Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0359

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, БЗД-ийн ПГ-ын  хп С.У дүгнэлттэй “БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч БЗД-ийн ПГ-ын  хп С.У, хариуцагчийн төлөөлөгч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

БЗД-ийн ПГ-ын  хп С.У шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д-ийн иргэн Э.А-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан бүртгэлийн 321 дугаартай материалыг хянахад:

Улсын байцаагч Х.Д нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Э.А-ыг дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэсэн зөрчлийг хуульчилсан ба аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан байдаг.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг “Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тоггоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” гэж заасан.

Иргэн Э.А нь “Г” рөстораны менежер ажилтай байх тул дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх үүрэг бүхий этгээд биш байна. Иймд Э.А-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Х.Д-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн иргэн Э.А-д шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэв. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“БЗД-ийн ПГ-ын  хп С.У 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай П-ын дүгнэлттэйтанилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д би, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/72 дугаар удирдамжийн хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад менежер Э.А нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөх байгууллагын дотоод хяналтын журам мөрдүүлээгүй зөрчлийг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Дотоод хяналтын баг томилох тухай” С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, холбогдогч Э.А-ын мэдүүлэг зэргийг үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар Г рестораны менежер, байгууллагын дотоод хяналтын багийн ахлагчийн ажпыг давхар хариуцаж ажиллаж байгаа Э.А-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл оногдуулж, барагдуулсан.

Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” гэж заасан бөгөөд байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтны үүргийг Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажилалагааанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3,4 дэх хэсэгт үйл ажиллагааны онцлогийг харгалзан хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулаг, эрх бүхий албан тушаалтаар батлуулан, мөрдөж ажиллана гэж заасан. 

Иймд иргэн Э.А-ын байгууллагын журмын дагуу дотоод хяналтын төлөвлөгөө батлуулж, мөрдүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар 100000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр БЗД-ийн ПГ-ын  хп С.У-ын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаар дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн, БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01...... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Улсын байцаагч Х.Д нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0175613 дугаар шийтгэлийн хуудсаар Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Г” рестораны менежер Э.А-д үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын журмыг баталж мөрдүүлээгүй гэж үзэн Зөрчлийн  тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан  100 нэгж буюу 100,000.00 төгрөгөөр торгосон байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 311 дугаар тогтоолоор Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг баталсан байна.

Дээрх журмын зохицуулалт ёсоор аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд баталж мөрдүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү журмыг баталсанаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилготой.

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хуулийн заалт нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагаандаа дотоодын хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын журам баталж мөрдүүлээгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.

Иймээс БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д нь хяналт шалгалтын журам баталж мөрдүүлээгүй зөрчилд “Г” рестораны менежер Э.А-д биш тус рестораны өмчлөгч болох “С” ХХК-ид шийтгэл ногдуулах ёстой байсан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,  Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан, БЗД-ийн ПГ-ын  хп С.У-ын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5. дугаар дүгнэлтийг бүхэлд нь хангаж  БЗД дэх МХХ Х ч с х у б Х.Д-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01...... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

           

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        С.ТӨМӨРБАТ