Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х 

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …… овогт Х-д холбогдох эрүүгийн 2121000000146 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …. оны …. дугаар сарын …..-ны өдөр Дорнод аймгийн Х суманд төрсөн, …… настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Х 10 дугаар баг, ……….. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, …… овогт Х /РД: …………/.

Шүүгдэгч Х нь Дорнод аймгийн Х сумын 9 дүгээр баг, 10 дугаар байрны 58 тоотод 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ө-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэгээ тасарсан байхад 10 дугаар байрны 58 тоотод очсон. Намайг ******* эгчийнд очиход *******ын найзууд гээд Х, ******* нар хамт архи уучихсан сууж байсан. Би ороод тэд нартай архи ууж юм ярилцаад 2 шил 0,75 литрийн Хараа архи хувааж уусан. Архиа уугаад дуусч байтал Х эгч надад хандан “Чи эртээд надаас айхгүй гэсэн тээ. Одоо үзэх үү?” гэсэн. Тэгэхээр нь би одоо согтсон байна гээд тоолгүй 00 ороод гарч ирэхэд Х эгч миний нүүр рүү цохиод үсдээд дээр суучихсан бараг 7-8 удаа нүүр рүү гараараа цохисон. Тэгээд дуусахаар нь би уйлаад босч том өрөөнд ороход Х эгч дахин над руу дайраад нүүр рүү 3-4 удаа алгадсан. Бас дээр сууж байхдаа хамар, ам дараад амьсгалуулахгүй байсан. Бас Х намайг цонхоор шиднэ гэж өмнөө сөгдүүлэн суулгаж нүүр рүү өшиглөсөн. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, одоогоор хэдэн эм авснаас өөр зардал гараагүй, биеийн байдал гайгүй байна...” гэжээ. /хх-ийн 09-11/

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ө 00-ын өрөөнөөс гарч ирснээ миний нүүр рүү гэнэт мөргөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэхэд надаас салаад Х руу очоод түүнийг тэвэрч байгаа юм шиг болсноо эрүүнээс нь хазсан. Тэгтэл Х “эгчийн дүү боль” гэсэн чинь Ө чи үзэх үү, гарах уу гэх зэрэг энэ тэр болж байснаа хоорондоо үсдэлцээд Х Ө-ийн нүүр лүү цохиж байсан. Тэр  хоёр зодолдож байсан. Х дийлж байх шиг байсан...” гэжээ. /хх-ийн 18-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 172 тоот дүгнэлтэд:

1. Ө-ийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, эрүүний цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20-21/

 

Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...намайг 00-оос гарч ирэхэд Ө тэврэх гэж ирснээ эрүүнээс хазсан. ...тэгтэл Ө намайг үсдээд би бас үсдээд бид хоёр үсдэлцээд би Өийг газарт унагаагаад нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэгтэл Ө чи намайг яаж зодно, танай хүүхэд яг тэгж зодуулна, би танай хүүхдийг харааж байна гэхээр нь уур хүрээд Ө-ийн нүүр рүү 6-7 удаа алгадаж цохисон...” гэжээ. /хх-ийн 24-25/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19/

Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

Х.Т-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч  …… овогт Х нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Х сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны 58 тоотод согтуугаар хохирогч Ө-ийг зодож түүний биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Ө-ийг газарт унагаагаад нүүр лүү нь 2 удаа алгадсан. ...уур хүрээд Өийн нүүр рүү 6-7 удаа алгадаж цохисон” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ө-ийн “...Х эгч дахин над руу дайраад нүүр рүү 3-4 удаа алгадсан. Бас дээр сууж байхдаа хамар, ам дараад амьсгалуулахгүй байсан. Бас Х намайг цонхоор шиднэ гэж өмнөө сөгдүүлэн суулгаж нүүр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.С-н мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 172 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Х-гийн үйлдлийн улмаас хохирогч Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын  18-ны өдрийн 172 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, бага насны хүүхэд, эхийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч …… овогт Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х-д мэдэгдсүгэй.

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ……….. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА