ойлгомжгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах байдлаар,

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тоолсон байх тул Л.Б “138 хоног”, Ц.Э “27 хоног”, Т.А “28 хоног” тус тус цагдан хоригдсон гэж тус тус зөвтгөв.

 

Л.Бийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн гэм буруутай гэж тогтоосон байх боловч тэрээр мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалж, бусдад худалдсан байх тул түүнийг уг бодисыг тээвэрлэсэн гэм буруутай гэж үзэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Л.Б нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд боомтоор Хятад улс руу зорчиж, 2017 оны 3 дугаар 16-ны өдөр мөн боомтоор буцаж Монгол Улсад орж ирсэн болох нь Хил хамгаалах газрын лавлагаар, түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 255 тоотод байрлаж байсан, уг байрны жижиг өрөөний ширээн дээр байсан бааранд мансууруулах төрлийн бодисыг хадгалж байсан нь,

мөн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Т.Ат уутны хамт 9,7 грамм мансууруулах бодисыг 1.000.000 төгрөгөөр,  2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ц.Эод 1.4 грамм мансууруулах бодисыг 250.000 төгрөгөөр тус тус хууль бусаар худалдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Б нь “...Миний нөхөр, талийгаач Д.Дашдаваа нь энэ мөс гэх бодисыг надад өгч хадгалуулсан, би нөхрөөсөө айдаг, дарамтанд байдаг тул хэлснээр нь хийдэг байсан. ...” гэх утга бүхий давж заалдах гомдол гаргасан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүгдэгч Л.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.