Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02/01

 

  

 

 

 

 

 

  2021         02          01                                  2021/ШЦТ/85    

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,

улсын яллагч: С.Болорзул,

хохирогч Я.Ц,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбаярын Тэнгист холбогдох эрүүгийн 2009 00000 1454 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 9 дүгээр гудамжны 46 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э-н Т /РД:УШ00000000/,

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зуугийн гудамжинд хохирогч Я.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хүүхдийн зуу орчимд үүрийн 5 цагийн үед манай захирал 2 найзынхаа хамт такси барих гээд хүүхдийн зуугын зам дагуу зогсож байсан. Такси зогсож би найз охинтойгоо такси бариад явсан. Таксинд суугаад явж байхад найз охинтойгоо үл ойлголцож маргалдаж эхэлсэн. Тэр үед жолооч ах урдаас юм хэлэх үед би та дуугай жолоогоо барь гэдэг зүйлийг хэлсэн. Тэр үед жолооч ах машинаа зогсоогоод намайг гараад ир гэж хэлсэн. Таксинаас буугаад очих үед надад үнэмлэх үзүүлээд намайг цохисон би тэр үед өөрийгөө хамгаалаад хохирогчийг зөрүүлж цохисон тэр үед манай найз охин намайг болиулсан. Би тэр үед цохисон үйлдэл дээрээ хохирогчоос уучлалт гуйгаад тэгээд цаашаа зам гараад явсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Ц мэдүүлэхдээ “... 2020 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хүүхдийн зуу орчимд 5 хүн такси барих гээд зогсож байсан. Тэр үед 3 нь өөр таксинд суугаад Тэнгис найз охинтойгоо миний машинд суусан. Суугаад бөмбөгөр орно гэж хэлээд хөдлөөд явж байх үед найз охинтойгоо муудалцаад хэрэлдээд байсан. Би тэр үед эмэгтэй хүүхэдтэй ингэж харьцаж болохгүй гэдэг зүйлийг миний хувьд хэлсэн. Намайг Тэнгис чи дуугай бай муу хөгшин төгзөг минь гэж хэлсэн. Машинаа зогсоох үед миний дал хэсэг рүү цохисон тэгээд машинаас гарж ирээд миний шанаа хэсэг рүү цохиод намайГ машин замаар чирсэн тэрүүгээр байсан машинтай хүмүүс харж байсан. Миний хамарнаас цус гараад алчуураар арчиж байхад Тэнгис нь зам гараад өөр машинд суугаад яваад өгсөн миний хувьд цагдаад дуудлага өгөөд тухайн суусан таксины дугаарыг цагдаад хэлсэн удаагүй над руу цагдаагаас залгасан...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруу болон хохирол.

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 10 дугаар сарын 03-аас 04-ний шилжих шөнийн 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зуугийн гудамжинд хохирогч Я.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Я.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 06 цаг 15 минутын үед такси үйлчилгээнд явж байгаад хүүхдийн зуугийн хаан банкны урд зам дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөж суугаад Бөмбөгөр худалдааны төв орно гэж хэлсэн. Тэгээд явж байтал эрэгтэй  нь орилоод эмэгтэйгээ цохиод авхаар нь би түүнд хандан “эмэгтэй хүн зодож болохгүй боль” гэсэн чинь надад хандан “Хөгшин төгзөг  минь урдхаа хараад машинаа бариад яв” гэж хэлэхээр нь би юу гэнэ гээд эргээд харахад намайг цохьсон. Тэгээд би машинаа зогсоогоод буухад тэр залуу бас буугаад машины араар тойрч ирээд зүүн шанааруу гараараа цохьсон. Тэгэхээр нь би барьж аваад цагдаа дуудна гэж хэлэхэд намайг хавсарч унагаачихаад машин зам дээр чирч нүүр хэсэгрүү өвдөглөж, цээжрүү 2-3 удаа цохиод зам дээр өөр такси бариад зугтаасан. Тухайн үед миний хамарнаас цус гараад байхаар нь би машин дотроосоо машины тоос арчдаг даавуу аваад хамрын цусаа арчиж байх хооронд тэр залуу зам дээр зогсоосон машинаа хөдлөхөөс өмнө хамт явсан эмэгтэйгээ дахиж цохиж унагаасан бөгөөд тухайн эмэгтэй нь 2-оос 3 минут доошоо харж сууж байгаад цаашаа явсан. Би өөрийнхөө 99189702 дугаараас цагдаа дуудаад ирэхгүй байхаар нь би өөрөө машинтай дагаад явж байтал цагдаагаас надруу эргээд залгахаар нь сууж явсан таксины улсын дугаарыг болсон асуудлын талаар хэлэхэд тэд удалгүй намайг зодсон залууг барьчихсан байсан. Миний хувьд тухайн залууг цохиж, зодсон зүйл байхгүй. Зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Тийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би машинаас буугаад ирсэн чинь надад үнэмлэх шиг зүйл харуулаад миний нүүрэн тус газар цохихоор нь би өөрийгөө хамгаалаад хэд хэдэн удаа цохьсон. Яг хичнээн удаа цохисон бэ гэдгээ сайн мэдэхгүй байна, өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №11386 дугаартай “...Я.Цын биед зүүн зулайд хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/-р тал зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Э.Тийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Тийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүйн дээр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх замаар шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар хохирогч Я.Цт тухайн гэмт хэргийн улмаас 128.000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байна.

 Шүүгдэгч Э.Тийн тухайд хохирогчид учирсан дээрх хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн зүгээс торгуулийн ял шийтгэж өгнө үү гэх саналыг,

Хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын асуудлаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Э.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э-Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР