Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат /онлайн/

Хохирогч М

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э-д холбогдох 2121000000151 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ……. оны ……. дугаар сарын …..-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ……. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, …….. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, …… овогт Э /РД: …………/.

            Шүүгдэгч Э нь согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 03-ны оройн 20-21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 19-21 тоот хашааны гадна ямар ч шалтаг шалтгаангүйгээр М-ийн баруун гарын дотор талд хутгалж баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бид нарыг хашааны гадаа байхад Э гээд энэ хүн миний зүүн гар руу цохих шиг болсон. Куртикээ тайлаад үзэхэд гар луу хутгалсан байсан. Би эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ... Амгаа гэх хөрш айлын залуу орж ирээд бид  хоёр Г ахынд буюу Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 19-21 тоотод очиж “Их монгол” нэртэй 0,7 литрийн архи *******, *******, нэг хүүхэнтэй цуг ууж байхад нүдний шилтэй, шал согтуу, толгой хэсэг нь цус болчихсон, ерөөсөө харж байгаагүй ах орж ирээд сандал, төмөр пийшин зэргийг өшиглөөд агсам тавиад байсан. Яагаад тэгээд байгааг нь би ойлгоогүй. Тэр үед 20 цаг болж байсан байх. Би тэр ахыг агсам тавиад байхаар нь гараад хашааны ард зогсож байхад нүдний шилтэй согтуу ах над руу ирээд миний баруун гар руу цохих шиг болсон. Тэгээд тэр ах А ахыг хөөгөөд байсан ба ******* ах тэр нүдний шилтэй ахыг бариад газарт унагаасан. Харин гарт нь хутга байсныг ******* ах, ******* ах 2 булааж авсан. ...Миний гарнаас цус гараад байхаар нь куртикээ тайлаад харахад миний баруун гарын шуу хэсэгт хутгаар хатгасан байсан. ...******* ахын гэрт орж гараа боочихоод гэртээ харьсан. Манай эгч гэртээ байсан болохоор намайг хараад цагдаад дуудлага өгсөн. Эмнэлэгт үзүүлээд шархандаа 2 оёдол тавиулсан...” гэжээ. /хх-ийн 10-11/

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мийн гарнаас цус гараад байхаар нь куртикийг нь тайлаад харахад хутгалсан байсан. Ингээд нөгөө нүдний шилтэй ахын араас гүйж очиж газарт унагаагаад ******* ахын эхнэрийн хамтаар хутгыг нь гарнаас нь булаагаад авсан...” гэжээ. /хх-ийн 16/

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э гэх хүн согтуу байдалтай орж ирээд намайг хамтран амьдрагч *******ын хамт гэр рүүгээ авч явна гэж хэлэхээр нь ******* “явахгүй” гэхэд уурлаад “заавал авч явна, дайлна” гээд уурлаад байсан. Тэгэхэд ******* эхлээд гараад явсан. ...араас нь М гараад явсан. ******* дүү харин Эг гэрээс чирээд гаргасан. Харин би араас нь гарахад ******* гартаа хутгалуулсан байдалтай байсан. ...цагаан алаг иштэй эвхэгддэг тонгорог байсныг би гарнаас нь салгаж аваад цагдаа ирэхээр нь өгсөн...” гэжээ. /хх-ийн 20/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 209 тоот дүгнэлтэд:

            1. М-ийн биед баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

 

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/

          Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7/

          Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 8/

          Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/

          Э-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

          Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хүрэн шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

          Шүүгдэгч ……. овогт Э нь согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20-21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 19-21 тоот хашааны гадна шалтгаангүйгээр хохирогч М-ийн баруун гарын дотор талд хутгалж, түүнд баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө босоод цай уучихаад 10 цагийн орчим гэрээсээ гараад ... хуучны танил хөгшний гэрт өөрийнхөө мөнгөөрөө “Их монгол” нэртэй 0,75 литрийн 3 шил архи авч очиход тэднийд  танихгүй хоёр хүн байсан. Авч очсон 3 шил архиа хувааж уугаад архиндаа тасарсан байсан. Нэг мэдэхэд манай гэрт цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М-ийн “...нүдний шилтэй согтуу ах над руу ирээд миний баруун гар руу цохих шиг болсон. ...Миний гарнаас цус гараад байхаар нь куртикээ тайлаад харахад миний баруун гарын шуу хэсэгт хутгаар хатгасан байсан...” гэх, гэрч *******ын “...Мийн гарнаас цус гараад байхаар нь куртикийг нь тайлаад харахад хутгалсан байсан...” гэх, *******ийн “...би араас нь гарахад ******* гартаа хутгалуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 209 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э-н үйлдлийн улмаас хохирогч М-ийн биед баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 209 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э-н эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Э-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .,….. овогт Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э-д мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Э-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ……….. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА