Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 361

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А м, г т г К х д 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн 8.. дугаар шийдвэрийн “А-И” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий А м, г т г К х д-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“А м, г т г К х д-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8.. дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн MV-00.... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2017 оны төлбөрийн алдангийг хугацаа хэтрүүлэн төлсөн гэсэн үндэслэлээр цуцалсан байна.

“А-И” ХХК нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Г******* нэртэй 91 га талбайг 2007 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд жил бүр хуулийн дагуу сунгуулсаар ирсэн. 2017 оны ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн үндсэн төлбөрөө шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн газраас төлсөн бөгөөд алдангаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 175.000 төгрөг төлсөн.

Бидний зүгээс уг компанийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас явуулсан нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан бөгөөд компанийг худалдаж авсны дараа алдангийн асуудлыг бид хариуцагчтай тооцоо нийлж, 175,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар дутуу төлснийг бид мэдэж төлсөн.  2018 оны ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн алдангийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,100,000 төгрөг тус тус хуулийн хугацаанд төлсөн байдаг. 

Тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөрөө төлсөн байхад 2017 оны төлбөрийн асуудлаар цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул А м, г т г К х д-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 827 дугаар шийдвэрийн “А-И” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Өөрөөр хэлбэл 2018 оны төлбөр төлөх үед энэ асуудлыг огт бидэнд мэдэгдээгүй бөгөөд өмнөх 2017 оны алдангийн асуудлыг гаргаж ирж цуцалж байгаа нь илт үндэслэлгүй юм.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд манай компанийн хувьд маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А м, г т г д Х.Х-д хандсан боловч хариу өгөөгүй тул улмаар шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“...Хэрэгт хамааралтай нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар цугларсны үндсэн дээр нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөр, алданги төлсөн тухай: Нэхэмжлэгч “А-И” ХХК нь 2007 оноос 2018 он хүртэл жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлж ирсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын тайлан, журналаас тодорхой харагдана. Маргааны үйл баримт болоод буй тусгай зөвшөөрлийн төлбөр болон алдангийг манай компани  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,982,730 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 11  дүгээр сарын 30-ны өдөр алданги байгааг мэдсэн даруйдаа 175,000 төгрөг төлсөн байдаг. Энэ үед хариуцагч захиргааны байгууллага нь алдангийг хүлээж авсан бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл төлөх ёстой төлбөрөө аливаа асуудалгүй төлж ирсэн болно. Тухайн үед буюу 2017 онд захиргааны байгууллага нь алдангийг хүлээн авч, зөрчил нэгэнт арилсан буюу алдангийг төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны байгууллагын үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдсэн байгааг анхаараагүй байна.

Тодруулбал, захиргааны байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 827 дугаар шийдвэр гарахад тусгай зөвшөөрлийн алданги төлөгдсөн байсан ба захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй, захиргааны байгууллагын илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь хэсэгт заасныг захиргааны байгууллага зөрчсөн, маргаан бүхий шийдвэр нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдсэн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчжээ. 

Алданги төлөхөд хугацаа тогтоох боломжгүй тухай: Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заажээ. Дээрхээс үзвэл үндсэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрвэл алданги тооцох эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагад олгосон байх бөгөөд алданги тооцож ногдуулах хоног нь 30 хүртэл байна гэдгийг мөн хуулийн 34 дүгээр 34.7 дахь хэсэгт зааснаар журамлаж өгсөн байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь хууль тогтоогчоос алданги төлөхөд 30 хоногийн хугацаа тогтоосон мэтээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр 34.7 дахь хэсгийг тайлбарлаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль тайлбарлах өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн байна. Түүнчлэн аливаа хуулийг тайлбарлах эрх зүйн техник, арга нь хүний эрхийг хязгаарласан, явцууруулсан, дордуулсан, аливаа тайлбар, аргыг хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Манай эрх зүйн тогтолцоонд зарим төсөөтэй зохицуулалтыг авч үзвэл Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Татвар, алданги торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж тус тус зааснаас үзвэл манай эрх зүйн тогтолцоонд алданги гэдэг нь үндсэн үүргийн гүйцэтгэлийн баталгааг хангах арга болохоос үндсэн үүрэгтэй адил эрх зүйн шаардлага тавигдахгүй болох нь харагдаж байна.

Иймд хариуцагч А м, г т г К х д-ын өөрийн дураар алданги төлөхөд хугацаа тогтоосон байдаг гэх тайлбар нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Хугацаа хоцорсон гэх шалтгааны тухай: Хариуцагч нь “А-И” ХХК-ийг хугацаа алдангийг хоцроосон хэмээн буруутгаж байх боловч хоцорсон шалтгаан нөхцөлийн тухай огт авч үзээгүй байдаг.

А м, г т г нэхэмжлэгчид ирүүлсэн 2017 оны 04 дүгээр 13-ны өдрийн 7/.... дугаар мэдэгдэлд алданги төлөх үүрэгтэй тухай дурдаагүй, зөвхөн боломжтой магадгүй гэсэн агуулга илэрхийлсэн байдаг. Бодит, практик нөхцөлд хуулийн этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цонхны үйлчилгээнд хандаж тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлж, холбогдох мэдээллийг авдаг билээ. Тухайн үед бидэнд аливаа асуудал, төлбөрийг үлдэгдэл байгааг огт мэдэгдээгүй, нэхэмжлэгч захиргааны байгууллагын системд нэвтэрч мэдэх ямар ч боломж байдаггүй, зөвхөн захиргааны ажилтан л алдангийн хэмжээг мэдэгддэг билээ.

Улмаар жилийн дараа тусгай зөвшөөрлийг “А-Л” ХХК-д шилжүүлэх асуудал үүсэх үеэр нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэл байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрөө мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа алдангийг төлсөн болно. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 830 дугаар мэдэгдлийг хүртэл алдангийн үлдэгдэл байгаа тухай албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Иймд бид захиргааны байгууллагын уялдаа холбоогүй, хайхрамжгүй ажлын үр дүнгээс хохирогч болох ёсгүй юм.

Тодруулбал хугацаа хоцроосон гэх үйл баримт нь “Мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй” захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон байна.

Компанийн төлбөрийн чадварын тухай: Манай компани нь 2005 онд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Маргаан бүхий газарт 2007 оноос ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд тухайн жил бүр нь тусгай зөвшөөрлийн төлбөрт ойролцоогоор 2 сая хүртэлх төгрөг төлж ирсэн техник, эдийн засгийн чадавхтай хуулийн этгээд гэдэг нь хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийн алдангид ердөө 175,000 төгрөг (хэрэв захиргааны байгууллага зохих ёсоор мэдэгдсэн бол) төлөхөөс зайлсхийх, татгалзах ямар ч үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй тухайд: Ашигт малтмалын тухай хууулийн 34 дүгээр 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" мөн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” улмаар 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална" гээд 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөолийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж заасан байна. Дээрхээс үзвэл захиргаан байгууллага нь зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэхээр байхад үндсэн төлбөрийн хугацаа хэтэрсний үр дагавар болсон алданги төлөөгүй хэмээн цуцалсан нь үндэслэлгүй юм. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь алданги төлөх хугацаа хоцорсон хэмээн хуульд байхгүй шаардлага тавьж байгаа нь захиргааны байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл болно” гэжээ. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Ч.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“А м, г т г К х д 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 827 дугаар шийдвэрийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Г*******” нэртэй 91.16 га талбайд ашигт малтмалын ашиглалтын МХ-00.... дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын100 хувийн хөрөнгө оруулалттай  “А-И” ХХК-д К х д 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3.. дүгээр шийдвэрээр олгосон.

“А-И” ХХК-иас 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хувийн хэрэг материал хадгалуулах тухай 011/215 дугаар албан бичгээр иргэн Т.Н нэхэмжлэлтэй тус компанид холбогдох ашигт малтмалын хайгуулын лиценз шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт хадгалуулах хүсэлт гаргасан байна.

“А-И” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МХ-00.... дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4.8, 49.5.4-д заасныг тус тус үндэслэн К х д 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 813 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг  “А-И” ХХК-иас “А л” ХХК-д шилжүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

ШШГГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/1... дугаар албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6... дугаар шийдвэрээр  “А-И” ХХК-иас 218.033.351 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус албанаас тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит жилийн төлбөрийг холбогдох дансанд шилжүүлэн төлсөн тул төлбөр төлөгч “А-И” ХХК-иар 2017 оны ээлжит жилийн төлбөрийн алдангийг төлүүлж шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар  “А и” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МХ-00.... тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. 2017,2018 оны ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт зааснаар урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг К х д-ын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 7/2... дугаар албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/3... дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7.-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх ,.”.гэж тус тус заасан байхад тус компани нь ашигт малтмалын ашиглалтын МХ-00.... дугаартай тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг хугацаа хэтрүүлж мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн атлаа хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөх үүргээ биелүүлээгүй нь Кадастрын хэлтэст ирүүлсэн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус үндэслэн  “А и” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын М\/-00.... дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 827 дугаар шийдвэр хууль үндэслэлтэй байна.

Ийнхүү цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7/8225 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 7/2..., 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7/8... дугаар албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Иймд  “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “А-И” ХХК-иас А м, г т г К х д-д холбогдуулан гаргасан “А м, г т г К х д-ын 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн 827 дугаар шийдвэрийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх А м, г т г х э г Г, у у к х д-ын /хуучин нэрээр/ 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3.. дүгээр шийдвэрээр “А-И” ХХК-д Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Г*******” нэртэй 91.16 га талбайд ашигт малтмал ашиглах MV-00.... дугаар тусгай зөвшөөрлийг  олгосон байна.

Хариуцагч А м, г т г К х д нь “А-И” ХХК-ийг 2017, 2018 оны ээлжит жилийн төлбөрийг  урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн төлсөн, хуулиар тогтоосон алданги төлөх 30 хоногийн хугацаанд төлөөгүй гэж үзэн ашигт малтмал ашиглах MV-00.... дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8.. дугаар шийдвэрээрээ цуцалсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар маргааны үйл баримтад хамааралтай, хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах үйл баримтууд тогтоогдлоо.

- Төв аймгийн НД-ын хэлтсээс “А-И” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэргийн нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлцээд 2015 оны 09 дүгээр   22-ны өдрийн 6... дугаар шийдвэрээр “А-И” ХХК-иас 218,033,300.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4382 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна.

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 145/02, “Эд хөрөнгө хураах” 145/01 дүгээр тогтоолуудаар “А-И” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-00....,        MV-00.... дугаар тусгай зөвшөөрлүүдийг уурхайн хамт битүүмжилж, эзэмших эрхийг хязгаарлажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “А-И” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмал ашиглах MV-00.... дугаар тусгай зөвшөөрлийг борлуулж компанийн өр төлбөрийн барагдуулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/1... дугаар албан бичгээр “А-И” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-009516 дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрх сэргэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн байна. Мөн албан бичгээр ашигт малтмал ашиглах  MV-00.... тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит жилийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлсөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдангийг эзэмшигч компаниар төлүүлэхийг дурджээ.

- Ашигт малтмал, газрын тосны газрын “А-И” ХХК-ийн харилцах дансны хуулга ёсоор 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,982,730.00 төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөр, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 175,000.00 төгрөгийн алданги, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 170,000.00 төгрөгийн алданги, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 180,000.00 төгрөгийн алданги, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги болох 2,100,000.00 төгрөгийг тус тус хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

- Хариуцагч нь “А-И” ХХК-ийн эзэмшилд буй ашигт малтмал ашиглах MV-00.... дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй тул алдангийн хамт төлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 7/2..., 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/3... дүгээр албан бичгүүдийг гаргажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ”Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх  ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”,         43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн мэдэгдлийг зайлшгүй хүлээлгэн өгөх, мэдэгдсэн болохоо баталгаажуулсан байх шаардлагыг хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “М ш” ХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08/466 дугаар лавлагаа, түүнд хавсаргаж ирүүлсэн шуудан хүргэлтийн дэвтэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтрээр нэхэмжлэгч компанид дээрх мэдэгдлүүдийг гардуулаагүй болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзнэ. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйгээс гарах үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуульд дараах байдлаар зохицуулсан. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”,  56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус.

Ашигт малтмал ашиглах MV-00.... тусгай зөвшөөрлийн 2017 онд хамаарах төлбөрийг алдангийн хамт /алдангийг нийт гурван удаа давхардуулж/ төлж барагдуулсан бөгөөд хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/3084 дүгээр албан бичгээр 2018 оны буюу 14 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг барагдуулахаар мэдэгдэл гаргаж байгаа үйлдэл нь өмнөх 13 дахь жилийн төлбөрийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь шийдвэр гаргахдаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх эрх зүйн зарчмыг зөрчсөнөөс гадна маргаан бүхий захиргааны акт  гарах цаг хугацаанд нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн барагдуулсан байсан нөхцөл байдлыг үл харгалзан тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2 дахь хэсгийг тус тус баримтлан “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А м, г т г К х д-ын 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн 827 дугаар шийдвэрийн “А-И” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-И” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ