Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1148

 

МАГАДЛАЛ

 

2017.05.15                                                Дугаар 1148                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Анхтуяад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Ү-2204075025 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хохиролд 4 143 050 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-иас 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Халиунаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : О.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ж.Анхтуяатай 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах С-235-010902 тоот гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Захиалагч тал болох Ж.Анхтуяа гэрээний 2.2-т зааснаар орон сууцны төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр үнийн дүнгийн 30 хувь болох 62 145 750 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдөр үнийн дүнгийн 70 хувь болох 145 006 750 төгрөгийг бүрэн төлж дууссан байх ёстой ба гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул гэрээний гүйцэтгэгч тал төлбөрөө төлөхийг амаар болон албан бичгээр удаа дараа мэдэгдэж, үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзаж, цуцлах талаар мэдэгдсэн боловч өнөө маргаашгүй төлнө гэж хугацаа сунжруулсаар 1 жил 9 сар болсон. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг манай компанийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн Ж.Анхтуяатай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнээс татгалзсанаас үүдэн байрыг бусдад зарж борлуулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.5-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогод 2 хувиар татвар төлнө гэж заасны дагуу өөр этгээдэд тус орон сууцыг худалдан борлуулсаны 2 хувийн татвар буюу 4 143 050 төгрөгийг татварт төлөх үүргийг хүлээж байх тул Зүүн хүрээ шилтгээн ХХК-нд 4 143 050 төгрөгийн хохирол үүсээд байна. Энэ мөнгийг хариуцагч Ж.Анхтуяагаас гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа улсын бүртгэлд даалгах шаардлага гаргасныг, шүүх хуралдааны явцад Ж.Анхтуяагийн нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Зүүн хүрээ шилтгээн ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ж.Анхтуяад даалгуулах шаардлага болгон өөрчилсөн болно. Иймд хариуцагчаас 4 143 050 төгрөгийг гаргуулж, өөрийн нэр дээр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Зүүн хүрээ шилтгээн ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Ж.Анхтуяад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Банкны зээл хөөцөлдөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Анхтуяагийн нэр дээр гаргасан байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр байгуулаагүй, 2015 оны 10 сард гэрээ байгуулсан. Сар өдрийг буруу бичсэн болохыг хэлмээр байна. Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгааг болон өөрийн нэр дээр гарсан Ү-2204075025 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Зүүн хүрээ шилтгээн ХХК-ийн нэр дээр болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой 2 хувийн татвар буюу 4 143 050 төгрөг гаргуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Анхтуяа нь          7 725 000 төгрөгийн гал тогооны тавилга болон кордорын шкаф захиалан хийлгэсэн. Гал тогооны тавилга нь хананаас нь салгаж болохгүй тэнд нь үлдээх болчихоод байна. Харин үүдний өрөөний ханын шкафыг салгаж болох байх. Иймд нэхэмжлэгчийн 4 143 050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Анхтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Зүүн хүрээ шилтгээн ХХК-ийн нэр дээр болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гэрээний дагуу төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна. Учир нь гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр      6 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагчаас гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Урьдчилгаа           62 145 750 төгрөг төлөх ёстой байснаас 10 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөөд өөр мөнгө огт төлөөгүй. Сүүлдээ Ж.Анхтуяа нь урьдчилгаа төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул гүйцэтгэх захирлын 15/01-02 дугаартай 2015 оны 1 дүгээр сарын     05-ны өдрийн тушаалаар батлагдсан үнийн дагуу Ж.Анхтуяагийн амьдарч байсан хугацаагаар урьдчилгаа 10 000 000 төгрөгийг нь нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэж түрээсийн төлбөрт тооцон авч үлдсэн. Нөгөөтэйгүүр гэрээний 5.11-д захиалагч байрны үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцож үзэхэд нийт 27 262 543 төгрөг, гэрээний 7.3-д заасны дагуу 10 хувьтай тэнцэх торгуулийг суутган авах эрхийг эдэлж болохоор заасан байна. Хэдийгээр түрээсийн гэрээ байгуулаагүй ч 10 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол гэж үзэж байна. Иймд хариуцагчийн 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Анхтуяад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 22 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилээг нэхэмжлэгч Зүүн хүрээ шилтгээн ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 143 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Зүүн хүрээ шилтгээн ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Анхтуяад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 368 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Анхтуяагаас 1 193 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зүүн хүрээ шилтгээн ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Зүүн хүрээ шилтгээн ХХК-иас 174 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Анхтуяад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Зүүн хүрээ шилтгээн" ХХК-нь Ж.Анхтуяатай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах С-235-010902" тоот гэрээг харилцан тохиролцож байгуулсан байдаг. Ж.Анхтуяа нь гэрээний 2.2-т зааснаар орон сууцны төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үнийн дүнгийн 30 хувь болох 62 145 750 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үнийн дүнгийн 70 хувь болох 145 006 750 төгрөгийг бүрэн төлж дууссахаар талууд тохиролцсон гэтэл Ж.Антуяа нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг төлсөн байдаг үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд энэ тухай "Зүүн хүрээ шилтгээн " ХХК-иас удаа дараа мэдэгдэж албан бичиг явуулж байсан боловч төлнө гээд алга болдог байсан. Мөн Ж.Анхтуяа нь тус гэрээний зүйл болох орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 24-ыд хүлээн авсан акт үйлдсэн байдаг, энэ хугацаанаас эхлээд 2016.08.23-ны өдөр хүртэл амьдарч байсан нь хавтаст хэрэгт авагдсан байрыг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн болон бусад баримтуудаас тодорхой харагддаг. Нөгөөтэйгүүр Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрчилгээний нэрийг нэхэмжлэгч талын нэр дээр гаргуулахыг даалгахыг хүссэн байдаг бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж байна гэсэн хуулийн заалт огт бичигдээгүй байдаг. Харин Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу татгалзаж байгаа бол гэрээний дагуу өгсөн 10 000 000 төгрөгөө буцааж авна гэдэг сөрөг нэхэмжлэлийг хариуцагч талаас л гаргасан байдаг. Гэтэл шүүх хурлын үед яг ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгааг нэхэмжлэгч талаас тодруулалгүй хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг бариад 205.1-ыг үндэслээд 10 000 000 сая төгрөгийг хариуцагч талд буцааж өг гэдэг шийдвэрийг гаргасан байна. Гэрээний үнийн дүнгийн 2 хувийн татварыг төлөх хохирол учирч байгаа бөгөөд энэ нь 4 143 050 төгрөг болж байгаа юм. Нэхэмжлэгч талын олох байсан орлого, гэм хор, хохирлын асуудал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд яригдахгүй гэдэг үндэслэлгүй тайлбар хэлсэн хэрнээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 227.1-ыг баримтлан гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Зүүн хүрээ шилтгээн” ХХК нь хариуцагч Ж.Анхтуяад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Ү-2204075025 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хохиролд 4 143 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-иас 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн, гэрээний зүйлийн үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг бусдад худалдахад орлогын албан татварт 4 143 050 төгрөг төлөхөд хүрч байгааг хохиролд тооцон гаргуулах гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрч байгаа боловч хохирол шаардсаныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын  7-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний зүйл болох 88,15 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан, орон сууцны үнийн 30 хувь болох 62 145 750 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний дотор, үлдэх 70 хувь буюу 145 006 750 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр талууд тохиролцсоноос хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр          6 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөг, бүгд 10 000 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэх талаар хариуцагчид 2 удаа бичгээр мэдэгдэн, хугацаа тогтоосон боловч гэрээний зүйлийн үнийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Орон сууц захиалан бариулах” гэсэн нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон байр баригдаж дууссан талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэн, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хуульд нийцжээ.

Харин гэрээнээс татгалзсанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 227 дугар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол гэх 4 143 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгасан, нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228 665,25 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

               ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ