Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0456/З |
Дугаар | 221/МА2023/0088 |
Огноо | 2023-02-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0088
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтад “Х” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 904 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0456/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сангийн сайдад холбогдуулан “Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтад “Х” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 904 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 52.1.14 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сангийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сангийн яам тушаал, шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК, цахилгааны инженер Ц.М нарыг оролцуулж сонсох ажиллагааг явуулж тайлбар авах шаардлагагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сангийн яамны тушаал гарах үед улсын байцаагчийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан, мөн Сангийн сайдад хүсэлт гаргасан байсан тул зайлшгүй сонсох ажиллагаа явуулж талуудаас тайлбар, санал авах ёстой байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийнх 28.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй болохыг хариуцагч шүүхэд нотлоогүй гэж үзэж байна.
3.2. Анхан шатны шүүх эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт нэгэнт хүчинтэй тул Сангийн сайдын тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй, дүгнэлт гаргасан тохиолдолд бүртгэлд хамруулахаар императив байдлаар хуульд тогтоосон байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүргэл хөтлөх журам”-ын 2.4-д зааснаар улсын байцаагчийн санал гарснаас хойш 30 хоногийн дотор Сангийн сайд тушаал гаргах ёстой. Нэгэнт хуулийн дагуу шийдвэрлэх хугацаа дуусгавар болсон тохиолдолд энэ үндэслэлээр маргах эрх нэхэмжлэгч талд бий гэж үзэж байна.
3.3. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Сангийн сайдын тушаалыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сангийн сайдад холбогдуулан “Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтад “Х” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101007/01/01 урилгын дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих цахим тендерт оролцжээ.
2.3. “Х” ХХК-иас тендер шалгаруулалтад оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц овогтой М-ийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D2010***** дугаартай “цахилгаан инженер” мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б хяналт шалгалт явуулж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр Ц овогтой М-ийн нэр дээр бүртгэлгүй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D2010***** дугаартай “цахилгааны инженер” мэргэжлийн дипломыг ирүүлж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон төдийгүй улсын байцаагчаас “Х” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
2.4. Маргаан бүхий Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журам”-ын 2.4 болон Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн саналыг тус тус үндэслэн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 10 хуулийн этгээдийг бүртгэсний дотор нэхэмжлэгч “Х” ХХК багтжээ.
2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Диплом хуурамч гэдгийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоох эрхгүй. Боловсролын яамнаас лавлагаа авах ёстой байтал ганцхан сургуулиас нь тодорхойлолт аваад шийдчихсэн. Гуравдагч этгээдээр Ц.М-ийг оролцуулж тайлбар авах ёстой байсан” гэж тайлбарлан маргасан байна.
2.7. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-т заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 521 дүгээр зүйлийн 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заажээ.
2.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд маргаан бүхий асуудлаар хяналт шалгалт явуулах эрхтэй болох нь тогтоогдож байна.
2.9. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 316 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсан”-аар дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.10. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” болохыг тогтоосон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дүгээр дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэснийг буруутгах үндэслэлгүй.
2.11. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 52.1.14-д “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх”-ээр хуульчилжээ
2.12. Дээрх хуульд зааснаас үзэхэд, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд ингэж хөтлөхдөө эрх бүхий улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэнийг тогтоож, энэ талаар шийдвэр гарсан тохиолдолд холбогдох этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
2.13. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК болон цахилгааны инженер Ц.М нарыг оролцуулж сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргах боловч сонсох ажиллагааны хувьд оролцогч шийдвэрт ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх боломжийг олгохоос бус “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа энэ тохиолдолд сонсох ажиллагааг явуулах нь үр нөлөөгүй бөгөөд энэ нь Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН