Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/155

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт С-д холбогдох эрүүгийн 2121000000163 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, “..............” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт С /РД: ............../.

 

Шүүгдэгч С нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багт хохирогч Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар төмрөөр толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С миний хажууд ирж зогсоод мотоциклоосоо буугаад ирэхэд нь би түүнтэй мэнд мэдэхэд тэрээр миний өөдөөс “С-н хулгайч юу байна” гэж муухай харьцахаар нь би түүнийг “чи нэлээн согтуу байна аа, яв яв, зайл” гэж хэлээд түлхэхэд тэрээр газарт унасан юм. Тэгтэл С Ч.Г үхрийн хашааны гаднаас төмөр аваад ирж байгаа нь надад нүдэнд хальт харагдсан бөгөөд намайг цохих гэж байна гэж бодоод би тухайн үед хальт бултахад тэрээр миний толгойн баруун орой хэсэгт нэг удаа уг төмрөөрөө цохисон юм. Ингээд миний толгойноос их хэмжээний цус гоожиж байсан тул би цамцаа тайлаад толгойн цусыг дараад С-д хандан “чи миний толгойг хагалчихлаа шүү” гэж хэлэхэд тэрээр юу ч болоогүй юм шиг мотоциклоо унаад явсан юм...” гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би байшингийнхаа цонхоор харахад тэр хоёр хоорондоо юм яриад байх шиг харагдсан тул настай хүмүүс хоорондоо зодолдохгүй байх гэж бодоод би тоогоогүй. Одоо миний санаж байгаагаар 20 орчим минутын дараа гаднаас Б ахын толгойноос цус гарчихсан байдалтай С ахын хамт орж ирсэн ба би тэр хоёроос “та хоёр чинь юу болоод цус нөж болчихов” гэж асуухад Б ах “энэ С миний толгой руу төмрөөр цохиод хагалчихлаа” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 22/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210 тоот дүгнэлтэд:

1. Б-ы биед духанд язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь духанд язарсан шарх, тархи доргилт бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/

 

С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б бид хоёр Ганбаатарын байшингийн хашааны баруун урд хэсэгт хоорондоо маргалдсан. Тэгтэл тэр эхлээд газарт байсан банзыг авч миний нуруу руу цохисон. Тэгэхээр нь би мөн тухайн газарт байсан жижиг төмрийг авч түүний мөр хэсэгт цохих гэтэл уг төмөр муруй байсан учраас толгой хэсэгт нь оносон. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 42-43/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 12/

Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, өвчтөн илгээх хуудас /хх-ийн 30-32/

С-ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 48-54/

Б-ы Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 62/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар 1 ширхэг муруй төмрийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч .......... овогт С нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багт хохирогч Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар төмрөөр толгой руу цохиж духанд язарсан шарх, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би тухайн газарт байсан жижиг төмрийг авч түүний мөр хэсэгт цохих гэтэл уг төмөр муруй байсан учраас толгой хэсэгт нь оносон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б-ы “...С Г-н үхрийн хашааны гаднаас төмөр аваад ирж байгаа нь надад нүдэнд хальт харагдсан бөгөөд намайг цохих гэж байна гэж бодоод би тухайн үед хальт бултахад тэрээр миний толгойн баруун орой хэсэгт нэг удаа уг төмрөөрөө цохисон...” гэх, гэрч *******ын “...20 орчим минутын дараа гаднаас Б ахын толгойноос цус гарчихсан байдалтай С ахын хамт орж ирсэн ба би тэр хоёроос “та хоёр чинь юу болоод цус нөж болчихов” гэж асуухад Б ах “энэ С миний толгой руу төмрөөр цохиод хагалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, өвчтөн илгээх хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч С-ы үйлдлийн улмаас хохирогч Б-ы эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн муруй төмөр 1 /нэг/ ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн муруй төмөр 1 /нэг/ ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С нь цагдан хоригдоогүй, хохирогч Б-д эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА