Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0073

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 26 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0073              

 

 

        

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Цын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 881 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т

Гуравдагч этгээд М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0922/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Цын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 881 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 60.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Цын өргөтгөлийн барилгыг буулгаж,  газрыг чөлөөлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Цын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нь “...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.13-т “ ... Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/6054 тоот албан бичгээр “... Дээрх зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудал нь бусдын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан тул Монгол Улсын газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү ” гэх хариу өгсөн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд  биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг судлан үзэж, хуулийн хугацаанд нь хариуг албан бичгээр хүргүүлсэн нь эс үйлдэхүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

3.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн зарим асуудлын 2.3-т “...итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас хойш шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тус шүүхийн [email protected] хаягт цахимаар ирүүлсэн байсан тул хүсэлтийг тус шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.” гэж тэмдэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгөх тухай шүүгчийн туслах Батсүмбэр-Уулын 88053725 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, шүүхийн цахим хаягаар хүсэлт явуулсан боловч шүүх хуралдаанд хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

3.3. Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 881 дүгээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 188028/0029, 18633309379351 дугаар бүхий 1800 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1284 дүгээр захирамжаар “Э” ХХК 0000127982 гэрчилгээний дугаартай (1801500650) нэгж талбарын дугаар бүхий 1798 м.кв газар ашиглах эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдож байна.

 

2.2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/03 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Газар чөлөөлүүлэх талаар гомдол гаргасан байх боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/6054 дүгээр албан бичгээр “... Дээрх зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудал нь бусдын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн ба эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, ...бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол ... газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, ... гаргуулна”, гэж заасны дагуу ... хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Цын өргөтгөлийн барилгыг буулгаж газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, анхан шатны шүүх хариуцагчийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү гэх хариу өгсөн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  иргэн Л.Цын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2.3. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

 

2.4. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-тМэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулнагэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

 

2.5. Анхан шатны шүүх “...зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх” үүрэгтэй, ...хугацаатай мэдэгдэл өгөөд байхад газрыг чөлөөлөөгүй бол холбогдох Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй ... нэг талаас Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн холбогдох Засаг даргад шаардлага тавих субьектив эрхтэй” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2.6. Шүүх “... нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хойно байрлалтай газрын эзэмшигч Л.Ц өөрийн өмчлөлийн байшинд залгуулан эзэмшил газраасаа нэхэмжлэгч компанийн газар руу 70 м.кв оруулан  бусад иргэн,  аж, ахуйн нэгжийн орц гарц, нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийн барилга барьснаар тус компанийн эзэмшил газрын хойно байрлах иргэн, аж ахуйн нэгжүүдийн орц, гарц хаагдаж, нэвтрэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцжээ.

 

Учир нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2020/0573 дугаар магадлалаар шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.Н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

2.7. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “ ... ”Э” ХХК-ийн хүсэлтээр хийсэн Газрын харилцаа, геодези, хэмжил зүйн газар маргаан бүхий газрын хяналтын хэмжилтээс үзэхэд “Э” ХХК-ийн эзэмшлийн газарт ... иргэн О.Цын 77 м.кв барилга ... барьсан, ... тус компанийн эзэмшлийн газарт хойд хэсгийн 462 м.кв газрыг иргэн Л.Ц битүүлж хашаалсан ...” Түүнчлэн, “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, энэ зохицуулалт эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил хамаарна. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-т зааснаар газрыг эзэмших, ашиглах үйл ажиллагааг хуульд нийцэж буй эсэхэд Засаг дарга хяналт тавих бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол Засаг дарга газар чөлөөлүүлэхээр хугацаатай мэдэгдэл өгөх ба чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөхөөр, 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмшиж, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл болзлын талаарх газар эзэмшигч, ашиглагчийн хооронд үүссэн маргааныг Засаг дарга шийдвэрлэхээр тодорхой заасан ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

2.8. Мөн анхан шатны шүүхийн “... ”Э” ХХК-ийн эзэмшлийн газарт гуравдагч этгээд Л.Ц зөвшөөрөлгүйгээр 77 м.кв барилгын өргөтгөл барьсан, 462 м.кв газрыг иргэн Л.Ц битүүлж хашаалсан зэрэг үйл баримтыг шүүхийн дээрх шийдвэрээр нэгэнт тогтоосон, мөн бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барьсан бол газрыг албадан чөлөөлөхтэй холбоотой маргааны Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу Засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг дүгнэсэн байх тул ... хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

3. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдаан эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15:19 минутад [email protected] цахим хаягаар илгээсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ