Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

  

 

 

 

 

 

  2021         02          22                                  2021/ШЦТ/111    

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,

улсын яллагч: С.Болорзул,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-ын А холбогдох эрүүгийн 1909 03149 0376 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын техник засварын төвд засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 42 тоотод оршин суух хаягтай, Д овогт Г-ын А /РД:УК00000000/,

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар сувд” нэртэй ресторан дотор харилцан маргалдсаны улмаас Г.Бы нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “... 2020 оны 07 дугаар сарын 17-ний өдөр эхнэр У түүний дүү Б нартайгаа цуг Хар сувд ресторанд тоглолт үзэж байсан. Тоглолт үзэж байгаад би ариун цэврийн өрөө ороод ирэх үед тайзны хажуу хэсэгт манай эхнэр эхнэрийн дүү 2-ийг хүмүүс зодож байсан. Би маргааныг салгах гээд очих үед хохирогч Б-нь намайг зуураад байсан учир миний зүгээс цаашаа бол гэж хэлээд түлхсэн тэр үед хамгаалагч нар ирж тухайн маргааныг салгасан...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал мэдүүлэхдээ “... Улсын яллагчаас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээр цагаатгах байр суурьтайгаар шүүх хуралдаад оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч *******гийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр болоод эхнэрийн дүүгийн хамт тоглолт үзээд явж байсан. Тоглолт үзээд ариун цэврийн өрөө ороод гараад ирэх үед эхнэр болоод эхнэрийн дүүгийн хүмүүс зодож байсан. Эхнэрийнх нь дүүг пивоны шилээр зохиж тухайн үед орчинтой харьцах боломжгүйгээр газар унасан байсан. А-н эхнэрийн хувьд зодуулаад хувцас нь урагдсан зодуулж байгаа байдалтай байсныг харсан А-н хувьд тухайн маргааныг салгах зорилгоор хохирогч Г.Б-ыг гарынхаа алгаар түлхсэн гэдгийг гэрч, хохирогч, яллагдагч нар мэдүүлсэн байдаг. Хохирогчийг түлхэж үүссэн гэмтлийг шүүгдэгч *******гийн хувьд яллагдагчаар өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар мэдүүлээд явсан. Гэтэл шүүгдэгчийн, хохирогчийг түлхээд учруулсан гэмтэл нь санаатай биед нь хохирол учруулсан гэж үзэхээргүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдсэн гэдэг субьектив шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн хувьд хохирогч Г.Быг санаатайгаар очиж шанаа хэсэг буюу нүүр хэсэг рүү түлхэж унагаагаагүй байдаг.  Шүүгдэгч *******гийн хувьд тухайн маргааныг таслан зогсоогоогүй бол тухайн маргаан цааш үргэлжилж Уянга, Биндэрьяа нарын биед ямар гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Шүүгдэгчийн тухайн маргааныг салгасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу цагаатгах нь зүйтэй шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруу болон хохирол.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар сувд” нэртэй ресторан дотор харилцан маргалдсаны улмаас Г.Бы нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар сувд” гэх нэртэй ресторанд өөрийн эмэгтэй найз А-н хамт тоглолт үзэж байсан. Тэгээд бид 2 хальт зүс таних Баасаа гэх найзтайгаа тааралдахад Б 2 эмэгтэй үсдээд дээрээс нь дарчихсан байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэсэн чинь нэг эрэгтэй хажуугаас орж ирээд намайг боож аваад миний зүүн хацар хэсэг рүү цохисон. Тухайн үед Б ногоон үстэй байсан. Тэгээд маргалдаж байхад намайг боож байсан залуутай хамт явж байсан 2 эмэгтэй бужигнаан дунд миний цээжин хэсэг рүү түлхсэн. Яг хэн түлхэснийг нь сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна, одоог хүртэл эмчилгээний зардал төлөөгүй, би зарим нэг эмчилгээг хийлгээгүй байгаа...” гэх мэдүүлэх /хх-ийн 15-19, 101-102/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* гэрчээр мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын 17-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар сувд” гэх нэртэй ресторанд Татар хамтлагийн тоглолт үзэж байсан. Би тухайн тоглолтыг өөрийн эхнэр У болон дүү Б нарын хамт үзсэн бөгөөд би 2 шил шар айраг уусан байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод буцаад тайзны урд хэсэгт очиход хүмүүс бужигналдаад манай эхнэр, дүү 2-ыг газар унагаачихсан  зодож байсан бөгөөд манай эхнэрийн хувцас урагдчихсан байсан. Тэгэхээр нь би гүйж очоод гомдол гаргасан гэх Б гэх эмэгтэй нүүрэн тус газар нь гараараа түлхэхэд тухайн эмэгтэй газар унасан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би тухайн шинжээчийн дүгнэлтэд учирсан гэмтлүүдийг тэр эмэгтэйн нүүрэн хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа түлхэж учруулсан ба намайг түлхэхэд тухайн эмэгтэй газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Уянга мэдүүлэхдээ “...Тэгээд дүү бид 2 тайзны урагшаа очиж тоглолт үзэх гээд хүмүүс дундуур явж байтал нэг ногоон үстэй өндөр биетэй махлаг охин манай дүүг хэл амаар доромжлоод байсан тэгээд өөдөөс нь манай дүү юу яриад байгаан бэ гэж хэлэхийн завдалгүй пивоны шилээр нүүр хэсэгрүү нь цохисон. Тэр үед манай дүү нүүрээ дараад доошоо суухад нь би чи яаж байгаан бэ гэхэд намайг үсдэж доош нь унагаад үсдэж цохисон бөгөөд тэр үед хамгаалагч нар болон манай нөхөр ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №9986 тоот “...Г.Бы биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би тухайн эмэгтэйд учруулсан гэмтлийг баруун гараараа нүүрэн хэсэгт нь түлхэж учруулсан. Би гарныхаа алга хэсгээрээ гүйж очоод шууд түлхсэн...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн шинжтэй үйлдсэн хийсэн болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь хохирогчийг цохиогүй, түлхсэн талаар мэдүүлжээ.

Хэдийгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг цохиогүй түлхсэн гэж тайлбарлаж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад дээрх мэдүүлгийг нотолсон үйл баримт байхгүй, нөгөөтээгүүр хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой өгсөн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдохгүй байна.

 “...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй” байдал,

Түүнчлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн биед ямар ч сэдлээр гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү тухайн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байвал дээрх зүйл, заалтаар зүйлчлэх юм.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс “Аргагүй хамгаалалт хэрэглэсэн” талаар тайлбарлажээ.

Аргагүй хамгаалалт гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл...” гэж заажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч Б нь шүүгдэгч ******* болон түүний эхнэр У, дүү Б нарын амь нас, эрүүл мэндийн эсрэг тодорхой үйлдэл хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн өдөр болсон гэх маргаанд хохирогч Б бус харин Б гэх хүн оролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******ий хохирогч Г.Бы эсрэг хийсэн хүч хэрэглэсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ийг бусдыг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд 700.000 төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах зорилгоор шүүхээс түүний “96991202” дугаарын утас руу залгаж хурлын тов мэдэгдэхэд “Надад гомдол, санал байхгүй, хохирлоо барагдуулж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэдийгээр хохирогч Г.Б гомдол, саналгүй талаараа шүүхэд утсаар мэдэгдсэн боловч хэрэгт энэ талаар нотолсон баримт /хохирол төлсөн талаарх баримт/ авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Б нь цаашид гарах гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох *******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын талаар “...Гэр бүлийн хүрээнд би ганцаараа ажил хийдэг учраас хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал эрүүгийн хариуцлагын талаар “... Гэмт хэрэг гарах болсон сэдэл, зорилго, хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн гэмт хэрэг гарах шалтгаан болсон, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд, үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******ий хувийн байдал, “...тодорхой эрхэлсэн ажилтай,  амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид түүний нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлээ тэжээн тэтгэж, хариуцлага хүлээж байгаа байдал...” зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт *******-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР