| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02/01 |
| Огноо | 2021-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02/01
2021 02 01 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогч Д.Энхтуяа,
Иргэний хариуцагч Б.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхай овогт Ч.Б-д холбогдох эрүүгийн 2003 00505 0465 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-ийн тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 6 дугаар хэсэгт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 29-34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ханхай овогт Ч.Б /РД:СУ00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 71 дүгээр сургуулийн урд замд "Эрдэм транс" ХХК-ний эзэмшлийн эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус "Hyundai Aero Citi" маркийн 05-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", мөн дүрмийн 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчин хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүйгээс хурд сааруулагчаар гарахдаа хүчтэй донсолсоны улмаас зорчигч 52 настай Д.Э-н эрүүл мэндэд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “... 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө өглөө сэлхээс уруудаж явахад 71 дүгээр сургуулийн хурд сааруулагч дээр донсолсон би толиндоо харахад зорчигч нар сууж байсан. Тухайн явж байх үед зорчигч зөөлөн яв гэдэг зүйлийг хэлсэн. Зорчигч надаас утасны дугаараа өгөөч гэхэд би утасны дугаараа өгөөгүй грашш номероо өгсөн тийм зүйл болсон...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ “... 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өглөө ажилдаа 08 цагийн үед 71 дүгээр сургуулийн автобусны буудлаас автобусанд сууж явж байгаад хурд сааруулагч дээр автобус донслох үед миний нуруу эвгүй болсон. Би тэр үед урагшаа жолоочид очоод эгчийнх нуруу эвгүй болчихлоо чи зөөлхөн явахгүй яасан юм бэ гэж хэлсэн тэгэхэд жолооч би явдгаараа явж байна гэдэг зүйлийг хэлсэн. Би ажилдаа явах гэсэн боловч миний нуруу өвдөж байсан. Би тэр нуруу гэмтсэн талаараа жолоочид хэлэх үед жолооч тоохгүй байсан. Миний хувьд алхаж чадахгүй байсан учир хүүхдээ дуудаад такси бариад гэмтэл рүү явсан. Би Ч.Бийг утасны дугаараа өгчих гэж хэлэхэд дугаараа өгөхгүй байсан. Би автобуснаас буугаад тэр үед автобусны зургийг нь аваад явсан. Миний хувьд гэмтэлт нурууны хагалгаанд орсон 5 хоног дээшээ харж хэвтсэн тэр үед намайг миний хүүхэд асарсан. Миний хүүхэд оюутан учир хичээлээ таслаад намайг асардаг байсан. Эмчилгээний зардал ажилгүй байсан тэр зүйлээ нэхэмжилж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.М-г мэдүүлэхдээ “...Манай байгууллагын зүгээс хохирогчид 1.000.000 төгрөг төлж барагдуулсан. Байгууллагын хувьд анхаарах зүйлсээ анхаарсан ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 71 дүгээр сургуулийн урд замд "Эрдэм транс" ХХК-ний эзэмшлийн эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус "Hyundai Aero Citi" маркийн 05-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", мөн дүрмийн 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчин хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүйгээс хурд сааруулагчаар гарахдаа хүчтэй донсолсоны улмаас зорчигч 52 настай Д.Э-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-гийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө гэрээсээ гараад Сэлхийн 1 дүгээр буудал дээр байдаг эмийн сан буюу ажилруугаа явах гээд Сэлхийн автобусанд суугаад зорчигчийн картаа уншуулаад автобусны хамгийн арын суудлын баруун талд нь суугаад явсан. 71 дүгээр сургуулийн буудал дээр хүмүүс буугаад автобусан дотор 4-5 хүн үлдсэн байсан. Тэгтэл жолооч хөдлөөд явахдаа 71 дүгээр сургуупийн хойд талын хурд сааруулагч дээр хурдтай гараад би сууж явсан сандал дээрээ ойж буусан. Тэгэх үедээ миний нуруу гэмтсэн. Би арын суудлаас сандал түшээд урагшаа жолоочийн баруун талын суудал дээр суугаад жолоочид нь "зөөлөн явахгүй яасан юм би сая нуруугаа гэмтээчих шиг боллоо" гэтэл жолооч "би явдагаараа явж байна" гээд тоогоогүй. Тэгээд жолоочид "би гэмтчихээд байна" гэж дахин хэлсэн, "эмнэлэгт үзүүлэх гэж байна утасны дугаараа өгчих" гэхэд мөн адил тоохгүй байсан. Тэгээд би 17-н буудал дээр буугаад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нуруу хугарсан байна гээд Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний баримт нийт 1.618.035 төгрөгний баримт байгаа, жолооч эмнэлэгт байхад 1.000.000 төгрөг өгсөн, гомдолтой байна, Ажилгүй байх үеийн цалин болох 3.000.000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-13-15/-р тал,
З. Шинжээч Т.Сэлэнгийн: “...Өгзөг хэсгээрээ хүчтэй унах үед бүсэлхий шахагдсан хугарал үүсдэг, босоо болон суугаа аль альны үед бөгсөөрөө хүчтэй унасан тохиолдолд үүссэн байх боломжтой..." гэх мэдүүлэг /хх-75/-р тал,
4. Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: "...Хөдөлгүүр их биеэс тос гоожсон, улирал цаг агаарын тухайн нөхцөлд тохирох тэмдэглэгээтэй дугуй хэрэглээгүй /урд дугуй/ амортизатор тос гоожиж хөлөрсөн, ажиллагаагүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Тээврийн хэрэгсэл огцом тоормослох, тэгш бус хэсгээр явахад амортизатор нь цохилт үүсгэхгүй зөөллөх, тээврийн хэрэгслийг тэнцвэржүүлэх үүрэгтэй.
Иймд уг зам тээврийн осол хэрэгт тээврийн хэрэгсэл нь тэнцвэр алдагдах байдлаар нөлөөлөх магадлалтай.
"Hyundai Aero Citi" маркийн 05-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд дугуй нь улирал цаг агаарын тухайн нөхцөлд тохирох тэмдэглэгээтэй дугуйг хэрэглэх /ЗХД-ийн Ашиглахыг хоригдох эвдрэл гэмтэл/ гэсэн заалтыг зөрчсөн тул замын хөдөлгөөнд оролцохгүй" гэх дүгнэлт /хх-61-67/-р тал,
5.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-30-39/-р тал,
6.Иргэний хариуцагч Б.М-ийн: "...Манай "Эрдэм транс" ХХК-ний нэр дээр бүртгэлтэй, уг автобусыг худалдаж аваад үйлчилгээнд явуулаад 1 жил 6 cap болж байна. Жолооч Билэгдэмбэрэл уг автобусыг эсмэн жолоочийн хамтаар унаж хөдөлгөөнд оролцдог. Манай байгууллагын тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл үүссэн зүйл байхгүй, үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Манайх уг ослын улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг жолооч Билэгдэмбэрэлээр хүргүүлсэн..." гэх мэдүүлэг/хх-42/-р тал,
Жолоодох эрхийн лавлагаа /хх-92/-р тал,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-71/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Б нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүй бөгөөд хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар Ч.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц үйл баримт тогтоогдоогүй, шүүхээс дээрх нотлох баримтуудад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1.618.035 төгрөгийн бодит хохирол /эмчилгээний зардал/ учирснаас иргэний хариуцагч байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөгийг, шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 650.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ч.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар ”Эрдэм транс” ХХК-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж,
Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.
Хавтас хэргийн 90, 91 дүгээр талд авагдсан “Эрдэм транс” ХХК-ийн тодорхойлолтуудаар шүүгдэгч Ч.Б нь тухайн компанид жолоочоор ажилладаг болох нь түүнчлэн “Huyndai Aero City” маркийн 05-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн дээрх заалтын дагуу хохирогч Д.Э нь цаашид гарах гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн “Эрдэм транс” ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж заасан байх бөгөөд “Эрдэм транс” ХХК-ийн зүгээс компанид хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн дээрх заалтын дагуу гэм буруутай этгээд болох Ч.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8881 дугаартай дүгнэлтээр “...Huyndai Aero City” маркийн 05-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /Автобус/ нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, эвдрэл гэмтэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд “Эрдэм транс” ХХК нь цаашид тээврийн хэрэгслийн /Автобус/-ны бүрэн бүтэн байдлыг хангаж, нийт ажилчдадаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тухай бүрд өгч, хэрэв тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, жолооч тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй тохиолдолд зохион байгуулалтын арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллах нь зүйтэй болохыг зориуд тэмдэглэж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч болон иргэний хариуцагч, хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Ханхай овогт Ч.Б-ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР