| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0146/э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт А-д холбогдох эрүүгийн 2121000000162 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ……. оны ….. дугаар сарын …..-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, …… настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ………. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, …….. овогт А /РД: ……………../.
Шүүгдэгч А нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны эмийн сангаар үйлчлүүлэхдээ хохирогч А-ийн эмийн сангийн лангуун дээр мартаж гарсан Huawei Р20 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед эмийн сан дотор явж байгаад гар утас олсон. Яахаа мэдэхгүй сандраад авчихсан” гэв.
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны зүүн талд үйл ажиллагаа явуулах эмийн санд орж үйлчлүүлээд гарахдаа өөрийн Huawei P20 маркийн хар өнгөтэй гар утсаа мартаж гараад 10 минут орчмын дараа гэртээ ирээд гар утаснаасаа цаг харах гэсэн чинь утас байхгүй болохоор нь эмийн санд утсаа орхисноо санаад ...мартсан утас руугаа залгахад утас маань холбогдох боломжгүй байсан ба эмийн сан руу очиход гар утас маань байхгүй байсан. ...хэн ч ямар ч тохиолдолд гар утсаа хаана ч мартаж болно. ...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гар утсаа хүлээж аваад асаахад миний утсан дээр байсан миний зураг, хадгалсан дугаар болон фэйсбүүк, жи майл хаяг зэрэг устгагдсан байсан. Мөн утасны цоожны кодыг арилгасан байсанд гомдолтой байна. ...Миний гар утсыг олсон хүн хувьдаа ашиглах зорилготойгоор цоожийг нь нээж чадахгүй болохоор гар утас форматладаг газраар очиж гар утсыг маань форматлуулж дотор нь байсан миний ажлын болон хувь хүний холбоотой мэдээллийг устгуулсан байна. ...Ахин сэргээгдэх боломжгүй байгаад маш их харамсаж байна. ...Миний алдсан утсанд юнителийн дугаар хийж ... тохиргоо хийлгүүлсэн байсан. ...Гар утсан дээр танихгүй хүүхдийн зураг болон дуу, клип татсан байсан...” гэжээ. /хх-ийн 20-23/
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Иргэний үнэмлэх дээрх эмэгтэй нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирж үйлчлүүлсэн эмэгтэй мөн байна. ... Ямар ч л байсан манай хүүхэд теле хичээл хийдэг юм, өчигдөр орой оролдож байгаад кодыг сольчихсан байна, утсыг форматлаад өгөөч, хичээлийг нь хийлгэх гэсэн юм гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 31/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд эхнэр А-гийн хамт...24 дүгээр байшинд байрлах эмийн сан руу даралтынх нь эмийг авахаар цуг очсон юм. ...Эхнэр А эмээ авах гээд лангуу руу очсон бөгөөд тухайн эмийн сангийн худалдагч нь цаагуураа юм хийгээд байсан. Тэгсэн эхнэр А лангуун дээр байсан гар утсыг авахаар нь би “боль” гэж хэлсэн. ...Гэрт очоод эхнэр хүүхдүүддээ гар утас олсон гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр ганцаараа яваад тухайн олсон гар утсанд байсан зураг болон дугааруудыг нь устгуулсан гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 33/
А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд хүмүүс гарсан хойно эмээ авах гээд лангуу руу очиход лангуун дээр гар утас байсан бөгөөд эргээд харахад хүн байхгүй байсан. Эзэн нь орж ирж магадгүй гээд хэсэг харсан. Тэгээд хүн орж ирэхгүй болохоор нь тухайн гар утсыг аваад өмсөж явсан саарал өнгийн куртикныхээ халаасанд хийгээд шууд гарсан. Тухайн үед эмийн санч нь цаагуураа юм хийгээд байсан бөгөөд намайг утас авахыг бол анзаараагүй...” гэжээ. /хх-ийн 37-38/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 8/
Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15/
А-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/
Хохирогч А-ийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд сидид бичсэн камерын бичлэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ……. овогт А нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны эмийн сангаар үйлчлүүлэхдээ хохирогч А-ийн эмийн сангийн лангуун дээр мартаж гарсан Huawei Р20 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хүмүүс гарсан хойно эмээ авах гээд лангуу руу очиход лангуун дээр гар утас байсан бөгөөд эргээд харахад хүн байхгүй байхаар нь эзэн нь орж ирж магадгүй гээд хэсэг харсан. Тэгээд хүн орж ирэхгүй болохоор нь тухайн гар утсыг аваад өмсөж явсан саарал өнгийн куртикныхээ халаасанд хийгээд шууд гарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч А-ийн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны зүүн талд үйл ажиллагаа явуулах эмийн санд орж үйлчлүүлээд гарахдаа өөрийн Huawei P20 маркийн хар өнгөтэй гар утсаа мартаж гараад 10 минут орчмын дараа гэртээ ирээд гар утаснаасаа цаг харах гэсэн чинь утас байхгүй болохоор нь эмийн санд утсаа орхисноо санаад ...мартсан утас руугаа залгахад утас маань холбогдох боломжгүй байсан ба эмийн сан руу очиход гар утас маань байхгүй байсан. ...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гар утсаа хүлээж авсан...” гэх, гэрч С.Н-н “...Иргэний үнэмлэх дээрх эмэгтэй нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орж ирж үйлчлүүлсэн эмэгтэй мөн байна. ...Ямар ч л байсан манай хүүхэд теле хичээл хийдэг юм, өчигдөр орой оролдож байгаад кодыг сольчихсан байна, утсыг форматлаад өгөөч, хичээлийг нь хийлгэх гэсэн юм гэж хэлсэн...” гэх, гэрч Б.Х-н “...эхнэр А эмээ авах гээд лангуу руу очсон бөгөөд тухайн эмийн сангийн худалдагч нь цаагуураа юм хийгээд байсан. Тэгсэн эхнэр А лангуун дээр байсан гар утсыг авахаар нь би “боль” гэж хэлсэн. ...Гэрт очоод эхнэр хүүхдүүддээ гар утас олсон гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, камер, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 400,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч А-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч А-т гар утсыг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирогч А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн Huawei P20 маркийн гар буцааж авсан болох нь хохирогч А-ийн мэдүүлэг, камер, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ……. овогт А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн …………. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА